3D принтер ашиглан хаягдал хуванцраар цувих утас үйлдвэрлэх төсөл БШУЯ-наас өнгөрсөн сард зохион байгуулсан “Мон-Х” хөтөлбөрийн шилдгээр шалгарсан юм. Уг төслийн санаачлагч ИНМО компанийн үүсгэн байгуулагч Б.Тэргэлтэй ярилцлаа. Тус компанийнхан хуванцар хаягдлыг инновац, шинжлэх ухаан, дэвшилтэт технологи ашиглан дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр ажилладаг аж. Бусад улс оронд ч төдийлөн дэлгэрээгүй цувих утсыг тэд Монголдоо боловсруулсан байна. ИНМО компанийнхан үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын хөрөнгө оруулалттай MICS тэмцээнд оролцож, шилдэг хоёр багийн нэгээр шалгарчээ. Мөн нийслэлийн “Startup-2023” тэмцээнд тэргүүлсэн аж.
-Хаягдал хуванцар боловсруулах төслөө хэзээнээс хэрэгжүүлж эхэлсэн бэ. Бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлсэн үү?
-Манайх энэ жилийн долоодугаар сард байгуулагдсан, шинэхэн гарааны компани. Өнгөрсөн есдүгээр сараас үйл ажиллагаагаа тогтворжууллаа. Бид хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэрээс түүхий эдээ авдаг. Үүнийгээ 3D хэвлэгчийн тусламжтайгаар эцсийн бүтээгдэхүүн болгож бэлтгэдэг. Байгальд ээлтэй шийдэл гаргаж, импортыг орлох бүтээгдэхүүн хийж байна. Анхны бүтээгдэхүүнээ энэ сарын сүүлчээр гаргана. Одоогоор хэд хэдэн байгууллагаас захиалга авсан. Мөн манай байгууллага 3D хэвлэх үйлчилгээг үзүүлдэг. Дахин боловсруулсан үрлийг утас болгодог оффист өдгөө ажиллаж байна. Цаашид үйлдвэртэй болно.
-Танай компанийнхны олонх нь архитектор мэргэжилтэй юм билээ. Энэ мэргэжлийн хүмүүс яагаад хуванцар сав дахин боловсруулах төсөлд ханцуй шамлан орох болов гэдэг нь сонирхолтой санагдлаа.
-Манайд хоёр архитектор ажилладаг. Олонх нь инженер мэргэжилтэй. Би болон манай багийн зарим гишүүн Унгарын Будапештийн эдийн засаг, технологийн их сургуулийг төгссөн. Найзуудтайгаа хамтран хуванцар савны хаягдлыг инновац, шинэ технологиор боловсруулах вэ гэдгийг эрэлхийлсний үндсэн дээр энэхүү гарааны төслийнхөө санааг олсон.
-Чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээс үүдэн дотоод орчны агаарын бохирдол гаднахаас 4-5 дахин нэмэгддэг гэдэг. Тэгэхээр хуванцраар хийсэн бүтээгдэхүүн нь энэ эрсдэлийг үүсгэх магадлалтай юу?
-Өмнө хэлсэнчлэн хуванцраа TML үйлдвэрээс авдаг. Энэхүү үйлдвэр нь хуванцрыг хүнсний зориулалттайгаар дахин боловсруулдаг юм. PET буюу ус, ундааны хуванцар сав хүний биед аюулгүй, хоргүй. Уг үйлдвэрт хуванцрыг буталж жижиглэсэн байдлаар буюу үрэл хэлбэрээр боловсруулж байна. Үүнийг нь бид аваад, 3D хэвлэгчийн материал буюу цувих утас бэлддэг юм. Энэ нь нарийхан оёдлын утас шиг харагддаг. Манайх цувих утсыг Монголд анх нэвтрүүллээ. Үүнийг гаргаж авахдаа тасалдуулахгүйгээр 75 мм-ийн диаметртэй байх стандартыг мөрддөг.
-Хуванцрын шинж чанараас хамааран ямар бүтээгдэхүүн хийхээ шийддэг үү?
