Монгол Улсын 2024 оны төсвийн тухай холбогдох хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ талаар Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой ярилцлаа.
-Ирэх оны улсын төсвийн гол онцлог нь юу вэ?
-2024 оны төсөвт хэд хэдэн онцлог бий. 2020-2022 онд Монгол Улсад гадаад хүчин зүйлээс шалтгаалсан нөлөө их байсан. Үүнийг амжилттай давахад төсвөө чиглүүлж байсан бол 2023 онд энэ нөлөө харьцангуй буурсан. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр ирэх оны төсвийг боловсруулсан. Үүний хүрээнд богино, дунд, урт хугацаанд ямар зорилго тавьсан, эдийн засгийг яаж тэлэх, иргэдийн амьжиргаа, амьдралын чанарыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэгт бодлогоо чиглүүлж байгаа. Тиймээс Ерөнхий сайд анх удаа өнгөрсөн жил тав, энэ онд 16 аймагт ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзан, тулгамдсан асуудлыг нь сонсон, гарц шийдлийг ярилцлаа. Эдгээр саналаас төсвийн төсөлд тусгаснаараа онцлог. Гэхдээ иргэдээс шууд асуугаад түүнийгээ төсвийн төсөлд тусгачихсан гэсэн буруу ойлголт гараад байна.
Энэ онд нийт 11 их наяд төгрөгийн төсөв бүхий 3000 гаруй төсөлд хөрөнгө оруулаач гэсэн саналыг Сангийн яаманд ирүүлсэн. Ерөнхий сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, 2018 онд баталсан 17 шалгуур үзүүлэлттэй, цахим системийн аргачлалаар, хуулийн шаардлага хангасан байдлаар энэ бүх саналаас шалгаруулж, эрэмбэлсэн юм. Орон нутагт ажиллахдаа Ерөнхий сайд хөрөнгө оруулалтын энэ эрэмбэлсэн жагсаалтыг танилцуулж, иргэдээс нэмж санал авсан. Нөгөө талаар Төсвийн хуульд олон нийтийн саналыг авсан байх тухай заалт шинээр оруулсан учраас иргэдийн оролцоог хангасан гэсэн үг. Мөн Дэлхийн банктай хамтраад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-10-нд улсын хэмжээнд “И-Монголиа”-гаар дамжуулан иргэдээс санал авч, тандалт хийсэн.
Өмнөх гурван жилд болсон эдийн засгийн том шокуудын дараа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг бүрэн утгаар нь хэрэгжүүлэх суурийг тавьсан, сэргэлтийн төсөв болсон гэж үзэж байгаа. Одоогоос яг жилийн өмнө гадаад валютын нөөц уначихсан, геополитикийн нөхцөл байдал хүнд, дефолт зарлахад ойрхон байлаа. Тэгвэл өнөөдөр эдийн засаг сэргэж, тэр хэрээр бусад салбартаа ч нөлөөлж, аж ахуйн нэгжүүдийн ашиг болон иргэдийн орлого тодорхой хувиар нэмэгдсэн. Эдийн засгийн сууриа тэлэх тухай дээрх бодлогод тусгасан хязгаарлагч хүчин зүйлийг хэрхэн арилгах вэ гэдэгт төвлөрч, төсвийг боловсруулсан.
-2024 онд эдийн засгийн өсөлт долоон хувь, нүүрсний экспорт 60 сая тонн байхаар тооцсон. Ер нь уул уурхайн бүтээгдэхүүний ханшийг ч өндрөөр тусгасан байна билээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт буурч байхад манайх хэт өөдрөгөөр төсөөлөх нь эрсдэлтэй биш үү?
