Каллиграфч О.Ням-Очиртой ярилцсан юм. “Лхам” галерейгаас түүний “Анхны зураас” үзэсгэлэнг наадмын өмнөхөн нээж, наймдугаар сарын сүүлчийн өдөр хүртэл үзэгчдэд толилуулсан. Дүрслэх урлагийнхан ч каллиграфч л гэж боддог байсан уран бүтээлч өнгийн, абстракт чиг хандлага бүхий ажлуудаа дэлгэхэд нь хэн хүнгүй сонирхож, зарим нь гайхаж “Та чинь зураач юм уу” гэж асууж байсан гэсэн. Тухайн үед уулзаж, уран бүтээлийнх нь талаар яриулах гэтэл орон нутагт аялахаар одсон байсан юм. Улсын их дэлгүүрт ажлынхаа байранд төвхнөсөн даруйд нь зураачийг “барьж авлаа”.
-Та өнгөрсөн зуныг уран бүтээлийн олз ихтэй үдэв үү. Үзэсгэлэнгээ гаргалаа, орон нутгаар аяллаа. Сонин сайхнаасаа хуваалцах уу?
-Зураач, уран бүтээлчдийн хамтарсан пленэрт хамрагдаж, говиор аялан, зурж, ганзага дүүрэн ирсэн. Өмнөговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, “Ажнай” корпорацаас дэмжиж зохион байгуулсан юм. Өнөө цагийн алдартай зураачид болон үеийнхэнтэйгээ нэгэн баг болж сайхан аялж, ажиллалаа. Бид Өмнөговь аймгийн долоон сумын нутгаар явж, нийт 2500 гаруй км зам туулсан. Мухар шивэрт, Ёлын ам, Саран хөндий, Хэрмэн болон Нэмэгтийн цав, Наран даац, Баян заг хэмээх байгалийн үзэсгэлэнт газруудад тухалж, судалбар зурсан. Монголын говийн үзэсгэлэнг биширч, бас алганы хонхорхойд багтах усны үнэ цэнийг мэдрээд ирсэн.
-Говь үзэсгэлэнтэй гэлээ. Уран бүтээлчийн өнцгөөс хэрхэн тайлбарлах вэ?
-Дэврүүн сэтгэлээр төсөөлөхөд Ангараг гарагт буусан анхны хүн юм шиг. Ялангуяа Нэмэгтийн цавд явж байхад Египетийн пирамидууд дунд алхаж буймэт сэтгэгдэл төрсөн. Ийм сайхан байгалийг хайрлаж мэддэггүй хүмүүсийг бас зүхэж явлаа. Сайхан, адармаатай бүхэн цогцолсон өвөрмөц энэ газар оронд хог хаячихсан байх юм билээ. Архины шил, ундааны лааз энд тэндгүй хаясныг хараад, бид хажуугаар нь хараагүй юм шиг өнгөрч чадахгүй, цуглуулж явлаа. Хотынхон хүйтэн, халуун усыг яаж зоргоороо гоожуулж хэрэглэдэг билээ. Хөргөгчнөөсөө хүйтэн ус авч уухдаа юу ч боддоггүй. Гэтэл говьд ус ямар ховор эрдэнэ болохыг мэдэрсэн.
-“Говийн ганц айл” гэсэн сэдэв, тодотгол бий. Говийн айлуудын амьдралтай танилцав уу?
-Улсын нийслэлээс алслагдсан, орчин үеийн харилцаа, холбоо, тэр дундаа сошиал орчны мэдээллээс хол, ер нь л бөглүү мэт газарт хүмүүс яаж амьдардаг юм бол гэж бодож байсан удаатай. Гэтэл тэр алс холын, говийн айлууд их сайхан амьдардаг юм билээ. Гэр орон нь цэмцийсэн. Отроор яваа айлууд ч гэсэн цай, идээ цагаагаар дайлаад л. Орлого нь ч дажгүй юм шиг байна лээ. Байгалийн чулуу борлуулж, орлогоо нэмэгдүүлдэг гэр бүл нэлээд байна. Хөөрөг болгосноо 400 мянгаар санал болгож байх жишээтэй. Хамгийн сүүлд Даланзадгадад хүрсэн. Энэ сумын төвийнхөн ч боломжийн амьдардаг юм байна. Орчин нь цэмцгэр, жорлонгууд нь ч цэвэрхэн. Тэнд диновазрын музей байгуулчихаж. Нийслэл дэх Дуурийн театрынхаас дутахааргүй шинэ, гоё театртай юм байна. Биднийг очихоос өмнөхөн “Хурд” хамтлаг тоглосон гэж байсан. Энэ бүхэн сайхан санагдсанаас тэр байх, уран бүтээлийн санаа нэлээд төрсөн. Ер нь дараагийн үзэсгэлэнгийнхээ сэдвийг тогтоод ирсэн. Байгалиас маш их эрч хүч авлаа.
