Хүний эрхийн талаар хөндөж, энэ сэдвээрх бүтээлүүдийг оролцуулсан “Хархорум” олон улсын кино наадам өчигдөр өндөрлөлөө. Уг наадамд оролцуулсан бүтээлүүдээс найруулагч Л.Номингийн “Хүрд” баримтат киног онцолж байна. Нэлээд хүнд сэдвийн талаар буюу хүмүүс яагаад амиа хорлодог, үүний цаана ямар учир шалтгаан байгааг уг бүтээлээр харуулахыг зорьжээ. Үүний хүрээнд амиа хорлосон хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаж, асуудлын учир шалтгааныг эрэн хайсан байна. Гуравдагч этгээдийн өгүүлэмжгүйгээр дүрүүд нь тухайн киноны санааг үзэгчдэд бүрэн илэрхийлнэ. Дүрүүдийн биеийн хэлэмж, хөгжим, найруулга зэрэг нь бидний ойлгодог баримтат киноноос ялгаатай мэт. “Хүрд” нь Амстердамын баримтат киноны наадам буюу IDFA-ийн дунд хэмжээний баримтат киноны тэргүүн байрын шагналыг 2020 онд хүртэж байв. Эл бүтээл болон түүний далд орших түүхүүдийн нэгээхэн хэсгийн талаар найруулагч Л.Номин ийнхүү ярилаа. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд “Хүрд” нь түүний анхны бие даасан уран бүтээл юм.
-Амиа хорлолт бол ярихад, илэрхийлэхэд амаргүй сэдэв. Тэрхүү үйл явдлын цаад учир шалтгааныг эрэн хайх нь ч хэцүү. Ялангуяа үүнийг баримтат киногоор дамжуулан илэрхийлэх болсон нь онцлогтой санагдлаа.
-Нэгэн үе амиа егүүтгэжээ гэсэн баримт дурдсан бэсрэгхэн мэдээнүүд сонин хэвлэлээр гардаг байлаа. Шинэ нийгэмд хөл тавьсан монголчууд бидний эргэн тойронд ч амиа егүүтгэсэн гэж сонсогдох нь олширсон. Гэвч энэ нь төдийлөн ярьдаггүй сэдэв. Хэвлэл мэдээллээр ч учир шалтгааных нь талаар хөнддөггүй. Тиймээс ер нь хүмүүс яагаад амиа егүүтгэдэг юм бэ, учир шалтгаан нь юу вэ гэдгийг би 2010 оноос хойш судалж эхэлсэн юм. Тухайн үед энэ сэдвээр Монголд хийсэн социологийн жижиг хэмжээний судалгаа 2-3 л байв. Асуудлыг сэтгэцийн эрүүл мэндийн талаас нь хөндсөн бусад материал нь ихэвчлэн гадаад хэлээр л байсан. Тэдгээрээс гадна С.Анударын “Дөрөв биш дөрөв” номыг уншсан нь амиа хорлох сэдэлтэй хүнийг дотроос нь харсантай адил сэтгэгдэл төрүүлж байлаа. Ийнхүү судлах явцдаа амиа хорлолт Монголд томоохон асуудал болсныг олж мэдсэн. Нийгмийн шилжилтийн үйл явц өрнөж, зах зээлийн эдийн засаг “нутагшсанаар” хүн бүр өөрийнхөө төлөө хичээх ёстой болчихсон. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн үзэл суртлын дайтай хандлага гаргаад ирчихлээ.
Үүний утга нь ямар ч хамаагүй аргаар мөнгө ол, өөрийгөө л бод гэсэн үг. Үнэт зүйлсийн эл огцом шилжилт хүмүүст, ялангуяа амьдралд дөнгөж хөл тавьж буй залуучуудад хүнд туссан. Жишээ нь, гэр бүлийнхэн нь худлаа хэлж, хулгай хийж болохгүй гэж сургадаг. Гэтэл нийгэмд гараад, ажилдаа очоод “чадаж байгаа юманд арга байхгүй” гэдэг үзэлтэй нүүр тулдаг. Үнэт зүйлсийн ийм зөрчил нь тухайн хүнд дотоодын хямрал үүсгэн, амиа хорлосон тохиолдлуудтай ч таарч байлаа. Гэтэл сэтгэл нь ингэж хямарсан хүнд тус дэм болох нийгмийн үйлчилгээнүүд манайд байгаагүй. Уг нь хувь хүн сэтгэлийн хямралаас гарах, тайлал олох гарцаа уйгагүй хайдаг ч шийдэж чадалгүй явсаар стресс нь хуримтлагдан, сэтгэл гутрал хэмээх өвчинд өртөнө. Сэтгэл гутрал нь амиа хорлолт руу хөтөлдөг өвчин гэж үздэг юм билээ. Албан ёсны статистик мэдээллээр Монголд өдөрт дор хаяж нэг хүн амиа хорлож байна.
