Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн судлаачид хамтран “Mammalian biology” сэтгүүл (“Springer”-т бүртгэлтэй)-д “Нэн ховор монгол бөхөнгийн амьдрах орчны холбоос нутгийн үнэлгээ” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлээд байна. Эл судалгаанд гар бие оролцсон хүмүүсийн нэг, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн ахлах судлаач Б.Бүүвэйбаатартай монгол бөхөнгийн амьдрах орчинд тулгамдаж буй асуудал, холбоос нутгийн талаар ярилцлаа.
-Та бүхний хийсэн судалгаа юугаараа онцлог, ач холбогдолтойг хэлж өгнө үү?
-Зэрлэг амьтдын холбоос нутгийн асуудал сүүлийн жилүүдэд хурцаар хөндөгдөх болсон. Гэхдээ энэ талаар дагнасан судалгаа хийж байгаагүй юм билээ. Тэгэхээр үүнийг Монгол орны нүүдэллэдэг амьтдын холбоос нутгийн анхдагч цогц судалгаа гэж хэлж болно. Бөхөнг сонгосон шалтгаан нь харьцангуй бага орон зайд тархсан учраас тархац нутгийг нь бүрэн хамруулан судлах боломжтой гэж үзсэн юм. Мөн хэчнээн холбоос нутаг байдаг, хаагуур дайрч өнгөрдөг, ямар урттай зэргийг нь тодорхойлж, энэ талаарх мэдээллээ зам хариуцсан компани, төлөвлөлт хийж буй газруудад хүргэх замаар шугаман дэд бүтцийг байгальд ээлтэй болгоход хувь нэмэр оруулах, цаашид юунд анхаарах ёстойг “хэлж” сануулахад бидний судалгааны зорилго, ач холбогдол оршино.
-Тархац нутгийг нь бүрэн хамруулаагүй ч тодорхой бүсийн хэмжээнд энэ чиглэлээр судалгаа хийсэн тохиолдол бий юү?
-Тодорхой нэг тархац нутгийн гол газруудад судалгаанууд хийж байсан юм билээ. Бөхөнд хүзүүвч зүүгээд, хаашаа шилжиж байна, жилд хэр хэмжээний өргөн уудам газарт нүүдэллэв, өвөл, зун хаана нутагладаг зэргийг нь судалж байсан. Харин одоо мэдэгдэж буй бүх тархац нутгийг нь хамруулаад, хамгийн чухал амьдрах орчныг нь тодорхойлж, тэдгээрийн холбоосыг олж тогтоосон нь анх удаа юм.
-Үр дүнд нь ямар үнэлэлт, дүгнэлтэд хүрсэн бэ. Монгол бөхөнгийн амьдрах орчин тэдэнд хэр ээлтэй, нээлттэй байна вэ?
-Бөхөн сүүлийн жилүүдэд тархац нутгаа их тэлж байна. Өмнө нь Шаргын, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал бөхөнгийн үндсэн тархац нутагт тооцогддог байсан шүү дээ. Үүн дээр зарим нэг тусгай популяц байршдаг цөөн газрыг оруулж тооцдог байсан. Харин сүүлийн жилүүдэд хойшоо, түүхэн тархац нутаг руугаа шилжээд Хомын тал, Хяргас нуурын урд хэсгийн хөвөө орчимд нутаглах болж. Гол тархац нутагт нь тооцогддог Шаргын, Хүйсийн говь, Дөргөний хүрэн талын хувьд бөхөнгийн холбоос нутаг нь харьцангуй олон, чөлөөтэй шилжих боломж нөхцөл бүрдчихсэн байгаа нь судалгаанаас тодорхой харагддаг. Харин шинээр хойшоо тэлж буй газар нутгуудад анхаарах ёстой зүйлс бий. Алтайн уулс, Хар-Ус, Хар, Дөргөн нуур, Монгол элс гэхчлэн байгалийн бартаа саадаар хүрээлэгдсэн арал маягийн газарт бөхөн шилжилт хөдөлгөөн хийх боломжтой гарцуудыг олж нээн, тархац нутгаа тэлж байна. Хүний гэхээсээ илүү байгалийн өөрийнх нь өгөгдөл, хүчин зүйлээс шалтгаалсан бартаа саад ихтэй учраас шилжилт хөдөлгөөн хийх коридор нь тэр хэрээр давчуу, нарийн буй.
