С.Энхбаатар гэргий Д.Чулуунцэцэгийн хамт
Улсын аварга малчдыг уламжлал ёсоор сар шинийн баярын өмнө тодруулан, шагнасан билээ. Тэдний нэг нь Хэнтий аймгийн Норовлин сумын малчин С.Энхбаатар. Тэрбээр 2016 онд анх улсын аварга малчнаар шалгарч байж. Энэ жилийн хувьд улсын хошой аваргаар шалгарснаараа сумдаа анхдагч болжээ. Мал маллахын зэрэгцээ ном унших хоббитой түүний гэрт Монголын уран зохиолын ховор нандин бүтээлийн дээжис бий гэнэ. Одоогоор 1000 гаруй ном цуглуулаад буйгаа онцолсон. Үүнээс гадна өөрөө ч бүтээл туурвидаг бөгөөд үе үеийн алдарт малчдын талаар өгүүлсэн гурван ном хэвлүүлжээ. Түүнчлэн удахгүй дөрөв дэх номоо өлгийдөж авахад бэлэн болсон байна.
С.Энхбаатар гэргий Д.Чулуунцэцэгийн хамт 30 гаруй жил мал маллажээ. Тэд өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд таван өрхийг малжуулж, 2400 гаруй бод, бог хандивласан гэнэ. Төлөө хорогдолгүй хүлээн авах, малын тарга тэвээргийг хэрхэн хадгалах зэрэг арга ухааных нь талаар улсын хошой аварга С.Энхбаатартай ярилцлаа. Тэднийх өнгөрсөн оны эцэст 2024 мал тоолуулжээ.
-Сайхан хаваржиж байна уу. Мал маллах арга ухааныг та хэнээс өвлөж авсан бэ?
-Би 1970 оноос хойш мал маллаж байна. Манай өвөө 1963 оны улсын аварга төлчин хүн байлаа. Намын Төв хорооны гишүүн Н.Жагварал сайд өвөөгийнд 1966 онд зочилжээ. Тэр үед өвөө “Би зээ хүүгээ малчин болгоно” гэж сайдад амласан юм билээ. Ингээд л би 1970 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд малчин болсон доо. Мал маллах арга ухааныг өвөөгөөсөө өвлөж авсан. Манайх зуны улиралд Улз голын орчимд зусдаг юм. Бусад улиралд нь говь руугаа буюу Агиртайн хоолойд нутагладаг байлаа. Өвөө минь тэр хавьдаа л өндөрт тооцогдох Дал-Овоот гэх уулд гараад өвс, ургамал, булаг, шандыг хэрхэн ажиглаж шинжих болон өвөл, намрын улиралд хаана нутаглахад тохиромжтойг ч танилцуулж байв. Түүнийх нь дагуу л малаа малласаар өдий хүрлээ.
-Өвлийг өнтэй давахын тулд зун, намрын улиралд малынхаа тарга тэвээргийг сайн авхуулах нь чухал байдаг болов уу. Та малынхаа тамир тэнхээг хэрхэн хадгалж, нэмэгдүүлдэг вэ?
-Хавар ногоо эрт ургасан газарт оторлодог. Ингэж л малаа ногоонд цатгадаг юм. Намар болохоор сэрүүвтэр, газрын хөрс нь хатуувтар газраар нутагладаг. Манай нутагт мал олширсноос отор, нүүдэл хийх нь багасаад л байна. Өвөөгөөсөө өвлөсөн арга барилаараа өглөөнөөс орой хүртэл малаа дагаж, тайван бэлчээдэг. Гүйлгэдэггүй, тогтуухан идээшлүүлдэг гэсэн үг. Айхавтар гүйлгэвэл мал тарга тэвээргээ алдах эрсдэлтэй. Өвлийн цагт нөмөр нөөлөг газраар тааваар нь идээшлүүлэх хэрэгтэй. Цастай үед нимгэн хэсгээр нь, уулсын хяраар бэлчээдэг дээ.
-Газрын гарц муудсанаас малчид хадлан авах нь багассан байна. Тиймээс бэлтгэсэн өвс худалдан авах нь ихэслээ. Танайх өвсөө хэрхэн бэлддэг вэ?
-Бага хүү минь надтай хамт мал малладаг юм. Хүү намар хадландаа гардаг. Ингэхдээ 800-1000 бухал буюу 80-100 тн өвс авч байна. Ганцаараа бус, ойр хавийн айлуудаараа хамтраад хадлангаа бэлтгэнэ. Манайх ойр орчмынхоо айлуудтай нэгдлийн үеэс эхлэн хамтран хөдөлмөрлөж байгаа юм.
-Та мал маллахын зэрэгцээ ном бичиж, гурван ботийг нь хэдийн уншигчдын хүртээл болгожээ.
