Барилга барьж буй компаниуд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаарх хууль, дүрэм, журмыг зөрчсөнөөс ажилчид нь эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол гарсаар байгаа. Сүүлийн жилүүдэд дархан цаазат Богдхан уулын амууд, Туул голын сав газрын ойролцоо барилга барих нь эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн нутагт хүний амь, эрүүл мэнд хохирсон осол олон гарч буй аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч асан Л.Пүрэвдоржийн хүү, П.Хурцын эзэмшлийн “Уорлдстандарт” ХХК-ийн бариулж байгаа, дархан цаазат Богдхан уулын Богинын аманд босгож буй барилгад энэ он гарсаар хоёр ч кранчин залуу амиа алджээ. Тус дүүрэгт гарч буй хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдалтай холбоотой нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замын талаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас судалжээ. Эл судалгааных нь талаар тус дүүргийн хяналтын прокурор Б.Энх-Амгалантай өнгөрсөн баасан гарагт ярилцлаа.
-Хан-Уул дүүргийн нутагт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимтэй өрнө ж байгаа. Үүний улмаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон холбогдох дүрэм, журам зөрчигдөх, хүний амь, эрүүл мэнд хохирох гэмт хэрэг цөөнгүй гарч буй тухай мэдээлэл бий. Энэ талаар судлав уу?
-Хан-Уул дүүрэгт сүүлийн жилүүдэд барилга, орон сууц ихээр барьж байгаатай зэрэгцэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, түүнтэй холбоотой мөрдөгдөж буй дүрэм, журам зөрчигдөх, хүний амь, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг гарах нь нэмэгдсэн. Энэ нь тус дүүргийн Прокурорын газраас 2022 он, 2023 оны I улирлын байдлаар хийсэн “Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон” хэргийн талаарх судалгааны дүнгээс харагддаг. Тодруулбал, тус дүүргийн Прокурорын газраас 2022 онд энэ төрлийн 14 хэрэгт хяналт тавьсан бол 2023 оны наймдугаар сарын байдлаар 53 хэргийг хянасан нь гэмт хэрэг өсөх хандлагатайг харуулжж байна . Эдгээрийн шалтгаан, нөхцөлийг судлах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь гэмт хэргийг бууруулах, дахин гарахаас сэргийлэх ач холбогдолтой юм.
-Судалгааны дүнгээс товч мэдээлэл өгч болох уу?
-Бололгүй яах вэ. Тодорхой төрлийн гэмт хэргийг судалж, судалгааны дүнг олон нийтэд мэдээлэх нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байдаг. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хийсэн дээрх судалгаагаар хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь, эрүүл мэнд хохирсон хэргийн тохиолдол тус дүүргийн IV хороонд 14, XX хороонд 10, XV хороонд тав, XXI хороонд дөрөв бүртгэгдсэн нь бусдаасаа их бөгөөд энэ нь шинэ суурьшлын бүс бий болсонтой холбоотой. Дээрх гэмт хэргийн улмаас 2022, 2023 оны эхний найман сард 69 хүний амь, эрүүл мэндэд хохирол учирсан. Үүнээс 43 хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хүнд хохирол учирсан. Харин 24 хүн амиа алдсан байна. Гэмт хэрэгт холбогдон шалгуулсан аж ахуйн нэгжүүдээс гурав нь энэ төрлийн хэрэгт хоёр ч удаа холбогдсон байна. Нийт хэргийн 66 нь (95 хувь) ажлын байрандаа буюу барилгын угсралтын ажил хийж гүйцэтгэх явцад, гурван тохиолдол буюу таван хувь нь хөдөлмөрийн дотоод журам зөрчсөнөөс үүдэлтэйгээр гарсан болох нь тогтоогдсон .
-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаа хийсэн гэлээ. Энэ төрлийн гэмт хэрэг ямар шалтгаан, нөхцөлийн улмаас гарч байна вэ. Үүнд хэн буруутай бол?
-Осол гарсан шалтгааныг судлан үзэхэд ажилтан, ажил олгогч аль алинаас нь шалтгаалсан байдаг. Тухайлбал, ажилтнууд хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаж мөрддөггүй, хамгаалах хэрэгслийг зохих журмын дагуу хэрэглэдэггүй, ажил олгогч талаас хууль тогтоомжийн хүрээнд тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлдэггүй зэрэг нь осолд өртөх, амиа алдах шалтгаан болж буй гэж дүгнэсэн. Харин ажил олгогчид мэргэжлийн бус хүмүүсээр ажил гүйцэтгүүлдэг, тэднийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулдаггүй, Монгол Улсын барилгын норм ба дүрмийн холбогдох заалтыг дагадаггүй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрддөггүй, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг төсөвлөж зарцуулдаггүй, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг хэлбэр төдий өгч, гарын үсэг зуруулдаг, биелэлтэд тавих хяналт байхгүй зэрэг нь осол гарах шалтгаан болж байна.
