НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Матильда Димовскатай ярилцлаа.
-Юуны түрүүнд таны ажилд амжилт хүсье. Манай улсын талаарх сэтгэгдлээр тань ярилцлагаа эхэлье.
-Монгол Улсад томилогдон ирсэндээ сэтгэл хангалуун байна. Ирээд дөнгөж нэг сар болж байгаа ч хоёр зүйл нь маш онцгойг мэдэрлээ. Нэгдүгээрт, Монгол үнэхээр өвөрмөц онцлогтой орон юм байна. Мөнх хөх тэнгэрийн орон гэж хүн бүр гайхширдаг нь үнэн юм. Нүүдэлчний өв уламжлалтай, өргөн уудам тал нутагтай, залуучуудын орон гэж онцлохыг хүслээ. Эдгээрийн хослол, уялдаа холбоо нь өвөрмөц юм. Хоёрдугаарт, энд боломж дүүрэн байна. Ирснээсээ хойш ажил хэргийн шугамаар хөгжлийн түншүүд, бизнесийн байгууллагынхан гээд олон талын төлөөлөлтэй уулзлаа. Ингэхдээ тэдний тогтвортой хөгжлийн төлөө гэсэн оргилсон тэмүүллийг мэдэрсэн. Бүгд нэгдэж, нийлээд тогтвортой хөгжлийн зорилтод хүрье, хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэл эрмэлзэл нь шууд мэдрэгдэж, харагдаж байна. Энэ нь том боломж юм.
Иймд өөрийнхөө удирдаж буй байгууллагын хийж, хэрэгжүүлж байгаа зүйлсийг өвөрмөц байдал, боломж руу нь чиглүүлж ажиллах нь зүйтэй болов уу. Үүнээс гадна Засгийн газар болон ард иргэдийнх нь хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн ажиллах болно. Тэр их боломжийг хүний хөгжилд нь хэрхэн чиглүүлэх вэ гэдэгт анхаарах нь маш чухал. “Хүний хөгжлийг хүн бүрд” гэж ярьдаг. Хүн бүрд гэдэг нь ахмад, дунд, залуу, ирээдүйд бий болох гээд бүх үед хүргэж, аль нэгнийг нь орхигдуулалгүй авч явахын нэр юм. Өдгөө дэлхий дахин, бүс нутгийн хэмжээнд анзаарагдаж байгаа “хөгжлийн шинэ загвар”-ын амин сүнс, тулгуур баганыг Монголд хэрхэн нутагшуулах вэ гэдэгт Хөгжлийн хөтөлбөрөөс анхаарах болно.
-Манай улсад томилогдон ирэхээсээ өмнө та Узбекистан, Молдав, Гүрж гээд пост коммунист орнуудад ажиллаж байжээ. Тэдэнтэй адил пост коммунист гэгддэг манай улс эдгээр орноос юугаараа ялгаатай, бас ижил гэж харж байна вэ?
-ЗХУ задарснаас хойш бий болгосон өөр өөрийн улс төрийн систем, өвлөж үлдсэн зүйлсээрээ орон бүр ялгаатай байх нь дамжиггүй. Өнөөдрийг хүртэл өөрчлөлт нь үргэлжилсээр л байна. Гэхдээ тэдний аль аль нь улс төр, эдийн засаг, нийгэм гээд бүхий л салбарын хүрээнд маш том өөрчлөлтийг туулж ирсэн. Үүнд цаг хугацаа, хүн хүч шаардлагатай. Энэ нь эдгээр улсад нийтлэг сорилт болсон нь ажиглагддаг. Улс орон бүр өөрийн онцлогтой. Эхэнд дурдсан зүйлсээс гадна уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засаг, түүнээс улбаалсан байгаль орчны өөрчлөлт, сөрөг нөлөөлөл, Хятад, Орос хэмээх хоёр том гүрний дунд орших геополитикийн нөхцөл байдал зэрэг нь Монголын гэх сорилт, бэрхшээлийг бий болгож байна. Пост коммунист орнуудад ажилласан туршлага маань хэрэг болох ч Монголын онцлог, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх нь илүү чухал.
-Монгол Улсад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрс 2023-2027 онд хэрэгжүлэх хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичиг ямар онцлогтой байх вэ?
-Энэ бол НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсын Засгийн газартай ирэх таван жилд ямар чиглэлд анхаарч ажиллах вэ гэдгээ тохирч, баталсан баримт бичиг. Үүнээс гадна та анзаарсан бол өнгөрсөн жил НҮБ-ын Монгол дахь байгууллагуудад хамаарах “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны цар хүрээ” хэмээх томоохон баримт бичгийг баталсан. Бид үйл ажиллагаагаа эдгээр баримт бичгийн хүрээнд явуулдаг гэсэн үг. Мөн ирэх таван жилд тавьсан зорилт маань Монгол Улсын хэрэгцээ, шаардлагад нийцэж байна уу гэдгийг байнга үнэлж, шаардлагатай бол өөрчилдөг. 2023-2027 онд хэрэгжүүлэх хөгжлийн туслалцааны хөтөлбөрийн баримт бичигт тусгаснаар гурван гол зорилтын төлөө ажиллах ёстой. Нэгдүгээрт, төрөлжсөн, хүртээмжтэй, ногоон эдийн засгийн шилжилтийг дэмжих, хоёрдугаарт, эрсдэлийг тооцож, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон байгалийн экосистемийн тогтвортой менежмент хийх, гуравдугаарт, эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх, чадавхжуулах, оролцоог нь хангасан хариуцлагатай засаглал бий болгох чиглэлд Монгол Улсыг дэмжин ажиллах юм.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг биелүүлэхэд улс орнуудад туслах үүрэгтэй ажилладаг. 2030 он гэхэд биелүүлэх ёстой зорилгодоо хүрэх хугацааныхаа тэн хагасыг туулчихсан байна. Харамсалтай нь, дэлхий даяараа биелэлт хангалтгүй, үр дүн тааруухан байгаа учраас бид ажлаа эрчимжүүлэх шаардлагатай. Монгол Улсын хувьд дээрх асуудлуудыг шийдэж чадвал бусад салбартаа нөлөөлж чадна гэж үзэж “хурдасгагч” дөрвөн зүйлийг онцолж буй. Тодруулбал, тэгш хүртээмжтэй эрчим хүчний шилжилт, хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгах, төрийн болон хувийн хэвшлийн санхүүжилтийг хэрхэн тогтвортой хөгжлийн зорилгод чиглүүлэх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна.
-Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүдийг чадавхжуулах чиглэлд хийж буй үйл ажиллагаа нэлээд үр дүнд хүрч байна гэж дүгнэдэг. Тэр дундаа шийдвэр гаргах түвшин болон төрийн албанд ажиллаж байгаа эмэгтэйчүдийн оролцоог нэмэгдүлэх хөшүүрэг, бидний хүрсэн үр дүнд та хэр сэтгэл хангалуун байна вэ. Бас та юу хүлээж байна вэ?
-Бидний ажил та бүхэнд анзаарагдаж буйг сонсох сайхан байна. Сүүлийн жилүүдэд хөгжлийн түншүүд, тухайлбал, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн санхүүжилтээр эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх, тэдний оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэх чиглэлд нэлээд шаргуу ажиллаж байна. Нэр дэвшигчдэд тавих аль нэг хүйсийн квотыг 2024 оноос 30, 2028 оноос 40 хувь байхаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд тусгахад эдгээр нөлөөллийн ажил, төсөл, хөтөлбөр түлхэц үзүүлсэн болов уу хэмээн сэтгэл хангалуун байгаа. Энэ нь манлайлагч эмэгтэйчүүдийн оролцоог дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ хэмээн найдаж буй.
