-Урлаг соёлын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Мөнгөн мод” наадамд шилдэг зураачаар шалгарсанд баяр хүргэе. Анх удаа “Мөнгөн мод” цомын эзэн болоход ямар мэдрэмж төрж байв?
-Баярлалаа. Шагнал авах үеийн мэдрэмж маш сонирхолтой байлаа. Яагаад гэвэл би тухайн үед “Шадар гурван цэрэг” жүжигт тоглож байсан учраас шагналаа очиж авч чадаагүй юм. Тиймээс тэнд юу болж байгааг мэдээгүй. Тайзны зураачаар тэр бүр ажиллаад байдаггүй болохоор яг үнэндээ нэг их найдлага тавиагүй л дээ. Жүжигтээ тоглочхоод гараад иртэл хүмүүс гэнэт юу ч хэлэхгүйгээр, гар барьж, тэврээд эхэлсэн. Тэгээд л шагнал авснаа мэдсэн. Өөрөө очоогүй болохоор сэтгэл догдлох нь харьцангуй бага юм билээ. Харин жүжиг дуусах мөчид жүжигчид бүгд тайзан дээр ёслох үеэр миний шагналыг үзэгчдийн өмнө гардуулахад л маш сайхан санагдсан. Энэ бол маш том шагнал. Урлаг соёлын салбарын үлгэр жишээ, гайхалтай хүмүүстэй хамт нэр дэвшиж, анх удаа “Мөнгөн мод” цомын эзэн боллоо. Тэр үед өөрөөрөө маш их бахархах сэтгэл төрсөн дөө.
-Та “Инээмтгий хүн” визуал драмын жүжгээр дээрх шагналын эзэн болсон шүү дээ. Энэ жүжгээр дамжуулан үзэгчдэд илэрхийлэхийг хүссэн гол санаа тань юу байв. Юун дээр илүү төвлөрч ажилласан бэ?
-“Инээмтгий хүн” жүжиг бол манай театрын гурав, харин миний тав дахь тайзны уран бүтээл. Миний үүрэг бол зэрэмдэглүүлсэн ард түмэн, үхсэн, амьд, баян, ядуугийн дунд орших ялгааг харуулах байсан. Тайзан дээр үхсэн, амьд нь мэдэгдэхгүй хүмүүс өлгөөтэй байгаа мэт харагдуулахын тулд хуучин хувцаснууд авч, чадахаараа урж, тастан, завааруулж хийсэн. Үүнд комиссын зургаан пресс хувцас ашигласан юм. Энэ нь 600-700 ширхэг хувцас гэсэн үг. Харин Сюзанна хатны хөнжлийг хийхдээ Монголд байгаа хамгийн чанартай, үнэтэй торго, даавууг ашигласан. Тайз маань ч гэсэн үзэгчдэд яг л тийм мэдрэмж өгөөсэй гэж хүссэн.
-Таныг ОХУ-д хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн гэж сонссон. Гэхдээ та одоо жүжигчнээс гадна найруулагч, мөн тайзны зураач шүү дээ. Яагаад тайзны зураач руу хөрвөх болсон бэ?
-Би ОХУ-ын Санкт-Петербург хотын Театр урлагийн академийг хүүхэлдэйн театрын жүжигчин мэргэжлээр 2014 онд төгссөн. Үүний дараа 2019 онд Зүүн Сибирийн театр урлагийн их сургуулийг хүүхэлдэйн театрын найруулагч мэргэжлээр дүүргэж байлаа. Хүүхэлдэйн театрын жүжигчид эвдэрхий хүүхэлдэйнүүдээ оёх, тайз, жижиг хэрэгсэл зэрэг бүх зүйлээ өөрсдөө хийх хэрэгтэй болдог. Сургуулиа төгсөөд мэргэжлийн театрт ажилласан ч мөн л ялгаагүй бүх зүйлээ өөрсдөө хийнэ. Тэр нь маш том давуу тал болсон гэж боддог.
-Театр өөрийн гэсэн увдистай. Хаалгаар нь нэг орвол гарахад хэцүү гэж уран бүтээлчид хэлдэг. Тэгвэл таныг юу тайзны урлаг руу хөтлөв. Яагаад урлагийн хүний амьдралыг сонгох болсон бэ. Гэр бүлийн нөлөө байв уу?
