Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяртай ярилцлаа. Монгол хэлний хэрэглээ, хөгжил, дархлааны талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм.
-Монгол хэлний үгийн сан хумигдлаа, устаж мөхөх нь гэх яриа сүүлийн үед хааяагүй сонсогдох боллоо. Үнэхээр нөхцөл байдал хүндрэв үү. Судлаачийн хувьд та үүнд хэрхэн хариулах вэ?
-Юу юугүй л монгол хэл мөхөх нь, үгийн сан буурлаа, гадаад үг үерийн ус шиг цутгалаа гэж ярьж болохгүй. Гэхдээ учирч болзошгүй эрсдэл, өөрчлөлтийг тооцоолохгүй байж бас боломгүй. Дэлхий дахинд өдгөө 7100 гаруй хэл бий гэдэг. Гэсэн ч долоо хоногт нэг аялгуу устах аюулд байгаа болохоор дээрх тоо тогтвортой биш. Нэг хэсэг олон хэл, аялгуу цагийн аясаар мөхөж устсан. Монгол хэл тийм үеийг даваад, тэсэж үлдсэн юм. Өөрөөр хэлбэл, дархлаа сайтай хэл гэдгээ нотолсон. Баялаг уламжлал, хэл зүй, үгийн сантай, хэдхэн зуун жилийн дотор устаж мөхөхөөргүй өв соёл гэдгээ нотолж ирлээ. Мөхсөн гэдэг нь хэрэглэдэггүй, зөвхөн бичгийн дурсгалаас мэдэх, шинжлэх ухаан, шашин, соёлын хэрэгцээнд ашигладаг хэл. Тухайлбал, латин, самгарди, эртний египет, тохар, хуучин слав гээд олон хэлийг нэрлэж болно.
Газар зүй, бүс нутгийн онцлог, нийгэм, цаг үеийн хүчин зүйлээс хамаарч олон хэл мөхөж, зөвхөн дурсгал болсон баримт цөөнгүй. Даяаршлын өнөө үед англи болон техник, технологи хөгжсөн улс орнуудын хэлний нөлөө улам ихсэж байна. Жишээ нь, копт хэлийг арабаар, Америкийн уугуул оршин суугчдын олон хэлийг англи, франц, испани, португалаар сольсон. Америк, Австрали, ОХУ-ын зарим бүс нутаг дахь уугуул оршин суугчдын хэл мөхлийн ирмэгт байгаа. Харин монгол хэл бол тусгаар тогтносон улсынх гэдгээрээ, яригчдын тоо, хэрэглээгээрээ дээрх асуудлаас ангид. Мөхөх эрсдэлтэй хэлэнд тооцогдохгүйг ЮНЕСКО-гоос гаргасан судалгааны дүн ч илтгэсэн байдаг. Монгол Улсад оршин суугаа 3.4 сая гаруй хүнээс гадна гадаадын орнуудад амьдардаг монголчууд ч эх хэлээрээ харилцаж байна. Бидний угсаа гарваль нэгт монголчууд ч монгол хэлээрээ ярьж, үндэсний бичгээ хэрэглэхийг хүсдэг шүү дээ.
-Сүүлийн үед монгол хэлний хэрэглээнд хамгийн тулгамдсан асуудал юу вэ?
-Дотоод асуудал гэх юм уу даа. Үгийн сангийн хэрэглээ, найруулгын зохист чанар алдагдаж байгааг цахим сүлжээнээс олонтоо харж болно. Сүүлийн үед ажиглагдаж буй сөрөг үзэгдэл нь цахим сүлжээнд хэдхэн хормын дотор түгээх боломжтой хуурамч мэдээ, үзэн ядах үг хэллэгийн тархалт ихэссэн нь юм. Үүнийг дагаад монголчуудын сэтгэлгээ ч өөрчлөгдөж байна. “Түрэмгий хэл ярианы агентууд нь сэтгэл зүйд гэмтэл учруулдаг” гэж Германы философич М.Хайдеггер хэлсэн байдаг. Хэл яриа нь тухайн хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж, зүй зохист харилцааг алдагдуулахын зэрэгцээ сэтгэлгээнд гажиг үүсгэдэг. Энэ нь цаашлаад зан чанар, эргэн тойрон дахь харилцааны орчинд нөлөөлнө. Цахим орчин дахь үг хэллэгийн агуулгын хүрээг харвал сөрөг тал нь давамгай. Ялангуяа сэтгэгдэл хэсгийн ихэнх нь үгүйсгэл, шүүмж, сөрөг мэдээ байдаг. Жирийн бичигчээс эхлээд хэдэн мянган дагагчтай олны танил хүмүүс ч сөрөг агуулгатай үг хэллэгийг цахим орчноор дамжуулан нийтэд түгээгээд байна. Урлаг, уран сайхны зарим бүтээлд, ялангуяа хип хоп дуунууд ямар их хараалын үг хэллэгтэй билээ. Улс төрийн зүтгэлтэн, улстөрч, олны танил хүмүүсийн хэлсэн бүдүүлэг, хараалын үг нь боловсролтой хүмүүсийн ярианд хүртэл нэвтрэх болсон. Мэдээж үргэлж баярласан талархсан, сайн сайхан агуулгатай мэдээ, мэдээлэл түгээх боломжгүй. Гэсэн ч агуулгын хувьд болж өгвөл эерэг хандлагатай үгийг сонгон хэрэглэх нь чухал.
