Монголын зураачдын эвлэлийн дэд тэргүүн, зураач Ц.Соёлмаатай ярилцлаа. Тэрбээр “Зүүдний зэрэглээ” анхны бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 26-нд нээх юм. Түүний бүтээлүүд хятад зургийн үндсэн техникүүдийг ашиглан, торгон дээр урласнаараа онцлогтой.
-Уран бүтээлчийнхээ хувьд нийгэмд хүргэхийг хүсдэг “мессеж” тань юу вэ?
-Бид өдөр тутмын амьдралдаа хар бараан зүйлсийг хангалттай хардаг. Тиймээс гоо сайханлаг, дуурьлаг бүтээлүүдээрээ дамжуулан үзэгчдийг өөрийнхөө дотоодод нэвтрэх боломжийг олгохыг хүсдэг.
-Хятад зургийн техникүүдийн гол онцлогийг та хэрхэн тодорхойлох вэ?
-Хятад үндэсний зураг нь хүн, уул-ус, цэцэг-шувуу, уран бичлэг гэсэн төрөлд хуваагддаг. Би цэцэг-шувууны чиглэлээр Бээжин хот дахь Дүрслэх урлагийн төв академид долоон жил суралцсан. Хятад зургийн техник жил ирэх тусам орчин үетэй хөл нийлүүлэн хөгжиж, улам баяжиж буй. Эдгээрийн суурь нь болсон үндсэн хоёр том арга, ажиллагаа байдаг. Үүний нэг нь гүн-би буюу маш нарийн, нямбайлан зурдаг чиглэл. Ихэвчлэн торго болон будааны боловсруулсан цаасан дээр бэх, шороон будаг ашиглан зурдаг арга л даа. Удаах нь шие-и буюу бичилтэт арга барил. Энэ нь ихэвчлэн будааны боловсруулаагүй цаас, бэх, шороон будаг ашиглан тухайн үеийн сэтгэгдлийг нэгэн агшинд буулгадгаараа гүн-бигээс ялгаатай. Миний хувьд эдгээр аргыг хослуулахыг хичээдэг ч гүн-бигээр дийлэнх бүтээлээ хийсэн байна.
-Удахгүй анхны бие даасан үзэсгэлэнгээ эх орондоо толилуулах гэж буйд нь баяр хүргэе. Үзэсгэлэнд дэлгэх бүтээлүүдээ хэрхэн сонгосон бэ?
-Баярлалаа. “Лхам” галерейд анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж буйдаа үнэхээр их догдолж, мөн маш завгүй байна. Үзэсгэлэнд 18-22 бүтээлээ багтаана. Бүтээлүүдээ куратор Кристианна Бонинтой зөвшилцөж сонгосон. Миний зурдаг арга барил цаг хугацаа маш их шаарддаг. Тиймээс сургуулиа төгссөнөөс хойших арван жилийн хугацаанд цөөхөн бүтээл хийсэн. Тэрхүү бүтээлүүдийнхээ дийлэнхийг үзэсгэлэндээ тавих болсондоо их баяртай байгаа. Бүтээлүүдээс минь хувь хүний амьдралыг үзэх өнцөг, уран бүтээлийн арга ажиллагаа хэрхэн өөрчлөгдсөнийг харж болохуйц. Энэ нь уран бүтээлчийн хувьд их завшаантай юм.
-Та торгон дээр зурдгаараа бусад уран бүтээлчээс ялгардаг. Энэхүү төрөл бусад оронд хэр хөгжсөн бэ?
-Зөвхөн материал талаас нь буюу торгон зураг гэж харвал олон оронд түгсэн. Олон уран бүтээлч энэхүү материалыг ашиглан өөрсдийн арга барилаар, төрөл бүрийн будаг ашиглан бүтээлээ туурвидаг. Миний хувьд хятад зургийн үндсэн хоёр арга барилын нэг болох эртний ордны зургийн техникийн гол зарчмыг алдалгүйгээр өнөөдрийг хүрсэн хэлбэрээр нь суралцсанаараа онцлогтой.
-Торгон дээр зурах нь танд ямар мэдрэмж төрүүлдэг вэ. Цаас болон бусад материал дээр зурахаас юугаараа ялгаатай бол?
-Өмнө хэлсэнчлэн хятад зургийн үндсэн материалуудад торго ордог. Энэ нь маш нарийн ажиллагаа, урт хугацаа шаарддаг. Торгон дээр зурах нь нэг талаас залуу насны ажил юм. Хүн хөгшрөхөөр хараа муудаж, гар хуруу чичирдэг болдог тул нарийн хийц гаргах чадвар нь буурдаг. Тиймээс залуу насандаа энэ арга барилаар туурвихыг хүссэн. Нөгөөтээгүүр, торгон дээр зурах нь нэг төрлийн бясалгал мэт санагддаг. Бүтээл хийх явц, дууссаны дараах үр дүнд нь дуртай. Торгоны хоёр талаас нь зэрэг зурах боломжтой, бас бат бөх чанарт нь оюутан байхаасаа л татагдаж, өнгө уусгалт хийсний дараа зөөлөн мэдрэмжтэй болдогт нь дурласан.
Бэлтгэсэн Н.Халиунаа