-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Тийм учраас гэр бүлийн нөлөө байгаагүй гэж ойлгож болно. Энэ мэргэжлийг би санамсаргүй байдлаар сонгосон. Санамсаргүйгээр сонгохдоо харин маш мундаг хүнтэй таарсан гэж боддог. Тэр бол миний багш. Багш маань биднийг театрын урлагт үнэхээр хайртай, дуртай болгож, театрыг хайрлахыг сургасан. Тэгээд л театрт маш их хайртай болсон. Зуны хэдэн сар тоглолтгүй үедээ тайзан дээр л гарахгүй бол болохгүй, ямар нэг зүйл заавал хийх ёстой юм шиг мэдрэмж төрдөг.
-Найруулагч, жүжигчин гэхээр юу хийдгийг нь мэдэхгүй хүн ховор. Харин тайзны зураач гэхээр төдийлөн сайн мэддэггүй шүү дээ. Тиймээс та манай уншигчдад тайзны зураач хүн тухайн уран бүтээлд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар хуваалцана уу?
-Тайзны зураач бол найруулагчтай ерөнхийдөө төстэй. Найруулагч болон зураач хамтран бидний хэлэх гэсэн санаа, хүслийг визуалаар буюу харагдах өнцгөөс нь шийддэг гэсэн үг. Миний хувьд тайз зүгээр л нэг амьгүй зүйл биш, харин өөрийн гэсэн өгүүлэмжтэй, ямар нэг зүйлийг ойлгуулдаг байгаасай гэж хүсдэг. Жүжгийг жүжигчингүй байсан ч тайз ойлгуулж, ярьдаг байгаасай гэж хүсэж ажилладаг.
-Жүжигчний хувьд бүтээхийг хүсдэг дүр бий юү?
-Сүүлд хэд хэдэн удаа ийм асуулттай тулгарлаа. Өмнө нь “Мэдэхгүй байна” гэж хариулдаг байсан. Харин хүмүүс энэ талаар олон удаа асуухаар нь бодож үзсэн л дээ. Тэгээд надад “Ромео, Жульетта” жүжгийн Меркуциогийн дүр тохирох ч юм шиг санагдсан.
-Меркуцио, Анхбаатар нарт адил төстэй тал олон байдаг болохоор тэр үү?
-Надтай төстэй зүйл тун ховор. Харин эсрэг зүйлс нь их байх. Жишээ нь, “Шадар гурван цэрэг”-ийн Арамисын дүрийн мөн чанар ч надтай төстэй биш. Би тийм шалиг биш, харин ч эсрэгээрээ бүрэг ичимхий, чимээгүй хүн. Меркуцио ч надаас тэс өөр хүн учраас сонирхолтой байж магадгүй гэж бодсон. Ажиллахад илүү урамтай, бүтээж буй дүрээсээ жинхэнэ кайфыг мэдрэх юм шиг санагддаг.
-Өнгөрсөн долоо хоногт танай хамт олон “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгээ тоглоод дууссан шүү дээ. Энэ жүжгээр дамжуулан үзэгчдэд юуг ойлгуулж, мэдрүүлэхээр зорив?
-“Шадар гурван цэрэг” жүжиг бол ерөөсөө л гурван залуугийн адреналин, хурц тулаан, эрчүүдийн нөхөрлөлийн талаар харуулдаг. Нэгэн орос дуунд “Нойтон эмээл, норсон хувцас маань байхад жаргалтай даа” гэж өгүүлдэг. Яг л тэр дуу шиг элдэв маяггүй эрчүүдийн нөхөрлөл, омогшлыг харуулахыг зорьсон.
-“Шадар гурван цэрэг”-ийн Арамисын дүрд тоглоход хамгийн хүндрэлтэй зүйл нь юу байсан бэ?
-Арамисын дүрийг гаргах маш хэцүү байсан. Учир нь Арамис бол хэтэрхий шалиг нөхөр. Гэтэл дараа нь гэнэт санваартан болно гээд л маш туйлбаргүй. Юм хийх болгондоо харамсдаг дүр. Яг тэрийг нь гаргахад хүндрэлтэй байсан. Нэг бол увайгүй шалиг, эсвэл санваартан болох гэхээр хоорондоо тохирохгүй, худлаа юм шиг санагдаад байсан.
-“Про” театрыг зургаан найз хамтран байгуулсан юм билээ. Театрын урлагийн одоо цагийн өнгө төрхийг тодорхойлох хэмжээний амжилт гаргахад амар байгаагүй болов уу. Театр байгуулах нь тухайн үедээ маш зоригтой, том шийдвэр байсан байх л даа. Гэвч “Инээмтгий хүн” визуал драмаас эхлээд хэд хэдэн жүжгийн ард амжилттай гарлаа. Энэ хугацаанд алдаж, онох, шантрах үе байсан уу. Шантралаа хэрхэн даван туулж байв?
-Зорилго юм уу даа. Бид зорилго нэгтэй. Түүндээ хүрэхийн тулд бүгд тэмцэж чаддаг. Тэр зорилго нь нэгэн цэгт огтлолцож чадсанаар өдий хэмжээний амжилт гаргасан гэж боддог. Шантрах үе мэдээж байлгүй яах вэ. Тэр битгий хэл өдөр бүр л шантардаг. Гэхдээ баярлах зүйл нь илүү их болохоор зорилгодоо хүрэх урам өгч байна. Нэг ангийн, нэг багшийн шавь нар гэдэг утгаараа бидний харах өнцөг нэг гэх юм уу даа. Хэн нэгэн нь ямар нэг санаа хэлэхэд бид яг тэр зүг рүү хамтдаа харж, бас дэмжиж чаддаг. Түүнээс зургаан найз муудалцаж, сайндах үе олон бий.
-Та бүхний хамтарсан анхны уран бүтээлийн талаар асуумаар байна. Ямар бүтээл байсан бол?
-“Эрхий мэргэн” гэх явуулын театрын жүжиг байсан. Бид маш том майхан дотор үзэгчдэд эрхий мэргэний үлгэрийг ярьж өгдөг байв. ОХУ-ын үзэгчдэд улсынхаа соёл урлагийг сурталчилж, амьд хөгжимтэй тоглодог байлаа. Мөн энэ жүжгээрээ хэд хэдэн фестивальд оролцсон. Ер нь жил бүр фестивальд оролцох урилга ирдэг.
-Театр дараагийн удаа ямар уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихаар төлөвлөж байна?
-Дараагийн уран бүтээлээ бэлтгэж байгаа. Гэхдээ төлөвлөгөөгөө дэлгэхгүй байя. Цаг нь болохоор үзэгчдэдээ гэнэтийн бэлэг барья гэж бид ярилцсан.
-Таныг болон танай хамт олныг юу зоригжуулж тайзны шилдэг уран бүтээлүүдийг ар араас нь дараалуулан хийх сэдлийг өгдөг вэ?
-Үзэгчдийн алга ташилт, сэтгэгдэл. Бидний бүтээлийг үзсэн бол дараагийн удаа дахин ирэх тэр мэдрэмж маш их урам хайрладаг. Үзэгчид “Театрын урлагт дурлачихлаа, хүүхдэдээ заавал үзүүлнэ” гэх нь дараа дараагийн шинэ уран бүтээлээ хийх эрч хүч, урам зоригийг бидэнд өгдөг. Нэг хүнийг ч гэсэн театрт дурлуулж байвал тэгээд л болох нь тэр.
-Таныг “Сити” их сургуульд багшилж байгаа гэж сонссон. Багшлах нь жүжиглэхээс, эсвэл зураачаар ажиллахаас ямар ялгаатай байна вэ?
-Багшлах маш хэцүү. Яагаад гэвэл жүжигчин хүүхдүүдтэй ажиллана гэдэг нь манай Монголын нөхцөлд их хүндрэлтэй. Бид вакум орчинд суралцаж жүжигчин болсон. Тэнд бидэнд хэн ч саад болохгүй, дүүгээ харах, эсвэл гэрийнхээ хүнсийг цуглуулах шаардлага байгаагүй. Яг энэ шаардлагаа тавих гэхээр аав, ээжтэйгээ хамт амьдардаг хүүхдүүдэд хэцүү. Яах аргагүй нэг өдөр дүүгээ харах хэрэгтэй болно, өөр нэг өдөр ээжийгээ тосох хэрэг гарна гэх мэтээр бүрэн төвлөрч чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг. Манай ангийнхан одоо гуравдугаар курс. Маш авьяаслаг, чадварлаг хүүхдүүд бий. Тэд манай театрын олны хэсэгт ихэвчлэн ажилладаг даа.
-Ойрын хугацаанд та ямар уран бүтээлүүдэд ажиллаж байна вэ?
-Одоогоор Орхон аймгийн Хүүхэд, залуучуудын театрт тоглох “Хөхөө” жүжигт зураачаар ажиллаж байна. Үүний дараа тавдугаар сард Хүүхэлдэйн театрт “Пинокиогийн адал явдал” жүжигт найруулагчаар ажиллах төлөвлөгөөтэй.
Бэлтгэсэн У.Цэцэгсүрэн