-Таны энэ зун монголчууддаа болон гадаадын жуулчдад зориулан гаргасан “Анхны зураас” үзэсгэлэн үзэгч олонтой байлаа. Нээлтээр бүтээл эзэндээ очсон байна лээ. “Каллиграфч гэж боддог, хардаг байсан хүн уран зургийн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргажээ” гэж онцолж ярьсан хүн бий. Танд энэ мэт яриа хөөрөө сонсогдож байв уу?
-Хөдөө явж байхдаа би эрт босож байв. Өглөөний нарнаар, үдэш зурна гээд суучихдаг байлаа. Гараас гаргасныг минь харсан хүмүүс “Чамайг өнгөөр ажиллана гэж бодоогүй. Бэх гаргаж ирээд, хараар уул зураад л, татаад эхлэх байх гэж бодсон чинь өнгөөр сайхан гаргаж байна. Чамайг зураач гэж мэдээгүй. Цаашид өнгөөр ажиллавал ирээдүйтэй юм байна” гэж урам өгсөн. Үнэндээ би өнгөрсөн хугацаанд зурахаас илүү бичдэг байсан л даа. Цаашид зурж байна аа.
-Энэ удаагийн үзэсгэлэнгээ яагаад “Анхны зураас” гэж нэрлэсэн бэ?
-Каллиграфчид хамтдаа бийр, тамгандаа салхи оруулахаар шинэ оны шинэ цаснаар Богдхан уулын оргил Цэцээ гүнд гарч, цасан дээр анхны зураасаа татаж, бичдэг уламжлал тогтоосон юм. Улмаар шинэ уран бүтээлээ бэлгэдэж “Шинэ цас” гэдэг үзэсгэлэн гаргадаг. Энэ үйлээс улбаалан анхны зураас чухал гэсэн санааг тодотгож үзэсгэлэндээ ийм нэр өгсөн юм. “Лхам” галерейн урлаг судлаач Кристина Бон намайг энэ тухай ярихыг сонсоод, нэрийг ингэж өгөх нь оновчтой гэж шийдсэн байсан. Миний хувьд анхлан татсан зураас бол зоригтой хэрнээ гэнэн цайлган, хийж бүтээе гэсэн дэврүүн сэтгэлийг илэрхийлдэг юм шиг санагддаг. Гологдох нь бий л дээ. Гэхдээ хайрламаар. Тоохгүй орхичихмооргүй. Өмнө нь ихэвчлэн өнгөний хар, цагаан гэсэн шийдлээр гүйцэтгэсэн ажлууд бүхий үзэсгэлэн гаргаж байсан. Тэгвэл энэ удаа улаан, хөх, шар гэх зэрэг өнгөөр тоглосон бүтээлүүд давамгай үзэсгэлэн гаргаснаар онцлог. “Лхам” галерейн зүгээс надад үзэсгэлэн гаргах санал тавьсанд маш баярласан. Уран бүтээлчдэд ийм боломж тэр бүр олддоггүй шүү дээ. Урлаг судлаач Кристина үзэсгэлэнгийн минь куратороор ажилласан. Ерөнхий чиг шугам ямар байхыг тодорхойлж, бүтээлүүд сонгож, сурталчилгааг ч хариуцлаа. Ер нь тэднийх их гоё зохион байгуулсан. Би үзэсгэлэнгийнхээ нээлтээр томоохон цаасан дээр уран бичиж үзүүлье гэсэн шүү юм бодож, төлөвлөөд байлаа. Гэтэл Кристина арай өөрөөр сэтгэсэн. Монголд төрийн ч бай, бусад байгууллагын арга хэмжээг нээхдээ морин хуур голдуу тоглуулдаг. Уран зургийн үзэсгэлэнг орчин үеийн хөгжимд урнаар татаж, бичиж нээвэл ямар вэ гэсэн санал хэлэхдээ галерейн нэг ханан дээр бич гэсэн нь таалагдсан. Анх удаа галерейн ханан дээр чөлөөтэй бичиж үзлээ. Энэ үйлдэл үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн зочдын санаанд ороогүй бэлэг болж чадсан. Манайд эднийхээс өөр ханаа ингэж “баллуулах” нь бүү хэл, ширхэг хадаас хадуулах галерей байхгүй.
