Кристина Ноблийн хүүхдийн сан 1989 оноос хойш үйл ажиллагаа явуулсан туршлагадаа тулгуурлан сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй боловсруулжээ. Уг арга зүйг Монголд нэвтрүүлэх ажил өдгөө үргэлжилж буй аж. Энэ талаар Кристина Ноблийн хүүхдийн сангийн Сэтгэл зүйн хөтөлбөрийн менежер, сэтгэлзүйч Э.Номин-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сэтгэл зүйн гэмтлийг онол, шинжлэх ухааны түвшинд олон янзаар тодорхойлсон байдаг. Та үүнийг энгийнээр хэрхэн тайлбарлах вэ?
-Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн гэмтэл буюу траумаг иргэд их ярьдаг, мэддэг болсон. Манай байгууллагынхны хувьд сэтгэл зүйн гэмтэл гэдэг үгийг маш болгоомжтой ашиглахыг хичээдэг. Яагаад гэвэл энэ үг өргөн агуулгатай. Бас маш хүчтэй утгыг илэрхийлдэг. Тиймээс үүнийг ашиглахдаа болгоомжтой хандаасай гэж юуны түрүүнд хүсмээр байна. Сэтгэл зүйн гэмтлийг эрдэмтэд олон талаас нь тодорхойлсон байдаг.
Миний хувьд уншигчдад ойлгомжтой, энгийнээр тайлбарлахыг хичээе. Сэтгэл зүйн гэмтэл буюу траума нь нэг удаагийн, эсвэл удаан хугацаанд үргэлжилсэн шинжтэй байна. Тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдралтай холбоотой таагүй үйл явдал, зовлон зүдгүүрээс шалтгаалсан, удаан хугацаанд үргэлжилсэн үйл явдлын улмаас үүсдэг сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл гэсэн үг. Тэр хариу үйлдэл нь хүний тархины хөгжил, ээнэгшин дасах үйл явц, амьдралын чанарт нь саад учруулахыг гэмтэл гэж товчхон тодорхойлж болно.
-Ийм төрлийн гэмтлийг иргэд өөрсдөө таних боломжтой юу. Эсвэл мэргэжлийн түвшинд оношлуулах уу?
-Сэтгэл зүйн гэмтлийг эрдэмтэд сүүлийн үед олон төрөлд ангилдаг болсон. Миний хувьд ажлын туршлагадаа суурилаад, ерөнхийдөө иргэд мэдэх шаардлагатай хоёр шинжийг тайлбарлая. Нэгдүгээрт, гэнэтийн цочролоос үүдсэн гэмтэл. Хоёрдугаарт, хөгжлийн гэмтэл. Цочролоос үүдсэн гэдэг нь хайртай хэн нэгнээ алдах, эсвэл гэнэтийн халдлага, осол гэмтэлд өртсөн байж болно. Хөгжлийн гэмтэл нь төрөл бүрийн хүчирхийлэл юм. Үл хайхрах, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэл, эсвэл удаан хугацааны турш ялгаварлан гадуурхалд өртсөнөөс үүдсэн гэмтэл.
-Гэмтэлтэй хүүхдүүдэд түгээмэл илэрдэг шинж тэмдэг байдаг уу. Хүүхдүүд үүнд өртөөд байгаагийн гол шалтгаан юу вэ?