-Сөрөг хандлага газар авахаас сэргийлэх гарц, гаргалгааг та хэрхэн тодорхойлох бол?
-Ардчилал оронд хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нээлттэй. Гэсэн ч ёс зүйгүй, худал мэдээллийг хянаж, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн редакцтай байх ёстой. Цахим сэтгүүл зүйд хяналт хэрэгтэй. Нийгмийн сүлжээнд хувь хүмүүс хүссэн мэдээллээ оруулж байна. Энэ тохиолдолд хяналт байхгүй. Тэд цахим орчинд мэдээллийг хурдан шуурхай хүргэхийг л гол зорилго болгодгоос биш, үг хэллэгт төдийлөн анхаардаггүй. Ялангуяа хүндэтгэх, эерүүлэх, зөөллөж болмоор үг хэллэгийг хэрэглэдэггүй. Шууд л хорчин, хулгайч, луйварчин гэх мэтээр бичиж, ярьж байна. Нөгөө талаас ажил үүргийн хүрээнд гадаад үгийг орчуулахдаа монгол хүнд тохируулах нь чухал. Жишээлбэл, “Money drop” гэдгийг яагаад заавал “Мөнгөний уналт” гэж орчуулаад байна вэ. “50 саяын уналт” гэхээсээ илүү “50 саяын төлөө”, эсвэл “50 сая” гэх мэт үгийг хэрэглэх боломжтой. Түүнчлэн зөвхөн мэдээллийн хэрэгсэл биш, үйлчилгээний салбарт ч “Амны хаалтгүй хүн оруулахгүй”, “Оршин суугчдад хамаарахгүй” гэх мэтээр аливааг сөрөг талаас нь хэлэх, бичих нь ихэссэн. Үүнийг “Амны хаалттай хүнд үйлчилнэ”, “Оршин суугчид нэвтэрнэ” гэж эерэг талаас нь хэлж болно. Агуулга нь адил атал манайхан үгүйсгэлийг сонгоод байгаа юм. Орчин үеийн нийгэм, соёлын өөрчлөлтүүд нь хүмүүсийн үнэт зүйлсийн чиг баримжааг эерэг, сөргөөр өөрчлөхөд хүргэсний нэг жишээ нь энэ. Хэл бол хүний оршихуйн хэрэгцээ, хөгжлийн гол үзүүлэлтүүдийн нэг. Хүн боловсрол, ёс суртахуун, соёлын түвшнээ хэл яриагаараа л илэрхийлдэг шүү дээ.
-Гадаад хэл, ялангуяа цахим орчны нөлөөгөөр манайд цөөнгүй шинэ үг хэллэг орж ирэх болсон. Тэр хэрээр хэл хөгжив үү. Эсвэл харь үгс нь монгол хэлэнд сөргөөр нөлөөлж байгаа юу?
-“Бид олон боломж бүхий харилцааны орон зайд хэлнийхээ үнэ цэнийг өсгөхийн зэрэгцээ зарим талаар хурдацтай бууруулах болсон” гэж судлаачид үзэж байна. Харилцааны орон зай тэлж, гадаад хамтын ажиллагааны үр дүнд шинэ техник, технологи, мэдлэг нэвтэрч, цоо шинэ салбарууд үүссэн. Тэдгээрийн дотор сайн нь ч бий. Муу нь ч байна.
-Хэлний дархлааны талаар та өмнө дурдсан. Үүнд юуг хамааруулж ойлгох вэ?