-Найз минь “Чи өвөөгийнхөө дурсгалд зориулаад нутаглаж байсан газар нь суварга босгочих” гэдэг юм байна. Харин би суварга босгохын оронд ном бүтээхээр шийдсэн. Ингээд л “Норовлин сумын алдарт малчид”, “Хэнтий аймгийн алдарт малчид”, “Монгол Улсын алдарт малчид” гэсэн гурван номыг эмхэтгэн, хэвлүүллээ. 1971 оноос хойш төрсөн, Хөдөлмөрийн баатар, улсын аварга малчдын түүхийг “Монгол Улсын алдарт малчид” номдоо багтаасан. Мөн Монгол Улсын сүүлийн 100 жилийн хүн ам, малын статистикийг ч орууллаа. Түүнчлэн хамгийн олон малтай аймаг, сум, айл өрхийн талаарх мэдээллүүдийг ч багтаасан. “Хэнтий аймгийн алдарт малчид” бүтээлийн хувьд 1965 оноос хойш их аварга малчдын намтар, түүхийг өгүүлдэг. Энэ жил Норовлин сум байгуулагдсаны 100 жилийн ой тохионо. Үүнд зориулан “Норовлин сумын алдарт малчид” номынхоо агуулгыг нь баяжуулж хэвлүүлэхээр бэлтгэж байгаа.
-Гэртээ номын сантай гэж сонссон. Онцлох ямар бүтээлүүд байгаа вэ?
-1000 гаруй номтой. Нэгдүгээр ангид элсэхдээ л тоолох, бичих чадварт суралцсан байлаа. Сургуульд байхаасаа л ном унших, цуглуулах дуртай байв. Социализмын үед манай улсад томоохон хэмжээний100 гаруй роман хэвлүүлсний70-80 нь надад бий. “Монголын уран зохиолын дээжис” нэртэй108 боть ном байдаг шүү дээ. Тэдгээрээс 68 нь байна. Би түүх, газар зүй их сонирхдог. Тиймээс Монгол Улсын болон дэлхийн түүхийг өгүүлэх ном цөөнгүйг цуглуулсан. Дэлхийн газрын зураг янз бүрээрээ бий. Цэргийн зүтгэлтнүүдийн түүх, дуртгалын талаарх бүтээлийг сонирхон уншиж, цуглуулдаг. Ном уншиж байгаад хонио чононд дайруулсан тохиолдол 10 гаруй удаа гарч байлаа. Олон хонь жижиг толгодыг бүтэн бүрхчихээр цаана нь юу болж байгаа нь харагдахгүй. Ийм үед л чоно цаад хэсгээс дайраад ороод ирдэг.
-Малчид өглөөнөөс орой хүртэл амрах завгүй ажилладаг. Төл малаа мэнд хүлээн авах, арчлахаас эхлээд л гэр бүлийн оролцоо хамгийн чухал байх?
-Ганцаараа бол ямар ч амжилтад хүрэх боломжгүй шүү дээ. Хашаа хороогоо цэвэрлэх, малдаа тэжээл өгөх зэрэг ажлыг гэргий минь л амжуулдаг. Ажлаа төлөвлөгөө, дэс дараалалтай болгох хэрэгтэй. Үүнээсээ зөрвөл асуудал үүсэж, алдсан хугацаагаа нөхөх аргагүйд хүрч болзошгүй.
-Туслах малчин ажиллуулдаг уу, эсвэл гэр бүлээрээ л малаа маллаж байна уу?
-1980 онд гэрлээд, тэр жилийнхээ намар 1000 гаруй хурга, 150 ишиг нэгдлээс хүлээн авч байлаа. Нэгдлийн хээлтэгч малыг есөн жил хариулсан. Сүүлийн таван жилд нь малын зүй бус хорогдол гаргаагүй, төлөө бүрэн хүлээн авч байв. Түүнчлэн 100 эх малаас 104 төл хүлээн авснаараа аймгийнхаа “Энх сүрэгтэн” шагналыг хоёр удаа авч, сумын аварга малчнаар таван удаа шалгарсан. Хэрэв нэгдэл тараагүй байсан бол 1995 онд түмэн буюу 10 000 төлийн эзэн болох байж. Мал малласан үеэсээ эхлэн нийт хоёр түмэн төл бойжуулсан амжилтаа 2017 онд орон нутгийнхаа удирдлагын дэмжлэгээр тэмдэглэсэн. Тэр үеэс хөдөлмөрийн, түрээсний гэрээгээр туслах малчин авч ажиллуулж эхэлсэн юм. Эрх, үүргээ тохиролцсоны дараа гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулснаар туслах малчнаа ажиллуулдаг даа. 1988 онд орон нутгийн удирдлагууд түрээсний гэрээний загвар гаргаад, бригадын хурал дээр танилцуулж байлаа. Түүнийг би өдий хүртэл ашигладаг юм. Хөдөлмөрийн гэрээгээр сувай, түрээснийхээр эм малаа хариулуулдаг. Түрээсний гэрээний дагуу төлийнхөө 50-55 хувийг манайх, үлдсэнийг нь тухайн айл авдаг журамтай.