-Та уран бүтээлээрээ ямар санааг илэрхийлэхийг зорьсон бэ. Тэр дундаа амиа хорлолтын учир шалтгааныг эрэн хайснаараа та өөртөө, нөгөө талаар үзэгчдэд юу “хэлэх”-ийг хүссэн бол?
-“Хүрд” киногоор хэд хэдэн мессежийг дамжуулахыг хүссэн. Нэгдүгээрт, нийгэмд газар авч буй эл чимээгүй үзэгдэлд анхаарал хандуулж, уламжлалт соёл, сүсэг бишрэлээсээ болж яриад байдаггүй асуудлыг ил гаргах, учир шалтгааныг нь олох, улмаар арилгах юм. Амиа хорлосон хүнд бурууг тохож, ард нь шаналан гэмшээд хоцорч буй гэрийнхэн, ойр дотнын хүмүүсийг нь нийгэмд гадуурхахаас сэргийлэх ёстой. Муу хүн учраас амиа хорлосон гэж бодоод өнгөрөх ёсгүй. Харин тэр хүн нийгэм, эдийн засгийн мянга мянган барилдлага дунд амьдарч байгаад буцсаныг хүлээн зөвшөөрөх нь чухал. Ардчилсан нэртэй манай нийгэм шударга ёс, тэгш байдлын хомсдол, бүр гүн хямралд орчихсон байна. Энд хүн гэгч бодгаль заяагдмал эрх, эрх чөлөөгөө эдэлж чадахгүйдээ боомилогдон, аргагүйн эрхэд “яваад” байна шүү гэдгийг хэлэх, учир шалтгааныг нь тогтож ярилцах шаардлага бидэнд бий.
Гурван сая хүн амтай, хэдэн мянган жилийн түүхтэй, уужуу тайван сэтгэлтэй гэдэг монголчууд яагаад амиа егүүтгээд байгааг ойлгохыг, тоо, статистик биш, хүн талаас нь асуудлыг хөндөж, үзэгч олны сэтгэлд хүргэхийг хүссэн юм. Ингэхдээ тухайн хүмүүстэй нүүр тулах боломжийг үзэгчдэд олгосон. Киног үзэж байгаа хүн 53 минутын хугацаанд дүрүүдийн зүрхнээс урсах үгс, зориг, тэмүүллийг нь мэдэрч холбогдоосой. Цаашлаад хүмүүс бие биеэ ойлгоосой, түшээсэй, дэмжээсэй гэж уриалахыг зорьсон. Эцэст нь амиа егүүтгэх нь асуудлын гаргалгаа биш шүү, хайртай хүмүүст тань насан туршийн гэмшил, шаналал үлдээх үйлдэл шүү гэдгийг сануулах зорилго тавьсан. Кинонд бол миний зүгээс нэмж хэлэх зүйл юу ч байхгүй. Тэнд гарах хүмүүсийн түүх л үзэгчдэд бүгдийг илэрхийлнэ. Энэ киногоор дамжуулан “Надад туслаач” гэх чимээгүй хашхираанаа нийгэм рүү “илгээх” боломжийг хүмүүст олгосон. Тэдний чимээгүй хашхираан дуу чимээтэй болж, нийгмийн бүх бүлэгт хүрээсэй л гэж хүссэн юм. Тэр дундаа бидний хувь заяаг “эргүүлэх” хэмжээний шийдвэр гаргагч нарт хүрээсэй.
-“Хүрд”-д амиа хорлосон хүмүүсийн гэр бүлийнхнийг оролцуулсан байсан шүү дээ. Тэднийг хэрхэн олж уулзсан бэ. Холбогдоход хүндрэлтэй байв уу?
-Судалж эхлэх үедээ кино хийнэ гэж бодоогүй. Учир шалтгааныг нь олох сон гэсэн хүслээр л эхлүүлж байлаа. Судлах явцдаа сумын эрүүл мэндийн төв, СЭМҮТ, ГССҮТ, шүүх нэлэг зэргээр явж, учир шалтгааных нь талаарх мэдээллийг бага багаар цуглуулаад л байв. С.Анударын номоос тухайн хүнийг дотроос харах шиг болсон гэсэн шүү дээ. Ингэж явсаар кино хийх сэдэлд хүрсэн юм. Судалгааны явцад л тэдгээр хүнтэй уулзсан.