-Хэлний амьдрах чадварыг дархлаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хэлний орших чадвар. Монголчууд адилтгах, зүйрлэх дуртай шүү дээ. Хүний бие махбодтой зүйрлэж “language immunity” гэсэн нэршлийг хэлний дархлаа хэмээн оноож байгаа юм. Хүний бие организмд сөргөөр нөлөөлж байгаа зүйлийн эсрэг өөрийгөө хамгаалах тогтолцоо буюу системийг дархлаа гэдэг. Хэлний хувьд ч систем тогтолцоогоо хамгаалах чадварыг нь дархлаа гэнэ. Тэр чадварыг сулруулж огт болохгүй.
-Хүний биед ханиадны вирус орж ирэхэд дархлаа сайтай бол өвдөхгүй. Вирус маягтай үзэгдэл орж ирэхэд өөрийгөө хамгаалах чадвар монгол хэлэнд бий юү?
-Хүний биеийн дархлааг унаган, зохиомол гэж ерөнхийд нь хоёр ангилдаг. Үүнтэй адилхан хэлний дархлааг ч унаган, зохиомол гэж ангилж болно. Унаган дархлаа нь уламжлагдан ирсэн хэлний тогтолцооны өөрийгөө хамгаалах чадвар. Нэмэлт буюу зохиомол дархлаа нь хэлний хууль, журам, албан хэрэг, харилцааны илэрхийлэл гэж бодож байна. Хүний биеийн гол систем доголдвол гэмтэнэ, өвдөнө. Үүнтэй адил хэлний системийг гэмтээвэл дархлаа суларна. Тиймээс хэлний системийг хамгаалах нь чухал юм. Хэдэн арван жилийн өмнөхөн л утга зохиолын хэлээ бий болгосон улс орон дэлхий дахинд бий. Харин монгол хэлний хувьд хэдэн мянган жилийн түүх, уламжлалтай, маш нарийн тогтолцоотой, үнэт өв болон хадгалагдаж үлдсэн. Өөрөөр хэлбэл, дархлаа сайтай хэл. Дархлааг сулруулахгүйн тулд зөвхөн танхимын сургалтад анхаарах нь хангалтгүй. Ажил мэргэжил, гэр ахуйн орчиндоо ч эх хэлээ хамгаалах, хөгжүүлэх ёстой. Энэ бол хэл бичгийн ухааны хэдхэн судлаачийн ажил биш. Зөвхөн багш нарын ажил ч биш. Бүх нийтээрээ, өргөн далайцтай анхаарах нь чухал.
-Дархлааг сулруулахад нөлөөлдөг хүчин зүйл болон тэдгээрээс сэргийлэх арга зам нь юу вэ?
-Дархлаанд гадаад, дотоод хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Гадаад талаасаа бол харь үг хэллэг их орж ирж байна. Техник, технологийн үг Англи, Хятад, Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй улс орны хэлээр л манайд нэвтэрч байгаа шүү дээ. Тухайлбал, цахим шилжилт, хүний нөөц, онлайн сургалт, модератор, панелист, HR, PR, контент, оффшор, виртуал ертөнц, хиймэл оюун ухаан, артист, тренер, көүч, продюссер, бартендер, фермер, тренд зэрэг олон шинэ ажил мэргэжил, үйлчилгээ, үйл ажиллагааны хүрээний үгийн хэрэглээ нэмэгдлээ. Зарим нь монгол хэлний хэм хэмжээнд нийцэн хэрэглээнд хэвшсэн. Харин нэг хэсэг нь хараахан жигдэрч нутагшаагүй, маргаан дагуулсан хэвээр байна. Дотоод талаасаа гэвэл бид өөрсдөө эх хэлнийхээ үнэлэмжийг сулруулаад буй юм. Өдөр тутам цөөн тооны үг хэллэгээр харилцдаг. Зарим тохиолдолд орчуулгын загвар маягтай өгүүлбэрээр харилцах талтай. Гол дутагдал нь ярьснаа шууд бичгийн хэлэнд нэвтрүүлдэг цахим сүлжээ, хяналтгүй телевиз, радиотой болсон. Энэ нь хэлний дархлааг сулруулахад гол нөлөө үзүүлнэ. Тиймээс дотоод хүчин зүйл талаасаа эх хэлэндээ хандах хандлага, үнэлэмжээ сайжруулмаар байна. Гэтэл бид эх хэлээ төдийлөн эрхэмлэдэггүйн зэрэгцээ уламжлалаасаа холдох болсон. Уламжлал нь өнгөрсөн үе гэхээсээ илүү хэдэн мянган жил хэрэглэсэн үг хэллэг, үсэг бичиг, түүний цаадах монгол сэтгэлгээ, оюуны үнэт өв, мэдлэг, тогтолцоо, оршихуй гэдгийг л ойлгоосой. Хэл бол хүний оршихуйн хэрэгцээ. Зөвхөн гадаад үг нэвтрүүлснээрээ хэлний дархлаа сулардаг юм биш. Дотоод талаасаа ч нөлөөлнө. Жишээ нь, ам барих гэдэг үг байна. Уг нь монголчууд “Ам барих ач хүүтэй боллоо” гэж хэлдэг байсан. Харин одоо хүмүүс үүнийг огт өөр утгаар хэрэглээд хэвшсэн. Утга өөрчлөх нь буруу биш гэж үзэж болно. Гэхдээ энэ нь монгол хүний зүйрлэх сэтгэлгээнд халдаад байгаа хэрэг юм.
