Завханы Завханмандал сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, боловсролын салбарт 20 жил ажиллаж буй Б.Ариунааг ярилцъя буландаа урилаа. Б.Ариунаа эх хэлээ дэлгэрүүлэх, хадгалж үлдэхийн төлөө тууштай тэмцэж буй нэгэн юм. Түүнтэй сум дахь эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулж буй байдал, ажил хөдөлмөр эрхлэхэд учирдаг бэрхшээл болон бага ангид заахаа больсон унших бичгийн хичээлийн талаар хөөрөлдсөн билээ.
-Сайхан хаваржиж байна уу. Хамгийн сүүлд өөртөө ямар хөрөнгө оруулалт (оюуны болоод эд материал ямар хэлбэрээр байж болно) хийсэн бэ?
-Хамгийн сүүлд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургаан ном худалдаж авлаа. Өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийсэн гэх үү дээ.
-Сумд ажиллаж амьдарч буй хөдөөгийн эмэгтэйчүүдэд ямар төрлийн хөрөнгө оруулалт хийвэл өгөөжтэй байх вэ?
-Сумд ажиллаж, амьдарч буй эмэгтэйчүүд галбиржих, биеийн жингээ бууруулах, зөв хооллолтын талаар сургалт зөвлөгөө авах сонирхолтой. Эмэгтэйчүүд сумдаа фитнест явдаг бол сайхан л байна. Мөн нэмэлт орлоготой болох жижиг дунд үйлдвэрлэлийн сургалт авах сан. Багаараа суралцаж, хамтын оролцоотойгоор үр шимээ хүртэх үйлдвэрлэл хөгжүүлэхийг бид хүсэж байна.
-Багаар болон хамтарч ажиллах боломж хумигдмал гэж үү?
-Хамтын хөдөлмөр эрхлэх гэхээр санхүүгийн чадамж муутай нь нөлөөлж, мухарддаг. Наад зах нь хүн хүч муутай тул мал дагаж, амьдрал ахуйдаа нухлагдсан нь ч байна шүү дээ.
-Сумын удирдлага та бүхэн рүү чиглэсэн хөгжлийн бодлогоо хэр нээлттэй танилцуулдаг вэ?
-Сумын дарга нар эмэгтэйчүүд рүү чиглэсэн бүү хэл хүний хөгжлийн бодлогоо орхигдуулсан санагддаг. Нийгэмд үлдэх оюунлаг, хариуцлагатай, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт, бодлого чиглэл байхгүйд үнэхээр харамсдаг. Жаахан уралдуулж, ууж, идүүлэх ажил л хийх юм даа.
-Сумдаа найдалтгүй аж. Улсаас, аймгаас эрхбиш сумын эмэгтэйчүүд рүү чиглэсэн хөрөнгө оруулалт хийдэг биз дээ?
-Ойрын хугацаанд аль ч төрлийн хөрөнгө оруулалт хийгээгүй болов уу. Би хувьдаа санадаггүй ээ. Орчин үеийн эго өндөртэй хүүхдүүдийг хэрхэн хүмүүжүүлэх, тэдэнтэй яаж харилцах, сургах дээр асуудал их тулгардаг. Сургалт, зөвлөгөө ялангуяа, сэтгэл зүйн төрлийн мэдээлэл туршлага сонсох хэрэгцээ их гардаг. Эрүүл сэтгэл зүйтэй ирээдүй бэлтгэхэд улсын бодлого үнэхээр сул байна. Сумын эмэгтэйчүүд хамтран хөгжих, үр хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд нэгдсэн бодлогоор дэмжихээс гадна санхүүгийн гарц гаргалгаа хэрэгтэй. Хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарахаас илүү өр зээл, өдөр тутмын аахар шаахар ажилд цаг хугацаагаа зарцуулж байна. Ээжүүдэд нэн тэргүүнд үр хүүхдээ сайн төлөвшүүлэх үүргийг нь үлдээж, бусад ачааг нь хугасалдаг бол гэж л хүсдэг.
-Ер нь сумд эмэгтэйчүүдэд ажил олддог уу. Голчлон ямар ажил хийдэг вэ?
-Сумын эмэгтэйчүүдэд аль нэг байгууллагын үйлчлэгч, жижүүрийн ажил л олдоно. Шийдвэр гаргах түвшинд манлайллын ажилд эмэгтэйчүүд түлхүү оролцохгүй бол сумын үйл ажиллагаа гэрэл чийдэн, худаг усанд л зарцуулагддаг.
-Тэгвэл сумын эмэгтэйчүүдийн аз жаргалыг индексээр тооцвол ямар түвшинд байгаа гэж хэлэх вэ?
-Сумын эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг аз жаргалын индексээр хэмжих юм бол дундаж түвшинд байгаа болов уу. Сумд уул уурхай ажиллаж, хорт бодис ашиглаж буй энэ үед нутагтаа үлдэх хүн олдохгүй л байх даа. Гэр бүл үр хүүхэдтэйгээ амьдарч байгаа нь өнөөдрийн аз жаргал. Гэхдээ сумынхны цөөнгүй нь зээлийн хүүнд дарлуулж, өрнөөс өрний хооронд маш их ачааг үүрч байна шүү дээ. Өрхийн үйлдвэрлэлгүй шахам, хамтын хөдөлмөр эрхлэх боломжгүй, нэмэлт орлогогүй болохоор санаа зовох асуудал ихтэй.
-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилж, болох уу?
-Болно оо.
Та ярилцлага эхлэхээс өмнө эх хэлэндээ санаа зовж байгаагаа хэлсэн. Хэдэн оноос хойш хөдөөгийн сургуульд багшилж байна вэ?
-Би 2004 онд МУИС-ийн монгол хэл, утга зохиолын ангийг дүүргэсэн. Энэ цагаас хойш 20 дахь жилдээ Завханмандал сумын сургуульд монгол хэлний багшаар ажиллаж байна.
-Бага ангийнхны сургалтын хөтөлбөрөөс уран зохиол хичээлийг хассан. Ахлах, дунд ангийнханд уран зохиолыг цөөн цагаар заадаг, гэхдээ монгол хэлний хичээлд хавсарга байдлаар ордог. Энэ буруу шүү дээ. Хүүхдүүдэд уран зохиолын цөөн цагийн хичээл хэр өгөөжтэй байдаг юм бол доо?
-Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр анги буюу дунд ангийнханд долоо хоногт хоёр, ахлах ангийнханд ганцхан цаг уран зохиолын хичээл заадаг. Миний хэлэхийг хүссэн зүйл бол 1-5 дугаар анги буюу бага ангид заах унших бичгийн хичээл хасагдсанаас хүүхдүүдийн унших чадвар муудсан. Дэлхийн хандлагыг харахад сургуулиуд нь хүүхдүүдээ ном унш, бүр навсайтал нь унш гэж сургадаг. Их уншсаны үр дүнд сурагчид уншсанаа ойлгож, ойлгосноо амьдралд хэрэгжүүлж байна. Харин Монголд бага ангийн сурагчид уншсанаа ойлгохгүй байгаа нь дэлхийн түвшний PISA үнэлгээгээр батлагдсан. Өөрөөр хэлбэл, манай хүүхдүүдийн унших чадвар 36 хувьтай гарсан. Монгол хэл, уран зохиолын багшийн хувьд үүнд гүнээ харамсдаг. Монголд 15 настай сурагчид уншсанаа ойлгохгүй байгаа нь бага ангид унших бичгийн хичээл заадаггүйтэй шууд холбоотой. Бага ангидаа унших арга барил нь тогтворжоогүй хүүхэд дунд ангид уншсанаа ойлгохгүй байгааг PISA үнэлгээнд оролцсон сурагчдын үр дүнгээс харж болно.
-Танай сумын хүүхдүүд монгол хэл, уран зохиолын олимпиадад оролцдог уу?
-Манай сургуулийн сурагчид, тэр дундаа ахлах ангийнхан хэл уран зохиолын сорилго, олимпиадад тасралтгүй оролцож ирсэн. “Ковид-19” цар тахлаас өмнө Идэр сумд зохиосон Эх хэлний улсын их сорилго тэмцээнд манай хүүхдүүд маш амжилттай оролцсон. Аймгийн өсвөрийн яруу найргийн наадам, “Уран жиргээ”, “Хүрэл тулга” тэмцээнүүдэд шавь нар маань байр алдаж байсангүй. Тэргүүн байранд өрсөлдсөөр ирсэн. Манай хүүхдүүдээс гурав нь монгол хэл, утга зохиолын багш болсон. Энэ нь хүүхдүүд уран зохиолын хичээлд дуртайн илрэл болов уу. Харамсалтай нь, “Ковид-19” цар тахлаас хойш энэ төрлийн тэмцээнийг төдийлөн зохион байгуулсангүй.
-Сумын ЕБС төгсөгчдөөс хэл, уран зохиолын анги сонгож, их дээд сургуульд элсэх нь хэр байна вэ.
