Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяатай ярилцлаа. Тэрбээр хот төлөвлөгч, инженер, архитектор, тээврийн салбарын мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Бүтээлч 100” холбоог үүсгэн байгуулагч, байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэргэжилтэн гэдгээрээ өнгөрсөн хугацаанд нийгэмд илүү танигдсан билээ.
-Та нийслэлийн намын хорооныхоо даргаар сонгогдсоны дараа “2024 онд хотын анхны эмэгтэй Засаг дарга болох алхамдаа нэг шат ойртлоо” гэж нүүр номдоо бичсэн байсан. Хотын захирагч болох нь таны цаашдын зорилго, амбиц гэж ойлгож болох уу?
-Би “2024 онд Улаанбаатар хотын анхны эмэгтэй Засаг дарга болмоор байна. Нийслэлийн иргэдийг таатай, ногоон хотод амьдруулахын төлөө хичээж ажиллана” хэмээн 2017 онд фэйсбүүкт бичиж байсан юм билээ.
Үүнийгээ мартчихсан байж байтал намын дотоод сунгаа болж, даргаар сонгогдсоны дараа дотнын нэгэн найз маань “Чи долоон жилийн өмнө ингэж бичиж байсан шүү дээ. Тэр зорилгодоо нэг алхам ойртчихож байгаа юм биш үү” гэхэд нь л санасан юм. Намын хорооны даргаар сонгогдчихоод л гэнэт тийм зүйл ярьсан юм биш, 2016 оноос хотын чиглэлээр ажиллаж эхэлсэн үеэсээ л энэ талаар бодож явсан байна. Яг ингэж бичих үедээ Азийн хөгжлийн банканд зөвлөхөөр ажилладаг байлаа. Тухайн үед Токио хотод ногоон хөрөнгө оруулалт, дахин төлөвлөлтийн төсөлтэй танилцаад, хүмүүстэй уулзаж байхад “Токио хотын Засаг дарга нь эмэгтэй хүн байдаг. Та бас энэ чиглэлээр манлайлж ажиллаарай” гээд урам зориг өгсөн. Яг энэ үйл явдал болсны орой нь фэйсбүүктээ тэгж бичиж. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд, хуримтлуулсан мэдлэг, туршлага, хүрэхийг хүссэн зорилго маань энэ цаг үед нэг цэгт огтлолцож, намайг өнөөдрийн байр сууринд авчирсан гэж бодож байна. Намын хорооны дотоод сунгаанд нэлээд бэлдсэн. Улаанбаатар хотыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр, зарчмуудаа танилцуулж, олонхын саналаар сонгогдлоо.
-Нийслэлийн намын хорооны даргын сонгуульд өрсөлдсөн ганц эмэгтэй нь та байсан. Төлөөлөгчдийн олонх таныг дэмжсэн нь алсуураа ХҮН намын баримталж буй жендерийн тэгш харьцааг хангах бодлоготой холбоотой байж магадгүй юм. Таны мөрийн хөтөлбөрийн онцлог юу байв?
-Манай нам улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих зорилгоор “ХҮН 50:50” бодлого хэрэгжүүлэхээр зарласан. Би улс төрийн хүрээнээс гадна ажилладаг байхдаа өмнө нь энэ талаарх мэдээ, мэдээллийг хүртэгчийн байр сууриас сонсож явсан бол өдгөө өөрөө бодитоор оролцож байна. Элсээд зогсохгүй Удирдах зөвлөлийн гишүүн боллоо, ардчилсан зарчмаар өрсөлдөж, намын хорооны даргаар сонгогдлоо. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлууд, хуримтлуулсан туршлага, баримталж ирсэн зарчмууд маань ХҮН намын бодлоготой нийцэж байсан нь ийм сонголт хийх, шийдвэр гаргахад хүчтэй түлхэц үзүүлсэн. Намын гишүүдийн зүгээс ч “Бид анхны эмэгтэй Засаг даргыг “гаргамаар” байна. Дотоод сунгаанд оролцоод үзээч” гэж санал тавьсан.