-Мэдээж шинж тэмдгүүд илэрнэ. Гэхдээ хэдхэн зүйлээр хязгаарлаж болохгүй. Ямартай ч түгээмэл илэрч болох хэд хэдэн шинжийг дурдъя. 0-5 настай хүүхдэд шалтгаангүйгээр уйлах, найз нөхдөөсөө, ангийнхнаасаа өөрийгөө тусгаарлах, унтахгүй байх, хар дарах шинж тэмдэг илэрч болно. Бага ангийн хүүхдүүдийн хувьд сурах идэвх буурах, анхаарал төвлөрөх, танин мэдэхүйн бэрхшээлүүд ажиглагдах магадлалтай. Өөрт тохиолдсон таагүй үйл явдлаа дахин дахин ярих, хэн нэгнээс хайр халамж хүсэх, буруу зүйл хийж, бусдын анхаарлыг татах шинж тэмдэг өсвөр насны хүүхдүүдэд ажиглагдана. Эцэг, эхчүүд хүүхдээ маш сайн анзаарах нь чухал. Хүүхэд насанд авсан гэмтэл насанд хүрсэн хойно ч нөлөөлдгийг янз бүрийн судалгааны дүнгүүд харуулдаг. Олон нийт ч энэ талаар нэлээд ярьдаг шүү дээ. Хүүхдийн тархи хараахан хөгжөөгүй байдаг учраас сэтгэл зүйн гэмтэлд амархан өртдөг. Бас “Би гэмтчихлээ”, “Сэтгэл таагүй байна” гэх мэтээр өнгөрсөн үйл явдлыг илэрхийлэх чадвар суугаагүй учраас гэмтэлд илүү өртөх магадлалтай.
-Эцэг, эхчүүд хүүхдээ сэтгэл зүйн гэмтэлтэй, эсэхийг нь хэрхэн таних вэ. Бас ямар нэгэн шинж тэмдэг илэрлээ гэхэд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах нь зүйтэй бол?
-Хүүхдээ маш сайн ажиглах ёстой. Төгс төгөлдөр аав, ээж гэж байхгүй. Гэхдээ хүн бүр хүүхдээ сайн сайхан амьдруулахыг хичээдэг. Тиймээс л завгүй ажиллаж хөдөлмөрлөөд байгаа. Хэдий тийм ч хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндэд багаас нь буюу 0-6 настайд нь маш сайн анхаараарай. Та хүүхдээ хэн болоосой гэж бодно, өөрөө яг тийм байх шаардлагатай. Гэтэл эцэг, эхчүүд хүүхдэд нь ямар нэгэн асуудал тулгарахад асран халамжилж байгаа хүнийг, эсвэл цэцэрлэгийн багшийг нь буруутгах хандлага ажиглагддаг. Хүүхдэдээ тулгарсан бэрхшээлүүдийн хариуг бусдаас бус, өөрөөсөө эхлээд хайгаасай гэж хэлмээр байна. Хангалттай анхаарал, халамж тавьсан уу, цаг гаргасан уу, ярилцсан уу гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Хамгийн чухал зүйл бол хүүхдэдээ чанартай цаг гаргах юм. Цаг гаргана гэхээр аав, ээжүүд утсаа бариад буйдан дээрээ суучихдаг. Хүүхэд хажууд нь тоглож л байдаг.
Гэртээ ийм маягаар хамт байгаагаа цаг гаргасан гэж болохгүй. Эсвэл “Чи үүнийг хийх ёстой” гэж захиран тушаасан, заасан, зааварласан харилцаа үүсгэснээ анхаарал тавилаа гэж боддог. Үүний оронд хүүхдээ тоглоход дэргэд нь суугаад, ээж, аав, ах, эгч, өвөө, эмээ нь хамт байгаа шүү гэдгийг л мэдрүүлэх хэрэгтэй. Бас тоглох явцад нь хүүхдээ сайн ажиглаж, сөрөг хандлага гаргаж байгаа, эсэхийг анхаарах нь чухал. Мөн цэцэрлэгт юу сурсан, юу таалагдсан, юунаас айв гэх мэтээр мэдрэмжийнх нь талаар ярилцах нь үр дүнтэй. “Ийм асуултуудад хүүхдүүд хариулж чадахгүй шүү дээ” гэж эцэг, эхчүүд хэлдэг. Яг үнэндээ зүгээр л ярилцаад үзэх хэрэгтэй. Хүүхдүүд маш сайн хариулдаг. Багахан ч гэсэн чанартай цаг гаргаад, хүүхдээ тэврээд, өвөр дээрээ суулгаж ярилцаад, хэцүү үед нь тусалж дэмжихэд хангалттай. Олон арга хэрэггүй.
-Нөгөө талаар аав, ээжүүд хүүхдээ зөрүүдлэх, эсвэл ямар нэг сөрөг хандлага гаргах төдийд нь сэтгэл зүйн гэмтэлтэй болчихлоо гэж балмагдаж магадгүй. Ийм тохиолдолд яах вэ?