Ховд аймгийн Манхан сум орчмын популяц Чандманийн буюу Дөргөний хүрэн талын популяцтай холбогдохын тулд Жаргалант, Бумбат гэсэн хоёр том уулын зааг дахь Хөтөл ус хэмээх газрыг яалт ч үгүй дамжиж өнгөрдөг байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, байгалийн өгөгдөл бүхий хавчигдмал, зурвас газраар нүүдэллэх шаардлагатай болдог гэсэн үг.
Бид 1700 орчим км-ийн урттай 68 холбоос нутгийг тодорхойлсон. Бөхөн тархан суурьшсан 34 тусдаа газар бий. Эдгээрийн холбоос, шилжилт хийх боломжтой газруудыг нь ийн тогтоосон юм. Монгол бөхөн 40 орчим мянган ам км газарт тархсан гэж тооцвол энэ дундаас аль нь илүү чухал нутаг вэ гэдгийг судалж, тодорхойллоо.
-Эл амьтны амьдрах орчинд тулгамдаж буй бэрхшээлүүдээс нэн түрүүнд анхаарах шаардлагатай, шийдэх боломжтой нь юу бол?
-Хамгийн том асуудал нь амьдрах орчны доройтол. Малын тоо толгойн хэт өсөлтөөс үүдэлтэйгээр бэлчээрийн давхцал үүсэж, бөхөн идэх өвс, уух усныхаа төлөө тэмцэлддэг болсон. Энэ хүч тэнцвэргүй тэмцэлд хүн, мал л хождог. Бөхөн аргагүйдэж, хүчин мөхөстөөд ирэхээрээ амьдрах өөр газар хайж эхэлдэг. Тэгэхээр юуны түрүүнд бэлчээрийн даацтай уялдуулан малын тоо толгойг зохистой түвшинд барих нь чухал. Наанадаж бөхөнд чухал, үнэ цэнтэй гэсэн газруудад өвлийн улиралд мал бэлчээхгүй байх хэрэгтэй. Ийм байдлаар орон нутгийн иргэд, малчид руу чиглэсэн ажлуудыг хийх шаардлагатай байна.
2000-аад оны эхэн үеэр хулгайн ан их гардаг байсан юм. Бөхөнгийн эврийг урагшаа хил давуулж худалддаг байлаа. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн зөрчил харьцангуй буурсан ч амьдрах орчны доройтол хурцаар хөндөгдөх болсон. Өөр нэг ноцтой асуудал нь гоц халдварт өвчин. Санаж байвал 2016 онд бөхөн мялзангаар өвчилж, 5000-6000 орчмоор хорогдсон. Энэ нь Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шинэ өвчин. Тиймээс бөхөн олноороо хиарсан. Ийм өвчин ахиж гарахыг үгүйсгэхгүй. Өөр шинэ халдвараар өвчлөхийг ч байг гэхгүй. Халдварт өвчний хэцүү нь амьтад олноороо хорогддог.
-Монголд бүртгэгдэж байгаагүй шинэ өвчин гэдгийг тодруулахгүй юу. Судалж, шинжлээд тогтоочихсон юм уу?
-Энэ нь өмнөд хөршөөс орж ирсэн, Монголд шинэ халдварын тохиолдол байсан гэдгийг шинжилгээгээр тогтоочихсон юм. Манай улсад үхрийн мялзан өвчин элбэг гардаг. Харин 2016 онд бөхөн өвчилсөн нь бог малын мялзан. Энэ төрлийн гоц халдварт өвчин хамгийн анх 1942 онд Африкт бүртгэгдээд, тэндээсээ тархан дэлгэрсээр өдий хүрсэн юм билээ. Манайд тархсан мялзангийн генетикийн судалгааг Хятадынхтай харьцуулахад хамгийн ойролцоо гарсан гэдэг. Монголд өвчин дэгдэхээс өмнө манайхтай хил залгаа өмнөд хөршийн бүс нутгуудад ч халдвар нэлээд тархсан. Судлаачид энэ талаар эрдэм шинжилгээний өгүүлэл хүртэл бичсэн шүү дээ. Бөхөнгөөс гадна янгир, хар сүүлт зэрэг амьтан ч тэр үед мялзангаар өвчилсөн.
