МУИС, “Зориг” сан хамтран оюутнуудыг ажлын байранд дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүнд хамрагдсан оюутнуудад өөрийгөө хөгжүүлэнгээ цалинтай ажиллах боломж олгохоо “Зориг” сангаас мэдээлсэн юм. Залууст ажлын байраа зөв сонгох болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилгоор дээрх хоёр байгууллагынхан хамтран “NUM career” хөгжлийн төвийг өнгөрсөн жил байгуулжээ. Энэ хичээлийн жилд 20 оюутныг шалгаруулж, уг төвд таван сарын хугацаанд дадлагажуулах нь. Үүнд хамрагдсан оюутнууд цалинтай ажил хийхээс гадна хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ур чадварын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах аж. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг “Зориг” сангаас цахимаар бүртгэж буй гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч