Компани, аж ахуйн нэгжүүд мэргэжилтэй ажилтнаа олон улсад хосмог тогтолцоо буюу танхим, ажлын байран дахь хамтарсан сургалтаар бэлтгэж буй нь шилдэг туршлага болоод байна. Тиймээс цаашид "Хосмог сургалт"-ын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг олон улсын жишгээр хэрэгжүүлэхэд компани, аж ахуйн нэгж байгууллагууд ажлын байран дээрх сургагчаа бэлтгэх нь чухал. Тухайн ажилтны ажил мэргэжлийн стандартын суурь мэдээлэл цуглуулах, үүрэг, ажилбарын дүн шинжилгээ хийх ажлыг Дакум аргачлалаар боловсруулах семинарыг өнгөрсөн өдрүүдэд 20 гаруй компанийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.
Энэ үйл ажиллагааны дүнд “Ажлын байран дээрх сургагч”-ийн гол үүрэг, ажилбаруудад сургалтын төлөвлөх, хэрэгжүүлэх, заах арга зүй, ажлын байран дахь суралцагчийг үнэлэх, зөвлөн туслах зэрэг үйл ажиллагаануудыг зураглан боловсруулсан. Ажлын байран дээрх сургагчийг бэлтгэх стандарт, хөтөлбөртэй болсноор цаашид хосмог сургалтын тогтолцоог бүрдүүлэх, компанийн үйл ажиллагаанд ирээдүйн ажилтнаа бэлтгэдэг систем бий болох юм.
Энэхүү үйл ажиллагааг МҮХАҮТ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран олон улсын Дакум зөвлөх, ажиглагч нарыг оролцуулан зохион байгуулсан бөгөөд цаашид гишүүн байгууллагуудаас санал авч, баталгаажуулалт хийхээр төлөвлөж байна.