-Тухайлбал, ямар жишээг энд эш татаж болох вэ?
-Шүүхээр шийдвэрлэсэн нэг хэргийг энд эш татъя. Холбогдох хууль, дүрмийн дагуу иргэн, аж ахуйн нэгжийн нэрийг энд нууцалж буйг уншигчид зөвөөр ойлгоосой. Иргэн Д.Б нь Х гэх компанийн захирлаар ажиллаж байхдаа С гэдэг компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт барьж буй орон сууцын хорооллын барилгын цонх, фасад болон бусад ажил үйлчилгээг гүйцэтгүүлсэн. Уг гэрээнд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэмд заасан барилгын ажлын захиалагчийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. С компанийн дэд захирал Б.Б нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа Х компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан барилгын цонх, фасад болон бусад ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ мөн өмнө дурдсан хууль, дүрэмд заасан хяналтын үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна . Үүний улмаас 2022 оны арваннэгдүгээр сарын 20-нд тус компанийн ажилтан О барилгын 15 давхрын агааржуулалтын нүхийг битүүмжилж хаасан хөөсөнцөр дээр гишгэн 10 давхар хүртэл унаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан. Дээрх гэмт хэрэг гарахад барилгын захиалагч Х компани болон барилгын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан С компанийн удирдлага хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь уг гэмт гарахад шууд нөлөөлсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тиймээс шүүх Д.Б, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3-1 дэх хэсэгт заасан “Бусдын биед хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний захирлаар ажиллах эрхийг нэг жил хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу дөрвөн сая төгрөгөөр торгох ял оноосон байна.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь, эрүүл мэнд хохирсон хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг бууруулахад барилгын компаниуд юунд анхаарах ёстой бол?
-Барилга, байгууламж барьж байгаа хувь хүн, хуулийн этгээд нь төрийн захиргааны байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулдаг. Хэдийгээр барилгын ерөнхий гүйцэтгэгч компани нь тусгай зөвшөөрөлтэй байх боловч туслан гүйцэтгэгч сонгохдоо иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулдаг. Зарим тохиолдолд туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, байгууллага нь тусгай зөвшөөрөлгүй байх тохиолдол бий. Барилгын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий гүйцэтгэгч компани хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гарч байгаа хэргүүдээс үзэхэд туслан гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахыг гэрээний заалт болгож оруулдагтай холбоотойгоор энэ талаарх заалт зөрчигдөж, хүний эрүүл мэнд, аминд болгоомжгүй хохирол учруулах шалтгаан, нөхцөл болж байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Дэд бүтцийн сайдын 2004 оны 163 дугаар тушаалаар баталсан барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийн холбогдох заалт, барилгын үйлдвэрлэлд оролцогч компаниудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбогдох заалтууд зөрчигдөх үндсэн шалтгаан болж буй нь судалгааны дүнгээс харагддаг. Тухайлбал, туслан гүйцэтгэгч компаниуд мэргэжлийн бус , ямар ч чиг баримжаагүй хүмүүс ажиллуулдаг ажиллуулдаг бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалтад хамрагдаагүй, энэ талаар төдийлөн сайн ойлголтгүй, практик туршлагаараа тухайн ажлыг хийдгээс болж хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчигддөг. Тиймээс цаашид ерөнхий гүйцэтгэгч компанийн зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдалд тогтмол анхаарч өөрсдийн үндсэн үүрэг гэдгийг ухамсарлах, туслан гүйцэтгэгч компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг тогтмол зохион байгуулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, Монгол Улсын барилгын норм ба дүрэм, журмыг барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийн төсвийг баталж, түүнийгээ ашиглах, өдөр тутмын зааварчилгаа өгөх, Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны гуравдугаар сарын 17-ны 27 дугаар тушаалаар баталсан БНбД 12-04-06 “Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” хэмээх эрх зүйн баримт бичгийг мөрдөх, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг хэлбэр төдий өгч, гарын үсэг зуруулдаг явдлыг зогсоож, биелэлтэд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь, эрүүл мэнд хохирсон хэргийн судалгааны үр дүнд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас ямар ажил арга хэмжээ авч байна вэ?
-Барилга барих тусгай эрх олгосон аж ахуйн нэгжүүдийн гаргасан үйлдвэрлэлийн осолд дүгнэлт хийж, үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх эсэх, зөвшөөрлийн хугацааг сунгах үед харгалзан үзэж байх талаар БХБЯ-ны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдох хууль, журамд заасны дагуу албан бичиг хүргүүлсэн. Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор прокурорын мэдэгдлийг тухай бүрт нь бичиж байгаа.