Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр урсдаг Туул, Сэлбэ, Улиастай, Толгойт болон бусад голын татмын аллювийн хурдас бүхий хэсэгт сүүлийн жилүүдэд олон тооны барилга, байгууламж барих болсон. Үүний улмаас хөрсний усыг зөвшөөрөлгүй шавхан зайлуулах явдал гаарсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас мэдээллээ. Хот, суурин газарт хөрсний усыг шавхахдаа холбогдох байгууллагуудаар ус ашиглуулах дүгнэлт гаргуулж, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний төлбөр төвлөрүүлэх журамтай. Гэтэл барилгын компаниуд гэрээ, зөвшөөрөлгүйгээр ийм үйл ажиллагаа явуулж, усны нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийх нь олширчээ. Иймд барилгын компаниудад хууль, журмаа мөрдөж ажиллахыг дээрх газраас анхаарууллаа. Мөн үүнд хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллагуудад энэ төрлийн зөрчлийг бууруулахад дорвитой анхаарч ажиллахыг үүрэг болгож, мэдэгдэл хүргүүлэв.
Бэлтгэсэн: Н.Мишээл