-Ихэнх бараа, бүтээгдэхүүнээ импортолдог манайх шиг улсад эрсдэл, гадаад эдийн засгийн нөлөө үргэлж байдаг. Хүмүүс тоо харж шүүмжлээд байна. Эдийн засгийн сууриа л сайн харах хэрэгтэй. Өсөлтийг бид ирэх онд долоон хувь байхаар тооцсон. Манай бодит орлогын өсөлт ч долоон хувь байгаа, хэт өндрөөр төсөөлсөн зүйл үгүй. Монгол Улс 74 их наяд төгрөгийн эдийн засагтай болчихоод байна шүү дээ. Өмнө нь 30 гаруй их наяд төгрөгийн эдийн засагтай байсан бол одоо ингэж тэлсэн байна. Тиймээс орлогын ДНБ-д эзлэх тоо хэмжээ хэт өсөөгүй, төрийн оролцоо эдийн засгийн том агуулгаараа адилхан байгаа. Мэдээж сүүлийн 2-3 жил уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсан нь манай эдийн засаг сэргэхэд гол нөлөө үзүүлж, үүний үр ашгаар орлого нэмэгдсэн. Тухайлбал, 2022 онд цар тахалтай холбоотойгоор авч байсан арга хэмжээнүүдийг зогсоосон учир БНХАУ-ын эдийн засаг бүүм болж, 7-8 хувиар өснө гэсэн өндөр хүлээлт байлаа. Хүмүүсийн хүлээсэн энэ үзүүлэлтэд хүрээгүй ч Хятадын эдийн засаг таван хувиар өссөн шүү дээ. Тэгэхээр урд хөршийн эдийн засгийн нөхцөл муудсанаас болоод манайд сөргөөр нөлөөлсөн юм байхгүй. Тэдний эдийн засаг өсөж байгаа, манайхаас авдаг зах зээлийн багтаамж нь ч хэвээр. Тиймээс урд хөршийн зүгээс эрсдэл бага. Харин бидний тооцоолоогүй Орос, Украины дайн, цар тахал шиг эрсдэл учрах, эсэхийг хэлж мэдэхгүй. Одоо байгаа бүх эрсдэлийг тооцоод төсвийг боловсруулсан.
-Гэхдээ тоо гэдэг бол баримт шүү дээ. Тиймээс хүмүүс тоо ярьж шүүмжлэх нь аргагүй байх. Төсвийн орлогыг ирэх онд 25.2, зарлагыг 27.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлж оруулж ирсэн. Тэвчиж болох зардал их оруулсан, цалин, тэтгэвэр нэмэх, зайлшгүй биш хөрөнгө оруулалт чих тусгасан гэж байна. Энэ бүхнээс үүдээд 2024 оны төсвийг “сонгуульд зориулсан” гэж тодотгоод байна л даа. Цалин, тэтгэвэр нэмээд ирэхээр инфляц та бүхний тооцсон 8.5 хувьд байх боломжтой юу?
-2023 оны төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалин болон халамжийн тэтгэврийг нэмсэн. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ. 2023 оны нэгдүгээр улиралд иргэдийн бодит орлого өмнөх жилийнхээс буурсан. Үндэсний статистикийн хорооноос гаргасан үзүүлэлтээр өрхийн орлогын 30 хувь нь цалин, 30 хувь нь тэтгэвэр, үлдсэн нь бусад эх үүсвэрээс бүрдэж байна. Бодит орлого ингэж буурсан нөхцөлд, хэдийгээр нөгөө талдаа инфляцын дарамт байж болох ч хамгийн түрүүнд иргэдийнхээ орлогыг хамгаалах ёстой шүү дээ. Бас инфляц тийм хурдан буурах боломжгүй. Манай улсын импортын инфляц өндөр байдаг. Эхлээд инфляцаа бууруулчхаад иргэдийнхээ орлогыг хамгаална гээд хүлээгээд сууж болохгүй. Тиймээс 2023 оны тодотголоор бодит орлогыг хамгаалсан арга хэмжээ авсан. Ингэж байж иргэдийн худалдан авах чадварыг хадгална. Онолын хувьд бол төсвийн зарлага инфляцыг өдөөдөг нь үнэн. Гэхдээ нөгөө талд нь иргэдийн гар дээр очих бодит мөнгөний тухай ярьж байгаа хэрэг. Монгол Улсын 3.3 сая иргэний 2.2 саяд нь 2024 оны төсвийн төсөл дэх урсгал болон хөрөнгө оруулалтын зардал шууд, шууд бусаар ногдож буй. Мөн ирэх онд 38 мянган ажлын байр бий болгохоор төлөвлөөд байна. Төр өөрөө том худалдан авагч болж эдийн засагт оролцдог учраас иргэдийн амьжиргааг дэмжих хэрэгтэй байгаа юм.
Тиймээс ирэх онд төрийн албан хаагчдын цалинг хоёр хэлбэрээр нэмэхээр төсвийн төсөлд тусгасан. Юуны өмнө нийт төрийн албан хаагчийн цалинг үнийн өсөлттэй уялдуулаад 10 хувиар нэмнэ. Үүн дотроо хоёр төрлийн ажилчдын цалинг 20 хувиар нэмэхээр төлөвлөсөн. Төрийн нийтлэг үйлчилгээний ажилтан буюу нярав, нягтлан, галч, манаач, цэвэрлэгч болон ТҮК-ийн ажилчид багтсан. Мөн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд орон нутгийн нэмэгдэл олгох юм. 2022 онд улсын төсвөөс төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмсэн. Үүн дээр аймгууд төсвийн боломждоо тааруулаад 100 хүртэл хувиар нэмэх зохицуулалттай байлаа. Тэгвэл 2024 оны төсөвт хамрах хүрээг нь өргөжүүлээд, төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутгийн нэмэгдэл авдаг болгохоор тусгалаа. Сумд ажиллавал 40, аймгийн төв болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэг буюу алслагдсан бүсэд ажиллаж буй бол 20 хувийн нэмэгдэл авна. Цалингийн эдгээр нэмэгдэлд нийт 815.3 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа.
-51 соёлын төв барих нь зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын ажил мөн үү?
-Хүн ам өсөхийн хэрээр эрэлт нэмэгддэг. Манай улс 330 сумтай. Тэндээс жил бүр ирүүлдэг хөрөнгө оруулалтын хүсэлт улам нэмэгдэж байна. Дээр дурдсан 11 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын саналын 29 хувийг л бид шийдэж чадсан. Бусдыг нь шийдэх хөрөнгө оруулалтын эх үүсвэр байхгүй. Ирэх оны төсөвт хөрөнгө оруулах соёлын байгууламжийн тоо 51 гэж буй ч үүнд номын сан, музей, театр багтаж байгаа юм. Төсвийн төсөлд тусгасан энэ тоо бүгд шинэ ажил биш, шилжих буюу өмнөх жилүүдэд эхэлсэн хөрөнгө оруулалтуудыг багтаасан. Шинээр 5-6 соёлын төвийн барилга барина. Хөвсгөл аймгийн Ханх, Хатгалд соёлын төв огт байхгүй. Үлдсэн 3-4 нь системийн болон аргачлалын шаардлага хангасан, Ерөнхий сайд орон нутагт ажиллах үед иргэдийн эрэмбэлсэн, зайлшгүй гэсэн ажил юм. Хүн амьдарч байгаа газарт бид соёлын үйлчилгээ хүргэх ёстой гэсэн төрийн бодлого бий. Мөн ашиглалтаас гарсан, эсвэл 60-аас дээш жил болсон 20 гаруй барилга байгаа. Соёлын яамтай хамтарсан судалгаа хийгээд, үе шаттайгаар шийдэж байна. Төсвийн төсөлд тусгасан хөрөнгө оруулалтын нийт 1050 төслөөс 498 нь шинэ, бусад нь шилжих буюу гэрээний үлдэгдлээ авч байгаа ажил.
-Дэд бүтцийн чиглэлд хөрөнгө оруулалтаа чиглүүлэх хэрэгтэй гэж олон хүн үздэг. Энэ чиглэлээр ирэх оны төсөвт тодорхой ямар ажил хийхээр тусгав?