-Нийгмийн асуудал, үйл явдлууд бидний сэтгэл зүйд эерэг, сөрөг гээд янз бүрийн нөлөө үзүүлдэг. Тэдгээр хүний түүхийг сонсох, судлах нь таны сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байв?
-Судалж эхлээд, холбогдох мэдээллүүдийг унших нь түгшүүртэй байлаа. Гэсэн ч учир шалтгааныг нь ойлгох сонирхол минь өөрчлөгдөөгүй. Учир шалтгааныг нь судлаад, гүн рүү нь орох тусам үүнийг нийгмийн үзэгдэл гэж харж эхэлсэн. Тэр үзэгдлийн учир шалтгааныг гаргаж ярина гэдэг сэтгүүлч хүний өнцөг гарч ирэв. Хүмүүстэй уулзаж ярилцах үед маш их эмзэглэдэг. Гэсэн ч тэдэнд сэтгэл доторх хөндүүрээ гадагш урсгаж гаргах боломжийг олгож байгаа хүн нь би. Тиймээс сонсоод л зүрх зүсэгдээд яваад байвал юу ч хийх боломжгүй. Уран бүтээл болгож гаргахын тулд тийм шаналлаас нэг алхам зай авна. Хүмүүсийн ярьж байгаа зүйлсийг өөртөө тусгаж авах бус, түүнийг хүлээн авагчдад хэлж өгөх орон зайг өөртөө үлдээдэг. Энэ талаарх ойлголттой болчихсон байсан тул шууд өөр дээрээ хүлээж аваагүй.
-Хүмүүс ярьж байхад тэдний царайнаас илүүтэй биеийн хэлэмжийг нь дүрсэлжээ. Хөгжим, зураглал зэрэг нь тухайн хүний үгнээс илүүг ч илэрхийлэх шиг санагдлаа.
-Тийм ээ. Энэ бол кино хийх анхны оролдлого минь. Сэдвээ илэрхийлэхдээ кино маягаар хийвэл илүү оновчтой гэж үзсэн. Хэмнэлтэй өгүүлж, өгүүлэн буй тэр орчиндоо үзэгчдийг аваачъя гэж бодсон. Анх багаа бүрдүүлж, зураг авч эхлэхэд тэдний сэтгэл зүйд дүрүүдийн түүх хүчтэй нөлөөлөх болсон юм. Иймээс манай багаас хэд хэдэн хүн гарсан. Гурав дахь удаагаа бүрдүүлсэн багаараа зургаа авч дуусгаж байв. Кино бүтээхэд баг хамгийн чухал. Зураглаач З.Батбилэг маш нарийн мэдрэмжтэй, нөхцөл байдал руу уусан орж чаддаг. Ярилцлага өгч байгаа хүний биеийн хэлэмжүүдийг нарийн мэдэрч, зургийг нь авсан байгаа юм. Манай багийн гишүүдийн мэдрэмж, хүнлэг чанар гайхамшигтай байлаа. Түүхээ ярихыг зөвшөөрсөн хүмүүс ч эмзэг асуудлаа нээхийн тулд маш их зориг гаргасан. Тэд амиа хорлохоос урьдчилан сэргийлэх, асуудлын гарц энэ биш шүү гэдгийг бусдад ойлгуулахыг хүссэн юм.
-Амиа хорлохоор оролдсон хүмүүсийн дүрс алсарсаар замхарч буйг “Хүрд”-ээс үзлээ. Энэ хэсгээр ямар санааг үзэгчдэд хүргэхийг хүссэн бол?
-Тэд үхэл, амьдралын зааг дахь гүүрээр гарч буй юм. Кинонд “Хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтох адил ховорхон хувь заяа” гэдэг хэллэг бий. Ийм эрдэнэт амьдралыг олж ирчхээд, жам ёсны эрхээ эдэлж чадахгүйгээр өөрийгөө буруутгаад, тэр гүүрээр буцаад байгаа хүнийг амьдралд торгоох хэрэгтэй. Гэтэл бид тэдний хойноос хараад л үлдэж байна. Бодит байдалд ч өдөр бүр л хэн нэгэн нь ийм маягаар буцсаар л байгаа. Бидний бүтээл нэг талдаа амьдарч байгаа хүмүүс, нөгөө талдаа буцсан хүмүүсийг харуулж буйгаараа үхэл, амьдралын заагийн тухай кино гэж болно.
