Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгатай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Саяхан та урд боомтуудаар ажлын айлчлал хийгээд ирлээ. Шинэ содон мэдээлэлтэй байгаа болов уу. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүсийг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газар Боомтын сэргэлтийг тэргүүлэх чиглэлд авч үзэн, хөгжлийг түргэтгэх гол хөшүүрэг хэмээн тодорхойлсныг та бүхэн мэднэ. Үүний хүрээнд миний бие БНХАУ-ын ӨМӨЗО-ы удирдах дээд түвшний албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, Хөх хотноо болсон Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын V хуралдаанд оролцон, албан ёсны айлчлал хийгээд ирлээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос, Бугат хотын Дарханмуумянган хошууны Мандал боомт, Баяннуур хотын урдын дунд хошууны аж үйлдвэрийн парк болон Ганцмод боомт, Альша аймгийн зүүн хошууны Өлзий боомт, Эзнээ хошууны Сэхээ боомт, Улаанцав хот, шилийн гол аймгийн Эрээн хотын удирдах албаны төлөөлөлтэй худалдаа, эдийн засаг, бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээр хийсэн. Мөн Монгол талын Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Замын-Үүд, Цагаандэл-Уул боомтод ажиллалаа. Энэхүү ажлын айлчлал нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх, мөн хилийн боомтын нэвтрүүлэлтийг сайжруулах асуудлаар тодорхой ахиц гаргахад чиглэснээрээ онцлогтой
-Монгол, Хятадын хилийн боомтын менежментийн хамтын ажиллагааны комиссын V хуралдаанаар 40 асуудлыг хэлэлцэж, хамтарч ажиллахаар болсон гэсэн үү?
-Тус хуралдаанаар хоёр улсын боомтын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах зорилгоор Монгол Улсын Боомтын сэргэлтийн Үндэсний хороо БНХАУ-ын Үндэсний Боомтын захиргаатай хамтын ажиллагааны гэрээ байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн. Тодруулбал химийн хорт болон тэсэрч дэлбэрэх аюултай бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн урвалж тээвэрлэх боомтуудыг тодорхой болгох саналыг Монголын талаас тавьж, Хятадын тал боомтын холбогдох чиг үүргийг өргөжүүлэхийг дэмжиж, хилийн боомтоор шаардлага хангасан импорт, экспортын бараа нэвтрүүлэхийг идэвхтэй дэмжихээ илэрхийллээ. Дээрх асуудлаар талууд Засгийн газар болон гаалийн байгууллага нягт холбоотой ажиллаж, гаалийн холбогдох хяналтын талбайн бүтээн байгуулалтыг сайжруулах, Ханги-Мандал боомтоор химийн аюултай бодис нэвтрүүлэх талаар судлахын зэрэгцээ нөхцөл бүрдсэн бусад боомтуудыг эрэлхийлэх нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн. Мөн Бичигт-Зүүн хатавч боомтын ажиллах цагийн хуваарийг судлан үдийн цайны цаггүй ажиллуулах урьдчилсан үнэлгээг ажлын хэсэг гаргахаар тохиролцлоо. Улмаар Булган-Такашикэн боомтын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, хоёр улсын хууль ёсны амралтын өдрүүд, бямба, ням гарагт зорчигч болон ачаа тээврийг нэвтрүүлэх, өвөл, зуны ялгавартай хуваарь хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, зуны улиралд тавдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрүүдэд Бээжингийн цагаар 10.00-21.00 цаг, өвлийн улиралд ажиллах цагийн хуваарийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 30-ны хооронд Бээжингийн цагаар 10.00-19.00 цаг байхаар тогтсон. Түүнчлэн тавдугаар хуралдаанд Шивээхүрэн-Сэхээ боомтод чингэлэг тээврийн болон AGV тээврийн тусгай гарц нээхийг талууд дэмжлээ.
-2023 оны III улирал эхэлчихлээ. Энэ онд боомтын сэргэлтийн хүрээнд хийсэн томоохон ажлуудын явц, гаргасан амжилтын талаараа дурдаач?
-Боомтын сэргэлтийн үндэсний хороо “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд төмөр замын сүлжээг шинэчлэн сайжруулах замаар холболт хийх, шинээр төмөр зам байгуулах, хилийн боомтуудыг хатуу хучилттай замаар холбох, онгоцны буудлуудын хүчин чадлыг нэмэх, терминалууд байгуулах зэрэг нийт 6 багц төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадал, урсгалыг нэмэгдүүлж, экспорт, худалдааны эргэлтийг сайжруулах замаар эдийн засгийг тэлэх, аялал жуулчлалын салбарыг дэмжихэд томоохон хөшүүрэг болно. Одоогийн байдлаар Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомтууд дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байна. Улмаар Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтуудыг өргөтгөн шинэчлэх зураг төслийн ажил эхэлсэн.
Мөн БНХАУ-ын буцалтгүй тусламж болон Засгийн газрын хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд Гашуунсухайт болон Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажил ид өрнөж байна. Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын зорчигч тээврийн терминалыг ашиглалтад оруулсан бөгөөд ачаа тээврийнх ирэх аравдугаар сард ашиглалтад орно. Харин Гашуунсухайт хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажлын гүйцэтгэл 23 хувьтай байгаа бөгөөд ирэх онд ашиглалтад орох юм. “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийн хүрээнд хилийн авто замын Алтанбулаг, төмөр замын Сүхбаатар болон авто замын Боршоо боомтын дэд бүтцийг сайжруулахаар ажиллаж буй. Сүхбаатар төмөр замын боомтын нэг цэгийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орсон бол Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх төслийн ажлын явц 81 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн Бичигт боомтын хувьд АХБ-ны санхүүжилтээр боомтын өргөтгөлийн ажил долоодугаар сард эхэлсэн бөгөөд ирэх жилийн арванхоёрдугаар сард дуусах төлөвлөгөөтэй. Боршоо хилийн боомтын барилга байгууламж, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын гүйцэтгэл 99 хувьтай байна.
-Гурван жил зогссон Эрээн-Замын-Үүд чиглэлийн галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг дээрх айлчлалын хүрээнд нээлээ гэж ойлгож болох уу?
-Замын-Үүд- Эрээн боомт нь хоёр улс хоорондын төмөр зам, авто зам, зорчигч тээврийн үндсэн боомт төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал ач холбогдолтой. Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар галт тэрэгний чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хятадын талаас 2020 оны хоёрдугаар сарын 18-наас хаасан. Тиймээс манай талаас зорчигч тээврийн хөдөлгөөнийг шуурхай нээн ажиллуулах хүсэлтийг хятадын талд удаа дараа тавьж байв. Улмаар БНХАУ-ын Гаалийн Ерөнхий газрын Намын хорооны гишүүн, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зөнляантай яриа хэлэлцээ хийсэн. Үр дүнд нь БНХАУ-ын талаас энэ сарын 25-наас эхлэн галт тэрэгний Эрээн-Замын-Үүд-Улаанбаатар, Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн зорчих хөдөлгөөнийг нээх шийдвэрийг эцэслэн гаргалаа.
-Ингэхэд боомтуудад жолоочгүй ухаалаг тээврийг хөгжүүлэх ажил ямар явцтай байгаа вэ?
-Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтуудад AGV буюу жолоочгүй хил дамнасан тээврийн төслийг туршилтаар нэвтрүүлсэн. Хилийн боомтын нэвтрэлтийг сайжруулах, автомат удирдлагатай нүүрс тээврийн хэрэгсэл болох AGV-ийн үйл ажиллагааг 24 цагаар явуулах шаардлага бий. Тиймээс бид хятадын талд 24 цагаар AGV-явуулах санал тавьсан. “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд ачаа болон зорчигч тээврийн терминалиудыг шинэчилж, нэвтрүүлэх хүчин чадлыг 4-7 дахин нэмэгдүүллээ. Гашуунсухайт боомтод чингэлэгт нүүрс шилжүүлэн ачих чингэлэг тээврийн терминал, автомат удирдлагатай тээврийн хэрэгслийн терминал / AGV/, Шивээхүрэн боомтод нүүрс экспортлох чингэлэг тээврийн терминал, Замын-үүд боомтод чингэлэг шилжүүлэн ачих талбайг өргөтгөсөн. -Монгол Улсын гол тулгуур боомтын нэг бол Гашуунсухайт боомт юм. Засгийн газраас эл боомтод нэлээн ач холбогдол өгч бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа. Ажлын явц ямар шатандаа байгаа вэ? -Монгол Улсын экспортын нүүрсний гол боомт болох Гашуунсухайтыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлд авч үзэн цогцоор нь өргөтгөж шинэчлэхээр “Хөгжлийн хөтөч дэд” бүтэц төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Арванхоёрдугаар сарын 30 гэхэд бүтээн байгуулалтын ажлуудыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрч буй нүүрс экспортын хэмжээг өдөрт 200 мянган тонн, сард 5 сая тоннд хүргэн нэмэгдүүлэх, ингэхдээ өдөртөө 1500-гаас доошгүй нүүрс тээврийн автомашиныг нэвтрүүлэх шаардлага бий.
-Боомтын ирээдүй, цаашдын чиг хандлага, хөгжлийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
- Боомт гэдэг бол эдийн засаг, худалдааг өргөжүүлэх гол суурь, дэд бүтэц юм. Түүнээс зөвхөн гарц, орц гэдгээр боомтыг ойлгож, хэмжиж болохгүй. Тэр ч утгаараа чөлөөт бүсийн хөгжлийн суурь болох дэд бүтцийн ажлыг урагшлуулахад Засгийн газар онцгойлон анхаарч байна. Хамгийн гол нь ухаалаг, саадгүй хамгийн хурдан нэвтрэх боломжийг боомтод бүрдүүлэх нь чухал. Мөн худалдаа, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр хөрш орны хилийн боомтын зам, тээвэр, ложистикийн дэд бүтэцтэй уялдсан төлөвлөлт хийж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд бид анхаарч байна. Түүнчлэн хөрш орны хилийн боомттой холбогдсон мэдээллийн систем бүхий цахим боомт хөгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлсэн. Улмаар олон улсад, тэр дундаа хөрш орнуудын хилийн боомт орчмын хурдацтай хөгжлийн өөрчлөлтийг даган манай улс өөрийн боомтын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх хэрэгцээ бий. Тодруулбал, бид хөгжлийн хоцрогдолыг арилгах, боомтоор шинэ төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх, хэрэглэхтэй холбогдсон харилцааг нэн даруй зохицуулж, зөв зохистой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, төрийн бодлогын шинэчлэлийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд анхаарахад төвлөрч байна.