Филиппиний Нью Кларк хотод зохион байгуулсан Азийн залуучуудын аварга шалгаруулах усанд сэлэлтийн 11 дэх удаагийн тэмцээнд Монголын тамирчид өрсөлдлөө. Тэднээс дасгалжуулагч Х.Батболдын удирдлагад бэлтгэл базаасан, “Сэлэм загас” клубийн тамирчин, ОУХМЭ.Эрхэс 15-17 насны ангилалд 50 метрийн араар даллах сэлэлтийн төрөлд (26.21 секунд) шигшээд шалгарсан юм. Тэрбээр хүрэл медалийн төлөө есөн орны сэлэгчтэй өрсөлдөж, 26.43 секундийн амжилт үзүүлэн, шагналын тавцанд зогсов. Манай тамирчин өмнө нь Катар улсад болсон “Доха-2024” усанд сэлэлтийн ДАШТ-д 50, 100 метрийн араар даллах, мөн мэлхий сэлэлтийн төрөлд өөрийн эзэмшиж буй, улсынхаа дээд амжилтыг таван секунд ахиулж, шинэчлэн тогтоосон юм.