-Хэлний дархлааг хэрхэн сайжруулах шаардлагатай талаар та байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Нийгэм, улс төр, уул уурхай, зам, тээвэр, харилцаа холбоо, хууль, эрх зүй, үйлчилгээ, анагаах ухаан, боловсролын гээд аль ч салбар, ажил мэргэжилд хэлний асуудлыг анхаарах нь чухал. Салбар бүр ажил мэргэжлийн үг хэллэгтэй шүү дээ. Түүнийг л тухайн салбарын холбогдох байгууллагууд нь зөвөөр оноож, зөвхөн бичгийн гэлтгүй аман ярианд ч хэвшүүлмээр байна. Дахин хэлэхэд, хэлийг хамгийн их бохирдуулж байгаа цахим орчны үг хэллэгт хяналт тавих шаардлагатай. Манай улсад 1946 оноос шинэ үсэг буюу кирилл бичиг хэрэглэж эхэлсэн. Ингээд 1970 онд монголчууд бүх нийтээр бичиг үсэгт тайлагдсаныг үнэлж ЮНЕСКО-гоос Н.Крупскаягийн нэрэмжит шагнал олгосон байдаг. Тухайн үед бүх нийтээр бичиг үсэгт тайлагдахад зөв бичгийн дүрмийн толь, багш нарын хичээл зүтгэл, боловсролын байгууллагын удирдан зохион байгуулах онцлог чухал нөлөө үзүүлсэн. Үүнээс гадна сэтгүүл зүй, ном, хэвлэл, уран зохиол багагүй нөлөөтэй байсан юм. Ялангуяа “Үнэн” сонинд бичсэнийг хүмүүс харааны ой тогтоолтоор цээжилж, зөв бичих дүрэмд суралцдаг байж. Харин одоо хүмүүсийн өдөр болгон үзэж буй цахим орчинд зөвийн хажуугаар буруу бичсэн үг олонтоо хөвөрч буй нь хүүхдүүдийн зөв бичих чадварт нөлөөлж байна.
-Хувь хүн бүрэх хэлнийхээ дархлааг сайжруулахад анхааръя гэхээр эл асуудал нийтийн дунд эзэнгүй хаягдаж магадгүй.
-Монгол хэлний тухай хуулиа хэрэгжүүлэх нь энгийн харилцаанаас гадна албан хэргийн үг хэллэг, найруулга, хэлний хэрэглээнд ч чухал нөлөөтэй. Түүнчлэн салбарт бүрт хяналтыг сайжруулж болмоор. Жишээ нь, сэтгүүл зүйн салбарт Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл анхаарна гэдэг ч юм уу. Түүнээс биш бүхнийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хэл зохиолын хүрээлэн хариуцна гэвэл хэцүү л дээ. Нөгөө талаас хувь хүн бүр ярих, бичихдээ анхаарвал болохоор. Дэлгүүр нээсэн хүн “Сэйл зарлана” гэх бус, хямдрал хэмээж болно шүү дээ. Утгын хувьд ялгаагүй. Эх хэлэндээ ингэж л сэтгэлтэй хандмаар байгаа юм. Монголчуудын үг хэллэг, ялангуяа зүйр цэцэн үгэнд танин мэдэхүй, гүн ухаан нэвт шингэсэн. Тэдгээрийг мэдэрч, ойлгох хэрэгтэй. “Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр” гэдэг үгэнд яагаад бар, шаазгайг төлөөлөл болгов гэдгийг тайлбарлах нь ч танин мэдэхүйн ач холбогдолтой. Ийм баялаг уламжлалынхаа үнэ цэнийг бүгдээрээ ойлгоё, мэдэрье л гэж байгаа юм. Гэтэл манайхан сүүлийн үед тэгдэг байгаа, ингэдэг байгаа гэх сул үг хэрэглэх нь түгээмэл болжээ. “Манай дэлгүүр эрт хаадаг байгаа” гэдэг нь ердийн яриа мэт боллоо. Түүнийг нь сэтгүүлчид хүртэл хэлэхээр олон нийтэд хурдан түгж байна. Энэ нь нэг талаар хэлнийхээ дархлаа руу халдаад буй хэрэг юм. Бас ганцхан үгээр бүхнийг тодотгох нь олширчээ. Жишээ нь, эрүүл засаг, эрүүл хоол, эрүүл ус гээд тодотгодог. Сүүлийн үед бүхнийг ухаалаг гээд байна. Ухаалаг төр, ухаалаг хот, ухаалаг будаа агшаагч гэх мэтээр. Араас нь шилэн гэдэг үг гараад ирлээ. Ингэж ганцхан үгээр бүхнийг тодотгоод байхаар үгийн сан улам л хумигдана.