Хотын чиглэлээр олон жил ажилласан, үл хөдлөх, хөрөнгийн менежмент, хөгжлийн эдийн засгийн салбарт туршлагатай шилдэг залуучууд энэ сунгаанд өрсөлдсөн. Би хотын хөгжлийн чиглэлээр багагүй хугацаанд ажилласан туршлагатайн хувьд мөрийн хөтөлбөрийнхөө хэд хэдэн үндсэн зарчмыг маш товч танилцуулсан юм. Тухайлбал, орон сууцын болон гэр хорооллын бүсэд аж төрж буй иргэдийн амьдралын чанарын тэгш бус байдлыг арилгах чиглэлд төвлөрч ажиллахаа зарласан. Хотод иргэддээ үзүүлэх үйлчилгээний үндсэн зарчим гэж бий. Энэ нь иргэдийн хамгийн наад захын хэрэгцээ, өдөр тутмын амьдралыг тав тухтай, төвөггүй болгох функциональ үүрэг байдаг. Үүний дараа аюулгүй, хүртээмжтэй, ногоон хот болох, эдийн засгийн хувьд өсөн бэхэжсэн иргэдтэй байх талаар ярьдаг. Гэтэл өнөөгийн Улаанбаатар хот хамгийн чухал, суурь үйлчилгээгээ иргэдэд үзүүлж чадахгүй байна.
Улсынхаа нийслэлд амьдарч буй атлаа цахилгаан, дэд бүтцэд холбогдоогүй өрх, иргэн гэр хороололд өчнөөн. Үндсэндээ нэг орон зайд буй хэрнээ орон сууц, гэр хорооллын бүсэд тэгш бус байдал хэт гаарчихсан. Тиймээс Улаанбаатар хотыг ойрын жилүүдэд одоогийнхоос нь тэлэхгүйгээр компакт (нягт, ойрын зайн төлөвлөлттэй) байдлаар хөгжүүлэх нь зохистой гэж үзэж буй. Хот өөрийн үндсэн үйлчилгээг үзүүлж, хангаж чадахгүй байгаа тохиолдолд замбараагүй тэлчихвэл цаашдаа нөхцөл байдал улам дордоно. Тиймээс компакт байлгах нь чухал. Үүний тулд гэр хорооллын газрыг үнэд оруулах, тэнд амьдарч байгаа иргэдийн тав тухыг дээшлүүлэх зэрэгт анхаарах шаардлагатай. Мэдээж бусад газарт байгаа үйлчилгээг дараагийн түвшинд гаргах ажлуудыг ч орхигдуулж болохгүй. Мөн орон сууц, тээвэр гээд бүх салбарт иргэдийн сонголтыг солонгоруулах асуудлыг хөндсөн. Иргэн А цэгээс Б-д хүрэхийн тулд дугуй, нийтийн тээвэр, хувийн машин гээд хүссэн хэрэгслээрээ зорчдог байх сонголтыг бий болгох хэрэгтэй. Явганаар зорчлоо гэхэд чөлөөтэй алхах орон зай нь байх шаардлагатай. Энэ мэтчилэн хотыг хөгжүүлэхэд баримтлах бодлого, зарчмуудаа дэлгэлээ. Эдгээрийг хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүнд тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулж буй.
-Хотод тулгамдсан, гарц шийдэл нэхэж буй олон асуудал бий. Гэхдээ эдгээрийг “барьж авах”-аасаа урьтаад бодлогын өөрчлөлт, шинэчлэл хийх нь чухал санагддаг юм.
