“Сант марал” сангийн захирал Л.Суматитай ярилцлаа.
-“Улс төрийн барометр” судалгааг тасралтгүй 30 шахам жил хийсэн хүний хувьд монгол сонгогчдын хандлага, төлөв, өөрчлөлтийн талаар ажиглалт, байр сууриа хуваалцахгүй юу?
-1995 оноос хойш улс төрийн үйл явдлыг тасралтгүй ажиглахдаа янз бүрийн л зүйл үзлээ. Ямартай ч сонгогчдын хандлага, саналаа хэрхэн өгдөг нь тодорхой хэмжээнд харагддаг. Эрс өөрчлөлт ажиглагдсан нь ч бий. Жишээ нь, 2004 оны сонгуулиар тухайн үеийн МАХН-ынхан ерөнхийдөө давуу байдалтай явж байгаад ялагдсан. Буруу стратеги, тактиктай ажилласнаас тийм үр дүнд хүрсэн шиг байгаа юм. Ер нь сонгогчдын хандлага сонгуулиас хэдэн сарын өмнө тодорхой болчихсон байдаг. Одоогийн нөхцөлд улс төрийн намын чансааг ярих нь хуулийн хязгаарлалттай учраас хэцүү. Тиймээс үүнийг тойрч, хашисхийгээд хэлэх гээд үзье.
ЗАЛУУ ҮЕ ГЭЭД ГАРЧ ИРСЭН ХҮМҮҮС НЬ ОНЦ АМЖИЛТАД ХҮРЭЭГҮЙГ ОЛОН НИЙТ САЙН ХАРЖ БАЙНА
Юуны түрүүнд Монголын улс төрийн орчны талаар хэлэхэд хэцүүхэн байдаг юм. “Ухаантай хүн өрөөлийн, тэнэг хүн өөрийнхөө алдаанаас суралцдаг” гэсэн зүйр үг байдаг даа. Манай улс төрчид энэ хоёр “ангилал”-ын алинд ч багтдаггүй. Өөр хүний ч, өөрийнхөө алдаанаас ч суралцдаггүй хүмүүс л дээ. Үүний нэг илрэл нь сонгуулийн хуулиа байнга өөрчилдөг явдал. Эрх баригчид сонгуулийн тойргийг өөрсдөдөө ашигтай хэлбэрээр зурж, багцалж томруулах, эсхүл жижиглэн хувааж (жерримандэр) ирсэн. Яагаад ингээд байна вэ гэдэг нь сонин. 10 гаруй жилийн өмнө телевизэд ярилцлага өгөхдөө яам, агентлаг гэсэн төрийн байгууллагуудын ой санамж нь сайндаа л хоёр жил гэж хэлж байсан юм. Үүнээс хэд хоногийн дараа нэг хүнтэй таараад тэр талаар ярихад хоёр жил биш шүү, хамгийн ихдээ 18 сар болчихсон гэж өнөөх маань хэлж билээ. Ямар ч гэсэн 18, эсвэл 24 сарын дотор дарга нар, төсөл, ажил хариуцсан хүмүүс нь солигдчихдог. Ингээд оронд нь ирсэн хүн ажилтайгаа танилцаж, сурч байгаад л явчихдаг байдал өнөөдөр өөрчлөгдсөн үү. Олон улсын санхүүгийн байгууллагад ажилладаг танилтайгаа саяхан уулзахад тэдний хэрэгжүүлдэг төслийг манай төрийн байгууллага буюу яамнаас хариуцаж буй дарга нь хоёр жилд дөрвөн удаа өөрчилснийг хэлнэ лээ. 18 биш, зургаан сар тутам солигддог болсон шиг байгаа юм. Ойрмогхон болсон үйл явдлыг ч мартаад байдаг хүнийг Алцхеймертэй гэдэг шиг манай төрд туссан энэ өвчин бүр хүндэрчихлээ. Зургаан сар тутам өөрчлөгдөөд байвал ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй шүү дээ.