-Таны час улаан, гүн хөх, нил ягаан мэт энэхүү бүтээлүүдээс үзэгчид юу, юу уншиж, хүлээж авсан бол?
-Эдгээр нь хэдийгээр абстракт хэв маягийн бүтээлч гэлээ сайтар ажиглавал монгол бичгийн үндсэн зурлага, журам агуулагдаж байгаа. Гэхдээ чөлөөтэй цацаж, уусгах ажиллагаа, арга барилаар хандсан. Далай гэдэг санааг гаргахад энэ үгийг монголоор бичихэд хэрэглэдэг эвэр, шүд гэх зэрэг үндсэн зурлагуудыг ашиглахын сацуу далайн түрлэг, усны долгио зэргийг харуулахыг оролдсон. Бүр хийсвэрээр сэтгэж зурсан бүтээл ч бий л дээ. Өмнө нь цагаан цаасан дээр хар бэхээр голдуу бичиж ирсэн бол энэ удаа алтан боронз дээр улаанаар, оюун ногоон өнгөн дээр цэнхрээр бичих байдлаар ажилласан.
-Үүнийг уран бүтээл дэх өөрчлөлт гэнэ биз?
-Эрэл хайгуул хийж эхэлсний шинж юм болов уу. Хэдий хийсвэрээр сэтгэж, төсөөлсөн ч монгол уран бичлэгийнхээ үндсэн хэв шинжийг алдагдуулахгүйг зорьж ажилласан. “Манан” гэдэг зураг байлаа гэхэд чөлөөтэй татсан зурааснуудаас манан харагдаж л байдаг. Ер нь контемпорари чиглэлийн бүтээлүүд гэж үзэх байх.
-Монгол бичгээ сайтар эзэмшсэн, уран гоёор бичдэг давуу талтай зураач та уран бүтээлээ ихээхэн далайцтайгаар, утга төгс гүнзгийрүүлж эхэлжээ гэж ойлгохоор ч юм шиг.
-Хичээж л байна. Монгол бичиг маань өргөн цар хүрээнд, чөлөөтэй сэтгэж ажиллах боломж олгодог. Тэгээд ч байгалийн үзэгдлүүдийн тухай өгүүлэх тодорхой сэдвийн хүрээнд ажиллахад болмоор санагдаж байгаа юм.
-Хэзээнээс уран гоёор бичиж эхэлсэн юм бэ?
-Би 2003-2008 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангид суралцаж төгссөн. “Морины” хэмээдэг Д.Батмөнх багшийн шавь. Сургуулиа дүүргэсний дараа жилээс нь каллиграфаар хичээллэж эхэлсэн юм. Тухайн онд Туркт “Дэлхийн соёл ба залуус” гэдэг соёлын өвийн наадам болоход Урлагийн зөвлөл, Туркийн ЭСЯ хамтраад уран бүтээлч залуусыг оролцуулсан юм. Тэнд би монгол бичгээр уран гоё бичих үүрэгтэй очсон. Туркчүүд монгол бичиг их сонирхож, олон хүн нэрээ болон бусад үг бичүүлснээс болоод бэлдэж очсон 200 гаруй ширхэг цаас минь ч дорхноо дууссан. Тийм эрэлттэй байсан гэх үү дээ. Хүүхдийн ордны дугуйланд уран бичлэгийн мастер Батбаяр багшид шавиар орсны, Бичиг соёл, боловсролын төвд уран бичлэгийн сургалтын төвд явсны, Үндэсний түүхийн музейд Ганбаатар багшаар заалгасны минь хэрэг гарлаа гэж бодож байлаа. Түүнээс хойш уран бичлэгээр дагнаж бүтээл туурвих болсон юм. Багш нарын минь заасан эрдэм, хүч, буяны шим юм гэж бодож явдаг.
-Та аавтайгаа хамтарч ажилладаг юм билээ. Аав тань уран бичээч үү?
-Аав миний менежер. Уран зурагт маш дуртай болохоор хүүгээ зураач болгосон хүн дээ. Би аавынхаа заасан замаар замнаж яваа минь энэ.