Цаашид хуулийн хэрэгжилтэд нь анхаарч, дэмжлэг үзүүлэхэд таатай байх болно. Учир нь жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангасан улс болох хүртэлх та бүхний туулах зам урт байх болов уу. Хоёр жишээ хэлье. Монгол Улсын парламентад өнөөдрийн байдлаар нийт гишүүний 17 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Үүгээрээ 190 орчим орноос 133 дугаарт эрэмбэлэгдэж буй. Дэлхийн дундаж нь 26.5 хувьтай байгаа нь Монгол Улс доогуур үзүүлэлттэйг харуулна. Мөн нийгэм дэх жендерийн хэм хэмжээний индексийг Хөгжлийн хөтөлбөрөөс гаргадаг. Энэ онд буюу хамгийн сүүлд танилцуулсан индексээр Монголын хүн амын 97 хувь нь жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн талаар өрөөсгөл ойлголттой байгаа дүн гарсан. Улс төрийн салбарт эрэгтэйчүүд илүү манлайлах ёстой гэх мэт хэвшмэл ойлголт уламжлал, зан заншил, соёлд нь гүнзгий шингэсэн нь эндээс харагдаж байгаа юм. Бид зөвхөн улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэж яриад байгаа юм биш. Нийгмийн олон салбарт тэдний эзлэх байр суурь эрх тэгш байх ёстой. Гэхдээ эмэгтэйчүүдийн оролцоог сайжруулна гэхээр асаргааны эдийн засаг зэргээр хэвшмэл ойлголтоор яриад эхэлдэг. Харин ч эмэгтэйчүүд мэдээллийн технологи, ногоон хөгжил гэх мэт ирээдүйд тэргүүлэх салбаруудад манлайлж ажиллах ёстой.
-Эмэгтэй хүний тань хувьд асуухад НҮБ, олон улсын нөлөө бүхий байгууллагад удирдах албан тушаал хашиж ирэхдээ та хэр их саад бэрхшээлтэй тулгарсан бэ. Тухайлбал, танай Бүгд Найрамдах Умард Македон улсад жендерийн эрх тэгш байдал хэрхэн хангагдсан байдаг юм бол?
-Эмэгтэйчүүдийн туулдаг замаар л явж ирсэн, ялгаагүй дээ. Ил тод илэрхийлэхгүй байсан ч хэвшмэл ойлголтуудаас үүдэлтэй саад, бэрхшээлийг мэдэрч, амссан. Эрэгтэйчүүдтэй ижил ажил хийж байгаа ч эмэгтэй хүнийхээ хувьд илүү их хичээл зүтгэл гаргаж байж үнэлүүлэх жишээтэй. Ялангуяа манлайлагчийн байр суурьд дөхөөд ирэхээр эрэгтэйчүүд давамгайлсан ертөнц биднийг угтдаг. Энэ бүхэн маш том сорилт, бэрхшээл болдог. Тэр болгоныг даваад гарсан бүсгүйчүүдийг харахад гэр бүл, хувийн амьдралдаа зориулах цаг хугацаагаа золиосолсон нь анзаарагддаг. Манай Македонд энэ чиглэлд ахиц, дэвшил гарч байгаа. Гэхдээ л бидний туулах зам урт хэвээрээ. Манай улсын хувьд ялгаварлан гадуурхахын эсрэг хууль, жендерийн квот бий ч хэвшмэл ойлголтоор эмэгтэйчүүдэд тэгш ханддаггүй явдал элбэг байгааг харахад эгдүүцдэг. Тиймээс Монгол, Македон гэлтгүй хэвшмэл ойлголтыг халах ёстой. Үүнээс хэрхэн салах, жендерийн тэгш байдлын мөн чанар нь юу вэ гэдгийг бүгдэд ойлгуулахад олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагуудаас авхуулаад бүгд хамтрах нь үр дүнтэй. Эх орондоо очоод энэ чиглэлээр ажиллахыг хүсэж байгаа ч одоогоор Монголд төвлөрөн ажиллах нь миний гол зорилго.
-Ингэхэд та ямар мэргэжилтэй вэ. НҮБ, Хөгжлийн хөтөлбөртэй холбогдсон түхээсээ хуваалцахгүй юу?
-Хөгжлийн салбарт 30 гаруй жил ажилласнаас 20 орчимд нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн нэг хэсэг болж, мэргэжилтнээс суурин төлөөлөгч хүртлээ хөгжиж, сурч явна. Эзэмшсэн мэргэжил маань эдийн засагч. Умард Македоны Скопье хот дахь “Гэгээн Сирил ба Мефодиус” их сургуулийг эдийн засгийн бодлого, хөгжлийн чиглэлээр магистрын зэрэгтэй дүүргэсэн. Хөгжлийн хөтөлбөртэй холбогдохоосоо
өмнө хувийн хэвшилд ажиллаж байсан юм. Үүний дараа богино боловч хугацаанд төрд ажиллах боломж бүрдэж байлаа. Македонд өмч хувьчлал явагдаж байсан эмзэг үе л дээ. Ямартай ч төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагад ажилласан туршлага өнөөдрийг хүртэл эрхэлсэн ажилд маань ихээхэн тус дөхөм болсон. Монгол Улсын хөгжилд ч хэрэг болно хэмээн найдаж байна.
-Монгол Улсын сайн засаглалын төлөх та бүхний оролцоо, дэмжлэгийн нэг хэсэг нь авлигатай тэмцэх механизм бүрдлэ үрдлэхэд чиглэж ирсэн. Энэ тухайд тодрууллахгүй юу?
-Ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа асуудлуудаас харахад ч тэр Монгол Улсын хувьд авлигатай тэмцэх нь маш чухал ажил юм. Авлига, хээл хахууль бол хөгжлийн хамгийн том саад тотгор. Эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн суурь салбаруудад зориулагдах ёстой байсан хөрөнгө мөнгө авлигаас болж алга болдог. Үүнээс болж иргэн, төр хоёрын дунд үл ойлголцол үүсдэг. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр байгуулагдсан цагаасаа Монгол Улсад энэ чиглэлээр туслалцаа үзүүлж ирсэн. Тухайлбал, АТГ-ыг үүсгэн байгуулах, Авлигын эсрэг хуулийг батлахад Хөгжлийн хөтөлбөр идэвхтэй дэмжсэн түүхтэй. Одоогоор БНСУ-ын Сөүл хот дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бодлогын төвийн дэмжлэгтэйгээр авлигын эсрэг мэдээлэх механизмыг бэхжүүлэхээр ажиллаж байна. Цаашид ч Монгол Улсын Засгийн газрыг энэ чиглэлд дэмжиж, хамтарна.
-Та хэлсэнчлэн Монгол бол залуучууддын орон. Улс, эх орныхоо хөгжил, дэвшилд хувь нэмрээ оруулах гэсэн тэдний хүсэл эрмэлзэл ч их. Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс цаашид энэ чиглэлд юу хийх вэ. Мөн залуучуудын оролцоог та хэр хэн харж байгаа вэ?
-Юуны өмнө НҮБ-ын залуучуудад чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагаанд зөвлөх үүрэгтэй ажилладаг НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо хэмээх байгууллагыг онцолмоор байна. Залуучуудыг шийдвэр гаргагчидтай харилцах механизмаар хангахаас гадна боломжоо бүрэн ашиглахад нь туслах хэрэгтэй гэж боддог. Тухайлбал, бид цаашид залуучуудын дэмжлэг, оролцоог ерөнхийд нь ногоон шилжилтийн сэдвийн хүрээнд авч үзэх болно. Учир нь ногоон болон сэргээгдэх эрчим хүчний шилжилт нь ирээдүйд анхаарлын төвд байх сэдэв юм. Өөр нэг чухал зүйл нь дижиталчлал. Бид залуучуудад дижитал хэрэгслийн талаар заах шаардлагагүй. Тэд аль хэдийн эдгээрийн талаар өргөн мэдлэгтэй болчихсон. Гэхдээ өсөн нэмэгдэж буй дижитал эдийн засагт нийцэх ур чадвар эзэмших шаардлага тэдэнд бий. Ингэж байж залуучууд дижитал эдийн засагт идэвхтэй оролцоно. Ер нь залуучуудын тухай ярихдаа урагш харж, ирээдүйнх нь талаар бодож, ярьдаг. Тиймээс тэд аль салбарт илүү оролцоотой байхыг хүсэж байна, бид түүнийг нь тууштай дэмжих хэрэгтэй. Миний хувьд ногоон шилжилт, дижиталчлал нь залуучуудын хувьд чухал, урагшлах зам нь гэдэгт итгэдэг.