-Тийм ээ. РЕТ буюу ус, ундааны савыг материал болгон ашиглаж байна. Энэ нь уян хатан шинж чанартай. “Юнител” компанийн рүтерийн хайрцаг нь АВС гэдэг нэртэй хуванцар байдаг. Энэ төрлийн хуванцрыг материалаа болгож ашиглахаар судалж байгаа. Одоогоор цувих утсаар ухаалаг гэрлийн бүрхүүл хийж байна. Япон Улсын Тохокү их сургуулийн судлаачидтай хамтран харвалттай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлгөөн дэмжих төхөөрөмж бүтээх төлөвлөгөөтэй. Цаашид хүмүүст тулгардаг асуудлын гарц шийдлийг технологийн дэвшил ашиглан олох зорилт тавин ажиллаж байна.
-3D хэвлэх технологийг тайлбарлаж болох уу. Үүний давуу тал нь юу вэ?
-Уг технологиор хүссэн бүтээгдэхүүнээ хийж болдог. 3D хэвлэгчдээ загварын мэдээллээ оруулахад материалын тооцоог нь гаргачихдаг. Энэ нь хог хаягдалгүй үйлдвэрлэлийн нэг төрөл. Бидний гол зорилго бол хүнд хэрэгтэй зүйлс үйлдвэрлэх. Манай бүтээгдэхүүнийг хэвэнд цутгах ч юм уу, өөр аргаар хуулбарлах боломжгүй. Мөн бид загвараа алгоритм дизайн гэж нэрлэдэг. Энэ нь загварынхаа кодыг бичээд, дизайн гаргана гэсэн үг л дээ. Жишээ нь, бидний гаргасан гэрлийн бүрхүүлийг ургадаг алгоритмаар бичсэн. Загвар нь ургамлын ургалтыг дуурайсан гэсэн үг. Бид “Rino glasshopper” программыг ашиглан, алгоритмаар дамжуулан математикийн үндэслэлтэйгээр бүтээгдэхүүнээ хийдэг.
-Гадаадын зарим улс хог хаягдлынхаа 50 хувиас илүүг дахин боловсруулж буй. Монголд ийм боломж бий юү?
-Миний харж буйгаар манай улс хуванцрыг дахин боловсруулж, түүгээр бүтээгдэхүүн хийж чаддаг. Харин үүнийг илүү өргөжүүлэн хөгжүүлэхийн тулд хуванцар саваа ангилан ялгаж хаях менежментийг сайжруулах хэрэгтэй. Хуванцрыг ангилан ялгаж хаяснаар дахин боловсруулах үйлдвэрт “очно”. Ялгаж хаяхгүй бол хог болж, газарт булагдана. Ангилсан хаягдлаа боловсруулах үйлдвэрт нийлүүлээд байвал дахин ашиглах боломж бүрдэнэ. Хуванцар саванд зориулалтаас нь өөр зүйл хийлгүй ашигласны дараа ангилж хаяснаар дахин боловсруулах боломжтой. Жишээ нь, хуванцар саванд ургамлын тос хийчихвэл дахин боловсруулах боломжгүй болдог.
-Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дахин боловсруулсан хуванцар ашиглах боломжтой юу?
-Боломжтой. Энэ нь бидний томоохон зорилгуудын нэг л дээ. Бидний өдгөө ашиглаж байгаа төхөөрөмжүүдийн хүчин чадал бага. Харин илүү хүчин чадал сайтай хэвлэгчтэй болчихвол томоохон бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.
-Хуванцраар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэхээр жингийн хувьд хөнгөхөн байх уу. Тэгэхээр эдэлгээ даах чадвар нь хэр бол?
-Тийм ээ, хөнгөн. Мөн дахин боловсруулсан хуванцрыг бүтээгдэхүүн болгохдоо 3D принтер ашигласнаар илүү үзэмжтэй харагддаг. Загвар дизайны хувьд содон, дахин давтагдашгүй шийдлүүд гаргах боломжтой. Эдэлгээ даах чадвар нь хаана ашиглахаас ихээхэн хамаарна. Бүх бүтээгдэхүүнээ сайн турших явцад тооцооллуудаа нарийвчлах боломжтой.
-Компанийн ажилтнууд ямар үүрэгтэй оролцдог вэ?
