УЕПГ-аас өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НПГ-ын орлогч Е.Сагсай сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-Хошууч генерал Ч.Амарболдын өмгөөлөгч О.Алтангэрэл “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний үзүүлээд байгаа хонгио, цагдаагийн тэмдэглэл ямар учиртай болохыг шалгаж өгөөч гэсэн хүсэлт прокурорт өгөхөд шалгаж өгөөгүй” гэж ярьсан байна. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Хэрэгт цуглуулсан нотлох баримтыг өмгөөлөгч, прокурор, шүүгч өөр өөрийнхөөрөө үнэлнэ. Өмгөөлөгчийн, прокурорын, мөрдөн байцаагчийн үнэлж байгаа тэрхүү нотлох баримтыг шүүх үнэн зөвөөр нь шийдэх ёстой. Долоодугаар сарын 1-ний үймээний үеэр хүний амь үрэгдсэн хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба 2008 оноос хойш шалгаж, 35 хавтас хэрэг бүрдсэн. Шүүх гэм бурууг тогтооно.
-Цагдаагийн удирдлагуудад нь ял төлөвлөсөн атлаа албан хаагчдынхыг нь яагаад түдгэлзүүлсэн юм бол?
-Цагдаагийн ажилтан зэвсэг хэрэглэсэн нь тогтоогдсон боловч амь насаа алдсан дөрвөн хүнийг хэн буудсан нь тогтоогдоогүй. Тиймээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлээр үүсгэсэн цагдаагийн алба хаагчдад холбогдох хэргийг удирдлагуудад нь холбогдох хэргээс тусгаарлаж, түдгэлзүүлсэн. Гэхдээ гүйцэтгэх албаны болон бусад шугамаар шалгалт үргэлжилж байгаа. Түдгэлзсэн гэдэг нь шалгахгүй, энэ хавтаст хэргийг огт хөдөлгөхгүй гэсэн үг биш.
-Цагдаагийн удирдлагууд хавтаст хэрэгтэй танилцаж амжаагүй гэсэн гомдол гаргаад байгаа. Хуулиар танилцуулж байж шилжүүлэх ёстой биз дээ?
-Энэ хэргийн хувьд хохирогчид, яллагдагчид 2009 онд бүтэн жил гаруйн хуга цаанд хэрэгтэй танилцсан. Хэргийг сэргээн шалгасны дараа нийслэлийн Прокурорын газарт шилжүүлэхийн өмнө УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны мөрдөн байцаагч нар хавтаст хэрэгтэй танилцах тодорхой хугацаа тогтоож өгснөөр танилцсан.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд байгаа вэ?
-Н.Энхбаяр нарт холбогдох Хэвлэх үйлдвэрийн болон “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой хэргийг УМБГ, АТГ-ын хамтарсан Ажлын хэсэг шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаанд дүгнэлт гаргах, нотлох баримтыг цуглуулах гээд хүн, хүч, хугацаа маш их шаардах учраас ажиллагаа дуусах болоогүй.
-УИХ-ын нэр бүхий гишүүдийг шалгаж байгаад тэгсхийгээд сураггүй боллоо. Хэрхэн шийдсэн юм бэ?
-УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Ш.Сайхансамбуу нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байсан УИХ-ын гишүүн Д.Дондог нарт холбогдох хэргийг түдгэлзүүлээд байгаа. Учир нь Улсын ерөнхий прокурор удаа дараа хүсэлт тавьсан ч УИХ-аас түүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй. Л.Гүндалайд холбогдох хэргийн нэг нь хэрэгсэхгүй болсон. Түүний өөр нэг хэрэг болох Нямхүү нарт холбогдох хэргийг Д.Дондог гишүүний нэгэн адилаар түдгэлзүүлээд байна гэв.
Мөн энэ үеэр УЕПГ-ын хяналтын прокурор Д.Мөнгөнцэцэг “Иргэдийн сүсэг бишрэл итгэлийг далимдуулан хууран мэхэлж, амь нас, эд хөрөнгөд нь хохирол учруулж байгаа хэрэг гарч байгааг хүмүүс анхаарах хэрэгтэй байна. Төв аймгийн Сэргэлэн сумын тавдугаар багийн нутаг Авдрантын уул гэдэг газар иргэн Н-ыг бөөгийн чанар авахуулна хэмээн Д.Болд-Эрдэнэ гэгч амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 17-нд гарсан юм. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач амьсгалын замын бүтэлттэй, биеийн ихэнх хэсэг түлэгдэлтийн улмаас амиа алдсан гэж дүгнэсэн гэж мэдээлэв.
Г.ЦОЛМОН