-2017 оноос нийгмийн салбарын хөрөнгө оруулалт өссөн. Бүх сумд эмнэлэг, сургуулийн барилга, цэцэрлэгийн хэрэгцээ өсөж байна. Энэ салбарын хэрэгцээ хангагдаад эхэлмэгц 2022 оноос дэд бүтцэд зориулах хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн. Аймгуудыг хооронд нь холбох, аялал жуулчлал хөгжихийн хэрээр зам барих, хүн ам өсөхтэй холбоотойгоор орон сууц, дулааны шугам сүлжээ бий болгох хэрэгцээ, шаардлага гардаг. Дэд бүтцийн салбарт түлхүү хөрөнгө оруулалт тусгасан нь 2024 оны төсвийн нэг онцлог. БНСУ-ын “Эксим” банкны зээлээр 10 аймагт дулааны станц барьж байгаа. Эдгээр станцын хэрэглэгч рүү хүрэх шугам сүлжээ, цахилгаан хангамжийн зардлыг улсын төсөвт бүрэн тусгасан. Мөн нийслэлийн дэд төвүүдийг холбосон олон түвшний огтлол бүхий 88 км, орон нутагт 32 авто зам барихаар төсөвт оруулсан. Нийт хөрөнгө оруулалтын жагсаалтад боловсролын салбар жин дарах ч шинээр хэрэгжүүлэх төсөлд зам, тээвэр, эрчим хүчний салбар дийлэнх нь байгаа. Төслийн тоо өмнөх жилээс цөөн ч дүн өндөр байгаа нь томоохон дэд бүтцийн төслүүдтэй холбоотой юм. Ирэх онд анх удаа “амсуулсан” биш, хамгийн дээд тал нь гурван жилд багтаан хэрэгжүүлэхээр, багадаа 30 хувийн санхүүжилт тусгаснаараа дэвшил болсон. Мөн хөрөнгө оруулалтын төслүүдийг цахим системд кодолсон. Тэр төсөл эхэлснээсээ өмчид бүртгүүлэх хүртлээ энэ кодоороо явна. Төслүүдийн бүртгэлийг зөвхөн төлөвлөлт биш, хэрэгжилт, санхүүжилт, гэрээний дугаар, өмч бүртгэлд ашиглахаар цахимжуулж, кодлон бүртгэлжүүлснээрээ давуу талтай.
-Ирэх оныг хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих жил болгоно гэж буй. Гэтэл яагаад хот гэхээс илүү орон нутагт хөрөнгө оруулалтыг чиглүүлж, анхаарал тавьсан юм бол?
-Хот, хөдөөгийн сэргэлтэд гол анхаарлаа хандуулж байгаа нь 2024 оны төсвийн бас нэг онцлог. Орон нутагт амьдарч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэйгээр, тасралтгүй хүргэх ёстой. Тэд төрийн үйлчилгээ авахын тулд нийслэлд ирэх шаардлагагүй. Үүний тулд төрийн албан хаагчид орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Цалин дээр орон нутгийн нэмэгдэл олгож буй нь энэ бодлогын нэг хэсэг юм. Орлого нь боломжийн болсон нөхцөлд тэд орон сууцын зээлд хамрагдахыг хүснэ. Тиймээс ипотекийн зээлийн орон нутагт ногдох санхүүжилтийг нэмж байгаа. Ингэхээр нийлүүлэлтийг өсгөх хэрэгтэй болно. Тиймээс орон нутагт орон сууц барьж буй компаниудад татварын дэмжлэг үзүүлэх гэх мэтээр 4-5 цогц арга хэмжээ авахаар төсвийн төсөлд тусгасан. Энэ бүхэн сонгуультай холбоогүй. “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зургаан гол чиглэлийн нэг нь. Бидний өдөр тутмын амьдралд тулгарч байгаа нийслэл хотын түгжрэл, төвлөрлийг бууруулахын тулд орон нутаг руу анхаарахаас аргагүй. Нийслэл хотод хэчнээн төсөв мөнгө зарцуулсан ч орон нутаг руу хөдөлгөөнийг тархаахгүйгээр асуудлыг шийдэх боломжгүй байна. Цаашдаа орон нутгийн удирдлагууд эдийн засгийн хөгжлөөрөө өрсөлддөг, ажлын байр бий болгодог болох нь төвлөрлийг сааруулах бодлого юм.
-Төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.8 хувийг эзлэхээр тооцсон байна. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж байна гэж ХҮН намынхан үзэж буй. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан өөрчлөлт бол адилхан хууль шүү дээ. 2020 онд биднээс шалтгаалахгүй гадаад хүчин зүйл тулгарсан учраас төсвийн алдагдлыг 12.5 хувьд хүргэж нэмэхээс өөр аргагүй байсан. Зарлагыг ч тодорхой хэмжээгээр нэмэх хэрэгтэй болсон. Дэлхийн бусад бүх оронд ийм үйл явц болж, цар тахлын үед төсвийн алдагдал, зарлагаа нэмсэн. Одоо тэд энэ байдлаасаа аажмаар гарч, алгуурхнаар төсвийнхөө алдагдлыг бууруулж байгаа. Харин манайх 2020 онд 12.5 байсан алдагдлыг 2.8 хувь болгож чадлаа. Ингэснээр бид бүс нутгийн хэмжээнд алдагдлыг огцом буулгасан, төсвийн сахилга батыг маш сайн сахисан оронд тооцогдож байгаа. Бусад орныхыг харьцуулаад үзэж болно. Дөрвөн жилд төсвийн алдагдлыг зургаа дахин бууруулсан улс өөр байхгүй. Хуулиар ийм үүрэгтэй ч алдагдлыг 2.8 хувь болгохын тулд төсвийн сахилга баттай байсан. Төсөв, мөнгөний бодлогын уялдааг хангах хэд хэдэн арга хэмжээ хэрэгжүүлж, эдийн засгийн орлогоо яаж сайжруулах вэ гэдгийг маш сайн тооцож байж ийм боломж бүрдэж байгаа юм. Манай улсын урсгал зардал өндөр, тийм амархан буурах боломж байдаггүй. Урсгал зардал нийт зардлын бараг 80 хувийг эзэлдэг учраас том реформ хийх шаардлагатай. Тиймээс орлогоо нэмэх, экспортыг сэргээх, эдийн засгаа тэлэх арга хэмжээ авсан. 2025 онд төсвийн алдагдал хоёр хувь болно. Алдагдлыг сайн буулгахын хэрээр өрийн дарамтаас ангижирч байна гэсэн үг.
-Алдагдалгүй төсөв батлах боломж манайд ер нь бий юү?
-Алдагдалгүй төсөв баталдаг улс орнууд бий. Гэхдээ энэ нь хөгжлийн аль үе шатанд яваагаас хамаарна. Монгол Улс хөгжиж буй орон учраас өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулах боломжгүй. Нийгмийн үйлчилгээг иргэддээ хүртээмжтэй хүргэх, бодит орлогыг хамгаалах шаардлагатай. Төсвийн хоёр хувийн алдагдал гэдэг бол тухайн Засгийн газрын удирдаж болох хэмжээ. Нөгөө талдаа алдагдал өсөж буй хэмжээгээр төсвийн эдийн засгийн сууриа тэлсэн, хүн амд хүртээмжтэй хөрөнгө оруулалт хийгээд явах нь чухал байна.
-Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд төмөр замуудыг холбохоор ярьж байна. Гэтэл Гашуун сухайтаас бусад боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулах магадлал муу. Тиймээс 60 саян тонн нүүрс экспортлох боломж бага гэж зарим эдийн засагч үзэж байна л даа.
-Өнөөдрийн байдлаар (аравдугаар сарын 17) Монгол Улс 49 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Энэ оны түвшинд 50 сая тонн нүүрс гаргана гэж байсан бол яг одоогоор 49 сая тонн, хүрэн нүүрсээ оруулбал 51 сая тонныг гаргачихсан байна. Оны төгсгөлд 53 сая тоннд хүрэх байх. Тиймээс ирэх онд 60 сая тоннд хүргэх нь боомт, эсвэл хилийн нэвтрүүлэх чадвар, төмөр замаас шалтгаалахгүй.