Хүүхдүүдийн хэнэггүй, зөрүүд зан, хүмүүжил, эцэг эхийн хараа хяналт сулаас гэр орноосоо дайжиж зугтах хэрэг цөөнгүй гарч байна. Цагдаагийн байгууллагад хүүхэд гэртээ ирсэнгүй гэх дуудлага, мэдээлэл өдөрт 7-8 удаа ирдэг гэдгийг НЦГ-ын Хүүхдийн албаныхан өгүүлсэн юм. Энэ он гарсаар гэртээ ирсэнгүй гэх дуудлага мэдээлэл цөөнгүй ирсэн бөгөөд тэдний нэг нь 15 настай охин гэнэ. Налайх дүүргийн нутаг, “Болор” зуслангийн орчмоос ерөнхий боловсролын нэгэн сургуулийн сурагч охин алга болжээ. Цагдаагийнхан түүнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт эрэн сурвалжилж байсан гэнэ. Гэвч хүүхдийн сураг гараагүй тул өнгөрсөн даваа гаригаас хуульд заасны дагуу бүсийн хэмжээнд эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлсэн байна.
Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсээс өөрийн нутаг дэвсгэрт самналт зохион байгуулаад нэг хүүгийн цогцсыг олжээ. Тус дүүргийн XII хорооны нутаг, Бага тэнгэрийн амны хойд талаас олдсон уг цогцос хөлдсөн учраас амиа алдсан шалтгааныг хараахан тодруулаагүй байгаа гэж тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалж мэдээллээ. Талийгаач хүү өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 7-нд гэрээсээ гараад сураггүй болсон байж. Тэрбээр ар гэрийнхэнтэйгээ тухайн өдөр таарамжгүй байснаас гарч явсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Гэхдээ амиа хорлосон уу, гаднын нөлөөтэй нас барсан уу гэдгийг нарийвчлан тогтоох ажиллагаа явагдаж буй юм.