Сүүлийн жилүүдэд дэлхийн хөгжингүй орнуудад ажлын өдрийг дөрөв болгохоор эрчимтэй хэлэлцэж буй. Энэ нь ажиллах өдрийг цөөлж, гурав хоног амрах зохицуулалт юм. Ингэснээр бүтээмж нэмэгдэж, ажлаас халшрах хам шинжид өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнчлэн байгууллагын уур амьсгал сайжрах давуу талтай юм байна. Тиймээс энэхүү жишгийг олон улсад түгээмэл ашиглах болжээ. Тухайлбал, Бельги нь ажлын дөрөв хоногтой болохыг хуульчилсан Европын анхны улс аж. Тэд 2022 оны хоёрдугаар сард ажилтнуудынхаа цалинг хасахгүйгээр, амралтын өдрийг нь гурав болгон нэмсэн. Гэсэн ч тус улсын иргэд ажлын өдрүүдэд тогтмол 1-2 цаг илүү ажилладаг юм байна. Мөн Арабын нэгдсэн Эмират улс ч энэхүү жишигт нэгдээд буй.
Тэд төрийн албан хаагчдад хүсвэл долоо хоногт дөрвөн өдөр ажиллах боломж олгожээ. Энэ нь нийт иргэнд хамааралгүй боловч төрийн албаны ажилтнуудын 90 орчим хувь нь үүнийг баримталдаг байна. Дээрх орнуудын адилаар БНСУ ч ажлын дөрөв хоногтой болохоор хэлэлцэж буй. Тухайлбал, тус улсад долоо хоногт нийт 52 цаг ажиллах хууль үйлчилдэг. Үүнээс үндсэн ажлынх нь цаг 40 бол үлдсэн 12-ыг нь илүү цагаар тооцож, нэмэгдэл олгодог аж. Гэвч энэ нь ажил, амьдралын тэнцвэрийг хангаж, амралтын өдрөө гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэхэд хангалтгүй гэж үзжээ. Тиймээс БНСУ-ын Засгийн газар болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл одоогийн ажлын долоо хоногийн системийг илүү уян хатан болгож өөрчлөх хүсэлтэй юм байна.
Энэ мэтээр ажлын цагийн хуваарийг багасгахыг дэмжиж буй шалтгаан нь хүйсийн тэгш бус байдалтай шууд хамааралтай. Тухайлбал, гэр бүлүүдэд үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх ажилд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүд давамгайлах хандлагатай гэнэ. Үүнээс үүдэн ажлын байран дахь эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдийнхээс сул байдаг аж. Харин ажлын дөрөв хоногтой болсноор эмэгтэйчүүдэд ирэх ачаалал багасна. Түүнчлэн ажлын байран дахь эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, хүйсийн ялгаатай байдлыг багасгах боломжтойг дэлхийн эдийн засгийн форумын гаргасан судалгаанд дурджээ.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн