НҮБ-ын Хүүхдийн сангийн Боловсролын хөтөлбөрийн ажилтан Т.Цэндсүрэнтэй бага насны хүүхдийн тархины хөгжлийн судалгааны талаар ярилцлаа.
-Бага насны хүүхдийн тархины хөгжилд анхаарах нь чухал гэдгийг сүүлийн үед нэлээд хөндөх болсон. Энэ нь яагаад чухал вэ гэдэгт хариулт өгөхгүй юү?
-Дэлхийн сэтгэлзүйчдийн мэргэжлийн нийгэмлэгүүдийн томоохон байгууллага АНУ-д төвлөрдөг. Америкийн сэтгэлзүйчдийн холбооноос 1995-2005 оны хооронд хүүхдийн тархины хөгжлийг маш сайн судалсан. Үүний үр дүнд хүний хөгжил талаасаа нэлээн томоохонд тооцогдох баримт, нотолгоо, дүгнэлтүүд гаргасан байдаг юм. Үүний үр дүнд 2015 онд НҮБ-ын Хүүхдийн Сангаас 15 орны тархи судлалын тэргүүлэх эрдэмтдийн оролцоотой зөвөлгөөн-хэлэлцүүлгийг зохион байгуулж НҮБ-ын Хүүхдийн Сангийн бага насны хүүхдийн хөгжил, боловсролын чиглэлээрх стратеги, хөтөлбөрүүдийг тархи судлалын баримт нотолгоонд нухацтай суурилах ажлыг эхлүүлсэн.
Эрдэмтэд баримт нотолгоондоо тулгуурлан бага насны хүүхдэд эрүүл мэнд, хоол тэжээл, асаргаа халамж, хамгаалал, боловсролын цогц үйлчилгээ үзүүлэх нь тэднийг ирээдүйд амжилттай суралцах, чанартай амьдрах суурь нь болно гэж үзсэн. УИХ-аас Боловсролын ерөнхий хуулийг баталлаа. Хоёр зүйлийг дурдахад, сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалтуудыг шинэ шатанд гаргах талаарх агуулгыг уг хуульд тусгасан нь сайшаалтай. Мөн гэр бүлд суурилсан сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг дэмжих чиглэлээр тодорхой тусгасан..
-Хөгжлийн үе шатуудыг олон улсын судалгаагаар хэрхэн тогтоосон юм бол?
-Хүний хөгжлийн үе шатууд гэж бий. Үүнийг боловсрол, сэтгэл судлал, философийн талаас нь янз бүр ангилдаг. Хүний хөгжлийн талаас нь дөрвөн үе шатанд ангилан авч үзэж байна. Тодруулбал, ургийн хөгжлөөс гурав хүртэлх, 3-6, 6-12, 12-18 нас гэж ангилж болно. Өмнө нь боловсролын салбарын үзэл баримтлалд хүүхэд бол “цагаан цаас”, тэрэн дээр юу бичнэ, тийм хүн болно гэж үзэж байсан. Одоо цагт тархи судлалын шинжлэх ухаан үүнийг өөрөөр харах боломж олгож байна. Тархи гэдэг бол байгалийн өгөгдөлтэй. Нэг талаас байгалийн удамшил, нөгөө талаас орчны хүчин зүйл зэрэгцэн оршиж байж хүний хөгжил явагддаг. Тэр дундаа хөгжлийн хамгийн чухал үе нь зургаа хүртэлх нас. Өөрөөр хэлбэл, хүүхдийн хөгжил нь хоосон хувинтай зүйрлээд, түүнийг дүүргэх мэтээр ярих боломжгүй, байгалийн өгөгдөлтэй зүйл гэсэн үг. Тархинд удамшлын маш их мэдээлэл бий. Тархи хадгалах, хүлээн авах, боловсруулах зэрэг үйлдлийг хийдэг хамгийн чухал эрхтэн. Хүүхэд эхээс мэндлэхэд тархиных нь жин 300 гр байдаг. Энэ нь насанд хүрсэн хүний тархины жингийн дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээ. Хүүхэд эхээс мэндлэхдээ 100 тэрбум гаруй эстэй төрдөг. Насанд хүрэгчид 86 тэрбум тархины эстэй. Тархины эсүүд хоорондоо холбогдож, хөгждөг. Жишээ нь, ургийн хөгжлийн 36 долоон хоногтойд тархи дээрх үйлдлийг гүйцэтгэж байдаг.
Эцэг, эхчүүд гурван чухал зүйлийг дэмжих ёстой. Нэг нь бага насны хүүхэдтэйгээ байнгын идэвхтэй харилцах. Насанд хүрэгчдийн хайр энэрэл, халамж, хамгаалал, эерэг харилцаа нь хүүхэд бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ.
Дөнгөж төрсөн хүүхдийн эсийн холбоос хэр зэрэг үүснэ, тэр чинээгээр мэдээллийг боловсруулах ажиллагаанд ороход бэлэн болдог. Хоёр настай хүүхэд гаднах орчныхоо мэдээллийг нь яг насанд хүрсэн хүнтэй адил хүлээж авдаг. Тиймээс бага насны хүүхдийн тархи бол суралцахуйн гайхамшигтай машин гэсэн үг.
-Хүүхдийнхээ тархины хөгжлийг эцэг, эхчүүд яаж дэмжих вэ?
-Хүүхдийн зан үйл хөдөлгөөнөөс нь урьтаж төлөвшдөг. Хүүхэд төрөөд шинэ чадваруудыг эзэмшихийн зэрэгцээ орчиндоо дасан зохицох шаардлагатай болдог. Эцэг, эхчүүд гурван чухал зүйлийг дэмжих ёстой. Нэг нь бага насны хүүхэдтэйгээ байнгын идэвхтэй харилцах. Насанд хүрэгчдийн хайр энэрэл, халамж, хамгаалал, эерэг харилцаа нь хүүхэд бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ. Тухайлбал, 6-18 сартай хүүхдийн нийгэмших чадамж нь нэн мэдрэг. Сэтгэлийн хөдөлгөөнөөс эхлэлтэй эсийн холбоос нь бат бэх байдаг. Хоёрдугаарт, аюулгүй, танин мэдэхүйн, дэмжлэгт орчинд хүүхдийг өсгөх нь чухал. Хүүхдийнхээ хажууд тайван байж, маргалдаж болохгүй. Мөн жирэмсэн эхийг цочоож болохгүй гэдэг. Зохистой хоол тэжээлээр хангах нь тархины хөгжилд чухал нөлөөтэй. Хоолыг инээж ид, яарч идэж болохгүй гэдэг шүү дээ.
Орчин үед зарим эцэг, эх хүүхдээ хашлагатай сандалд суулгаж байгаад, хоолыг нь халбагадаж өгдөг. Үүний оронд хүүхэд өөрөө идвэл зөв хооллолт болдог. Мөн хэтэрхий өлсгөвөл тархины булчингийн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Төрсний дараах 15 хоногтойдоо хоол тэжээлийн дутагдалд орсон хүү зүс царай сайтай, цоо эрүүл, оюуны чадамж өндөртэй хэдий ч олноос хөндий нэгэн болж өссөн, улмаар өсвөр насандаа гэмт хэрэгтэн болсон жишээ байдаг. Орчин үед залуу эцэг, эхчүүд хэрэгтэй мэдээллийг олж унших эх сурвалж олширсон. Гол нь зөв мэдээллээ олж унших нь чухал. Монголчууд аль хэдийн тархины хөгжлийн талаар “Эрдэм, ажил дунд алд өснө. Инээд баясал дунд төө өснө. Идэш ууш сайтай гэрт сөөм өсдөг” гэж маш оновчтой хэлчихсэн байдаг.
-Тархиных нь хөгжлийг тохирох насанд нь дэмжсэнээр ямар амжилтад хүрч болох вэ?