Цаана нь бас нэг зовлон бий. Манай судалгаанд оролцогчдын, ер нь хүн амын дунд мэргэжлийн Засгийн газартай болох ёстой гэсэн хандлага эрчимтэй нэмэгдэж байна. Энэ янзаараа Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалтай байх ёстой гэсэн байр суурийг ойрын үед ардаа орхиж, мэргэжлийн Засгийн газартай болох гэдэг нь нэгдүгээрт эрэмбэлэгдэх болов уу. Мэргэжлийн хүмүүс байхгүй бол төлөвлөсөн зүйлээ хийж чадахгүйд хүрнэ. Алцхеймерээс гадна Паркинсонтой болчихсон гэж хэлэх гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, тогтолцооны хямралд өртчихөөд байна. Үүнийг зайлшгүй эмчлэх шаардлагатай. Бүх зүйл дордчихоод байхад намууд үүнээс ангид байж чадахгүй. Тэдний боловсон хүчин ч ойр ойрхон солигдож, ажлаа төлөвлөж, хийж хүчрэхгүй байна. МАН, АН гээд аль аль нь хуваагдаж, шинэ, хуучин үе болоод зааглагдчихлаа. Хуучцуул юу ч хийж чадаагүй, буруу замаар явуулсан гээд тэр чигээр нь шахчихаар мэргэжлийн, тухайн намд зайлшгүй хэрэгтэй хүмүүс алга болж байна. Гэтэл тэдний хооронд төдийлөн ялгаа байхгүй, зохиомол хуваагдал төдий зүйл. Судалгаагаар ч ийм үр дүн гарах болов уу. Магадгүй шинэ үе нь өмнөхөөсөө муу байна гэх хандлага давамгайлж ч мэднэ. Залуу үе гээд гарч ирсэн хүмүүс нь онц амжилтад хүрээгүйг олон нийт сайн харж байна. Судалгаагаа энэ жил хийвэл үүнийг асууя гэж бодож байгаа.
-Алцхеймер, бас Паркинсоны илрэл нь намын үйл ажиллагаа, сонгуульд хэрхэн нөлөөлөх бол?
-2020 оны сонгуулиар МАН-ынхан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэ хувилбар боловсруулсан шүү дээ. Төслийг нь гишүүн Л.Энх-Амгалан танилцуулахдаа улсыг тэр чигээр нь нэг тойрог болгож, нам болгон 76 хүний нэрийн жагсаалтаас сонгогч ганц нэр дэвшигчийг дугуйлна гэж байсныг санаж байна уу. Эндээс хамгийн их санал авсан 76 хүн нь УИХ-ын гишүүн болох байв. Ардын намынхан тэр хувилбараар 50 хувийн санал авахаар тооцсон шиг байгаа юм. Тухайн үед манай судалгаагаар хувь улс төрчийн рейтингээр У.Хүрэлсүх хол тасархай тэргүүлж, Л.Оюун-Эрдэнийнх ч өндөр байсан. Тэдний хувилбараар сонгууль явуулсан бол сонгогчдын дийлэнх нь У.Хүрэлсүхийг дугуйлах магадлал маш өндөр байсан гэсэн үг. “МАН тус сонгуулиар саналаа өгсөн сонгогчдын 50 хувийн дэмжлэг авчээ. Үүнээс У.Хүрэлсүх 100 хувийн санал авсан бол УИХ-д Ардын намыг төлөөлж хэдэн хүн сонгогдох вэ” гэсэн бодлогыг бага ангийн сурагч бараг бодчих байх. Үнэндээ У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр намынхаа дийлэнх саналыг өөрсдөдөө татаж “идээд”, үлдсэн багахан хэсгийг бусад 74 хүн хуваах байсан юм. Өөрөөр хэлбэл, энэ хоёр хүнээс гадна тус намаас 5-6 хүн л нэмж УИХ-д орж ирж, бүлэг байгуулж чадах, эсэхдээ тулах байсан гэсэн үг. Энэ хувилбараар сонгууль явуулсан бол Ардын намынхан ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, сонгогчдын саналыг луйвардлаа гэж өдөр, шөнөгүй жагсах байсан биз. Сонгуулийн тогтолцоогоо ул суурьтай судалж, бэлдэх, ой санамж гэгддэг хэсэг нь байхгүй, шинэ хүмүүс нь дугуйг дахин бүтээхээр зүтгэдэг болчихсоныг л үүгээр жишээлж, тайлбарлах гээд байгаа юм. Ер нь байдал сайжирч байна уу гэж асуувал “үгүй” гэж хэлнэ.
УИХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ СОНГОГЧДЫГ ТӨӨРӨГДҮҮЛЭХЭЭР БАЙНА
-Энэ удаагийн сонгуулийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-УИХ-ын сонгуулийн тухай хууль нь сонгогчдын санал бодлыг илрүүлэхээс илүүтэй тэднийг төөрөгдүүлэхээр байна. 2020 оны сонгуулийг томсгосон тойргоор явуулсан аргачлал нь бас л хэцүү, ойлгомжгүй байсан. Өнгөрсөн сонгуулийн санал хураалтаар дээд боловсролтой, хангалттай өндөр IQ-тэй хүмүүс ч будилж байсан шүү дээ. Одоо тойргийг нь бүр томруулчихсан, мажоритар болон пропорционал тогтолцооны холимог хувилбараар сонгууль зохион байгуулах гэж байна. Улмаар дахин сонгууль явуулах магадлал нэмэгдэнэ. Сонгуулийн будилаанаас болж сонгогчид ч, улс төрчид ч нэлээд бухимдах байх. Гэхдээ Алцхеймер, бас Паркинсон туссан намууд энэ “ажиллагаа”-г хийхдээ ухаан зарж чадахгүй, бүдүүлгээр явуулан, дахин сонгууль зохион байгуулах нь будилаантай гэж хардах үндэслэл болох юм. Сонгуулиар яллаа гэхэд ард түмэн, сонгогчдын дэмжлэг хэр байсан бэ гэсэн хэцүү асуудал үүснэ. Улмаар ийм байдлаар төрийн эрх авсан хүмүүс ирэх дөрвөн жилд юу хийх вэ. Ардын нам яллаа гэхэд тэдний хамгийн их ярьдаг тогтвортой байдал гээч зүйл нь үлгэр болж, жагсаал, цуглаан тасрахгүй л болов уу. Ерөнхий сайдаа ойр ойрхон огцруулж, Засгийн газраа байн байн шинээр байгуулахыг үгүйсгэхгүй. Ямар ч зүйлийг хэнд ч ойлгомжтойгоор хийх ёстой гэж үздэг хүний хувьд хамгийн хялбар тогтолцоонд л шилжүүлэхгүй бол улс төрийн будилаан, маргаан тасрахгүй.
-Эрх баригчид яагаад ийм хувилбар боловсруулсан талаар та бодож үзэв үү?
-Өнгөрсөн сонгуулиуд шиг намынхаа нэр хүндээр нэр дэвшигчдээ чирч гаргах боломж үндсэндээ байхгүй учраас хувь хүний тоглолт амжилт олох магадлалтай. Гэтэл сүүлд баталсан хууль нь хувь хүний хүчин зүйлийг аль болох багасгах, сурталчилгааны богино хугацаанд маш олон нэр дэвшигч өрсөлдөх гэх мэтээр сонгогчдыг төөрүүлэхэд чиглэсэн гэж хэлж болно. Нэгэнт намынхаа нэрээр амжилт олох нь хэцүү учраас захиргаадах арга л үлдэж байна. Ийм үед чи бид хоёрын яриад буй сонгогчдын санал бодол, хэнийг сонгохыг хүсэж байна вэ гэдэг нь ач холбогдолгүй болчхоод байгаа юм.
-Тэгвэл сонгогчид юу хүсэж байгаа бол?
-Шинэ бөгөөд мэргэжлийн хүнийг хүлээж байгаа. Байнга нэхэж, ярьдаг ч үлгэр болчихсон шударга байдлыг л сонгогчид хүсэж байна. Үүнийг бий болгох тийм ч амар биш. Монголын шилжилтийн үе ойрын 10-20 жилд үргэлжлэхээр байгаа юм. Эдийн засгийн шилжилтээс гадна соёлын асуудлууд үүсэж байна. Нүүдэлчин соёлыг тээж байгаа сүүлчийн улс нь Монгол. Энэ соёлоо тээж үлдэх эдийн засгийн болон нийгмийн бололцоо улам бүр хумигдаж буй.
-Шинэ гэдэг нь ямар хүнийг хэлэх вэ?
-Залуу, улс төрийн амьдралтай удаан хутгалдаагүй гээд олон зүйлийг хэлж болно л доо. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ гэх мэтээр өөрийгөө таниулах гэж хичээж буй хүн олон байна. Хамгийн гол нь тэд ажиллаж чадах уу. Төрд ажиллаж чадах хүн олон байх тусмаа манай улс төрийн орчин эрүүлжинэ шүү дээ. Харамсалтай нь, эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн хэсэг нь шинэ уур амьсгал, өөр хүмүүс оруулах ямар ч сонирхол алга. Энэ үйл явц 1996 оноос эхэлсэн. Тухайн үед “Азийн бар” болно хэмээн ярьж, улс төрд шинэ хүмүүс хэрэгтэй, тэгж байж хөгжинө, өнөөдөр ч хэлсээр буй мэргэжлийн Засгийн газар байгуулъя гэлцэж байсан учраас Ардчилсан хүчнийхэн ялалт байгуулсан юм.
-Манай сонгогчид хэрсүү болж байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?
