Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба эзэнгүй нохой, муур олшрохоос сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагуудтай хамтран нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд гэрийн тэжээвэр амьтдын үржил хязгаарлах мэс ажиллавар хийж эхэлжээ. Тус албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Энэ ажлыг өнгөрсөн хавраас зохион байгуулахаар төлөвлөсөн ч тендерийн сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцоогүйгээс хойшилсон. Нийт 2000 нохой, муурыг мэс ажиллаварт хамруулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд 400 гаруй амьтны үржлийг хязгаарлаад байна. Маргаашаас Хан-Уул дүүрэгт ажиллана. Дандаа эзэнтэй нохой, муурт мэс ажиллавар хийж буй. Эзнийх нь хүсэлт, зөвшөөрлийг харгалзана гэсэн үг. Гэрийн тэжээвэр амьтны үржил хязгаарлах мал эмнэлгийн үйлчилгээг оны сүүлч хүртэл буюу арванхоёрдугаар сар хүртэл үзүүлнэ” гэсэн юм. Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ийм ажил зохион байгуулах эрхийг “Анд клиник” амьтны эмнэлэг авчээ. Харин бусад дүүргийг хариуцах аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажил өдгөө үргэлжилж буй гэнэ.
Бэлтгэсэн: Н.Мишээл