-Бодлого, үзэл баримтлалаа тодорхойлохын тулд сая дурдсан шиг зарчмуудаа гаргах хэрэгтэй. Үүндээ үндэслээд хөгжлийн концепцоо боловсруулчихаар олон зүйл тодорхой болно, ялгарна. Энэ нь хотын захиргаанд ажиллаж байгаа хүмүүст ч, цаашид эрх барих, бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшний албан тушаалтан гээд бүх хүнд маш тодорхой, ойлгомжтой байх ёстой. Бид өмнө танилцуулсан суурь зарчмууддаа үндэслэн хөгжлийн концепц боловсруулж байна. Цаг нь болохоор үүнийгээ олон нийтэд танилцуулна. ХҮН нам үнэхээр мэргэжлийн, чадамжтай хүмүүстэй, багтай гэдэг нь энэ ажлаас харагдана. Бидний дэвшүүлж буй санаа хэрэгжүүлж болохуйц юм байна гэсэн итгэл үнэмшлийг хүмүүст төрүүлж байх ёстой. Ер нь энэ цаг үед маш олон хүн итгэл найдвараа алдчихсан, гунигтай амьдарч байна шүү дээ. Бидэнд итгэл үнэмшил, чадварлаг баг, тодорхой зорилго байгаа нь том давуу тал.
-Манай улс бодлогын залгамж халаагүй, нэгдмэл үзэл баримтлалгүй гэдэг нь нийслэлд хэрэгжүүлж байгаа шийдвэр, ажлуудаас харагддаг. Ер нь дэлхийн хотуудын хөгжлийн бодлого, үзэл баримтлал хэр тогтвортой байдаг юм бол?
-Хотын хөгжлийн гол баримт бичиг бол ерөнхий төлөвлөгөө шүү дээ. Уг нь Улаанбаатар нягт, бүх үйлчилгээ нь иргэндээ ойр хот байх бүрэн боломжтой. Үүнийг зөвхөн би гарч ирээд, саяхнаас ярьж эхэлсэн юм биш. ЖАЙКА олон улсын байгууллага нийслэлтэй хамтран Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа “Compact city” загвараар хөгжүүлэх зөвлөмж өгч байсан юм билээ. Үүнийг хэрэгжүүлээгүйгээс болоод нийслэл өнөөдөр хэт замбараагүй тэлчихсэн. Нисэх, Яармаг хүн амьдрахад хамгийн ээлгүй, таагүй бүс болчихлоо. Төлөвлөлт хийхдээ мэргэжлийн хүмүүсийн боловсруулсан бодлогын баримт бичгүүдийг дагасан бол Улаанбаатар өнөөдөр арай өөр байх байлаа.
Хот төлөвлөгч нарын шашин мэт “шүтдэг” баримт бичгүүдийг итгэл үнэмшилтэй дагаж мөрддөггүйгээс Засаг дарга бүр мөрөөдлийн төлөвлөгөө, төслөө “оруулж ирдэг” болсон. Одоогийн хотын удирдлага урт хугацааны төлөвлөлт хийхээр зорьж буй гэсэн. Үүндээ зөвлөх үйлчилгээ авах гэж байна. Хотын даргад өөрийн гэсэн итгэл үнэмшил, бодлого, манлайлал байх ёстой. Түүнд энэ зүйл алга. Тэгэхээр ажлынхаа захиалгыг өгөхдөө зөвлөх үйлчилгээний багтаа юу гэж хэлэх вэ. Энэ мэтчилэн яривал, шүүмжилбэл асуудал өчнөөн. Хотын менежментийг хөгжүүлээд, дараагийн түвшинд гаргах чадварлаг удирдлага нийслэлд алга. Мэргэжлийн гэсэн бүх хүнээ үргээчихсэн. Хотоо хөл дээр нь босгохын тулд нийслэлд системтэйгээр шинэчлэл хийх шаардлага үүсчихээд байна.
-Та мэдлэг, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдсөн, танигдсан хүн. Харин удирдах түвшинд ажиллаж байсан туршлага бий юү. Сайн мэргэжилтэн болгон удирдагч, манлайлагч байж чаддаггүй шүүдээ.
