Венецийн олон улсын 80 дугаар кино наадмын залуу уран бүтээлчдийг дэмждэг “Оризонт” хэсэгт өрсөлдсөн Монголын уран сайхны “Сэр сэр салхи” киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорч, уг наадмын бэлгэ тэмдэг болсон “Алтан арслан” шагналын эзэн болоод буй билээ. “Сэр сэр салхи” бол олон улсын уран бүтээлчдийн хамтын бүтээл. Монголын талын продюсер, “Гүрү медиа” компаниар овоглодог Ц.Ариунаа болон зохиолч, найруулагч П.Лхагвадулам нар эх орондоо хараахан ирээгүй байгаа юм. Венецээс түрүүлж ирсэн Б.Тэргэлтэй цөөн хором ярилцлаа.
-Олон улсын хамгийн нэр хүндтэй кино наадмын тэргүүн шагнал хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа. Гэхдээ “Алтан арслан”-г надад өгсөн үү, кино багт олгосон уу гэдгийг хараахан мэдээгүй байна. Продюсер, найруулагч нар ирэхээр учир нь олдох байх.
-Танай гадаад продюсер Катя Венецийн кино наадмын тайзан дээр шагнал хүлээж авахдаа үг хэлсэн. Түүнээс гол дүр бүтээсэн жүжигчин Б.Тэргэл шагнал хүртлээ гэж ойлгосон.
-Одоогоор тодорхой зүйл хэлж чадахгүй нь ээ.
-“Алтан арслан”-гийн эзэн болно гэж бодоогүй юу?
-Ер тэгж санаагүй. “Сэр сэр салхи”-ны хувьд “Алтан арслан” шагнал авах юм гэж ёстой бодож байсангүй. Одоо хүртэл итгэж ядаад л байна.
-Та жүжигчин мэргэжилтэй юү?
-Үгүй. Өнгөрсөн хавар ерөнхий боловсролын сургууль төгссөн. СУИС-ийн жүжигчний ангид орох гэснээ нэг жил өнжөөд байна.
-Энэ кинонд хэрхэн тоглох болсон бэ?
-Би уран сайхны “Молоко” кинонд нэгдүгээр зураглаачаар ажилласан юм. Тэр үед гүйцэтгэх продюсер Аззаяа эгч “Найруулагч П.Лхагвадулам бүтээлийнхээ эрэгтэй гол дүрд жүжигчин хайж байгаа юм билээ, чи шалгуулж үзээч” гэлээ. Тэгэхээр нь дүрийн сонгон шалгаруулалтад оролцтол 14 хоногийн дараа “Тэнцлээ, кинонд тоглохыг урьж байна” гэсэн.
-Цаашид жүжигчин мэргэжлээр суралцах бодол тань хэвээр үү?
-Хэвээр. Гэхдээ сүүлийн үед гадаадад сурах тухай боддог болсон.
-Хэзээнээс кино урлаг сонирхсон бэ?
-Хоёр, гуравдугаар ангид байх үеэсээ кино их үздэг байлаа. Улмаар кинонд тоглох, кино бүтээх талаар боддог байсан. Тэр хүсэлдээ хөтлөгдөөд сургуульд байхдаа “Тал нутгийн зомби” кинонд зураачийн туслахаар ажилласан. Зураач олон янз. Би тайзны зураач байлаа л даа. Найруулагчийн шийдлийн дагуу зургийн тайзан дээр байх жижиг хэрэглэл сонгох, байршуулах зэрэг ажил хийдэг байв.
-“Сэр сэр салхи” кинонд юуны тухай өгүүлдэг вэ?
-Бөөгийн тухай. Одоогоор үүнээс илүүг хэлэх боломжгүй ээ.
-Та бөөгийн дүр бүтээсэн юм уу?
-Тийм ээ. Зэ хэмээх хочтой бөө болсон юм.
-Кинонд тоглохоос өмнө бөөгийн талаар сайн мэддэг байсан уу?
-Юу ч мэддэггүй байсан. Тиймээс судлах шаардлага гарсан. Кинонд миний аавын дүрд тоглосон жүжигчин Ц.Ганзориг ах бөө. Түүний нэг удаа онгод буулгахыг харахдаа нэлээд ажиглаж байв. Мөн өөртөө зориулж бөөгийн хувцас, хэрэглэл худалдаж авсан минь хэрэг боллоо.
-Энэ кино Монголын үзэгчдэд хэзээ хүрэх бол?
-Ирэх сарын сүүлчээр болох “Улаанбаатар” кино наадмаар нээх байх.