Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдээс бурхан, шашны эд зүйл удаа дараа алдагдан, чухам хэн авсан нь тогтоогдохгүй бараг сар гаруй болсон. БСШУЯ-наас 2008 онд тус хийдийн нэн ховор түүхэн бүтээлийг шалгахад тоо ёсоороо байсан ч хоёр жилийн дараа дутуу байгааг мэдээд Эрүүгийн цагдаагийн газар болон Улсын мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах, хулгай гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгасаар гэмт хэрэгтнийг илрүүлжээ. Тус хийдийн сан хөмрөгч Н.Баяраа нь Өвөрхангай аймгийн харьяат С.Энхтайвантай хамтран хийдийн бурхныг хулгайлан, оронд нь хуурамч өурхан тавьдаг байсныг нотлох баримтаар тогтоогоод байгааг албаны эх сурвалж хэллээ. С.Энхтайван нь тус аймгийн төвд “Тансаг” нэртэй шашны эд зүйлийн дэлгүүр ажиллуулдаг юм байна. Тэрбээр “Хятадын иргэд түүхэн ховор зүйл авах санал удаа дараа тавьдаг байсан. Эрдэнэзуу хийдийн эдгээр зүйлийг тийм ховор, үнэтэй зүйл гэж бодоогүй” гэж мэдүүлжээ. Тэд нийлэн түүхийн хосгүй үнэт, ховор бурхан дөрөв, алтан шармал 17 гээд нийт 23 бурхан, жижиг эд хэрэгсэл хулгайлсан болохыг тогтоогоод байна. Тэд хулгайлсан эд зүйлээ БНХАУ-ын иргэн Л-д худалддаг бөгөөд тэрбээр богино хугацаанд ижил хуурамч бурхныг авчирч өгдөг сүлжээ болсон байж. Шашны эд зүйлсийг хэдэн төгрөгөөр зарж борлуулсан, цаашлаад өөр ямар зүйл хулгайлсныг нь шалгаж тогтоохоор мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байна.
Х.Сүрэн