НҮБ-аас энэ онд танилцуулсан, 189 орныг хамруулсан судалгаагаар манай улс парламент дахь эмэгтэй гишүүдийнхээ тоогоор 133, Засгийн газрын түвшинд ажиллаж буй бүсгүйчүүдийнхээ хэмжээгээр 141 дүгээр байрт явна. Монголын улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй, төлөөллийн байгууллага дахь хүйсийн харьцаа тэнцвэргүй байсаар буйг энэ тоо харуулна. Тиймээс ч Улс төрийн намын болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд холбогдох өөрчлөлт, шинэчлэлтийг тусган, ирэх сонгуулиас ямар үр дүн гарахыг хүлээж байгаа. Гэхдээ шийдвэр гаргах түвшинд тэдний төлөөллийг хангахад манай сонгогчид бэлэн үү. Эмэгтэйчүүдийн манлайллыг хүлээн зөвшөөрч, энэ хүйсийнхнийг дэмжих ойлголт, мэдлэг тэдэнд байна уу.
ЭМЭГТЭЙЧҮҮД ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ДЭМЖДЭГ
Юуны түрүүнд, Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэнгээс өнгөрсөн онд танилцуулсан “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгааны үр дүнгээс онцолъё. Тухайлбал, төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох түвшинд бүсгүйчүүд ажиллаж чадна гэдэгт оролцогчдын 80 гаруй хувь нь итгэлтэй буйгаа илэрхийлсэн төдийгүй эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдээ дэмжжээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй гэдэг нь тэдний улс төрийн оролцооны талаарх алдаатай, хэвшмэл ойлголт гэсэн үг. Энэ нь тэдний улс төрийн оролцоог нэмэгдүүлэх талаар хөндөх бүрт тулгардаг том саад болчихож. Цаашлаад тус судалгаанд оролцсон эмэгтэй улстөрчдийн үзэж буйгаар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ, баг, хорооны ИНХ-д нэр дэвшихэд олон нийтийн зүгээс дэмжлэг өндөр буюу 74.3-78.9 хувьтай байна. Түүнчлэн эмэгтэйчүүд нэр дэвшихэд сонгуулийн хандивынх нь дийлэнхийг бүсгүйчүүд өгдгийг тэд дурджээ.
Ер нь жендерийн эрх тэгш байдал тогтоохын төлөө байгаа ерөнхий дүр зураг дээрх судалгаанаас ажиглагдсаныг тэмдэглэхэд таатай байна. Гэхдээ эрэгтэй хүн удирдах, өрх гэр, улс орноо авч явах үүрэгтэй хэмээх хэвшмэл ойлголт эрчүүдэд давамгайлжээ. Гэтэл сонгуульд оролцож, саналаа өгсөн эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байдаг. Тухайлбал, 2020 оны орон нутгийн сонгуулиар саналаа өгсөн сонгогчдын 55.9, УИХ-ын сонгуулийнх 54.5 хувь нь эмэгтэйчүүд байж. Мөн 2016 оны УИХ болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцсон хүмүүсийн 54.9 хувь нь эмэгтэй сонгогч байсан аж. Тэгвэл энэ нь сонгогчдынхоос илүүтэй нэр дэвшигчдийн хүйсийн бүтцийг эргэж харах зайлшгүй үндэслэл болж байна гэлтэй.
УИХ-ын гишүүн болохоор өрсөлдсөн нэр дэвшигчдийн тоог сонгууль бүрээр харвал 2000 онд 602, 2020 онд 606 хүн “уралдсан” нь хамгийн олонд тооцогдоно. Харин нэр дэвшигчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2004 оноос огцом өсөж, 10 хувиас дээш гарсныг инфографикаас харж болно. Эл үзүүлэлт 2012 онд хамгийн их буюу 32 хувьд хүрсэн ч сүүлийн хоёр удаагийн сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдийн эзлэх хувь ч, тоо нь ч өссөнгүй, буурав. 2020 оны сонгуулиар томсгосон 29 тойргоос 76 гишүүнийг сонгосон. Эдгээрээс хамгийн олон буюу 11 эмэгтэй өрсөлдсөн нь Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрог. Гэхдээ тус тойрогт нэр дэвшигчдийн дунд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 40 хувьд ч хүрээгүй. Хоёр мандаттай 22 дугаар тойрогт 28 хүн нэр дэвшсэн бөгөөд УИХ-ын 13 эмэгтэй гишүүний нэг Б.Саранчимэг тэндээс сонгогдсон билээ.
БАЯН-ӨЛГИЙ: 16 ЖИЛД НЭГ БҮСГҮЙГ НЭР ДЭВШҮҮЛЭВ
Тэгвэл Баян-Өлгий аймгийн гурван мандатын төлөө 15 хүн өрсөлдөхөд нэг ч бүсгүй байсангүй. Үнэндээ тус аймагт 2008 оноос хойш УИХ-ын сонгуульд нийт 38 хүн нэр дэвшсэн ч тэдний дотор нэг л эмэгтэй байх аж. Мөн хоёр мандаттай Өмнөговь аймагт 16 хүн нэр дэвшихэд нэг л эмэгтэй байсан нь Зон олны намаас сойсон А.Гантулга. Харин Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар тойрогт 23 хүн өрсөлдсөний 10 нь эмэгтэй байсан бөгөөд тэр нэр дэвшигчдийн 43.4 хувийг эзэлж буй нь хамгийн өндөр дүн болжээ. Тэгвэл хамгийн олон нэр дэвшигчтэй тойрог нь Сүхбаатар дүүрэг байв. Тус тойрогт 38 хүн өрсөлдөхөд 10 эмэгтэй байсан бөгөөд нэр дэвшигчдийн 26.3 хувь гэсэн үг. Ерөнхийд нь хэлбэл, нэр дэвшигчдийн дунд бүсгүйчүүд 20 хүртэлх хувийг эзэлж буй 12, 20-30 хувьтай 12, 30-40 хувьтай таван тойрог байна. Тус бүр хоёр мандаттай Говь-Алтай, Сүхбаатар аймагт арав, арван хүн нэр дэвшсэний дөрөв нь эмэгтэй байгаа нь бүсгүйчүүдийн эзлэх байр суурийг 40 хувьд хүргэсэн хэрэг. Гэхдээ эл хоёр тойргоос өнгөрөгч сонгуулиар бүсгүйчүүд сонгогдоогүй. Харин гурван мандаттай Сэлэнгэ аймгаас Ч.Ундрам, Д.Өнөрболор нар УИХ-ын гишүүн болсон нь 2020 оны сонгуулийн хувьд хамгийн олон эмэгтэй сонгогдсон тойрогт тооцогдох юм. Сонирхуулахад, сүүлийн дөрвөн сонгуулиар хөдөө, орон нутагт нэр дэвшигчдийн 18 хувь нь бүсгүйчүүд байгаа бол нийслэлд эл үзүүлэлт 30 хувьтай гэсэн үг.
Сүүлийн хоёр ч сонгуулиар УИХ 13 эмэгтэй гишүүнтэй болсныг ахиц гэж хэлж болох ч нөхцөл байдал ийм л байна. Энэ бол хүйсийн 20 хувийн квот үйлчилж буй үеийн үр дүн, дүр зураг. Тиймээс ч нэлээд шахаж, шаардаж байж УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулж, улс төрийн нам, эвслээс 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар тогтоод буй. Мөн нам, эвсэл жагсаалтаар 48 хүртэлх хүнийг нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцааг баримтлахаар хуульчлав. Намууд нэр дэвшигчдийнхээ 30-аас доошгүй хувьд эмэгтэйчүүдийг багтаана гэсэн эл босгыг анх 2005 онд хуульчилж байлаа. Гэвч үүнийг хэрэгжүүлж амжилгүй, 2008 оны сонгуулийн өмнө хуулиас нь аваад хаячихсан. Ингээд 2011 онд УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлахдаа эмэгтэйчүүдийг квотыг 20 хувь болгосон түүхтэй. Үндсэндээ 2012 оны сонгуулиар л эмэгтэйчүүдийг квотоор дэмжиж эхэлсэн гэсэн үг. Ингээд 2015 онд үүнийг 30 хувь болгосон ч бас л цаасан дээр байсаар хүчингүй болчихсон. Эцэст нь 2016 онд квотыг бууруулан, 20 хувьд хүргэснийг сая 30 болгосон нь энэ.
ЭСРЭГ ХҮЙСИЙНХНЭЭ ДЭМЖИХ ЭРЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ
Тэгвэл “Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцооны талаарх олон нийтийн төсөөлөл” судалгаанд хамрагдсан иргэдийн олонх нь шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх квотын аргын талаар сайн мэдэхгүй гэж хариулжээ. Иймд хүйсийн квотыг хэрэглээд ямар үр дүнд хүрсэн, яагаад нэмэгдүүлэх шаардлагатай байгааг нам, эвслүүд, сонгуульд оролцогчдын зүгээс сонгогчдод сайтар ойлгуулан таниулах хэрэгтэй байгаа юм. Гэхдээ үүнийг эмэгтэйчүүд өөрсдөө ярих бус, улс төрийн намын эрэгтэй удирдлагууд уриалан, манлайлах нь илүү үр дүнтэй. Гагцхүү үүнийг намын удирдлагадаа эрчүүдэд ойлгуулах, шахаж шаардах их ажил бас л бүсгүйчүүдийн өмнө байна.
Учир нь том гэгддэг, нөлөө бүхий намууд энэ асуудалд хойрго хандаж ирсэн юм. Өнгөрсөн сонгуулиар гэхэд л Зон олны намын нэр дэвшигчдийн 77, Хөгжлийн хөтөлбөр намынхны 57, Гэр хороолол, хөгжлийн намынхны 50 хувь нь эмэгтэй байв. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан өнгөрсөн сонгуулийн талаарх дүн, хувь хэмжээнд АН, МАН гэхээс илүүтэй “жижиг” намуудаас сойсон нэр дэвшигчид жин дарж буй хэрэг. Тухайлбал, эрх баригч МАН-ын нэр дэвшигчдийн 21, сөрөг хүчин АН-ынхны 22, тус сонгуулиар парламентад суудалтай болсон “Зөв хүн-Электорат” эвслийнхний 24.5 хувь нь бүсгүйчүүд байв. Тэд ердөө л квотыг дөнгөж хангахаас хэтэрдэггүйн жишээ энэ. Уг нь квот гэдэг нь доод босго болохоос бус, дээд хязгаар биш юм. Цаашлаад намууд эмэгтэй нэр дэвшигч, төлөөлөгчдөө дэмжих бодлого, хөтөлбөртэй, түүнийгээ нүд хуурах төдий бус, бодитой хэрэгжүүлдэг байх ёстой атал өдгөө квотоо хадгалж үлдэх, хуулиас нь хасуулахгүй байхын төлөө л аргацааж ирсэн нь нууц биш билээ. Тэгээд ч зөвхөн квотыг хуульчилснаар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлдэггүйг манай түүх ч, улс, орнуудын туршлага ч харуулж буй. Нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэй байлаа гээд бүгд сонгогддоггүйг манай түүх бэлхнээ гэрчилнэ.