-Хяналт тавих шаардлагатайг та дурдлаа. Хэн, хэрхэн хянах вэ?
-Өмнө нь Улсын нэр томьёоны комисс гэж байлаа. Энэ комисс салбар бүхний нэр томьёог хэвшүүлэх, оноох, жигдлэх ажлыг хийдэг байсан. Сурах бичгийн нэгдсэн редакц, Монгол телевиз, Монголын радио, “Үнэн”, “Хөдөлмөр”, “Залуучуудын үнэн”, “Пионерын үнэн” сонин бүгд л хариуцлагатай бичиж, хянадаг байсан. Зөв бичгийн дүрмийн хувьд 1983 онд Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын зохиосон “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг дагадаг байв. Хуучнаа санагалзаад, хяналтын байгууллагыг дахин сэргээе гээд байгаа юм биш. Бас айхавтар цензур тогтооно гэсэн үг ч биш. Хэрээс хэтэрсэн зүйлийг л тодорхой хэмжээнд тогтоон барих нь чухал. Ямар ч улсад, ардчилсан оронд ч ийм хяналт бий. Үүнийг өмнө дурдсанаар салбар салбарын холбогдох байгууллагууд нь хариуцаад хэрэгжүүлэх боломжтой. Жишээ нь, тогооч нар миксердэх, блэндинг гэж яриад байна шүү дээ. Гэтэл монгол хэлэнд эдгээрийг илэрхийлэх холих, хутгах гэдэг үг бий. Харин тухайн тогооч хоол хийхдээ л анхаарахаас биш, буруу үг хэллэг түгээгээд байгаагаа анзаардаггүй. Ерөөсөө аль ч салбарт ажил мэргэжил эхэнд, хэлний асуудал дараа нь тавигддаг. Тэгэхээр хэлний дархлааг дараагийн асуудал гэж бүү орхиосой л гээд байгаа юм.
-Нэг талаас хэрэгцээ байгаа учраас хүмүүс, ялангуяа хүүхэд, залуус гадаад хэлийг илүүд үзэх болсон шүү дээ.
-Хүмүүс маш их ажиллаж байна. Аль ч салбарт хүмүүс ажиллаад байгаа атал дийлэнхийнх нь амьдралын чанар сайжирдаггүй. Тийм болохоор англи, япон, солонгос хэл сур, гадаадад ажиллавал үнэлгээ өндөр гэж хүүхдүүддээ сургаж байна. Үүнийг буруутгахгүй. Гэхдээ тэнд монгол хэлний үнэлэмж давхар унаад байгаа юм. Тэр хүүхдийн хувьд монгол хэл хоёрдугаарт тавигдаад байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, монгол хэлнийхээ зөв бичгийн дүрмийг харчихъя гэхээсээ илүү гадаад хэл сурах хэрэгцээ нь тэргүүнд тавигддаг. Гэсэн ч эх хэл нь монгол хүний сэтгэхүйн хөгжлийн суурь, эх хэлээрээ эрдэм сурах нь илүү гэдгийг ойлгох нь чухал.
-Цахим орчинтой холбоотойгоор янз бүрийн үг хэллэгийг бид хэрэглэхээс өөр аргагүй болсон. Инфлүүнсэр, юүтүбэр, блоггер, фэйсбүүк гэдэг ч юм уу. Эдгээр үгийг яаж бичих вэ. Англиар нь бичих үү, эсвэл кирилл үсэгт буулгах уу, орчуулан хэрэглэх үү гэх асуулт өдөр тутам тулгардаг.
