Казахстан улсын Астана хотод зохион байгуулсан 22 болон 17-18 насныхны залуучуудын Азийн АШТ-д Монголын тамирчид оролцож хоёр мөнгө, найман хүрэл медаль гардсан. Тэднээс 17-18 насныхны ангилалд эмэгтэйчүүдээс 50 кг-д “Радианс” клубийн тамирчин Н.Номундарь мөнгөн медаль авсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэ удаа 22 хүртэлх насныхны эрэгтэйчүүдээс 54 кг-ын жинд “Ихэр бээлий” клубийн О.Энхсайхан аваргын төлөө эзэн орны тамирчинтай тоглож мөнгөн медаль хүртэв. Түүний амжилтыг буухиалж 48 кг-д О.Түвшинзаяа, 57 кг-д Д.Ганболд нар хүрэл медаль зүүлээ. Тус ангилалд тулалдсан эмэгтэйчүүдээс 48 кг-д С.Биндэрьяа, 50 кг-д А.Хулан 52 кг-д Б.Номин-Эрдэнэ, 57 кг-д М.Цэндоо нар хүрэл медальтай эх орондоо ирэх нь. Тэгвэл 17-18 насныхнаас 51 кг-д Э.Төгсбилэг мөн хүрэл медалийн эзэн болж, шагналын тавцанд зогссон байна.
Ташрамд дуулгахад, Тайланд улсад сонирхогчийн боксын, “Парис-2024” зуны олимпын наадмын эрх олгох сүүлчийн тэмцээн энэ сарын 21-нд эхэлнэ. Ирэх сарын 2-нд өндөрлөх эл тэмцээнд манайхаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлагад эрэгтэй долоо, эмэгтэй таван тамирчин оролцоно. Тэд олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдахаар хөлгийн жолоо заллаа. Тэнд бэлтгэлээ базаасны дараа тэмцээнд өрсөлдөх юм. Манай улс боксын төрөлд одоогоор олимпын ганц эрх авсан нь эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд өрсөлдөх О.Есүгэн юм. Монгол Улс 1972 онд Мюнхений олимпод долоон тамирчнаа анх сойсон түүхтэй.