УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа Боловсролын багц хуулийг баталсан. Үүгээр боловсролын салбарыг улстөржилт, намчирхлаас ангид байлгаж, мэргэжлийн, мэргэшсэн хүний нөөцтэй байлгах зохицуулалт бий болгосон хэмээн онцолж буй. Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт удирдлагын босоо тогтолцоо бий болгох үүднээс салбарын яамнаас нь сонгон шалгаруулалт хийж, тухайн албан тушаалтанд тавьж буй шалгуурыг хангасан хүнийг л томилдог байхаар хуульчилжээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг салбарын сайд, насан туршдаа суралцахуйн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг яамнаас нь томилох юм.
Харин аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга нь харьяа цэцэрлэг, сургуулийнхаа захирлыг томилно. Эдгээр албан тушаалтанд тавих шаардлагыг ч дээрх хуульд тодорхой тусган, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлаар ямар хүн ажиллахыг нэг бүрчлэн заасан хэмээж байгаа. Тухайлбал, аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга Төрийн албаны тухай хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна боловсролын сургалтын байгууллагад 10-аас доошгүй, үүнээс багш, удирдах ажилтан, эсвэл нийгмийн ажилтнаар таваас доошгүй жил ажилласан, магистр зэрэгтэй, боловсрол судлал, багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, төрийн болон боловсролын удирдлага, төлөвлөлт, сургалтын агуулга, арга зүй, үнэлгээ, нийгмийн ажил, сэтгэл зүйн чиглэлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, төгссөн байх ёстойг Боловсролын ерөнхий хуулийн 28.4-т тусгажээ. Гэхдээ үүнийг ирэх оноос мөрдөх бөгөөд зохион байгуулалтын бэлтгэлийг хангах ажлын хэсэг ажилдаа орсон аж.
Өөрөөр хэлбэл, боловсролын салбарт удирдлагын босоо тогтолцоо бий болгох үүднээс салбарын яамнаас нь сонгон шалгаруулалт хийж, тухайн албан тушаалтанд тавьж буй шалгуурыг хангасан хүнийг л томилдог байхаар хуульчилжээ. Тодруулбал, аймаг, нийслэлийн Боловсролын газрын даргыг салбарын сайд, насан туршдаа суралцахуйн төв, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдлагыг яамнаас нь томилох юм.
2024 он бол сонгуулийн жил. Улстөрчид, нэр дэвшигчдийн хувьд сонгуулиас сонгуулийн хооронд овоо хараанаасаа салгадаггүй, тал засаж, тойглохоо мартдаггүй хүмүүс нь боловсролын салбарынхан. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн аль ч түвшинд сургууль, цэцэрлэг хоёр ахиухан ажиллагсадтай байгууллага байдаг. Иймд улстөрчид тэдгээрийн даргыг нь “базчихвал” байгаа ононо гэж тооцдог нь ч буруу биш. Өөрөөр хэлбэл, сургууль, цэцэрлэгийн удирдлагаар дамжуулан тал засаж, саналыг нь өөртөө татах “ажиллагаа”-г тасралтгүй явуулдаг гэхэд болно. Багш, ажиллагсдад чиглэсэн арга хэмжээ нь ч сонгуулиас сонгуулийн хооронд арга, хэлбэр, зохион байгуулалтын хувьд олон янз болж буй. Сургууль, цэцэрлэгт ажиллаж байгаа хүмүүсээр тогтохгүй сурагчдын эцэг, эх, цаашлаад анхлан санал өгөх ахлах ангийнхныг ч улс төрийн намын суртал, ухуулга чиглэх нь бий. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ тухайд “Сургууль, цэцэрлэгийн удирдлага нь үндсэн үүрэгт ажлаа сонгуулийн үеэр умартаж, “үүр”-ийн дарга шиг л ажилладаг. Цаашлаад нам нь ялбал ажлын байрандаа үлдэж, ялагдвал халагддаг бичигдээгүй хуультай” хэмээсэн нь ч худлаа биш. Өдгөө хүчин төгөлдөр үйлчилж буй зохицуулалт буюу Боловсролын тухай хуульд 2017 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр аймаг, нийслэл, сум, дүүргийн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг харьяа Засаг дарга нь томилж байгаа. Үнэхээр ч сонгуулиар тухайн орон нутагт эрх барьж, олонхыг бүрдүүлж байсан нам, хүчин өөрчлөгдвөл сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын халаа, сэлгээ гаарч, бужигнадаг нь үүнийг батлах биз.
Ер нь төрийн байгууллагын орон нутаг дахь удирдлагын босоо тогтолцооны талаар зөвхөн боловсролын салбарын хүрээнд ярьдаггүй. Нийгмийн халамж, даатгал, мэргэжлийн хяналт (хуучнаар), ус, цаг уур, татвар, бүртгэл, статистик, хүүхэд хамгаалал, гэр бүл гээд бүгдэд нь ийм асуудал бий. Эрх барьж байгаа нам нь төрийн албаныхан, санхүүгийн нөөц, хөрөнгийг ил, далд бүхий л хэлбэрээр ашигладаг нь нууц биш тул тэднийг ч бас бүгдийг нь сонгуулийн хүч болгочихдог.
