Элдэвтэй, эрдэмтэй эмчтэй таарч, олзуурхан ярилцав. Түүний нэр Бодьгэрэлийн Насанбаяр. Яруу найрагч, бөх тэрбээр ХБНГУ-ын Бад Фильбэл хотод байгуулсан хувийн эмнэлгээ удирдан ажилладаг аж. Үндэсний бөхөөр аймгийн начин цолтой, Өсвөр үеийнхний улсын аварга, чөлөөтөөр Монгол Улсын Залуучуудын аварга, ХБНГУ-ын мастеруудын аварга шалгаруулах тэмцээний 2017, 2018 оны мөнгө, хүрэл медальтай түүнтэй эх орондоо амраад буцахынх нь өмнө уулзсан юм.
-Та аймгийн начин юм байна. Аль нутгийн хүн бэ?
-Архангайн уугуул. Аав, ээж минь Батцэнгэл сумынх. Аймгийнхаа I арван жилийн сургуулийг төгссөн. Үндэсний бөх, чөлөөт, жүдо, самбогоор хичээллэж байсан. Самбогоор дэд мастер цолтой. Харин одоо чөлөөтөөр түлхүү хичээллэдэг. Миний бөхийн анхны дасгалжуулагчид бол аймгийн арслан Ч.Буян, улсын арслан П.Дагвасүрэн нар юм. Тэдний заасан эрдэм бөхийн ухаанд суралцахад их хувь нэмэр болсон гэж боддог.
-Дууны шүлэг бичдэг юм байна. Олон бүтээлтэй юү?
-Шүлэг нэлээд хэд бий. Одоогоор “Нэгэн ангийнхан”, “Хөдөөний намар” зэрэг таван шүлэг минь дуу болоод байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Магсаржав “Хөдөөний намар”, “Хорвоогийн эмч та” гэсэн хоёр шүлэгт хөгжим бичсэн. “Хорвоогийн эмч та”-г дуучин Б.Сэрсэндэмид, харин “Хөдөөний намар”-ыг дуучин Т.Жавхланням дуулсан. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Найданжав “Нэгэн ангийнхан”, “Чи минь”-ийг дуу болгосон. “Сувилагчийн үйлс” шүлэгт дуучин, Соёлын тэргүүний ажилтан О.Эрдэнэсүх ая зохиож, дуулсан. Эдгээрийг youtube-ээс сонсож болно. Тэгэхээр 2021 он миний хувьд сонин сайхан ихтэй, мартагдашгүй жил байлаа. Таван шүлэг минь хөгжмийн зохиолчдод таалагдаж, дуу болон амилсанд үнэхээр их баярласан. “Нэгэн ангийнхан”-ыг дуучин У.Мөнх-Ундрах сонсогчдод хүргэсэн юм. Хөгжмийн зохиолчид, дуучдадаа их баярлаж явдаг.
-Та хэзээ, хаана суралцаж эмч болов?
-1992 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн юм. Гэсэн ч сургуулийнхаа Спортын анагаах ухааны тэнхимд спортын физиологийн багш, Спортын анагаах ухааны үндэсний төвд, боксын улсын шигшээ багийн эмчээр ажиллаж байлаа. Намайг эмч нь байх үед одоогийн Гавьяат тамирчин Т.Үйтүмэн Унгарт болсон боксын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Монголоос дэлхийн боксын спортын ертөнцөд алдартан төрөхөд хувь нэмрээ оруулж явсан гэж бодоход сайхан санагддаг.
-Яагаад Германд амьдрах болсон юм бэ?
-Гадаад хэл сурч, мэдлэг,боловсролоо дээшлүүлье гэж бодоод явсан. Улмаар тэнд анагаахын дээд сургууль төгссөн тул ажиллах боломжтой болсон.
-Монголдоо хүүхдийн эмчээр суралцаж төгссөн, нэг хэсэг тамирчдын эмч байсан хүн чиглэлээ огцом өөрчилж уламжлалт анагаахыг сонгосон нь ямар учиртай бол?
-Монголдоо Анагаах ухааны дээд сургуульд сурч байхдаа уламжлалт эмчилгээний чиглэлээрх семинаруудад хамрагдаж, суурь мэдлэг олж авсан байсан юм. Түүндээ түшиглээд, бас өөрөө сонирхдог болохоор энэ замыг сонгосон. Мэргэжилдээ дурлаад гэх юм уу, бас хоосон орон зай байгааг хараад, зүүгээр эмчлэх тухай номыг англи, герман хэлээр гаргасан. Бүх зургийг нь өөрөө гараар зурсан. Зүү тавихад 130-аад цэгийг хамруулдаг юм л даа. Тэр болгоныг зурагт багтаасан. Бас зүүгээр хэрхэн эмчлэх талаар сургалт явуулдаг болсон.
-Та бас зураач юм байна шүү дээ.
-Яах вэ, номынхоо зургийг харсан хүмүүс ойлгохоор дүрсэлж чадсан. Тэр номоо удахгүй монголоороо гаргана. Оюутнуудад хэрэг болох байх.
-Англи, герман хэл лав эзэмшжээ. Өөр ямар хэл сурсан бэ?
-Монголд анагаахын сургуульд сурч байхад зарим хичээлийг оросоор заадаг байсан болохоор ажил хэрэг явуулах түвшинд ойлгоно. Дунд сургуулиа орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангид суралцаж төгссөн маань маш их тус болсон.
-Зүүгээр хэрхэн эмчлэх талаар сургалт явуулдаг болсон гэлээ. Хэр өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Зүү, төөнүүр, бумба бол миний эмчилдэг гол аргууд. Үүнийгээ аль болох түгээхийг, олон эмчид заахыг зорьдог.
-Эмчлүүлэгч олноор ханддаг уу?
-Ер нь тасардаггүй. Эмнэлгээ байгуулсан даруйдаа сурталчилгаа нэлээд явуулдаг байлаа. Одоо бол тэгэх шаардлагагүй болсон. Мэдээлэл амнаас ам дамжиж түгдэг юм билээ. “Найз хэлсэн”, “Тэр зааж өглөө” гэсээр хүмүүс ирдэг.
-Голдуу ямар зовиуртай хүмүүс ханддаг вэ?
-Нуруу, толгой, өвдөг нь өвддөг хүмүүст ихэвчлэн үйлчилдэг. Өвдөг, нурууны гар засал хийдэг. Энэ чиглэлд үр дүнтэй ажиллаж ирсэн гэж хэлж болно. Янз бүрийн насныхан, тэр дундаа хүүхдүүд нэлээд ирдэг. Би хүүхдийн эмч болохоор энэ чиглэлдээ дуртай. Сүүлийн үед залуучуудын өвдөг үеэрээ өвдөх болжээ.
-Юунаас болж тэр юм бол?
-Жин ихтэй байна. Бас зохисгүй хоол, унднаас болдог юм болов уу. Үндэсний ч бай, бусад төрлөөр барилдаж байгаа бөхчүүд дунд өвдгөвчтэй нь олон харагдах болсныг анзаарсан уу. Ямар нэгэн зовиур байгаа болохоор тэд өвдгөвч хийж байгаа юм. Намайг залуу байхад бидний үеийнхэн дунд аль ч төрөлд өвдгөвчтэй барилддаг хүн байгаагүй. Үндэсний бөхийн барилдааны шинэ дүрэмтэй холбоотойгоор бөхчүүд жингээ зориуд нэмэх болжээ. Дүрмийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй заалтыг эргэж хармаар, хасмаар санагддаг.
-Манай улсад нурууны жийргэвч цүлхийж, мэдрэл хаших, дарах зовуурь ихсэх болжээ. Германд адил уу?
-Нурууны, нугасыг урагш дарсан цүлхийлт бас элбэг. Мөн остеохондрозтой хүн олон байна. Үүнийг хүмүүс зөвхөн хүзүүний ясанд байдаг гэж ойлгодог. Гэтэл үгүй юм, нурууны аль ч үед байж болдог. Мөгөөрс хатуурч, юм ургасан мэт болохыг хэлдэг юм.
-Мөгөөрс юунаас болж хатуурдаг вэ?
-Мөн л буруу хооллосноос ихэвчлэн болдог. Өөх тостой хоол их идвэл булчин болон мөгөөрс хатуурч, ясны бүтэц өөрчлөгддөг. Тийм учраас монголчууд бид өөх, тостой хоолыг өвөл л идэж баймаар. Зун, намартаа хөнгөн хооллож, болж өгвөл ногоо идэж байвал сайн. Өвлийн хүйтэнд өөхтэй мах идэхээс аргагүй л дээ. Манайхан өдөрт хоёр, гурван удаа өөх, тостой хоол идэх юм. Бие гүйцэхгүй. Ялангуяа элэг ачаалал даахгүй. Монголд элэгний өвчлөл их байгаа нь, цөсөө их авахуулж байгаа нь хүндээр хооллодогтой холбоотой. Тэгэхээр монголчууд бид өвөл, хавар нь махаа сайн нөөцөлж идээд, зун, намартаа хонь, ямаа гаргаж идэлгүй, цагаан идээгээрээ дулаан цагийг өнгөрөөвөл бүгдээрээ эрүүл амьдрахаар байна.
