ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жил хорих ял оноосон. Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байгаад өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж буй юм. Учир нь түүнийг “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татсан учраас хорих ангиас Цагдан хорих төв рүү шилжүүлсэн билээ. Тэгвэл түүнийг өчигдөр орой ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас сулласан байна.
Багануур дахь хорих ангийн удирдлагаас Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад, суллах захирамж гаргасан аж. Үүнийг нь прокурорын байгууллагаас эсэргүүцэн дээд шатны шүүхэд нь хандсан тухай мэдээлэл ч бидэнд ирлээ. Прокурор эсэргүүцэж буй шалтгаан бол Б.Махбалын ял эдэлсэн хоног хугацаа нь тэнсэн суллах шалгуурт нийцээгүй гэж үзсэнтэй холбоотой аж. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Махбалд 13 жил хорих ял оноосныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 11 жил болгож багасган, хяналтын шатны шүүх хэвээр нь баталсан. Түүн дээр нэмээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байхдаа хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлж, нэг жил 11 сарын хорих ялыг нь багасгасан байдаг. Ял эдэлж байх хугацаанд нь “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татан, хорих ангиас нь шилжүүлж, цагдан хорьсноор хугацаанаас нь өмнө тэнсэн суллах шалгуурыг хангахгүй болсон бололтой. Тиймээс прокурор давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн гэнэ.
Гэтэл түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангиас ч гаргах захирамж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Уг нь бол “Хөгжлийн банкны” гэх хэргийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Махбалд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр заасан. Гэтэл түүнийгээ зөрчөөд “Хөгжлийн банкны” гэх хэргийг Дээд шүүхээр хэлэлцээгүй, тогтоол эцэслэн гараагүй, хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад Б.Махбалыг суллах захирамж гаргаж буй нь ямар нэг ашиг сонирхол нөлөөлсөн юм биш биз гэсэн хардлага төрүүлэв.