Биднээс үл шалтгаалах, хариу арга хэмжээ авах боломжгүй нэг бэрхшээл бөхөнд тулгамдаж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай ган, зудын эрсдэл. Өмнө хэлсэнчлэн бөхийн тархац нутаг арал хэлбэртэй учраас их хэмжээний цас орлоо гэхэд дайжин зугтах боломж нь хязгаарлагдмал байдаг. Энэ нь хамгийн аюултай.
-Бөхөнгийн тархац нутаг сүүлийн жилүүдэд нэлээд тэлсэн гэлээ. Тэгвэл үүний шалтгаан болсон хүчин зүйлс бүрийн нөлөөллийг нарийн тооцож, үнэлэх боломжтой юу?
-Бид бэлчээр, ургамал буюу идэш тэжээлийн нөөц талаас нь түлхүү судалсан. Тухайлбал, Шаргын говьд хэчнээн тоо толгой мал байх ёстой, бэлчээрийн даац нь хэр юм, одоо байгаа нь яг хэд вэ гэхчлэн авч үзсэн. Энэ судалгаагаар бөхөнгийн тархац нутагт бэлчээрийн даац байх ёстой хэмжээнээсээ илт давуу хэтэрсэн байгаа нь ажиглагдсан. Малын тоо өсөөд ирэхээр малчид аль үржил шимтэй, өвс ургамал элбэгтэй газрууд руу отор нүүдэл хийж эхэлдэг. Зэрлэг амьтад ундаалдаг гол уст цэгүүдэд ч эзэн суугаад, малаа усалдаг. Энэ нь бөхөн гэлтгүй тухайн бүсэд нутагладаг бусад амьтанд ч бэрхшээл учруулдаг юм. Бөхөнгийн тархац нутаг тэлж байгааг нэг талаараа тоо толгой нь өсөх магадлалыг нэмэгдүүлж буй гэж үзэж болох ч нөгөөтээгүүр, амьдрах орчинд нь хүн, малын нөлөө ихэссэнтэй холбоотойгоор идээших шинэ газар зөнгөөрөө хайж байж магадгүй.
Таван хошуу мал дотроо ямаа эрс өссөн үзүүлэлттэй байгаа. Гэтэл ямаа нь бэлчээрийн хамаг шим шүүстэй ургамлаар хооллодог, идэш тэжээлийн хувьд бөхөнтэй төстэй учраас тус амьтны өрсөлдөгч болдог. Өрсөлддөг амьтныг нь өсгөөд, олшруулаад байхаар эдний хоорондох тэмцэл тэр хэрээр нэмэгдэж, амьдрах орчны давхцлаас улбаатай хүндрэл, бэрхшээлүүд тулгардаг юм.
-Ер нь бид “Зөвхөн Монголд л буй” гэх энэ амьтнаа хэр сайн судалж, мэдсэн юм бол?
-2005 оноос хойш бөхөнгийн судалгааг нэлээд эрчимтэй хийж буй. Ялангуяа сүүлийн жилүүдэд тус амьтны тоо толгой, нүүдэл, шилжилт хөдөлгөөн, үржил, идэш тэжээлийн нөхцөл зэргийг нэлээд сайн судалсан. Цаашдаа бөхөн болон малын бэлчээр нутгийн давхцлыг нарийвчлан судалж, үүндээ үндэслэн тодорхой зохицуулалт хийх шаардлагатай.
-Судалгаа мониторингт үндэслэн зэрлэг амьтан хамгааллыг сайжруулах, тэдгээрийн амьдрах орчинд тулгамдсан бэрхшээлүүдийг шийдэх чиглэлээр манай улс үр дүнтэй ажиллаж чадаж байгаа юу?
-Хамгааллын хамгийн шилдэг, үр дүнтэй арга бол амьтдын амьдрах орчныг тусгай хамгаалалтад авах юм. Бөхөнгийн тархац нутаг, нүүдэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой судалгаанд үндэслэн тодорхой бүс нутгуудыг тусгай хамгаалалтад авах ажлыг сүүлийн жилүүдэд хийж байна. Мөн хууль бус антай холбоотой зөрчил их гардаг бүсүүдэд эргүүл, хяналт шалгалтыг идэвхжүүлэх, өвөлжилт, цаг үеийн нөхцөл байдал хүндэрсэн газруудад биео техникийн арга хэмжээг эрчимжүүлэх, усны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах замаар оролцоог нь сайжруулах зэрэг ажлыг судалгаатай хоршуулан хэрэгжүүлж буй. Тэрчлэн орчин цагт бөхөнгийн эврийг худалдах явдал байдаг уу, тийм бол хаана буй, энэ төрлийн зөрчлийг илрүүлэхийн тулд юунд анхаарах ёстой зэргийг судалж, хууль, хүчний байгууллагынхныг энэ чиглэлээр чадавхжуулах ажлуудыг хийж байгаа.
-Одоо Монгол оронд хэчнээн бөхөн бий вэ?
-Дэлхийн байгаль хамгаалах сан 2015 онд бөхөнгийн тооллого, судалгаа хийгээд 15 орчим мянга гэж тогтоосон юм билээ. Үүний 5000-6000 нь 2016 онд мялзангаар үхсэнийг өмнө дурдсан. Бараг 2-3 дахин цөөрсөн. Харин одоо тоо нь өсөөд мялзан гарахаас өмнөх үеийн түвшинд хүрээд байна. Бөхөн голдуу ихэрлэдэг. Хэрэв хүнээс шалтгаалсан ямар нэг нөлөө байхгүй бол хурдан өсөж үржих биологийн потенциалтай гэсэн үг.
Дэлхий дээр хоёр дэд зүйлийн бөхөн бий. Соргог болон монгол бөхөн. Соргог бөхөн Алтайн өвөр говийн Тахийн талд нутаглаж байсан ч 1960-аад оны үед устаж үгүй болсон гэж үздэг. Одоо Орос, Казахстан, Узбекистан гэсэн гурван оронд л бий. Тоо толгой нь эрчимтэй өссөөр 1.9 саяд хүрсэн. Харин нөгөө дэд зүйл нь зөвхөн баруун Монголд байдаг. Өөр хаана ч байхгүй гэсэн үг. Тэгэхээр бид энэ ховор, чухал амьтныг хайрлаж, хамгаалахад онцгой анхаарах ёстой юм.
-Манай улсад сүүлийн жилүүдэд шугаман дэд бүтцийг зэрлэг амьтдад ээлтэй болгох, төлөвлөх талаар нэлээд ярих болж. Харамсалтай нь, бодит байдалд хэрэгжилт нь хангалтгүй байх шиг санагддаг юм. Та юу гэж дүгнэх вэ?
-Бөхөнгийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд авто буюу засмал замын нөлөө харьцангуй бага. Яагаад гэхээр баруун бүсийн зам дагуух ихэнх газруудын далан намхан, хамгаалалтын хориг хашаа байхгүй учраас амьтан чөлөөтэй зорчдог. Гэхдээ тээврийн хэрэгслийн урсгал нэмэгдсэнээс үүдэлтэйгээр бөхөн машинд дайруулах тохиолдол гарах болсон. Ялангуяа шөнийн цагаар. Одоохондоо тухайн бүс нутагт төмөр зам байхгүй учраас энэ төрлийн аюул эрсдэл мөн л бага. Гэхдээ Засгийн газрын төлөвлөгөөнд баруун бүсэд төмөр зам барих ажил багтсан байдаг. Тэр нь бөхөнгийн нутгаар дайрч байгаа. Хэрэв тэнд төмөр зам бариад, хоёр талаар нь өргөст тор татчихвал мэдээж бөхөнгийн шилжилт, хөдөлгөөн хязгаарлагдах нөхцөл үүснэ.
Зөвхөн баруун бүс, бөхөнгийн тархац нутаг гэлтгүй Монгол орны хэмжээнд авч үзвэл сүүлийн үед өмнийн говьд төмөр замын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд 930 орчим км зам тавьсан байх жишээтэй. Эдгээрийн зарим нь бүрэн тортой, заримыг нь торлоогүй. 2015 онд баталсан гарц, гармын стандартыг мөрдөөч ээ, замаа аль болох торгүй байлгаач, зайлшгүй тохиолдолд буюу айл, мал олонтой, төв суурин газар, эрсдэл ихтэй бүсүүдэд л үүнийг татаач гэдэг шаардлагыг бид төмөр замынханд тавьсаар ирсэн. “Улаанбаатар төмөр зам”-ын хантай хамтраад тодорхой байршлууд дахь төмөр замын өргөст торыг буулгаж, судалгаа, туршилт хийсэн нь ч бий. Монгол орон бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, мал ихтэй учраас хамгаалалтын тор татахаас аргагүй байдаг, малчдаас шалтгаалсан бэрхшээлүүд буй гэдгийг ч төмөр замынхан хэлдэг юм.