-Манайхан маш прагматик хүмүүс. Саналаа худалддаг, худалдаж авдаг гэж зөндөө ярьдаг. Гэхдээ сонгогчдын дийлэнх нь прагматик талаас нь бодож сонгуульд оролцдог. Манай судалгаанд оролцогчдын хариултыг харахад ч тэд логиктой сэтгэдэг нь илэрхий байдаг. Одоогийн байдлаар сонгогчид сонин, ээдрээтэй нөхцөлд орчхоод байгаа нь тэдний санал бодлыг илрүүлэх бололцоо өгөөгүйтэй холбоотой. Ийм нөхцөлд сонгогчид бухимдах нь аргагүй шүү дээ.
Замын хөдөлгөөнөөр жишээ авъя. Олон улсын туршлагаар хамгийн шалгарсан арга нь торгууль юм байна. Төрийн байгууллагуудын хувьд торгууль нь хариуцлага юм. Төрд хариуцлага үгүй болж, ямар ч алдаа гаргасан зүгээр өнгөрөөгөөд байна шүү дээ. Өнгөрсөн жилийн судалгаагаар Засгийн газраас авлигын эсрэг хэрэгжүүлж буй бодлого нь нэг л биш байгаа нь ил тод болсон. Энэ чиглэлээр хийж буй ажлыг нь Засгийн газрын амжилт гэж оролцогчдын 18 хувь үзсэн бол 30 орчим хувь нь буруу, алдаа хэмээн тодорхойлсон байдаг. Саяхан “Трансперенси интернэшнл” байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2023”-ыг зарлахад манайх байр ухарсан. Монголчууд, манай сонгогчдын улс төрийн боловсрол, мэдлэг хангалттай сайн гэдэг нь эндээс харагдаж байгаа биз дээ. Иймд эрх баригчид авлигын эсрэг хийсэн ажлаа амжилт гэж сонгуульд оролцвол тэдний хувьд давуу байдал үүсгэх нь битгий хэл, харин ч эсрэг үр дүн дагуулж мэдэхээр байгаа юм. Авлигын эсрэг арга хэмжээ авахдаа ч хариуцлага тооцох “хана” босгож чадаагүйн илрэл гэж хэлж болно.
ЦАР ТАХАЛ ДЭГДСЭН НЬ ЭРХ БАРИГЧДЫН ХУВЬД АЗ БОЛСОН
-Сүүлд явуулсан УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиар өөрсдийнх нь хүсээгүй үр дүн гарсныг олон хүн нийгмийн сүлжээнд илэрхийлж байсан.
-Нийгмийн сүлжээ бол өөр орчин. Хүн амын нэлээд хэсэг нь төрийн институцээс амьжиргаагаа залгуулах гэх мэтээр олон талаар холбоотой амьдардгийг харгалзах учиртай. Тэд нийгмийн сүлжээнд тэр болгон эл асуудлаар байр сууриа илэрхийлэх нь юу л бол. Нөгөө талаас тухайн үед эрх барьж байгаа нам “унавал” юу болох вэ, амьжиргааг минь одоогийн хэмжээнд залгуулж чадах уу гэж сэтгэх нь олон. Энэ байдал цар тахлын үед илэрсэн. Уг нь УИХ-ын 2020 оны сонгууль арай өөр байдлаар өрнөх дүр зураг ажиглагдаж байсан л даа. Манайхаас хийсэн 2018, 2019 оны судалгаагаар эрх баригч намын рейтинг нэлээд унаж байсан ч цар тахал дэгдсэн нь тэдний хувьд аз болсон. Нийгэм, улс төрийн бүхий л үйл ажиллагаа зогссон үед эрх баригч намыг сольж болохгүй, нөхцөл байдал бүр хүндэрч болзошгүй, МАН-ынхнаас өөр хүмүүс шинээр орж ирвэл учраа олохгүй, цаг алдах учраас дахин тэдэнд саналаа өгсөн. Энэ бол манай сонгогчдын прагматик сэтгэлгээний бас нэгэн илрэл юм. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар ч нэр дэвшигч Д.Энхбат нэлээд дэмжлэг авахаар ажиглагдаж байсан. Гэхдээ дэмжигчид нь нийгмийн сүлжээнд түлхүү “амьдарч” байсан гэх үү дээ. Ийм дэмжигчдийн дунд сонгуулийн тогтолцооноос ангид, санал хураалтдаа ч оролцдоггүй хүн олон байдаг. Тэд сонгуульд оролцоод ч нэмэргүй, хаясан нь дээр гэж үздэг. Энэ байдал зөвхөн Монголд төдийгүй олон улсад ажиглагддаг л даа.
