Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Mонгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга нарын албаны хүмүүс АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн Алтанбулаг хилийн боомтын бүтээн байгуулалттай танилцлаа.
Mонгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ярихдаа, "Засгийн газраас боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад онцгойлон анхаарч байна.
Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн RIBS төслийн хүрээнд 2020 оны долдугаар сард эхлүүлсэн эхний багц ажил болох Алтанбулаг хилийн боомтын автозам, барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ сарын 20-нд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийгдэх зорчигчийн шалган нэвтрүүлэх барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг 2024 оны гуравдугаар сард ашиглалтад өгнө. Энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр Алтанбулаг боомтын нийт зам талбай хоёр дахин нэмэгдэх бол өдөрт нэвтрэх тээврийн хэрэгслийн тоо 4 дахин өснө" хэмээн мэдэгдэв.