-Элсэх боломж нь бий. Чадвартай хүүхэд олон төгсдөг. Гэхдээ сүүлийн жилүүдэд нийтлэг ажиглагдсан зүйл нь төгсөгчид уул уурхай, гадаад хэлний анги сонгох болсон. Тиймээс монгол хэлийг дагах хичээл, эсвэл элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх хэл бичгийн шалгалтын хүрээнд бэлдэж байна.
-Уран зохиолын хичээлийг 1-5 дугаар ангийн хичээлийн хөтөлбөрөөс хассаныг та нэлээд эсэргүүцэж буй. Энэ талаараа байр сууриа илэрхийлнэ үү?
-Хамгийн их харамсаж байгаа зүйл бол хүүхдийн унших бичгийн хичээлийг багынхны сургалтын хөтөлбөрөөс хассан шийдвэр. Би 1-5 дугаар ангийн монгол хэлний номын агуулгыг судалж, өмнөхтэй нь харьцуулсан. Номд том том эхүүд оруулжээ. Доторх уншаад ойлгож, гүйцэтгэх даалгаврууд нь санаанд хүрээгүй. Зургаа долоон настнууд битгий хэл дунд ангийнхан ч ойлгохооргүй агуулгуудтай. Сурах бичгийн доторх эхийн агуулга, сонголтод анхаармаар санагддаг. Дээр нь ойр ойрхон хөтөлбөр солигдсоноос хүүхдүүдийн унших сэдэв ойлгоход төвөгтэй болдог. Монгол хэлний хичээлээс гадна “Алсын хараа-Тогтвортой хөгжил-2050”-ыг уншиж байхад монгол хүүхдийн унших чадвар дэлхийн 170 орноос долоод эрэмбэлэгджээ. Уншсаныг нь асуухаар эргэцүүлж ярих чадвар нь 59-д ордог. Цаашлаад уншсанаа амьдралд хэрэглэх нь 116 дугаар байранд бичигддэг. Ийм хойшилсон үзүүлэлтийн дараа бид юу хийх ёстой вэ. Дахин хэлье, сурагчдыг уншаад ойлгодог, ойлгосноо амьдралд хэрэгжүүлдэг болоход бэлтгэх хэрэгтэй. Удмын сангаа хадгалсан оюунлаг, насан туршдаа суралцах чадвартай иргэн бэлтгэхийн тулд хамгийн түрүүнд эх хэлээ судлахаас эхэлж, маш их ажиллах шаардлагатай. Энэ саналаа бичиж, аймгийн Боловсролын газар, Боловсролын ерөнхий газар, БШУЯ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо гээд холбогдох бүх газарт нь илгээсэн.
-Уран зохиолын хичээлийг судлахгүй байснаар хожим гарах урхаг юу вэ?
-Уншихгүй бол сэтгэхгүй. Урсахгүй гол бохирддогтой л адил. Ерөөсөө уншдаггүй хүүхэд яагаад ч сэтгэж чадахгүй. Хоёрдугаар ангийнхан өгүүлбэртэй бодлогоо уншихгүй бол яах вэ. Уншсанаар л бодно, ойлгож эргэцүүлнэ, цааш хөгжинө, ажил амьдралдаа хэрэглэнэ. Чанартай амьдралын үндэс суурь бол сайн унших, тэгээд хөгжих юм. Тиймээс уншуулах нь чухал. Ухаан далай номоос эхтэй. Уншдаг хүүхэд андашгүй. Уншдаг хүүхэд зөвхөн Завханмандалд амьдардаггүй, Америкт, Япон гээд дэлхийн өнцөг буланд бүрт “аялж”, бүх мэдээллийг авдаг. Заавал онгоцоор нисээд, зардал төлөөд сурах биш унших явцдаа бүгдийг сурч болдог. Орчин үед сошиал сүлжээ хөгжсөн байгаа учраас хүүхдүүдийг цахимд суурилж, уншуулах аргыг туршиж хэрэгжүүлээсэй. Гэхдээ цахим номууд комикс биш байгаасай. Ер нь орчуулгын комикс ном тийм сайхан зүйл биш. Нэг, хоёрдугаар ангийн уншиж сурч буй сурагчдын сонирхол татах төдий зүйл. Монгол эх хэл яруу тансаг. Ардын өв уламжлал, зүйр цэцэн хийгээд мэргэн үг, сургаалтай ном илүү. Өвгөд, эмгэдийн маань сэтгэлээс гарсан нандин монгол ухааныг хүүхдүүдэд бага ангиас нь, тэр бүү хэл цэцэрлэгт байхаас нь өвлүүлж, сонсоод ойлгох чадварт сургах бодлого баримтлаасай.