-Германд буруу хооллосноос болж өвдөх нь бага уу?
-Хүмүүс л юм болохоор янз бүрээр өвддөг. Гэхдээ буруу хооллолтоос үүдсэн, бодисын солилцооны өөрчлөлтөөс шалтгаалсан нь харьцангуй бага. Чихрийн шижин, ходоод болон хоол боловсруулах замын бусад үрэвсэл гэсэн үг.
-Германд эмчээр ажиллахын давуу тал байна уу?
-Эмч гэж онцлолгүй, ер нь тус улсад ажиллахын давуу тал бий. Стресс багатай. Ажлаа санаснаараа явуулж болдог. Хүн бүр хэлсэн, ярьсандаа, болзсон цагтаа байдаг болохоор бухимдал бараг үгүй. Ажлаа цагтаа хийгээд харихад бусад сонирхдог чиглэлийн ажлуудаа хийж, тааваараа амраад маргааш нь ажилдаа эрч хүчтэй ирэх боломжтой. Амьдралд хамгийн чухал нь энэ. Германд амьдралын хэв маяг нь цаг сайн барих. Бас их шударга, үнэнч хүмүүс байдаг. Германууд хүнд ямар нэгэн юм амлахын өмнө нь сайтар бодож, тунгааж байж хэлдэг учраас амласан бүхэн нь бараг ажил болдог. Нэг ажлыг заавал дуусгаж байж, дараагийн ажилдаа ордог болохоор ажил хэргээ тооцоотой, төлөвлөгөөтэй, гүйцэтгэл сайтай явуулдаг.
-Ийм хүмүүсийн дунд адилхан хариуцлагатай амьдрахгүй бол чирэгдэх үү?
-Гологдоно. Тэдний орчинд хүлээн зөвшөөрөгдөж, таны хэлснээр чирэгдэхгүй ажиллаж, амьдрахын тулд хэлийг нь сайн сурах шаардлага гарсан. Тиймээс би бүрэн гүйцэд сурахын тулд ажлын бус цагаар зүтгэсээр 35000 үгтэй герман-монгол толийг бүрэн цээжилж байлаа.
-Үг бүрийг нь цээжилсэн гэж үү?
-Тийм ээ. Бичиж цээжлэх аргаар герман хэл сурсан минь ном бичихэд их тус болсон. Манай хүү нэг удаа “Аав, та бүх үгийг цээжилсэн гэж үнэн үү” гээд шалгаж байлаа. Би хүүгийнхээ сорилтыг давж чадсан. Миний энэ хичээл зүтгэлийн талаар Германы төв телевизийнхэн хаанаас ч юм сонсчихсон, надаас ярилцлага авч байлаа.
-Та олон талын авьяастай, эрч хүч нь харьдаггүй хүн юм. Дараа жил чөлөөт бөхөөр Германы мастеруудын аварга болохыг зорьж байна гэсэн. Хэр бэлтгэж байна вэ?
-Байнга дасгал, бэлтгэл хийдэг. Тэнд ямар нэгэн холбоонд элсэж гэмээнэ бэлтгэлээ базааж, тэмцээнд орох боломжтой. Тиймээс би тус улсын Ханау багт хичээллэдэг юм.
-Анзаарсан бол манай улсад таны үеийнхэн өөрсдийгөө хөгшчүүдийн эгнээнд шилжүүлчихээд орцны үүдэнд энэ тэрхнийг ярьж, өдрийг өнгөрөөж байгаа. Ийм хүмүүст хандаж үг хэлмээр санагддаг уу?
-Та асуусан болохоор хэлье. Миний бодлоор хүн өөрөөсөө л бүгдийг хайж, шинийг нээж олох хэрэгтэй. Ийм эрэл хайгуул өөрт их хүч, энерги өгдөг. Хүмүүст өөрт нь мэдэгдэхгүй олон авьяас, чадвар нуугдаж байдаг. Гагцхүү түүнийг өөрөө нээх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаа дахиад ирэхгүй. Тэтгэвэрт гарна гэдэг нь та нэмээд сураарай, мэргэжлээ солиорой, хэнээс ч шалтгаалахгүй, чөлөөтэй амьдраарай гэсэн утга. Түүнээс биш үргэлж ач, гучаа харж, хүүхдүүддээ тусалж байгаа нэрээр гэрт байна гэсэн ойлголт биш гэж боддог. Ном уншиж байх хэрэгтэй. Энэ бол тархины тэжээл. Идэж уух бол биеийн тэжээл. Мөн хөдөлгөөн, спорт бол бие, сэтгэлийн тэжээл.