Дэлхийн 90 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцдог “Мiss universe” тэмцээн арваннэгдүгээр сард болно. Уг тэмцээнд эх орноо төлөөлж оролцох бүсгүйг сонгон шалгаруулах “Мiss universe Mongolia-2023”-ыг ирэх сард зохион байгуулах юм. Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Азийн топ модель, 2007 оны “Дэлхийн мисс” тэмцээний оролцогч Г.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-“Мiss universe Mongolia-2023” тэмцээний бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ. Манайх олон улсын эл тэмцээнд хэд дэх удаагаа өрсөлдөх гэж буй бол?
-“Мiss universe Mongolia-2023” тэмцээнийг ирэх сарын 10-нд зохион байгуулна. Зохион байгуулах эрхээ албан ёсоор аваад, бэлтгэл ажлаа өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн. Одоогоор бүртгэлээ явуулж байна. Уг тэмцээний 2018, 2019 оны ялагч, топ модель Д.Долгион, Б.Гүнзаяа нар бидний ажилд тусалж, хамтран ажиллахюм. Манайх олон улсын нэр хүндтэй “Мiss universe” тэмцээнд гурав дахиа оролцох гэж байна. 2020-2022 онд цар тахлын улмаас уг тэмцээнийг хойшлуулж, гурван жил өнжсөн.
-Оролцогчдод ямар шалгуурууд тавьж байгаа вэ?
-Энэ жил оролцогчдод тавих шаардлагад анх удаа өөрчлөлт оруулсан. Өмнө нь гэрлээгүй, хүүхэдгүй байх зэрэг шаардлага тавьдаг журамтай байлаа. Тэгвэл энэ жил ганц бие, гэрлэсэн, хүүхэдтэй, хөл хүнд бүсгүйчүүд ч өрсөлдөх боломжтой. Биеийн өндөр, жин ч заахгүй гээд шаардлага нь маш энгийн болсон. Бүртгүүлэх хүсэлтэй охид хүсэл мөрөөдөлтэй, урлаг, спортод авьяастай, амжилт гаргасан байхад болно. Насны хувьд 18-28-тай байна. Хувийн бэлтгэлээс гадна гадаад хэлний анхан шатны мэдлэгтэй байвал давуу талтай. Ерөнхий зохион байгуулагчаас ирүүлсэн журам, удирдамжийн дагуу Монгол дахь тэмцээнийг явуулна. Бидний зүгээс зөвхөн Монгол Улсын иргэн байх гэсэн шалгуур тавьж байгаа. Эхний шатны тэмцээнээс шилдэг 20 бүсгүйг шалгаруулна. Сүүлчийн шатанд фото, усны хувцас, үндэсний хувцасны зэрэг төрөлд шилдгийг тодруулна. Үүний дүнд үндэсний ялагчийг шалгаруулах юм. Орон нутгаас онлайнаар бүртгүүлэх боломжтой. Нийслэлээс оролцогчдыг Хан-Уул дүүрэг дэх “Маршал таун” хотхоны 107 дугаар байрны “Scuti &Amuji” студид бүртгэж байна.
Олон улсад 72 дахь жилдээ зохион байгуулах энэ удаагийн тэмцээн Эль Сальвадор улсын нийслэл Сан-Сальвадор хотод арваннэгдүгээр сарын 18-нд болно.
-Та гадаад орны загварын тайзнаа олон удаа гарсан. Томоохон тэмцээн, арга хэмжээнд оролцож байсны хувьд энэ удаагийн тэмцээнд олон улсын ямар туршлагыг нэвтрүүлэх вэ?
-Миний хувьд загварын салбарт цөөнгүй жил ажиллалаа. Өмнө нь шавь нараа бэлдэж байсан туршлагатай болохоор энэ тэмцээнийг үзэгчдэд нээлттэй, шударга, сайн зохион байгуулахыг хүсэж байна. 2007 онд “Дэлхийн мисс”-т оролцож байсан туршлагаасаа оролцогчдодоо хуваалцаж, чаддаг зүйлээ бүгдийг нь заана даа. Бидэнтэй хамтарч ажиллах “Lumos”, “SMX аgency”, “Scuti make up studio” зэрэг мэргэжлийн баг төлөвлөгөөний дагуу ажилдаа орсон. Ерөнхий ивээн тэтгэгч байгууллагаар “ZU club”, тэмцээний шууд дамжуулагчаар С1 телевиз ажиллах юм.
-Хэдийгээр оролцогчдод шалгуур цөөн тавьж буй ч олон улсын тэмцээн учраас өрсөлдөөн ихтэй байх?