-Одоогоор хэдэн малчинтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа вэ?
-Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нэг хүн бий. Түрээсний гэрээгээр 6-7 малчин өрхтэй хамтран ажилладаг. Нэг айлд 100-300 эм хонь, ямаа өгдөг.
-Төлөө хорогдолгүй хүлээн авах туршлагаасаа хуваалцаж болох уу?
-Бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Энэ нь төлөө тэжээх өвс, тэжээл бэлдэхээс эхэлнэ. Мөн тарга хүч нь тааруу эх малыг төллөхөөс нь нэг сарын өмнө тэжээдэг. Өвөө минь төлийг хөрвийн аргаар бойжуулдаг байлаа. Уг аргын дагуу төлийг их, дунд, бага хөрөв гэж хуваадаг. Төлийг өсөлтөөр нь ангилан, тусад нь хашдаг арга л даа. Насаар залуу буюу бага мал хургаа олж авах гэж их төөрөлддөг. Мөн ихэр, тамир тэнхээгээр сул хурга, ишгээ эхтэй нь хамт хашиж, тэжээх зэргээр ажиллана.
-Танайх энэ жил хэр олон төл хүлээж авахаар байна вэ?
-Өөрсдөө гардаж 300 орчим төл хүлээж авна. Түрээсний гэрээгээр ажиллуулж байгаа туслах малчид нийт 1500 орчим төл хүлээн авах төлөвтэй. Хавар цаг агаар дулаарч, төл эрүүл энх бойжвол малчин хүний жаргал тэр л юм. Хамгийн чухал нь эх мал тарган цатгалан, тамир тэнхээ сайтай бол төл ядрахгүй. Өвөл тарга хүчийг нь сайн барьж, онд оруулах хэрэгтэй.
-Малынхаа чанар, ашиг шимийг сайжруулахад нь хэрхэн анхаардаг вэ?
-Хөлөнбуйрын барга, Сүхбаатар аймгаас үзэмчин хуц авч, хониныхоо ашиг шимийг нэмэгдүүлдэг юм. Хөлөнбуйрын барга хонь илүү нугаламтай, ууцан сүүлтэй. Харахад урт гулдгар, махны гарц нь бусад үүлдрээс илүү. Үзэмчин хонь ч мөн адил ашиг шим өндөртэй. Тэр хэрээр зах зээлийн үнэлгээ нь ч өндөр байдаг. Мөн Баян-Уулын махны чиглэлийн бух авдаг. Цаашид голчлон үхрээ өсгөхөөр төлөвлөсөн. Адуугаа нэг их өсгөдөггүй. Олон адуу нь бэлчээр сүйтгэх эрсдэлтэй.
-Мал хэт олширсноос улсын хэмжээнд бэлчээрийн доройтолд орж байна. Тиймээс малчид малынхаа тоонд бус, чанарт анхаарах цаг болсон гэж олон хүн ярих болсон. Таны хувьд ямар байр суурьтай байдаг бол?
-Зөв л дөө. Мал өссөнөөс манай нутагт отор хийх газаргүй болсон.
-Уур амьсгалын өөрчлөлт мал аж ахуйн салбарт хэрхэн нөлөөлж байна вэ. Өөрчлөлт малчдад их ажиглагдах юм уу?
-Намайг бага байхад олон янзын өвс, ургамал гардаг байлаа. Нэрийг нь ч мэдэхгүй ургамал цөөнгүй байв. Харин өнөө үед өвсний нэр, төрөл цөөрч, ургалт нь ч сийрэгжсэн. Үүнээс үүдэн хагдгүй буюу өвсөн бүрхүүлгүй талбайн хэмжээ ихэссээр байна. Ингэснээр хөрс чийгээ хадгалах чадваргүй болдог. Тиймээс бороо орсон ч хурдан уурших эрсдэлтэй. Хагд гэдэг нь өнгөрсөн жилийн хур өвс юм. Одоогоор манай нутаг хагдтай байгаа.
-Нүүдлийн соёл иргэншлээ хадгалж үлдэхийн тулд малчдыг төрөөс бодлогоор дэмжиж байгаа л гэх юм. Төрийн шийдвэр, бодлого, дэмжлэг нь малчдын амьдралд тусгалаа олж байна уу?
-Тариан талбайн зарим хэсгийг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр ашиглах боломж бүрдүүлэх нь үр дүнтэй юм болов уу гэж боддог. Энэ нь бэлчээрийг хамгаалахад ч тустай.
-Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бодол танд бий юү?
-Тийм бодол бий. Гэхдээ одоохондоо бүрэн шийдээгүй ээ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн