Узбекистаны нийслэл Ташкент хотод энэ сарын 12 хүртэл хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн АШТ үргэлжилнэ. Парисын олимпын наадмын эрхийн оноо олгох тус тэмцээнд манай туйванчид Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр болон Б.Дэнсмаа нарын удирдлагад хүч сорьж буй. Эмэгтэйчүүдээс үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин Г.Ануужин 64 кг-ын жинд огцом өргөлтийн төрөлд 91 кг-ыг өргөж, дэд байрт шалгарлаа. Тэрбээр тивийн тэмцээний шагналын тавцанд гурван жил дараалан зогссоноор иж бүрэн медальтай боллоо. БНСУ-ын Чиньжү хотод өнгөрсөн жил зохион байгуулсан тэмцээнд огцом өргөлтөөр 93, түлхэлттэйд 118, нийлбэр дүнгээр 211 кг-ыг өргөж, Азийн аваргаар шалгарч байв.
Ташрамд дурдахад, Монголын тамирчид насанд хүрэгчдийн ангилалд дээрх тэмцээнээс өмнө нь есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө, 37 хүрэл) медаль хүртсэн амжилттай байдаг юм.