Ипотекийн зээл олгохдоо шимтгэлийн хэмжээг зээлийн дүнгийн нэг хувиар тооцон авч буй нь хууль зөрчсөн хэмээн ШӨХТГ-ын байцаагч нар арилжааны банкуудыг 2022 оны наймдугаар сарын 12-нд тус бүр 20 сая төгрөгөөр торгосон. Арилжааны “Ариг”, “Богд”, “Хас”, “Капитрон”, “Голомт”, ХААН, Төрийн, Тээвэр, хөгжлийн, Худалдаа, хөгжлийн банкныхан уг шийтгэврийг эсэргүүцэн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Тэгвэл арилжааны банкууд Дээд шүүх хүртэл заргалдаад амжилт олсонгүй. ШӨХТГ-ын байцаагчдын шийтгэвэр хууль зүйн үндэслэлтэй нь тодорхой боллоо. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх банкуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдний өмгөөлөгч нарын гарсан гомдлыг 2023 оны дөрөвдүгээр сарын 10-нд хэлэлцээд Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10 дахь “аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх хориглосон үйл ажиллагаа биш” гэж дүгнэн ШӨХТГ-ынхны шийтгэврийн хуудаснуудыг хүчингүй болгосон юм.
Уг нь ШӨХТГ-ын улсын байцаагч нар арилжааны банкуудын зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамж нь Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа, эсэхэд хяналт шалгалт хийгээд дээрх есөн банкийг “иргэдэд олгож буй ипотекийн хөнгөлөлттэй зээл олголтын шимтгэлийг ижил хэмжээгээр тогтоож, өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа, бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн тогтоох гэрээ, хэлцэл (картель) байгуулсан байж болзошгүй”, “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг зүй бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн байж болзошгүй” гэсэн үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсгэсэн байдаг. Улмаар хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн гэх үндэслэлээр торгож, ипотекийн зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоож, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахыг даалгасан билээ.
ШӨХТГ-ынхан анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэн нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасны дагуу өнгөрсөн зургадугаар сарын 13-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тус газрын байцаагчид арилжааны банкуудыг тус бүр 20 сая төгрөгөөр торгосон нь үндэслэлтэй хэмээн дүгнэсэн юм. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн дээрх есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр батлагдаж, тус бүр 20 сая төгрөг улсын төсөвт тушааж, ипотекийн зээлтэй 110 мянган иргэн банкуудаас зээл судлуулсны үйл ажиллагааны зардалд суутгуулсан нэг хувийн шимтгэлийг нэхэмжлэх боломж бүрдэж байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа