Уран зургийн галерейн захирал, ДБЭТ-ын захирлын албыг түр хавсран гүйцэтгэж буй Б.Сарантуяатай ярилцлаа. Тус театрын захирлыг Соёлын яамнаас сонгон шалгаруулалтаар шийдэж, томилох хүртэл тэрбээр ажиллах юм байна. 60 жилийн түүхтэй ДБЭТ-ын шинэ удирдлага ийнхүү ярьж байна.
-Хоёр байгууллага удирдах амаргүй байна уу?
-“Үгүй”, “Чадахгүй” гэж хэлэх эрх байхгүй болохоор ажил хүлээж авсан. Наадмын өмнө сайд дуудаад, хавсарч ажиллахыг үүрэг болгосон юм. Улсын баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт, Төв цэнгэлдэхэд болсон наадмын нээлт зэрэг ажилд театрын захирлын хувиар оролцоод явж байлаа. Долдугаар сарын 16-нд театрынхаа ажилтан, албан хаагчидтай уулзаж, хамтарч ажиллах боллоо шүү гэдгээ мэдэгдсэн. Ажиллагсад, уран бүтээлчид надад итгэл хүлээлгэн, угтаж авсанд баяртай байгаа. ДБЭТ байгуулагдаад 60 жил болжээ. Бид уран бүтээлийн 61 дэх улирлын ажилдаа шуудраад байна. Жилийн төлөвлөгөөгөө гаргаж, батлуулсан. Ес, аравдугаар сарын тоглолтуудыг байгууллагын 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд явуулах юм. Их ажлын нээлт болгож энэ сарын 9-ний орой театрынхаа гадаа буюу нийслэлийн төв талбайд Монголынхоо ард түмэнд уран бүтээлийн 60 жилийн тайлангаа тавихаар “Сонгодог жаран” тоглолтыг хийх гэж байна.
-Уран бүтээлийн 61 дэх улирлын нээлтийн тоглолт ямар жүжгүүд байх вэ?
-Дуурийнх нь Ж.Бизегийн “Кармен”, балетынх нь “Дон Кихот” байна. Үндсэндээ уламжлал ёсоор сонгосон гэсэн үг.
-Та соёл урлагийн салбарт олон жил болохдоо төрийн захиргааны байгууллагуудад багагүй хугацаанд ажиллажээ. Уран зургийн галерейн захирлаар таван жил ажилласан байна. Дуурь, балетын театрыг удирдах юм гэж бодож явав уу?
-Бодож байсангүй ээ. Хөгжмийн урлагийн, улсдаа хамгийн томоор барахгүй Ази тивд байр суурь, нэр хүндтэй, үүгээр овоглодог дуучин дэлхийн уран бүтээлч болоод буй байгууллагыг үндсэн чиглэлд нь сайтар удирдан ажиллах нэгнийг сонгож, томилох байх гэж бодож байна. Харин тэр болтол би хариуцлагатай ажиллана. Театрынхантай анх нүүр тулахад өвөрмөц мэдрэмж төрсөн. Дор бүрнээ авьяас нь халгиж, цалгин, ур чадвар нь багтаж ядсан олон уран бүтээлч “За, алив, ажиллаад өгье” гэсэн эрч хүч, энергиэр дүүрэн угтах шиг санагдсан. Амбиц ч гэдэг. Тэгэхээр энэ их хүчийг зөв чиглүүлж, нөөцийг ханатал ашиглавал их юм гарна даа гэж бодогдож байлаа. 60 жилийн хугацаанд төрүүлсэн бүтээлүүд, тэдгээрийг амилуулж үзэгчдэд хүргэн, зүрх сэтгэлийг нь эзэмдэж ирсэн үе үеийн авьяас билэгт цуутнуудын өв арвин. Тэдгээрээс дээжилж, бас оновчтой сонгож, хөтөлбөрт багтаах нь амар ажил биш юм аа.
-Театр одоогоор уран сайхны удирдагчгүй байгаа байх аа?
-Тийм ээ. Энэ талаар ярилцаж байна. Удахгүй томилно.
-Таны үндсэн ажлын талаар асууя. Монголын уран зургийн галерей бас л мэргэжлийн урлагийн томоохон байгууллага. Сүүлийн жилүүдэд өнгө зассан. Үзэгчид ч нэлээд зорих болсон санагдсан. Хүмүүсийг яаж татаж байна вэ?
-Ажил хүлээж авмагцаа засвар хийсэн. Гаднаас орж ирэхэд хар бараан орчин угтдаг байдлыг өөрчилье гэж шийдсэнээр 2019 оны нэг, хоёрдугаар сард галерейдаа дотоод заслыг 31 сая төгрөгөөр хийсэн. Түрээсийн байр учир хамаагүй хөндөж болохгүй гэдэг юм билээ. Гэсэн ч шаардлага байсан учир түрээслэгчид мэдэгдээд зассан. Нуухны гэж ярьдаг 780 ширхэг нүхэн гэрэл тавьж байж танхимуудыг саруул болгов. Өнгө орсон ч гэсэн амь орохгүй байгаа юм шиг санагдаад байлаа. Ороод ирэхэд тэврээд авч байгаа юм шиг дотно, дулаан уур амьсгал бүхий энергийг зураач, уран бүтээлчид бүрдүүлнэ гэж үзсэн. Тийм учраас галерейн сан хөмрөгт байдаг 4000 гаруй бүтээлийн эздэд, 40 гаруй ахмад уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэн, урин залж зассан байраа үзүүлэн, ярилцаж, хамтдаа баярлая гэж шийдсэн л дээ.