-Манайд 10 хүн ажиллаж байна. Дөрөв нь бүтэн цагаар ажилладаг. Өдөр тутмын үйл ажиллагаагаа нэг хүн хариуцдаг. Химийн инженер цувих утсаа стандартын дагуу гаргахад анхаардаг юм. Архитектор нь бүтээгдэхүүний загварыг гаргадаг. Цахилгааны инженер төхөөрөмжүүдийн үйл ажиллагааг хянаж байна. Үйлдвэрлэлийн инженер бүтээгдэхүүнийг хүнд хэрэгтэй, өнгө үзэмжтэй байлгахад анхаарч, дизайныг нь сайжруулдаг. Дизайнаа сайн гаргах, байгаа түүхий эдээ ашиглаж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний хувьд хамгийн чухал.
-Төслийг санаачилснаас хойш санаагаа ажил хэрэг болгож, үйлдвэрлэх шат хүртэл ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байв?
-Алсын хараагаа зөв тодорхойлох нь чухал. Тэрхүү алсын харааг багийн нэг л гишүүн ойлгохгүй бол ажил урагшлахад хэцүү. Бидний хэтийн зорилго том болохоор замын дунд хүндрэл бэрхшээл тулгарсан ч шантрах шалтгаан болдоггүй. Анх танилынхаа хүрээллээр багийнхаа гишүүдийг бүрдүүлж байсан. Бидний алсын зорилго нь түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэх, хуванцар хог хаягдлыг багасгах, импортыг орлох бүтээгдэхүүн хийх, шинжлэх ухаан, технологийг ашиглан үйлдвэрлэл явуулах юм. Мөн ийм боломжийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой. Монголд томд тооцогдох инженерийн компани болохыг зорьж байна. Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Тэр дундаа голчлон хуванцар боловсруулахад анхаарч ажиллана.
-Бусад төрлийн хог хаягдлыг дахин боловсруулж, бүтээгдэхүүн гаргах боломжтой юу?
-Гарааны бизнес эхлүүлэхийн тулд маш олон туршилт, судалгаа хийж үзсэн. Жишээ нь, барилгын хөөсөнцрийн хог хаягдлыг хавтан буюу бетон болгож, хэрэглээнд нэвтрүүлэх боломжтойг ч тогтоож байлаа. Мөн даавууны хог хаягдлыг хавтан болгох туршилт хийж байгаа. Үүнийг дотоод тохижилтод ашиглах боломжтой. Ингэхдээ эхлээд органик цавуу зохион бүтээхээр ажиллаж байна. Энэ нь хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Франц улсад уг санаачилгыг хэрэгжүүлсэн туршлага бий. Эдгээр нь бидний алсын зорилгын нэгээхэн хэсэг юм.
-Танайх үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмж, цаашид гадаадын орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх үү?
-Заавал бүтээгдэхүүнээ экспортлохгүйгээр Монголоос материалаа илгээгээд, тухайн улс оронд нь 3D хэвлэгч нь л байвал үйлдвэрлэл явуулах боломжтой. Унгар улсад нэг хэвлэгч бий. Түүнийгээ ашиглан Европын орнууд руу бүтээгдэхүүнээ борлуулах төлөвлөгөөтэй. Манай улсад цувих утасны эрэлт хэрэгцээ бага. Тиймээс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. 3D хэвлэлттэй студи дэлхийд олон бий. Тэдгээр нь дахин боловсруулсан хуванцар ашиглах сонирхолтой. Бидэнтэй адилхан цувих утсыг Европын улс орнуудад л гаргадаг. Цувих утасны зах зээлийн үнэлгээ нэг кг нь 25 евро.
-Цувих утсыг хэрхэн ашигладаг вэ. Ялангуяа олон улсад ихэвчлэн юунд хэрэглэдэг юм бол?
-Судалгаа хийж үзэхэд цувих утсыг дотооддоо үйлдвэрлээд, ашигладаг орон алга. Европт хийсэн цувих утсыг улс орнууд импортоор авч ашигладаг. Нидерландад цувих утас үйлдвэрлэдэг хоёр, Швейцар, Чех улсад тус бүр нэг компани байна.