-Кинонд оролцсон хүмүүс өдгөө хэрхэн амьдарч байгааг төгсгөл хэсэгт харуулсан нь онцлог санагдлаа. Энэ хэдэн оны үйл явдал вэ. Оролцогчидтойгоо одоо холбоотой байдаг уу?
-Холбоотой байгаа. Харамсалтай нь, тэдний амьдралд юу ч өөрчлөгдөөгүй. Металл ухаж байсан хүмүүсийн нэг нь хавдраар өвчилсөн. Хүүхдүүд нь том болоод ажилд орлоо. Гэсэн ч шударга бус энэ нийгэмд шударга хүн сайн сайханд хүрч чадахгүй. Ардчилсан нэртэй манай нийгэмд худал ярьдаггүй, хулгай хийдэггүй хүний амьдрал сайжрах боломжгүй байгаа нь харамсалтай. Киноныхоо зургийг авч дуусчхаад эвлүүлэгч хайж нэлээд цаг зарцуулсан юм. Тэр үедээ би хүүхэдтэй болсон. Хүүхдээ төрүүлсний дараа сэтгэл зүйн хувьд бүтээлээ үргэлжлүүлэхэд хэцүү байлаа. Киноны ажилдаа эргэн ороход 4-5 жил зарцуулсан. Тэгээд л оролцогчидтойгоо эргэн холбогдсон доо.
-Амиа хорлосон хүмүүсийн түүхийг сонсоход энэ нь нарийн төлөвлөдөг үйлдэл биш бололтой. Харин тухайн үеийн сэтгэл зүйн байдлаас хамаардаг гэнэтийн үйлдэл гэж ойлгосон. Энэ нь таны илэрхийлэхийг хүссэн санаануудын нэг мөн үү?
-Дүрүүдээ сонгохдоо янз бүрийн тохиолдлыг сонгосон. Үүгээрээ амиа хорлолтод хэн ч өртөж болно гэдгийг харуулахыг хүссэн юм. Амиа хорлолтын статистикаас харахад аль ч улс оронд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс олон байна. Ингэхдээ эмэгтэйчүүд амиа хорлох дохио илүү өгдөг юм байна. “Хүрд”-д гарсан охин “Би үхчихнэ гэж бодож гараа зүсээгүй. Гэхдээ үхэж ч магадгүй гэж бодсон” гэсэн шүү дээ. Энэ нь нэг ёсондоо “Авраач” гээд орилоод байгаа нь тэр шүү дээ. Амиа хорлолт бол чимээгүйхэн эсэргүүцэл.
-“Хүрд” олон улсын кино шүүмжлэгчдээс ямар үнэлгээ авч байна вэ?
-Амстердамын олон улсын кино наадмын дунд хэмжээний киноны төрөлд шилдэг бүтээлээр шалгарсан. Энэ нь баримтат киноны хамгийн том наадам. Түүнчлэн Европ, Ази, Латин Америкийн олон улсын 20-иод кино наадмын уралдаант хэсэгт уригдлаа. Мөн Монголынхоо хүний эрхийн сэдэвтэй “Хархорум” олон улсын анхны кино наадамд сонгогдон оролцсондоо бид баяртай байна. Олон улсын шүүмжлэгчид “Нийгмийн, хүний хамгийн эмзэг байдлыг хүндэтгэлтэйгээр, мэдрэмжтэйгээр тусган харуулсан бүтээл” гэж дүгнэсэн байна лээ. Мөн хүн төрөлхтний нийтлэг асуудлыг хөндсөн гэж үзсэн. Энэ асуудал бусад оронд ч бий. Польшид болдог Краковын олон улсын кино наадмын үеэр gazeta.pl мэдээллийн сайтад ярилцлага өгсөн юм. “Монгол гэдгийг л хасчихвал манай улсын тухай кино байна” гэж гэгдлээ бичсэн байсан.
-Та дараагийн уран бүтээлийнхээ санааг олсон уу?
-Дараагийн уран бүтээлийнхээ зургийг аваад эхэлсэн. Ядуурал, хүний эрхийн зөрчилтэй холбоотой мөн л эмзэг сэдвийг хөндөх юм. Нийгэмд шударга ёс үгүй болсонд шаналж явдаг хүн л дээ, би. Хүн бүр заяагдмал эрх, эрх чөлөөгөө эдэлж амьдрах ёстой гэж 150 хувь итгэдэг. Тэр ч утгаараа одоо хийж буй бүтээлээрээ уг асуудлыг хөндөж байна. Кино зохиол гэдэг суугаад л биччихдэг зүйл биш болохоор нэлээд хугацаа зарцуулах байх.
Бэлтгэсэн: А.Тэмүүлэн