Зураачид залуудаа бүтээсэн, одоо сан хөмрөгт байдаг бүтээлүүдээ хараад үнэхээр “хагартлаа” гэж хэлж болохуйцаар баярласан. 2009 онд гарсан галд Монголын сор болсон зураачдын 900-гаад бүтээл шатсанд ахмад уран бүтээлчид их гомдсон байжээ. Тийм болохоор хөл нь галерейн зүг явахаа больсон байсан ч юм шиг. Ийм уулзалт зохион байгуулснаар тэр гомдол нь арилах шиг болсон. Мөн манай нэгэн ажилтны гаргасан санааг ажил хэрэг болгож, гурван жил дараалан тууль хайлуулсан. Бас нэгэн онцолж хэлэх юм бол атгасан гар шиг цул болж ажилладаг манай цөөн хэдэн ажилтны мэргэжилдээ үнэнч, ажилдаа дуртай сэтгэл юм. Чиглүүлж, санаа өгсөн байхад залуус бүхнийг хийдэг. Цалин бага болохоор ажлаасаа гарсан, гадаад явсан нь бий л дээ. Одоо бол ажилтнуудын урам нь бага зэрэг ч гэсэн сэргэсэн. Цалинг 62 хувиар нэмэхэд хүмүүс өөдрөг болдог юм байна. Манайхнаас “Захирал аа, цалин нэмэгдэх ямар гоё юм бэ” гэж хэлсэн хүн нэг бус. Бид олон сонирхолтой контентой болсон. Ийм олон хүчин зүйлийн нөлөөгөөр галерейнхаа үзэгчдийг дахин татаж эхэлсэн юм.
-Сонирхолтой контентуудаас танилцуулна уу.
-Урлагийн боловсролын болон яруу найрагч, уран зураач, арт терапи зэрэг хөтөлбөр, “Эрчист Монгол” өргөө зэргээ ашиглаад бизнесийн болон олон улсын байгууллагуудтай хамтарч янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Гэр бүлд зориулсан “Намрын үдшийн галерей”-гаа нэрлэхэд таатай байна. Хүмүүс амралтын өдрөө бүтэн манайд өнгөрүүлж болдог. Энэ нь өглөөнөөс 12.00 цаг хүртэл хүүхдэд, 12.00-16.00 цаг хүртэл гэр бүлд, түүнээс хойш 24.00 цаг хүртэл залуучуудад зориулсан хөтөлбөр бүхий арга хэмжээ юм. Үүнийг энэ намар тав дахь жилдээ зохион байгуулна. Дахиад л гурван өдөр хүмүүс “буцлах” байх.
-Гадаад харилцаагаа хэр хөгжүүлж байна вэ?
-Гадаадын уран бүтээлчдийн үзэсгэлэнг жилд 10-аад удаа зохион байгуулдаг. Англи, Франц, Итали, Испани, БНСУ, БНХАУ, Япон гээд олон орны зураачдын бүтээлүүдийг үзэгчдэдээ танилцуулсаар ирлээ. Өнгөрсөн жил түүхэн үйл явдал тохиолоо. ХБНГУ-ын Засгийн газраас хэрэгжүүлдэг дэлхийн соёлын өвийг хадгалж, хамгаалах төслөөс 100 мянган еврогийн буцалтгүй тусламж авч чадсан. Төслөө бичиж, “Гёте” институтээр дамжуулж Засгийн газарт нь хүргэсэн. Тусламжийн мөнгөөр уран зураг сэргээн засварлах лаборатори байгууллаа. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий, гэмтсэн бүтээлүүдийг сэргээн засварлах вакум ширээтэй боллоо. Хоёр сэргээн засварлагчаа сургахад 33 мянган евро зарцуулсан гээд яривал амжилт нэлээд бий. Энэ лаборатори нь Уран зургийн галерейн үе үеийн захирлуудын мөрөөдөл байсан болов уу. Цаг, тохироо нь бүрдсэнюм болов уу, намайг ажиллаж байх үед бүтлээ. Галерейн үе үеийн ажилтнуудын уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн ч үр шим юм.
Катар улс хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах үеэрээ дэлхийн нүүдэлчдийн соёлыг харуулсан үзэсгэлэн гаргахдаа манай улсыг оролцуулсан юм. Түүнд Монголын талаас үзмэр сонгохдоо манай галерейн сан хөмрөгийн дөрвөн бүтээлийг түрээсэлсэн нь бас сонирхуулахаар, бахдахаар үйл явдал болсон.
-Түрээсэлсэн гэдгийг тайлбарлаж өгөөч.
-Манайхаас уран зургуудыг түрээсээр авч, катарууд болон хөлбөмбөгийн ДАШТ-ийг зорьсон орон орны үзэгчдэд үзүүлсэн. Дөрвөн бүтээлийг зургаан сарын турш үзэсгэлэнд тавьсныхаа төлөө 40 мянган ам.доллар өгсөн. Мөн бүтээлүүдийг онгоцоор нааш, цааш тээвэрлэх болон манай зүгээс ажилласан менежер, ажилтнуудын замын болон бусад зардлыг ч даасан.
-Ямар сайхан юм. Хэний, ямар бүтээлүүд вэ?
-Ардын зураач Б.Чогсомын “Тайхар чулуу”, Ардын зураач Л.Гаваагийн “Киномеханикч”, Урчуудын эвлэлийн шагналт Ц.Жамсрангийн “Орхоны хавар”, байгалийн дууч хэмээх алдартай М.Цэмбэлдоржийн “Цагийн сайхан” гэсэн бүтээлүүд.
-Галерейнхаа ажлын талаар ярихад нүд тань сэргээд ирж байна шүү.
-Тэгэлгүй яах вэ. Соёл урлагийн менежерийн хувьд юу амжуулж, бүтээж чадахаа энд сорьж байгаа юм чинь.