-Олон улсын тэмцээн өрсөлдөөн ихтэй. Хамгийн гол нь бүх оролцогч эвтэй өрсөлдөж, бие биеэ хүндэтгэж, сахилга баттай оролцох нь чухал. Манай бүсгүйчүүд бага зэргийн дутагдлаа засчихвал хүчтэй, сайн өрсөлдөгч болдог. Бид азиудаас бие, царай төрхөөрөө илт ялгарч чаддаг. Тэмцээнд оролцсоноор багш нараас мэдээлэл авах, үеийнхэнтэйгээ мөр зэрэгцэн суралцаж, өөрсдийгөө ямар түвшинд байгаагаа мэдэх, богино хугацаанд бүх талаар хөгжих боломжтой. Улмаар цаашдын томоохон тэмцээнд оролцох нөхцөлийг бүрдүүлнэ. Манай охид тайзан дээр үг хэлэхээрээ сандраад байдаг. Хамгийн чухал нь үзэл бодлоо зоригтой хэлж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх ёстой. Монголын залуучууд авьяаслаг, аливааг хурдан сурдаг, авхаалжтай, өөрсдийгөө хөгжүүлж чаддаг. Ганцхан дутагдал нь сурсан зүйлээ өөрийн болгож, төгс эзэмшихгүйгээр дундаас нь орхичихдог. Өөрийгөө дайчилдаггүй, тууштай зүтгэдэггүй нь анзаарагддаг юм. Модель байхын тулд бэлтгэл сургуулилалт, хоол хүнсээ зохицуулахаас эхлээд маш их тэвчээр, хөдөлмөр шаарддаг.
-Та өмнө нь БНСУ-д алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн “Модель центер”-т ажиллаж байсан. Тэнд байхдаа өөрийгөө хэрхэн нээж, хөгжүүлэв?
-Ажлынхаа ачаар олон оронд ажиллаж, улсаа сурталчилж, цөөнгүй хүнтэй танилцах боломж олддог. БНСУ-д 2008-2013 онд загвар зохион бүтээгч Андрей Ким багштай таван жилийн гэрээтэй ажилласан. Яагаад ч юм бүгд тэр хүнээс айдаг байлаа. Би ч бас айна. Маш өндөр шаардлагатай хүн байсан. Ер нь загварын салбарт солонгос хүмүүс ажлаа эхнээс нь дуустал маш хариуцлагатай хийдэг. Ялангуяа төгсгөлөө сайн хийх хэрэгтэй гэдэг юм. Төгсгөл нь эхлэлээсээ чухал гэж үзээд үр дүнд заавал хүрэхийг эрмэлздэг, тууштай зан чанартай. Манайхан болохоор эхлэлээ сайн хийгээд, гүйцэтгэхдээ хайнга, анхаарахгүй байх нь анзаарагддаг. Энэ нь бидэнд том сургамж болсон. Бас тэдний бие биеэ хүндэлдэг ёс нь таалагдсан. Нэг насаар ах ч байсан өөрөөсөө ахмадад тооцон хүндэлж харилцдаг. Тус улсад ажиллаж байхдаа мэргэжлээ ахиулаад, бизнесийн удирдлага, маркетингаар магистрын зэрэг хамгааллаа. Мөн тэнд байхдаа ээж болсон. Гэр бүл, хүүхдүүддээ цагаа зарцуулахын зэрэгцээ дизайнер Кадртай хамтарч “Жаран” коллекц хувцас гаргаж байлаа. Энэ бол миний мөрөөдөл байсан. Үнэхээр сонирхолтой санагдсан.
-Энэ салбарт анх хөл тавьж байх үеийнхээс одоогийн загварын ертөнц хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Энэ салбарт 20-иод жил ажиллалаа. Өнгөрсөн хугацаанд маш их зүйл өөрчлөгджээ. Анх модель, дизайнер, үсчин, нүүрбудалтхийдэг хүмүүсийн ажил, үүргийн ялгааг ч тодорхой мэддэггүй байв. Зарим зүйлээ өөрөө бэлддэг байлаа. Өөрөө нүүрээ будчих гэдэг байсан даа. Одоо бол загварын салбарт анх хөл тавьсан үеийнхээс минь харьцангуй өндөр түвшинд хүрч хөгжсөн. Бас мэдээллийг цаг алдахгүй авч байна. Дэлхийн том контентууд Монголд орж ирж, манай охид гадаадад ажиллах, өрсөлдөх боломжууд нээгдсэн.
-Гадаадын орнуудаар явахдаа таны хамгийн түрүүнд олж хардаг зүйл юу байдаг бол?
-“Торго” арга хэмжээг олон орны тайзнаа танилцуулж байлаа. Европын орнуудад очих бүрт гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг. Энэ дундаас Швейцарын өвлийн байгаль аргагүй үзэсгэлэнтэй санагдсан. Уулс нь сүрлэг, цас ихтэй болохоор үзэсгэлэнтэй харагддаг.
-Сүүлийн жилүүдэд юунд төвлөрөн ажиллаж байна вэ?
-Гурван жилийн өмнө “Оюуны гэрэлтэх сан”-гаа байгуулсан. Манай сан урлагийг дэмжиж ажилладаг, сайн дурын, төрийн бус байгууллага. Урлагийн авьяастай хүн ямагт бишрүүлж, бахдах сэтгэгдлийг төрүүлдэг. Зүрх сэтгэл нь илүү зөөлөн байдаг. Нийгмийг ч урлагаар өөрчилж болно. Тиймээс авьяастай хүүхдүүдийг дэмжье, хамтарч ажиллах юм сан гэж боддог. Хоббигоороо, чөлөөт цагаараа энэ сангаа ажиллуулдаг. Хийж чаддаг зүйлээ эхэлье гэж бодоод л уг ажлаа санаачилсан. Сангаараа дамжуулаад хамгийн анх “Face оf Mongolia” загварын тэмцээнийг 2020-2021 онд жил дараалан зохион байгуулж байлаа.