-Хүүхэд нэг удаагийн цочролд өртлөө гээд айж болохгүй. Мөн сэтгэл зүйн гэмтэл тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалаад өөр өөрөөр илэрч болно. Цочролд өртөх үед хайртай хэн нэгэн нь хажууд нь байж, хүүхдээ тайвшруулж чадвал гэмтэл тархинд нь нөлөөлдөггүй. Эцэг, эх нь чанартай цаг гаргадаг, надад хүнд хэцүү зүйл тохиолдоход ээж, аав минь дэргэд байдаг шүү гэдэг аюулгүй мэдрэмжийг өгдөг бол хүүхэд гэнэтийн цочролыг даван туулж чадна гэсэн үг. Харин хайртай, итгэдэг хүн нь удаан хугацаанд үл хайхрах болон бусад төрлийн хүчирхийлэл үзүүлбэл тархиных нь хөгжил, ээнэгшлийн хэв шинжид нь саатал учруулдаг.
-Нийгмийн хөгжил, хотжилтын нөлөө хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг үү?
-Хүүхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн, эсвэл цочролд орсон л бол сэтгэл зүй нь гэмтэнэ гэж насанд хүрэгчид ойлгодог. Гэтэл гэр бүл нь бүрэн бүтэн орчинд өсөж байгаа хүүхэд ч сэтгэл зүйн гэмтэлд өртөх магадлал өндөр. Ялангуяа Монголын нийгэм аав, ээжүүдийг цаг наргүй ажиллуулдаг нь ажиглагддаг. Үүнээс шалтгаалан хүүхдүүд үл хайхрах хүчирхийлэлд өртөхийг үгүйсгэхгүй. Хүүхдүүд аливааг маш сайн ойлгодог шүү дээ. Тиймээс тэдэнд хангалттай цаг гаргаж чадахгүй бол гэрийн ажлаа хамтран хийж болно. Ингэснээр хүүхдээ бие даах чадварт сургах боломжтой. Бас хүүхэд ээждээ, аавдаа үнэ цэнтэй гэдгээ мэдэрдэг. Ганц аяга угаасан ч хүүхдэд ийм мэдрэмж төрнө. Ерөөсөө л бүх зүйл энгийн. Тиймээс гүн гүнзгий бодохгүйгээр энгийн аргуудыг хэрэглээрэй гэж аав, ээжүүдэд зөвлөмөөр байна.
-Мэргэжлийн сэтгэл зүйчид сэтгэл зүй нь гэмтсэн хүүхдүүдтэй ямар арга барилаар ажилладаг бол?
-Жишээ нь, манай байгууллагын хувьд хагас, бүтэн өнчин, хөгжлийн гэмтэлтэй, эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхдүүдтэй голчлон ажилладаг. Сэтгэл зүйн гэмтэлд өртсөн хүүхдүүд өөрийгөө тусгаарлах хандлагатай. Ямар нэгэн зүйлийг хэлэхэд эсрэгээр нь хийх тохиолдлууд байдаг. Тухайлбал, бие засах, хөтөвч дээр суухыг заахад өөр газарт бие засах жишээтэй. Зарим хүүхэд биедээ гэмтэл учруулах, гэрээсээ дайжих, буруу дадал хэвшилд татагдах, хулгай хийх, архи, тамхи хэрэглэх нь бий. Сэтгэлзүйч бүр хүүхэд яагаад ийм байдалд хүрснийг буюу цаад шалтгааныг нь олж харсан цагт ажил нь үр дүнд хүрнэ гэдгийг манай байгууллагынхан хүн бүрт ойлгуулахыг хичээдэг.
