Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтой тус банкны санхүүжилтээр манай улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр дүн, гүйцэтгэл, үйл ажиллагааных нь бодлого чиглэлийн талаар ярилцлаа. Тэрбээр саяхан орон нутагт томилолтоор ажиллаад ирсэн юм.
-Та Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдсоноос хойших орон нутгийн анхны томилолтоороо Хөвсгөл аймагт ажиллалаа. Төслүүдийн үйл явцтай газар дээр нь танилцаж, холбогдох албаны хүмүүс, орон нутгийн удирдлагуудтай уулзлаа. Цаашид юун дээр анхаарах шаардлагатай гэж үзэж байна вэ?
-Хөвсгөлд хэрэгжүүлж байгаа төслүүдтэй анх удаа биечлэн танилцлаа. Миний хувьд маш сайхан томилолт болсон. Олж харах болов уу гэж бодож, хүлээж байсан зүйлүүдээ олж харлаа. Тэнд дэд бүтцийн олон бүтээн байгуулалт хийсэн байна. Хог хаягдал устгах, бохир ус цэвэрлэх байгууламжтай танилцлаа.
Нуурын ойролцоо тавьж буй замын ажлын үйл явцыг харлаа. Аялал жуулчлалыг хөгжүүлснээрээ орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой, ажлын байртай болгоход хувь нэмэр оруулсан байна. Тэнд хэрэгжүүлж буй бүх төслийн гол цөмд иргэд болон байгаль орчин байсан нь олзуурхууштай санагдлаа. Мөн төслүүдээ Монгол орны онгон дагшин байгальд сөрөг нөлөө учруулахгүйгээр төлөвлөж, хэрэгжүүлж байгааг хараад маш их баярлалаа. Аймаг, сумын засаг захиргаанаас эдгээр төсөлд маш сайн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Аливаа төслийн хувьд орон нутгийн захиргааны дэмжлэг гэдэг амин чухал билээ.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Хөвсгөлд хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр шимийг хүртэж буй орон нутгийн иргэд үр дүнд нь сэтгэл хангалуун байгааг сонсоход таатай байлаа. Эдгээр төсөл нь иргэдэд ажил, бизнесээ өргөжүүлэхээс эхлээд олон талын таатай боломж, үр өгөөжийг хүртээжээ. Энэ удаагийн томилолтоор танилцсан төслүүдийн ажил хараахан дуусаагүй, бүрэн хэрэгжээгүй байна. Үүнийг амжилттай дуусгахад нь орон нутгийн засаг захиргаа, Засгийн газарт бид дэмжлэг үзүүлж ажиллахад анхаарна. Монгол Улсад бүтээн байгуулалтын улирал маш богино. Энэ богино хугацаанд төслийн үлдсэн ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлнэ.
-Та суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй ч Азийн хөгжлийн банканд цөөнгүй жил ажилласан туршлагатай юм билээ. Тус байгууллагын төсөл, хөтөлбөр ямар үе шатаар хэрэгждэгийг ч сайн мэднэ гэж онцолж байсан. Өмнө нь голчлон ямар чиглэлийн төслүүдэд ажиллаж байв?
-Би Азийн хөгжлийн банканд 10 орчим жил ажилласан. Одоогийн албан тушаалд томилогдохоосоо өмнө эрчим хүчний мэргэжилтнээр ажиллаж байлаа. Монгол орны тухайд нар, салхины, газрын гүний зэрэг цэвэр эрчим хүчний төслүүдэд хоёр жил гаруйн хугацаанд ажиллаж, эрчим хүчний шилжилтээ амжилттай хийхэд нь шаардлагатай чиглэлээр хувь нэмэр оруулсан. Мөн өмнө нь Азийн хөгжлийн банкны Энэтхэг дэх суурин төлөөлөгчийн газар болон төв оффист нь ажиллаж байлаа.
-Азийн хөгжлийн банк Монгол Улсад олон салбарт төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр төслийн хэрэгцээ шаардлагыг ямар арга замаар хэрхэн тодорхойлдог юм бэ?