-Хүүхэд 7-33 сартайдаа 18 долоо хоногийн дотор хоёр дахь хэлээ сурч байна. Өдөрт нэг цагт гадаад хэлний 74 үг тогтоох бололцоотой гэж үздэг. Хэд хэдэн хэлийг зэрэг сурах боломжтой гэсэн судалгааны дүн ч бий. Үргэлж ээж, аавтайгаа харилцдаг хүүхэд гурван нас хүрэхдээ 30 саяас илүү үг сонссон байдаг. Түүнээс цааш тархины хөгжил саарна. Энэ нь удааширч байгаа гэсэн үг биш. Харин боловсруулалт хийх түвшин нь өөрчлөгдөж байна гэсэн үг. 3-5 насанд тархи бүрэн жиндээ хүрдэг. Тархины хөгжил ийм чухал гэдгийг шинжлэх ухаанаар баталсан. Тиймээс тархины хөгжлийн чухал үед нь хүүхдээ маш сайн анхаарах ёстой. Хүүхэд зургаа хүртэлх насандаа өөрийгөө бүтээдэг. Үүнийг хүн бүр, улс орны бодлогоор дэмжих учиртай. Ингэснээр хүүхдэд буй өгөгдлийг нээн илрүүлэх, бие хүнийг төлөвшүүлэх, шинийг бүтээх юм. Нийгэмд нөлөөлөхийг хүсвэл хүүхдээсээ л эхлэх ёстой.
Үүний тулд эцэг, эх нь оюун ухаан, бие бялдрын хувьд эрүүл байх ёстой. Мөн гэр бүлийн эдийн засгийн тогтвортой байдал нөлөөлнө. Хүүхэд эхлээд байгаа зүйлийг ажигладаг, түүний дараа туршдаг. Мөн бүтээдэг. Тиймээс хүүхдээ мэндэлсэн үеэс нь зөвхөн бие махбодын эрүүл мэндэд нь анхаарах бус, сэтгэл зүй, суралцах чадварт нь юу юунаас илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхдийн тав хүртлээ сурсан бүх зүйл нь насан туршийнх нь дадал, чадвар болж үлддэг. Ялангуяа 4-6 насны хүүхэдтэй ярилцах нь хүүхдийн тархины хөгжлийг дэмждэг. Гурван настай үеийн хэл ярианы хөгжил нь сургуулийн гуравдугаар ангийн унших чадварыг эзэмших боломжтой гэж үздэг. Улмаар дунд сургуулиа хэрхэн амжилттай дүүргэхийг тодорхойлох боломжтой гэсэн эрдэмтдийн судалгаа ч бий. Монгол дээлийг буруу эсгэчихвэл хэцүү байдаг. Хүүхдийн бага нас дээлийн эсгүүрийн эхлэлтэй адил.
-Олон улсын эрдэмтдийн судалгааны үр дүнгээс жишээ дурдана уу.
-АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нобелийн шагналт Жеймс Хейкмэн 40 жилийн судалгааныхаа үр дүнд үндэслэн бага насны бол хүний хөгжлийн хамгийн чухал үе, бага насны хөрөнгө оруулалт хамгийн өндөр эргэх ашигтай болохыг дүгнэсэн байдаг. Жеймс Хайкен 2015 онд “Бага нас бол хүний хөгжлийн хамгийн чухал үе. Энэ насны хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах нь хамгийн чухал” гэсэн дүгнэлт гаргаж, түүнийгээ судалгаагаараа нотолсноо рНобелийн шагнал хүртсэн. Тэрбээр 20 хүүхдийг 2-3 настайд нь тусгай хөтөлбөрт хамруулж эхэлжээ. Тэднийг 40 нас хүрэхэд нь уг хөтөлбөрт хамруулаагүй 20 хүнтэй харьцуулан судалгаа хийсэн байдаг. Судалгааны дүнгээр тэд хөтөлбөрт хамрагдаагүй 20 хүнээсбүх талаараа давуу үзүүлэлттэй байсан. Амьдралынхаа туршид тасралтгүй орлоготой, ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоогүй, гэр бүлээсээ салаагүй, нийгэмд буруу зүйл хийгээгүй зэргийг дурдаж болно.