Түүнчлэн мэргэжилтнүүд хүүхдийн тархины хөгжил, ээнэгшин дасах үйл явц, сэтгэл зүйн онцлогийнх нь талаар сайн мэддэг байх ёстой. Мөн тулгарсан асуудал, бэрхшээлийн цаад шалтгааныг нь илрүүлэх шаардлагатай. Ингэснээр тухайн хүүхдэд тохирсон арга зүйгээр ажиллах юм. Сэтгэл зүйн гэмтлээр мэргэшсэн сэтгэлзүйч, сэтгэл засалч, хүүхдийн байгууллагын ажилтнууд нэг баг болж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх нь үр дүнтэй. Практикт анзаарагддаг нэг том асуудал, сэтгэл эмзэглүүлэм зүйл нь хүүхдийн туулж өнгөрүүлсэн хэцүү үйл явдал, гэмтэл нь сэтгэлзүйчтэй ажиллах явцад гэнэт сэдэрдэг. Түүнээсээ улбаалаад асрамжийн газрын хүүхдүүдийн хувьд дайжих, буруу зуршилд татагдах нь бий. Тиймээс сэтгэл зүй нь гэмтсэн хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүд маш болгоомжтой байж зөв хариу үйлдэл үзүүлэн, аюулгүй байдлыг тэдэнд мэдрүүлэх нь чухал. Бас өөрсдийгөө золиосолж болохгүй. Бид ч бас хүн шүү дээ. Өөрийгөө халамжилдаг, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаардаг байж хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж чадна.
-Сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилтэн манайд хэр олон байна вэ. Хангалттай түвшинд хүрсэн үү?
-Миний мэдэж буйгаар бол асрамж, халамжийн 30 гаруй төв бий. Аймаг, дүүрэг бүрт түр хамгаалах байр байна. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн байгууллага аймаг, дүүрэг бүрт ажилладаг. Мөн сургуулиуд сэтгэлзүйчтэй болсон. Хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарах нь чухал гэдгийг хэдийн олоод харчихсан, түүнийхээ дагуу тодорхой хэмжээний ажлууд хийж байгаа. Энэ чиглэлээр ажилладаг сэтгэлзүйч нарын ур чадвар ч сайн. Хүүхдүүд маш хурдацтай хөгждөг шүү дээ. Тиймээс тэдэнтэй ажилладаг хүн бүр цаг үетэйгээ хөл нийлүүлэн, тасралтгүй хөгжих ёстой. Ийм боломж бүх талаар нээлттэй. Зөвхөн мэргэжилтнүүд бус, эцэг, эхчүүд, багш нар, ер нь олонх хүн сэтгэл зүй гэмтлийн талаар ойлголттой болсон гэж харж байгаа. “Ковид”-оос хойш үүнд бүр илүү анхаардаг болсон.
-Кристина Ноблийн хүүхдийн сангаас сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг Монголд нэвтрүүлэх ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Манай сангийн гол зорилго бол эрсдэлт нөхцөлд амьдарч буй хүүхэд, залуучуудад сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсролын хувьд бие даасан иргэн болж төлөвшихөд нь мэргэжлийн үйлчилгээг олон талаас нь цогцоор үзүүлэх юм. Хүүхэд бүхэн хайрлагдах, халамжлуулах эрхтэй гэдэг философийг манай ажилтан бүр зорилгоо болгож ажилладаг. Бид 34 жилийн туршлагадаа үндэслэн Британийн хүүхдийн сэтгэл засалч Миранда Маршийн чиглүүлэгтэйгээр сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг 2015 онд Монголд анх удаа боловсруулсан юм. Кристина Ноблийн хүүхдийн сангийн ажилтан бүр үүнийг эзэмшиж, чадавхжихад юуны түрүүнд анхаарсан.
Дараа нь асрамж, халамжийн бусад төв, түр хамгаалах байр гэх мэт зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүрч ажилладаг байгууллагуудын мэргэжилтнүүдэд уг арга зүйгээ эзэмшүүлж, чадавхжуулах нь зүйтэйг олж харсан. Өөрөөр хэлбэл, бид сурч мэдсэн туршлага, арга зүйгээ өөрсдөө л ашиглах бус, бусдад түгээхийг зорьдог. Ингэснээр илүү олон хүүхдэд хүрч ажиллаж чадна. Тиймээс асрамж, халамжийн төв, түр хамгаалах байр, тусгай сургуулийн нийт 37 мэргэжилтнийг урлагийн сэтгэл заслын арга зүйгээр чадавхжуулах зорилготой, нэг жил найман сарын хугацаатай “Баяртай” төслийг бид 2021 онд эхлүүлсэн юм. Түүнчлэн аравдугаар сарын 4-5-нд Австрали, Британи, Өмнөд Африкийн сэтгэл зүйн гэмтлээр мэргэшсэн сэтгэл засалчид ирж, хоёр өдрийн сургалт зохион байгуулах гэж байгаа. Монголын сэтгэлзүйчдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулах уг сургалтад хүүхэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийг хамрагдаасай гэсэндээ нээлттэй зарласан.
Үүнд оролцсоноор мэдлэг, туршлагаа бататгахын зэрэгцээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга зүй, туршлагаас суралцах боломжтой. Түүнчлэн ирэх сарын 6-нд “Хүүхэд нас бол амьдралын үндэс” нэртэй сэтгэлзүйчдийн олон улсын бага хурaл зохион байгуулна. Үүний хүрээнд Британи, Хонконг, Австрали, Өмнөд Африк, Вьетнам зэрэг орноос 20 гаруй судлаач, эрдэмтэн ирэх юм. Мөн манай улсын эрдэмтэн, судлаачид ч оролцоно. “Баяртай” төсөлд хамрагдсан 37 мэргэжилтнийг бид онол, практик хосолсон, сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй олгох сургалтад хамруулаад байна. Тухайлбал, тоглоомон, чиглүүлэх зурган, урлагийн сэтгэл засал, эерэг сэтгэл зүй, ээнэгшлийн хэв шинж, тархины хөгжил гэх мэт суурь ойлголтын талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, чадавхжуулсан. Миранда Марш багш өөрөө тэдэнд сургалт явуулсан юм.
-Монголд нэвтрүүлснээс хойш уг арга зүйг ойролцоогоор хэдэн хүнд хүргэсэн бэ. Цаашид энэ чиглэлээр ямар ажлууд хийхээр төлөвлөв?
-Бид 800-1000 хүүхэдтэй энэхүү арга зүйнхээ дагуу ажилласан. Үүнээс гадна 37 мэргэжилтнийг чадавхжуулсныг өмнө дурдсан шүү дээ. Түүнчлэн “Бид ирээдүйн сэтгэлзүйчид” төслийн хүрээнд 50 оюутанд энэ арга зүйг бүрэн эзэмшүүллээ. Тэд 250 гаруй цэцэрлэгт бүтэн жилийн хугацаанд уг арга зүйн дагуу ажилласан юм. Ингээд тооцохоор дам байдлаар маш олон хүнд хүргэсэн, түгээн дэлгэрүүлсэн. Энэ бол бидний хувьд ахиц дэвшил, ололт амжилт гэж харж байгаа. Цаашид бид хөвгүүдийн сэтгэл зүйд чиглэсэн ажлууд хийхээр төлөвлөсөн.
-Хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлыг тодорхойлсон судалгаа манайд хангалттай байдаг уу?
-Бид ажилладаг бүлгүүдээ хамруулан судалгаа хийдэг. Гэхдээ түүнийгээ дотоод үйл ажиллагаандаа ашигладаг. Яагаад гэвэл бид хүүхэд хамгааллын бодлого, журмаа баримталж ажиллах ёстой. Хамгийн сүүлд “Баяртай” төслийн хүрээнд хүүхдүүдээс гарааны судалгаа аваад, бэрхшээлийг даван туулах чадвар, өөртөө итгэх итгэл, түгшүүрийн байдал зэргийг нь тогтоосон. Ингээд гурван сарын хугацаанд сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйг нэвтрүүлсний дараа нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулан судлахаар төлөвлөж байна. Төсөлд хамрагдсан 37 мэргэжилтэн өөрсдөө энэ судалгааг хийсэн. Бидний хувьд арга зүйг нь тэдэнд заахын зэрэгцээ 14 хоног тутамд мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч байлаа. Судалгааны тайлангаа мэргэжилтнүүд ирэх сарын 6-нд төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр танилцуулах юм.