-Нийслэлийн намын хорооны дарга болсон үеэс үүрэг хариуцлага, ачаалал нэмэгдэж байна. Үүнийг маш талархалтайгаар хүлээж аваад цаг хугацаа гаргах, оролцоогоо хангах, бусдыгаа хүчирхэгжүүлээд, хамтдаа нэг баг болж явах чиглэлд түлхүү анхаарч буй. Удирдах түвшинд ажиллахад үндсэн мэдлэг, мэргэжил, туршлага зэргээс гадна зөөлөн ур чадварууд шаарддаг юм байна. Саяхан олон улсын нэг лекц сонсож байхад мэдлэг дагаж эмпати үүсдэг талаар ярина лээ. Нээрэн л хүн тухайн нэг чиглэлээр мэргэшээд, түүнийгээ гүн гүнзгий судлаад, ойлгоод ирэхээрээ хийж буй үйлдэл, ажил нь бусдад ямар үр нөлөө үзүүлэх вэ гэдгийг бодож эхэлдэг. Энэ үед жинхэнэ манлайлал бий болдог юм байна. Аливаа зүйлийн бодит үр өгөөжийг тооцоолсны үндсэн дээр ирээдүй цагт төлөвлөх, одоо байгаа хамт олноо хүчирхэгжүүлж хөгжүүлэх, өнгөрснөөсөө суралцах гээд гурван цагийн хэлхээнд ажиллах шаардлага үүслээ. Мэдээж би өөртөө итгэдэг. Гэхдээ бүхнийг чадагч биш. Одоогийн хотын удирдлагын хэмжээнд хуулийн мэдлэггүй байж болох ч энэ сул орон зайг нөхөж чадах баг, хамт олон надад бий. Мэдэхгүй, чадахгүйгээ нөхөж сэлбэх, суралцах, чадаж байгаагаа итгүүлэн үнэмшүүлэх нь шинэ цагийн манлайлал гэж боддог.
-2024 оны парламентын сонгууль дөхөж буй эгзэгтэй, маш хариуцлагатай үед нийслэлийн ХҮН намын хорооны дарга боллоо. Цаашдаа юунд илүү анхаарч, ямар бодлого, зарчим баримтлан ажиллах вэ?
-Зорилгоо хамгийн томоор тавина. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор дагалдах олон хуульд өөрчлөлт оруулж байна. Эрх баригч намын зүгээс Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэд хэдэн удаа дэвшүүллээ. Тодорхойгүй зүйл олон байна. Гэхдээ маш их итгэл үнэмшил, найдлага бий. Эв нэгдэлтэй, үнэт зүйл, зарчимтай хүчирхэг хүмүүстэй нэг баг болон ажиллаж байгаа учраас эмээх зүйл алга. Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд бүх хүч, нөөц бололцоогоо дайчлан, манлайлж ажиллана. Улс төрийн намууд төрийн эрхийг барьж байж л өөрсдийн бодлого, арга хэмжээгээ хэрэгжүүлэх боломж бүрддэг. Тиймээс нөлөөллөө тэлэх, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэхийн төлөө зүтгэнэ.
-Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих зорилготой “ХҮН 50:50” бодлогоо хэрэгжүүлэх хэмжээнд хүний нөөцөө бүрдүүлж, бэлтгэж чадсан уу?
-ХҮН нам сүүлийн үед маш хурдацтай тэлж байна. Ялангуяа улс төрийн акц, сөрөг хүчний байр суурийг орлож буй байдал зэрэг нь нийгэмд, олон нийтэд урам зориг төрүүлж буй. Үүнийг дагаад залуучууд манай намд олноороо элсэж байна. Эмэгтэйчүүд эрчүүдээсээ ч илүү зоримог, давшлангуй “орж ирж” буй нь анзаарагдлаа. Үндсэндээ бид бодлогоо зарлаад, бүгдэд нээлттэй шүү гээд хөрсөө бэлдчихсэн. Одоо үүн дээр үрээ цацчих л юм бол дэлбээлэхэд бэлэн. Гишүүнчлэлээ тэлэх, хүний нөөцөө бүрдүүлэх бодлогын хүрээнд эмэгтэйчүүдэд урам зориг өгөх, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөж, хийж байгаа.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу ирэх оны парламентын сонгуулийг холимогт огтолцоогоор явуулж, гишүүдийг жагсаалтаар болон тойргоор сонгоно. Тойрогт хэнийг өрсөлдүүлэх, жагсаалтад ямар хүнийг оруулах вэ гэдгээс их зүйл хамаарна. ХҮН нам ямар бодлого, зарчим баримталж байгаа вэ?