Харин саяхан үүнийг үгүйсгэх үйл явдал болсон нь Польшийн сонгууль. Залуучууд нь сонгуульдаа маш идэвхтэй оролцсон байна лээ. Тэр тусмаа хөдөөнөөс хот руу шилжсэн залуус нь нутагтаа буцаж очоод Дональд Тускийг дэмжиж, саналаа өгсөн байна. Учир нь тус намынхны хувьд хөдөөгийнхний дэмжлэг дутагдаад байгааг залуус харж чадсан. Польшийн сөрөг хүчнийг тэргүүлж оролцсон Дональд Туск ч үүнийг мэдэрч, сайтар зохион байгуулсан нь нөлөөлсөн байна. Санал хураалтын өдрийн орой, шөнө болчхоод байхад залуучууд нь сонгуульд оролцох гээд дугаарлаж зогсоно гэж төсөөлөөгүй.
-Манай залуу сонгогчдыг идэвхгүй, сонгуульд оролцдоггүй гэж шүүмжилдэг.
-Судалгаанд оролцогчдоо насаар задалж, ангилаад энэ талаас нь харж болно. Гэхдээ нэг талаас намууд тэднийг хаячихсан. Залуучууд ч улс төр бол бидний орон зай биш гэж үздэг. Тогтолцоог өөрчилтөл тэд улс төрийн амьдралд идэвхтэй оролцохгүй байх. Мөн тэднийг Польшийн сөрөг хүчин шиг уриалж, идэвхжүүлэн хөдөлгөх хүчнийг би л лав олж харахгүй байна. Өөрсдийгөө зөв зохион байгуулж чадахгүй байж залуучуудыг яаж уриалж дөнгөх билээ дээ.
-Хөвөгч сонгогчдын тухайд юу хэлэх вэ?
-Сонгуулийн аль нэгэн тойргийнхноос нэр дэвшигчийнх нь талаар судалгаа явууллаа гэхэд түүнд гарцаагүй саналаа өгнө, өгч магадгүй, өгөхгүй ч байж магадгүй, эсвэл хэзээ ч өгөхгүй гэсэн байдлаар асууна л даа. Судалгааны үр дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийн пиар баг нь түүнд хэзээ ч саналаа өгөхгүй, гарцаагүй өгнө гэсэн хоёр бүлгийнхнийг хаяад, тэдэнтэй ажилладаггүй. Харин дунд хэсгийн буюу нэр дэвшигчид нь саналаа өгч ч магадгүй, өгөхгүй ч байж магадгүй гэж хэлбэлзэж байгаа сонгогчдод хамаг анхаарлаа тавьж ажилладаг. Харин Монголд сонгуулийн кампанит ажлыг ямар ч утгагүй болгочихсон. Тэдний хувьд сонгогчдын хэлбэлзээд байгаа хэсэгт тохиолдлоор л ажилладаг байх. Сонгуульд оролцож, эрх барьж буй намыг буулгана гэх санал нь өсөж байгаа. Магадгүй энэ жил судалгаагаа үргэлжлүүллээ гэхэд оролцогчдын гуравны нэгийг хамарч, тэлэх дүр зураг ажиглагдаж байсан. Сонгогчдын гуравны нэг бол ямар ч сонгуулийн үр дүнг эргүүлж чадах хүч юм. Хэлбэлзэхгүй нөгөө хоёр бүлгийнхэн хэр том байгааг би мэдсэн ч хэлж болохгүй.
-Азийн, тэр дундаа Монголын сонгогчид танил тохой татаж, нутгархдаг гэдэг. Бас манайхан бэлэг сэлтээр саналаа худалдаад байна гэх шүүмжлэлтэй санал нийлэх үү?
-Манай сонгогчид маш прагматик гэдгийг дахин хэлье. Мэдээж Баян-Өлгийд халх хүн нэр дэвшвэл дэмжихгүй байх. Танил талаа, нутгийнхнаа дэмжих хүчин зүйл байхыг үгүйсгэхгүй ч Монголын хувьд тийм ч нөлөөтэй биш гэж үздэг. Бэлэг сэлт ч сонгогчдод тэгтлээ нөлөөлдөг гэж боддоггүй. Учир нь үүнийг бүгд л өгдөг. Харин өгдөггүй багахан хэсэг нь хэцүүдэж магадгүй. Үндсэндээ бүгдээс нь л авч байгаа учраас эцсийн дүндээ сонгоно гэж бодсон хүндээ л саналаа өгнө. Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар нэр дэвшигч М.Энхболд, Х.Баттулга нарын хэн хэн нь хангалттай тараасан. Гэхдээ М.Энхболд арай ахиуг тараасан гэж боддог юм. Даанч түүнийг сонгоогүй биз дээ.