Монголын триатлоны холбооноос өвлийн триатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохион байгууллаа. Хот, орон нутгийн 40 гаруй тамирчин эл тэмцээнд оролцож, цасан замаар хоёр км гүйж, таван км-т дугуй жийж, гурван км-т гүйлтийн цанаар хурд сорив. Эрэгтэйчүүдээс элит ангилалд 10 тамирчин өрсөлдсөнөөс гүйлтийн цанын төрөлд “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Ачбадрах түрүүллээ. Тэгвэл “Канвон-2024” залуучуудын олимпод оролцсон А.Хүслэн (“Алдар” спорт хороо) мөнгө, “Дэлхийн цом”-д V байрын шагналт Н.Алтаншагай (Зэвсэгт хүчний 011 дүгээр анги, “Сеперате” компани) хүрэл медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн уралдаанд есөн тамирчин оролцсоноос 16 настай спортын мастер Н.Энхжин (“Цасан зам”) тэргүүлж, улсын аваргаар тодорсон. Тэгвэл Төв аймгийн залуу тамирчдаас Н.Отгонтэнгэр аман хүзүүдэж, Ж.Халиунаа (“Хилчин” спорт хороо) III байрт шалгарсан байна. Хөвгүүдийн ангилалд Төв аймгийн оролцогч М.Баясгалан, Б.Төгөлдөр нар тэргүүлэв. Сонирхогчдын ангилалд зэвсэгт хүчний 150 дугаар ангийн алба хаагч Р.Дашдаваа, хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Б.Лхагвабаатар, 0151 дүгээр ангийн Ц.Энхболд нар медалийн эзэн болжээ.