-Энэ тогтолцооны өөрчлөлтийг ХҮН нам дэмжиж, манлайлан ажилласан. Гадаад болон дотоод олон хүчин зүйлээс шалтгаалсан тулгамдсан бэрхшээлүүдтэй энэ үед олон намын тогтолцоотой байх нь улс төрийг эрүүл байлгах, ардчиллыг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй. Бид зөвийн талд зогсож чаддаг. Цаашид ч зогсоно. Эрх баригч нам ямар ч тоглоомын дүрэм зохиож, олонхын хүчээр шийдвэр гаргасан бид нүүр бардам өрсөлдөх чадамжтай. Нэр цэвэр, зарчимдаа үнэнч хүмүүс нэгдсэн учир бэргэх зүйлгүй. Гол нь бүх зүйл шударга байх ёстой.
-ХҮН нам өнгөрсөн дөрвөн жилд сөрөг хүчний хүчтэй дуу хоолой болсоор ирсэн. Ялангуяа нийслэлийн хэмжээнд. Сүүлд дуулиан тарьсан “ногоон автобусны” хэрэг, нийслэлийн төсөвтэй холбоотой олон будилааныг ил болгосон. Намынхаа дэргэдэх Бодлого судалгааны хүрээлэнд салбар салбарын шинжээч, мэргэжилтнийг ажиллуулдаг нь энэ мэт асуудалд нухацтай, соргог хандах нөхцөлийг бүрдүүлдэг юм шигээ?
-ХҮН намын бүтэц маш цомхон, тодорхой. Хэдийгээр гишүүдийн тоо нэмэгдэж буй ч салбарлуулж, том бүтэц “зурах”-ыг бодохгүй байна. Бодлого судалгааны хүрээлэнгийн судлаач, шинжээчид жил болгоны улс, нийслэлийн төсөвт дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгдөг. Энэ хүрээлэнгийн дэргэд шинээр хотын экспертүүдийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Хотын чиглэлээр дагнаж ажилласан туршлагатай, мэргэжлийн 17 хүн үүнд багтсан. Эрчим хүч, дэд бүтэц, дулаан хангамж, тээвэр, орон сууцын бодлого, хөгжлийн эдийн засаг, олон улсын хотуудын гадаад харилцаа, стандарт гээд шаардлагатай, салбар салбарын шилдэг шинжээч, мэргэжилтэн зөвлөлд бий.
Энэ хүмүүс хотын зүгээс гаргасан бодлого, шийдвэрүүд иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ, хэрэгжүүлэх боломжтой юу, үгүй юү гэдэгт мэргэжлийн үүднээс дүн шинжилгээ хийж, байр сууриа илэрхийлэх юм. Мөн миний зарчмуудад нийцсэн мөрийн хөтөлбөр боловсруулах ажилд оролцоно. Салбар салбарын зах зух руу өнгийхөд л ямар нэг хэмжээгээр хулгай нүүрлэчихсэн байгаа нь “ногоон автобусны” хэргээр тодорхой болсон. Энэ хэргийг хууль, хяналтын байгууллага шалгаж буй учир бид эцсийн үр дүнг нь гартал тэвчээртэй, анхааралтайгаар ажиглана. Мэдээлээд, олон нийтэд зарлаад орхичихож байгаа асуудал биш.