-Бид аливаа улстай хамтран ажиллах түншлэлийн стратегиа тодорхойлохдоо тухайн орны тэргүүлэх зорилт, дунд болон урт хугацааны төлөвлөгөөтэй нь уялдуулдаг. Монгол Улстай хамтарч ажиллах түншлэлийн стратегиа ч үүний дагуу тодорхойлдог юм. Аль салбарт ямар төслийг хэрхэн хэрэгжүүлэхээ түншлэлийн стратегидээ нарийвчлан тусгадаг. Одоо хэрэгжүүлж байгаа түншлэлийн стратеги нь (2021-2024 оны) Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг бодлогын баримт бичигтэй нягт уялдаатай.
Азийн хөгжлийн банк түншлэлийн стратегиа тодорхойлохоос гадна жил бүр хэрэгжүүлэх төслүүдийнхээ жагсаалтыг гаргадаг. Хамгийн эхлээд салбарын яамд нь төслийн саналаа гаргадаг. Үүнийг нь Сангийн яам болон Эдийн засаг, хөгжлийн яамныхан хэлэлцээд, стратегийн түвшинд чухал ач холбогдолтой, тэргүүн ээлжид хэрэгжүүлэх шаардлагатайг нь сонгоно. Засгийн газар, яамдтай хамтраад хэрэгжүүлэх төслүүдээ ийнхүү тодорхойлсны дараа тус бүрт нь судалгаа, үнэлгээ хийдэг. Ямар аргачлалаар хэрэгжүүлэх вэ, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх үү, инновацлаг шийдлүүдийг сонгох боломж байна уу гэдгийг нь авч үзнэ. Цаашлаад энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсад, монголчуудад эдийн засгийн хувьд ямар үр өгөөжтэй вэ гэдэгт дүн шинжилгээ хийнэ. Байгаль орчин, нийгмийн эрсдэлийн менежменттэй холбоотой дүн шинжилгээнүүдийг ч хийдэг. Бид аливаа төслийг хэрэгжүүлэхийн өмнө нэг сая орчим ам.доллароор техникийн туслалцаа үзүүлж, бэлтгэл ажлыг нь хангадаг. Төсөл хэрэгжүүлэхдээ хоёр зүйлийг онцгойлон авч үздэг. Нэгдүгээрт, тухайн төсөл хэрэгжиж байгаа чиглэлдээ тохирсон байдлаар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх, хоёрдугаарт, жендерийн эрх тэгш байдлыг хангах буюу эмэгтэйчүүдийн хүртэх үр өгөөжийг харгалзах юм.
-Төслийн хэрэгцээ шаардлагыг хэрхэн тодорхойлдог, мөн юуг чухалчилдгийг тодорхой хэллээ. Тэгвэл хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг төслийн ялгаа зааг нь юу юм бэ?
-Сонирхолтой асуулт байна. Азийн хөгжлийн банк ихэнх тохиолдолд ямар нэгэн шинэ аргачлал, өмнө нь ашиглаж байгаагүй технологи турших, нутагшуулах төслүүдэд буцалтгүй тусламж олгодог. Туршилтын журмаар хэрэгжүүлэх төсөлд энэ боломжийг түлхүү ашиглана. Эндээс гарсан үр дүнг бусад төсөлдөө ашиглахыг зорьдог. Харин хөнгөлөлттэй болон ердийн зээлийг ямар нөхцөлд олгох нь тухайн төслийн шинж чанараас хамаардаг юм. Хөнгөлөлттэй зээлийг голдуу нийгмийн шинж чанартай төслүүдэд олгодог. Мөн эдийн засгийн үр өгөөж өндөр ч эргэн төлөгдөх нөхцөл нь тааруу төслүүдийг ийм зээлээр санхүүжүүлдэг. Боловсрол болон эрүүл мэндийн салбарын төслүүдийг үүний жишээгээр дурдаж болно. Ердийн нөхцөлтэй зээлийн дийлэнх хэсэг нь арилжааны шинж чанартай төслүүд рүү чиглэдэг. Тухайлбал, эрчим хүчний төслүүд байна. Энэ чиглэлийн төслийн зээлийг хэрэгжүүлж дууслаа гэхэд тарифаараа дамжуулаад эргэн төлөх боломжтой.
-Дэлхий нийт цэвэр, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч, энэ салбарт шилжилт, шинэчлэлийн үйл явц тасралтгүй өрнөж байна. Та манай улсын эрчим хүчний шилжилтийн үйл явцыг хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс эрчим хүчний шилжилт хийх томоохон алхмыг хэдийн эхлүүлсэн. Хувийн хэвшлийн оролцоотойгоор сэргээгдэх эрчим хүчний төслүүд хэрэгжүүлж байна. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх төсөл” хэрэгжүүлж, үүнийхээ хүрээнд нарны станц байгууллаа. Үүний нэгтэй нь Хөвсгөлд танилцаад ирлээ. Монгол бол Азийн хөгжлийн банкны хамтарч ажилладаг гишүүн орнууд дундаас нүүрснээс ихээхэн хамааралтайд тооцогддог. Дотооддоо үйлдвэрлэдэг нийт эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас хангадаг. Олон улсын түвшинд, олон улсын хамтын нийгэмлэг нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулах зорилт дэвшүүлээд буй. Монгол Улс эрчим хүчний салбарт энэ зорилтыг хангах бүрэн боломжтой. Дотоодынхоо төдийгүй Зүүн хойд Азийн хэрэглээг хангахуйц хэмжээний нар, салхины эрчим хүчний нөөц Монголд бий. Энэ нөөц боломжоо ашиглаж чадвал Хятад зэрэг хөрш орнууддаа эрчим хүч экспортлох, ногоон устөрөгч үйлдвэрлэх бололцоо ч байна.
Азийн хөгжлийн банк сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дуудлага худалдаа буюу аукционы замаар нийлүүлдэг систем рүү шилжихэд нь хэд хэдэн оронд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаа. Энэ үйл ажиллагааг ил тод, өрсөлдөөний зарчмаар явуулснаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн үйлдвэрлэлийн болон нийлүүлэлтийн зардлыг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой. Ингэж чадвал нарны болон салхины эх үүсвэрээс нийлүүлэх эрчим хүчний зардал нүүрсээр ажилладаг эх үүсвэр буюу цахилгаан станцынхаас буурах боломж бий.
Сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг төвийн системд холбохын тулд систем өөрөө зохицуулалт хийх боломжтой байх ёстой. Та бүхэн саяхан эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуурын төсөлтэй танилцсан. Үүнийг хэрэгжүүлснээр эрчим хүчний системийн чадамж, орон зайг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн бид усан цэнэгт цахилгаан станцын концепц буюу эх загвар зураг боловсруулах ажилд ЭХЯ-нд дэмжлэг үзүүлж байна. Эдгээр төслийн үр дүнд Монгол Улсын эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг холбох боломж бүрдэх юм.
-Та Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн хувьд ирэх жилүүдэд ямар бодлого, зарчим баримтлан ажиллах вэ?
-Тэргүүлэх ач холбогдол өгч ажиллах зүйл бол одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа түншлэлийн стратегид багтсан, өдгөө үргэлжилж байгаа төслүүдээ амжилттай хэрэгжүүлж дуусгах юм. Цар тахал, Орос, Украины дайнаас үүдэлтэй тодорхой бэрхшээлүүдийн улмаас Монголд хэрэгжүүлж байгаа төслүүд хугацаа алдсан, саатсан, зардал хэтэрсэн зүйлс бий. Тиймээс эдгээрийг төлөвлөсөн хугацаандаа амжилттай дуусгах нь чухал болоод байна. Төслүүдээ хэрэгжүүлснийхээ дараа үнэлгээ хийнэ.
Одоо хэрэгжиж байгаа түншлэлийн стратеги дуусахаар дараагийнхыг нь тодорхойлох шаардлагатай болно. Үүнд анхаарч үзэх хэд хэдэн чиглэлээ тодорхойлсон. Нэн түрүүнд уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа эрчим хүчний шилжилтийн асуудал байна. Бид уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхыг бий болгох, хөгжүүлэх асуудалд их ач холбогдол өгч буй. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал бол дэлхий нийтийн тулгамдсан асуудал. Монгол Улс бол дэлхийн дулааралд эрчимтэй өртөж байгаа орнуудын нэг. Энэ нь бэлчээрт маш ихээр нөлөөлж байна. Тиймээс бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах шаардлагатай. Үүнээс гадна Засгийн газрыг аливаа эдийн засгийн цочролд дархлаатай, даван туулах чадавхтай болгоход анхаарч ажиллана. Монгол Улс уул уурхайн түүхий эдийн экспортоос хэт их хамааралтай учир эдийн засаг нь тэр хэрээр савлагаатай байдаг. Тиймээс экспортыг төрөлжүүлэх, бааз суурийг нь өргөжүүлэх, тэр дундаа тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлж, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжих замаар экспортоо тэлж, төсвийн тогтвортой байдлыг хангахад анхаарна. Эдгээрээс гадна нийгмийн хувьд илүү хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Ялангуяа ядуурал ихтэй гэр хороололд энэ чиглэлийн үйлчилгээний байгууламжуудыг бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлийн хүчирхийллийг даван туулагчдад чиглэсэн ажлуудаа ирэх жилүүдэд ч үргэлжлүүлнэ. Эдийн засгийн өсөлтийн үр шимийг бүх монголчууд тэгш хүртэх боломж бүрдүүлэхийн төлөө ажиллана.
-Аливаа төслийн үр дүн зөвхөн хэрэгжсэн хугацаанд бус, түүнийг цаашид хэрхэн амжилттайгаар үргэлжлүүлэн авч явахаас шалтгаалдаг. Монгол Улс Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төслийг үргэлжлүүлэх, үр шимийг нь иргэдэд хүртээх, нутагшуулах чиглэлд хэр анхаардаг вэ. Төслөө хэрэгжүүлсний дараа үүнд хяналт тавьдаг уу?
-Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа төслүүдийн хувьд, ялангуяа Сангийн яамаар дамжуулан санхүүжилт олгож байгаа тохиолдолд тухайн төслийг баталсан үеэс эхлээд л хариуцах эзэн нь Засгийн газар байдаг. Худалдан авах ажиллагаа, гэрээний хяналт гээд бүх ажлыг хариуцах үүрэг Засгийн газарт ногддог юм. Мөн төсөл дууссанаас хойших ашиглалт, засвар, үйлчилгээ, арчлалттай холбоотой тогтвортой тогтолцоо бий болгох үүргийг ч Засгийн газар хүлээдэг. Бид тухайн төслийн үнэлгээ, судалгааг хийх явцдаа тогтвортой үргэлжлэх боломжтой, эсэхийг нь ч харгалзсаар ирсэн. Төсвөөс тогтмол хөрөнгө хуваарилах нь уу, боловсон хүчний тогтвортой бодлого баримтлах нь уу, бүтээн байгуулалтыг тогтвортой ашиглах нөхцөлөөр хангаж чадах нь уу гэдгийг нь ч үнэлдэг. Төслийн ажил дууссаны дараа Азийн хөгжлийн банкны хараат бус үнэлгээний газраас баг ирж, үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээгээр Монгол Улсад хэрэгжсэн төслүүдийн тогтвортой байдлыг хангах асуудал нэлээд сайн үнэлгээтэй байна. Мэдээж зарим төслийн хувьд амаргүй асуудлууд бий. Ялангуяа боловсон хүчин бэлтгэх тал дээр бэрхшээл, сорилт тулгардаг.