Цахим спортын “The MongolZ” баг “PGL Major Copenhagen 2024” буюу “Counter-Strike 2” тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг 16 багийн нэгээр шалгарчээ. Тэд уржигдар Бразил улсын “Legacy” багийг 2:0 харьцаатайгаар буулган авсан билээ. Ингэснээр тэд ДАШТ-ий шийдвэрлэх шатанд Ази тивээс шалгарсан анхны баг болж, цахим спортын түүхэнд бичигдлээ. “The MongolZ” баг нь зургаан гишүүний бүрэлдэхүүнтэйгээр тус тэмцээнийг зорьсон. Уг тэмцээнийг 2013 оноос хойш жил бүр зохион байгуулж буй аж.
ДАШТ энэ сарын 17-31-нд Дани улсын нийслэл Копенхаген хотод болж буй юм. Тус тэмцээнийг “Оpen stage”, “Elimination stage”, “Play off” гэсэн гурван үе шаттайгаар зохион байгуулж байна. “Play off” буюу шийдвэрлэх шат энэ сарын 21-24-нд болох ажээ. Нийт 16 багаас найм нь шийдвэрлэх шатанд шалгарч, тоглолтыг цааш үргэлжлүүлэх юм. ДАШТ-ий тоглолтууд онлайнаар болж буй юм байна. Харин зөвхөн шийдвэрлэх тоглолт нь Данийн “Royal аrena” цэнгэлдэх хүрээлэнд үзэгчдийн өмнө шууд болно. Энэхүү тэмцээний нийт шагналын сан 1.25 сая ам.доллар гэнэ.
У.Цэцэгсүрэн