Улс төрийн хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр өчигдөр тохиолоо. Уг өдрийг тохиолдуулан “Өмнөд Солонгосын Чэжү 4.3-ын түүх” нэртэй тусгай үзэсгэлэнг нээв. Монголын Үндэсний музейд нээсэн тус үзэсгэлэн нь БНСУ-ын түүхэнд төрийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэдийн амь, эрх чөлөө ихээр хохирсон эмгэнэлт үйл явдлыг олон нийтэд таниулах зорилготой арга хэмжээ юм.
УИХ-ын дэд дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссыг удирдаж буй С.Одонтуяа хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр энэ жил анх удаа өөр улстай хамтран үйл ажиллагаа зохион байгуулж буйгаараа онцлогтойг дурдсан. Тус үзэсгэлэнг зохион байгуулж буй “Чэжү 4.3 Энхтайвны сан”-гийн тэргүүн Ко Хи Бум “1948 оны дөрөвдүгээр сарын 3-нд болсон түүхийн үйл явдлын үнэнийг марталгүй хойч үедээ үргэлж сануулж байх хэрэгтэй” хэмээсэн юм. Цагаатгалын улсын комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Төгөлдөр “Зүүн Азид улс төрийн хэлмэгдүүлэлт болсон хоёр орон байдаг нь Монгол болон БНСУ. Монгол Улстай ижил төстэй гашуун үйл явдал БНСУ-д 1948 онд болсон. Солонгосын ард иргэд төрийн бодлогын эсрэг бослого гаргаж, түүнийг нухчин дарсан гашуун түүхтэй.
2022 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ул сын комиссоос тодорхой бие бүрэлдэхүүн БНСУ-д очиж, бослогын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн “Монголын их хэлмэгдүүлэлт” нэртэй фото зургийн үзэсгэлэнг Чэжү аралд зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр (өчигдөр) “Чэжү 4.3 Энх тайвны сан”-гаас 1948 онд Чэжү аралд өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн талаарх үзэсгэлэнг манай улсад нээж байна” гэв. Үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нэг сарын хугацаанд үргэлжилнэ. “Чэжү 4.3 Энхтайвны сан” нь БНСУ-д 1999 онд батлагдсан “Чэжү 4.3”ын түүхийн үнэнийг илчлэх, хохирогчдын нэр төрийг сэргээх зорилготой тусгай хуулийн хүрээнд саяхнаас үйл ажиллагаа явуулж буй байгууллага аж. БНСУ-д анхаарал хандуулах болсон учир өнгөрсөн жилээс л хэлмэгдэж хохирсон иргэдэд нөхөн төлбөр олгож эхэлжээ.
Бэлтгэсэн: Б.Оргил