Гэхдээ босоо тогтолцоог “шүтэгч”-дэд хэлэх үг орон нутгийн удирдлагад бий. Судалгаанд дурдсанаар 2000-аад оныг хүртэл төвлөрлийг сааруулах бодлогыг төрөөс идэвхтэй дэмжин хэрэгжүүлснээр орон нутгийн эрх мэдэл нэлээд нэмэгдсэн аж. Харин 2003 оноос Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг мөрдсөнөөр төрийн эрх мэдэл дээрээ төвлөрсөн гэдэг. Ингээд орон нутгийн бие даасан байдлыг хангах, төвлөрлийг сааруулах талаар судалж, дүгнэлт, санал боловсруулах түр хороог УИХ-аас байгуулж байжээ. Тус түр хорооноос гаргасан дүгнэлтэд “Орон нутгийн зарим байгууллагын боловсон хүчний томилгоо босоо тогтолцоотой байгааг өөрчлөх, эсэх талаар 800 хүнээс судалгаа авахад оролцогчдын 83.9 хувь нь тухайн шатны Засаг дарга нь дээд байгууллагынх нь удирдлагатай зөвшилцөн томилж, чөлөөлдөг байх нь зүйтэй гэж хариулсан” хэмээн дурдаж байж.
Улмаар тухайн шатны Засаг дарга нь нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагын удирдлага, ажилтныг холбогдох хуулийн дагуу сонгон шалгаруулж томилох нь зүйтэй гэсэн агуулга бүхий хуулийн төслийг 2018 онд УИХ-ын хэд хэдэн гишүүн санаачилж, өргөн барьж байв. Тэдний хувьд төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын удирдлагыг Засаг дарга нь томилох нь зүйтэй гэх агуулгаар дээрх төслийг боловсруулсан түүхтэй. Хамгийн гол нь босоо тогтолцоогоор томилогдсон албан тушаалтан орон нутгийн удирдлагатай ойлголцож ажиллаж чаддаггүй гэдэг. Энэ мэт шалтгаанаар орон нутаг дахь мэргэжлийн байгууллагын удирдлагыг хэн, хэрхэн томилох вэ гэдэг шийдэл эргэж, буцсан байдалтай явж ирсэн хэрэг. Өдгөө УИХ-ын зарим гишүүн, тэр дундаа Засаг даргаар ажиллаж байгаад сонгогдсон гишүүд орон нутгийн удирдлагад томилгооны эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй хэмээх саналыг эрээлэлгүй хэлдэг. Иймд Боловсролын ерөнхий хуульд оруулсан дээрх өөрчлөлт хэр удаан үйлчлэх, цаашлаад өөр бусад салбарынхны удирдлагыг орон нутагт хэн томилох вэ гэдэг нь ороо бусгаа байх шинжтэй.
Уг нь төрийн улс төрийн албан хаагчаас бусад нь намаасаа түдгэлзэх, гишүүнчлэлгүй байх зохицуулалт бүхий хууль үйлчлээд нэлээд удаж буй. Гэсэн ч хууль цаасан дээр үлдэж, албанхаагчидгишүүнчлэлээсээтүдгэлзсэн нэр зүүгээд, зүрх сэтгэл, оюун бодлоо намдаа зориулдаг дүр зураг бишгүй. Түүнчлэн төрийн албан хаагчид нэр дэвших бол үүрэгт ажлаа сонгуулийн жил гарахаас урьтаж хүлээлгэж өгөх ёстой. Одоогийн сөрөг хүчний зүгээс үүнийг шүүмжилж, ажлаа хүлээлгэн өгөх хугацаа нь хэт тулгуу, тухайн албан тушаалтан төрийн нөөц, хүчийг сонгуулийн бэлтгэлдээ ашиглачихаад явж байна хэмээж буй. Сонирхолтой нь, нэр дэвших бол ээлжит сонгуулийн жил гарахаас урьтаж албаа хүлээлгэн өгөх зохицуулалт сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарт үйлчилдэггүй. Юутай ч үүнийг мөн Боловсролын ерөнхий хуулиар зассан юм билээ.
Нөгөө талаас УИХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжид төрийн сонгуулийг улстөржилтөөс ангид байлгах зохицуулалтууд бий. Төрийн албан хаагч сонгуулийн зохион байгуулалттай холбоотой аливаа үйл ажиллагаанд оролцох, сонгуулийн хороонд ажиллах бол ямар зарчим баримтлах вэ гэдгийг нэлээд тодорхой заасан байдаг. Төрийн улс төрийн албан хаагчаас бусад нь сонгуулийн сурталчилгаанд оролцохыг хориглох гэх мэтээр чамгүй зохицуулалт байдаг ч үр дүнтэй, бодитой хэрэгждэг, эсэх нь эргэлзээтэй. Хуулийг нь хэчнээн сайхнаар бичээд ч хэрэгжүүлэхгүй бол ямар хэрэг байх билээ.