-Англи хэлний ажил мэргэжил заах утгатай r дагаврыг шууд монгол үгэнд залгах тогтолцоо байхгүй. Ийм дүрэм ч үгүй. Жишээ нь, оны шилдэг фермер гэх нь буруу. Монголд нэгэнт байхгүй юм чинь гээд бүхнийг гадаадаар нь нэрлэчихдэг хандлага бий. Ер нь гадаадаас орж ирсэн үгсийг харахаар ихэвчлэн ажил мэргэжилтэй холбоотой байдаг. Манайд ажил мэргэжлийн үг хэллэгийг оноож орчуулсан баялаг туршлага бий. Тухайлбал, тэрэг чарга, оёдол, эсгүүр, гар урчууд, төмрийн дархан, мужааны гэх мэтээр 10 гаруй ангиллын мэргэжлийн үг хэллэг байдаг. Тэдгээр үг хэллэгийн суурин дээр одоогийн инженер, технологи, шинжлэх ухааны нэр томьёонууд бий болсон шүү дээ. Тэгэхээр өмнөхөө хэрэггүй гээд хаяж болохгүй. Жишээ нь, манайд анх төмөр зам тавих үед тэрэг чарганы болон уламжлалт үгнүүддээ тулгуурлаад бух тэрэг, галт тэрэг, ачаа, зүтгүүр, өртөө, дэр мод гэх мэт нэрийг оноосон байдаг. Бас бид гар утас гэдэг үгийг гаргаж ирээд, хэрэглээд хэвшчихсэн шүү дээ. Тодорхой үг хэллэгүүдийг ингэж хэвшүүлээд хэрэглэдэг. Гэхдээ үүнд хугацаа шаардлагатай. Үг хэллэг бүр өөрийн гэсэн амьдрах зам, цаг хугацаатай. Үүнийг манай судлаачдын зарим нь “Үгийн араншин” гэсэн байдаг. Компьютерыг бид тооцоолон бодох электрон машин гэж нэрлэж байлаа. Үүний дагуу нэг хэсэг тооцоолон бодох машин, цахим тооцоолуурын хичээл гэж нэрлэсэн. Гэтэл үүнийг хүмүүс хүлээж аваагүй учраас буцаагаад компьютер болгосон юм. Тэгэхээр муу орчуулснаас шууд гадаад үгийг хэрэглэх нь зарим тохиолдолд зохимжтой байж болно.
-“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг өдгөө бүх нийтээрээ дагаж мөрдөж байна. Гэтэл энэ толь буруу, алдаатай гэдэг хүн цөөнгүй. Яагаад ийм асуудал тулгараад байна вэ?
-Зөв бичгийн дүрэм өөрчлөгдөөгүй. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гэдэг нэртэй болохоор хүмүүс шинэ дүрэм гарчихсан юм шиг ойлгож магадгүй юм. 1946 оноос бүх нийтээрээ кирилл бичиг хэрэглэж эхэлснээс хойш өдий хүртэлх хугацаанд толь бичгээ засаж сайжруулсаар л ирсэн. Оксфордын толь бичгийг хэд дахин хэвлэдэг шүү дээ. Түүн шиг манайх толь бичигтээ нэмэлт шинэ үгийг оруулаад, ээдрээтэйг нь засаад л явдаг.
-Манай улсад сүүлийн үед үгийн сангийн судалгаа хийсэн болов уу. Ер бид хэдэн үг хэрэглэдэг юм бол?
-ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийнхэн албан хэрэг, уран зохиол, сэтгүүл зүй, эрдэм шинжилгээний бүтээл, ярианы нэгжүүдийн тоо болон чанарын судалгаа хийхээр төрөл бүрийн эхийн сан хөмрөг бүрдүүлж байна. Монголын уран зохиолын 108 ботиор хөмрөг бүрдүүлэхийн зэрэгцээ “Тунгалаг Тамир” роман, зохиолчдын бүтээлийн хэлний сан бүрдүүлсэн туршлага бий. Хөмрөг нь компьютерын хэл шинжлэлийн хамгийн чухал зүйл. Сүүлийн үед манай хүрээлэнгээс гадна МУИС, ШУТИС-ийн Холбоо, мэдээллийн сургуулийн багш, судлаачид энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Хэл зохиолын хүрээлэнд компьютер хэл шинжлэлийн лаборатори байгуулж, гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн.