Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрхлэгч, доктор Д.Оюунцэцэгтэй манай орны рашааны нөөц, хэрэглээ болон сүүлийн үеийн судалгааны талаар ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд рашааны нөөц багаслаа гэж иргэд хэлэх болсон. Энэ үнэн үү. Эрдэмтэд үүнийг судалж байна уу?
-Рашааны ундарга муудах, булаг, жижиг эрдэс нуур ширгэсэн талаар их ярьж байна. Энэ нь тухайн рашаан ордыг түшиглэн сувилал, амралтын газар олноор байгуулсан, түүнийг дагаад амарч, сувилуулж буй хэрэглэгчдийн даац хэтэрсэн буюу зүй зохисгүй ашиглаж байгаатай холбоотой. Мөн рашааны хамгаалалтын бүс дотор байшин барилга барьж байгаа зэрэг нь ундаргад сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн дэлхийн дулаарал, хуурайшилтын улмаас газрын гүний усны түвшин багасаж байгаатай ч холбоотой. Ер нь рашааны нөөцийг тогтоон, түүнд тохируулан ашиглах, хэрэглээг хязгаарлах, хамгаалалтын бүсийг нь тогтоох зэрэг арга хэмжээ авах шаардлагатай болсон.
-Нөөцийг хамгаалах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч чадаж байгаа юу?
-Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд рашааны ордын эрүүл ахуйн бүсийг эх ундаргын эргэн тойронд 100 метр зайд байхаар тогтоосон юм. Мөн хориглолтын бүсийг эрүүл ахуйн бүсийн эх ундаргын эргэн тойронд 200 метрээс доошгүй зайд байхаар заасан. Тус бүсэд барилга байгууламж барих, хог хаях, мал бэлчээрлүүлэх, хадлан бэлтгэх зэргийг хориглодог. Монгол орны рашааныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эмчилгээ, сувилгаанд ашиглах нь чухал байна. Манай Хими, химийн технологийн хүрээлэнд судалгааны чиглэл нь тусдаа 10 лаборатори бий. Үүний нэг нь Экологийн химийн лаборатори. Өдгөө эрдэм шинжилгээний есөн ажилтантай. Хүрээлэнг байгуулсан үеэс Монгол орны байгалийн нөөц болох рашаан, эрдэст нуурын судалгааг хийж ирсэн.
Бид халуун, хүйтэн рашаан, эрдэст нуур, гол, ундны усны чанар, аюулгүй байдлын нарийвчилсан судалгаа хийх, тэдгээрийг эмчилгээ, ундааны зориулалтаар ашиглах зөвлөмж боловсруулах чиглэлээр ажиллаж байна. Мөн нөхөн сэргээх онолын болон технологийн судалгаа хийх, үйлдвэрийн хаягдал усыг боловсруулан, дахин ашиглах, цэвэршүүлэх технологи бий болгоход чиглэн ажилладаг. Үүнийг шинжлэх ухааны бусад салбартай уялдуулан судлах нь зүйтэй. Тухайлбал, рашаанд агуулагдаж буй биологийн идэвхт элементүүдийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар симуляцад оруулах чиглэлээр судалж байгаа. Ингэснээр тухайн элемент нь хүний биеийн ямар уурагтай хэр хугацаанд тогтвортой харилцан үйлчилж буйг тогтооно.
Цаашлаад энэ нь хүний биеийн ямар системд нөлөөлж байгааг био информатикийн шинжлэх ухаанаар тайлбарлах юм. Шинэлэг судалгаа гэхэд болно. Түүнчлэн олон улсад газрын гүний халуун усыг ашиглан, температур болон уураар нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг туршлага бий. Манай оронд халуун рашааны орд ундарга их байдаг. Тэдгээрийг түшиглэн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой юм. Миний хувьд 2012-2015 онд Япон Улсын Тояамагийн их сургуульд суралцан докторын зэрэг хамгаалсан. Докторын судалгааны ажил минь энэ чиглэлийнх байсан. Ер нь сүүлийн жилүүдэд рашааны судалгаа төдийлөн хийхгүй, зогсонги байдалд орсон гэхэд болно. Уул уурхай хөгжиж байгаа, цаг уурын өөрчлөлт эрчимжиж буй өнөө үед рашааны судалгааг тогтмол явуулах шаардлагатай.
-Монгол орны хэмжээнд хэдэн рашаан байдаг вэ. Тэдгээрийн найрлага, бүтэц нь ямар онцлогтой бол?
-Монгол оронд нийт 200 орчим рашаан байдаг. Эдгээрийн дотор халуун 42, хүйтэн 140 рашаан бий. Халуун рашааныг температур, тархалт, зүй тогтол, химийн найрлагаас нь хамааруулан ерөнхийд нь гурван их мужлал, долоон бүлэг, 13 төрөлд ангилдаг. Монгол орны азотын төрлийн халуун рашааны их мужийг дөрвөн дэд мужид ангилж байна. Тухайлбал, Монгол-Алтайн дэд мужид 29-33 градусын температуртай халуун рашаан тав байгаа. Хөвсгөл нуур орчмын дэд мужид 21-59 градусын температуртай халуун рашаан гурав бий. Хангайн дэд мужид 30-94 градусын температуртай халуун рашаан 32 байгааг тогтоосон. Хэнтийн дэд мужид 34-88 градусын температуртай халуун рашааны орд илэрц дөрөв байдаг. Манай орны халуун рашаанууд нь шүлтлэгээс хэт шүлтлэг орчинтой, өндөр температуртай, эмчилгээний идэвх үзүүлдэг элементүүд болох хүхэрт устөрөгч, фтор, ортоцахиурын хүчлийн өндөр агуулгатай, ангижрах төлөвт оршдог. Тиймээс эмчилгээний маш өндөр идэвхтэйд тооцогддог юм.
Хүйтэн рашааныг нүүрсхүчлийн хийтэй, метантай давсархаг, шорвог рашааны их муж гэж ангилдаг. Нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаанууд нь голдуу Монгол орны зүүн бүсийн Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь аймгийн нам доор газарт бий. Багаас их эрдэсжилттэй, биологийн идэвхт элемент болох нүүрсхүчлийн хий, төмөр, ортоцахиурын хүчлийн агууламж өндөртэй нийт 47 рашааны орд ундарга байна. Нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан нь хоёр валенттай төмөр болон цахиурын хүчлийн өндөр агуулгатай. Үүнээс гадна нүүрсхүчлийн хийг 264- 3916 мг/л хүртэл агуулсан байдаг нь бусад мужийн рашаануудаас илүү онцлогтой юм.
Харин метантай давсархаг, шорвог рашааны муж нь дорнод Монголын тал, говь талын бүс, Их нууруудын хөндийд голдуу байдаг бөгөөд 10- 20 градусын температуртай, давсархаг, шорвог амттай, метан хий давамгайлсан, хлорид, сульфатнатри болон сульфатнатри, магнийн төрлийн холимог найрлагатай, эрдэсжилт ихтэйгээрээ онцлогтой. Ийм рашааны орд 30 гаруй байдаг. Түүнчлэн рашааны стандартын шаардлагыг хангах биологийн идэвхт элементүүдийг агуулаагүй ч эрт үеэс уламжлан хэрэглэж ирсэн, янз бүрийн найрлагатай булгийн ус бий. Тэдгээрийг рашаан төст усны ангилалд хамааруулдаг. Энэ төрлийн булгууд Монгол орны ихэнх нутагт байгаа. Нутгийн иргэд рашаан хэмээн эмчилгээ, сувилгаанд ашиглаж ирсэн байдаг.
-Дээрх рашаануудын хэдийг нь хэрэглэдэг юм бол?
-Монгол орны хэмжээнд нөөцийг нь тогтоосон 20 гаруй рашаан сувилал байна. Мөн орон нутгийн хэмжээнд ашиглаж байгаа рашаан сувиллууд ч бий. Сүүлийн жилүүдэд рашааны орд болгоныг улс, орон нутгийн түвшинд ашиглаж байгаа.
-Халуун, хүйтэн рашааны эмчилгээний чанар ямар ялгаатай вэ?
-Рашааныг хүний бие организмыг эмчлэн сувилах, мөн урьдчилан сэргийлэхийн тулд ашиглана. Тухайлбал, рашаанд орох, рашаанаар угаах, зайлах, утах, мөн дотуур буюу уух гэсэн үндсэн аргаар хэрэглэдэг. Мэдээж халуун, хүйтэн рашаануудад агуулагдаж байгаа химийн найрлага, биологийн идэвхт элементүүд болон эмчилгээнд хэрэглэх арга нь өөр. Тухайлбал, халуун рашаануудыг ихэвчлэн гадуур буюу орж хэрэглэхээс гадна уураар утах замаар эмчилгээнд ашигладаг. Халуун рашааныг их хэмжээгээр, удаан хугацаагаар ууж хэрэглэхийг хориглодог. Учир нь хэт шүлтлэг, мөн фторын өндөр агуулгатай. Хэдийгээр рашаан нь эмчилгээний зориулалттай ч зохистой хэрэглэх нь зүйтэй л дээ.
Мөн хүйтэн рашааныг голчлон дотуур буюу ууж хэрэглэдэг. Рашаан уухдаа хүний биед үзүүлэх физиологийн болон эмчилгээний үйлчлэлийг харгалзан үзэх нь чухал. Мөн рашааны химийн найрлага нь голлох ач холбогдолтой. Рашаанд агуулагдах нийт бодисын 80 орчим хувь нь ион хэлбэрээр оршино. Эдгээр бодис нь цусанд орж, хүний биед болж буй биохимийн урвал, физиологи, биологийн нарийн нийлмэл процесст оролцон, эерэг нөлөө үзүүлдэг.
Түүнчлэн хүйтэн рашааныг ашиглан крио эмчилгээ хийх боломжтой. Тухайлбал, хүйтэн рашааныг туулах, боргионд нь цохиулах гэх мэтээр хэсэгчилсэн болон бүх биеийн эмчилгээ сувилгаа хийдэг. Өөрөөр хэлбэл, бие махбодыг сэргээх, бодисын солилцоог эрчимжүүлэх, дархлааг сайжруулах, чийрэгжүүлэх үйлдэлтэй. Крио эмчилгээг эрүүл хүмүүс чийрэгжих, урьдчилан сэргийлэх зорилгоор болон зарим өвчинд эмчилгээ хэлбэрээр хэрэглэдэг.
-Иргэд дураараа буюу эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр рашаан хэрэглэх нь элбэг. Рашааныг байнга хэрэглэхэд сөрөг нөлөөтэй юү?
-Рашааныг эрт үеэс хүний биеийг эмчлэн сувилах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд хэрэглэж ирсэн. Гэхдээ рашаан тухайн хүнд тохирох уу, үгүй юү гэдгийг харгалзах нь чухал. Зарим хүн өвчнийхөө хурц үед дур мэдэн рашаан уугаад улам сэдрээдэг. Ялангуяа даралт ихтэй, зүрх, судасны өвчтэй хүн халуун рашааны темпаратур болон хугацааг тохируулахгүй орох нь аюултай. Ер нь рашааны хориглох заалт гэж бий. Тиймээс ямар ч тохиолдолд эмчийн заавраар хэрэглэх ёстой. Рашааныг өдөр тутам хоол, унданд хэрэглэдэггүй. Учир нь рашаанд биологийн идэвхт болон бичил элементийн агуулга өндөр. Тиймээс эмчилгээний зориулалтаар ашиглана. Харин булгийн ус нь биологийн идэвхт элементүүдийг агуулаагүй, эрдэсжилт багатай учир өдөр тутам хэрэглэж болдог.
-Улаанбаатарын хэмжээнд хэдэн рашаан байдаг бол?
-Биологийн идэвхт элементүүдийг өөртөө агуулсан, эмчилгээний ач холбогдолтой нь тогтоогдсон, олны сайн мэдэх “Оргил” рашаан байна. Энэ нь төмөр болон цахиурын хүчлийн өндөр агуулгатай, нүүрсхүчлийн хийтэй, хүйтэн рашаан. Булаг хэд хэд бий. Өөрөөр хэлбэл, биологийн идэвхт элементүүдээрээ рашааны стандарт шаардлагыг хангахгүй ч олон зуун жил иргэд рашаан хэмээн эмчилгээ сувилгаанд хэрэглэж ирсэн булгууд юм. Сүүлийн үед иргэд өвөлд хөлдөхгүй харзалдаг цэнгэг булгийн усыг рашаан гээд хэрэглэдэг болжээ. Зарим нь бидэнд дээж авчирч өгч, шинжилгээ хийлгэдэг. Гэвч тэдгээр нь рашааны стандарт шаардлага хангахгүй, биологийн идэвхт элемент агуулаагүй, цэнгэг булгийн ус л байдаг.
-Танай лабораторийнхон өдгөө ямар судалгаанд төвлөрөн ажиллаж байна вэ?
-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн захиалгаар ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнтэй хамтран 21 аймаг, Улаанбаатар хотын зургаан дүүрэгт ундны усны зориулалтаар ашиглаж буй гүний худгуудын гидрохимийн судалгааг хийж дүгнэлт, зөвлөмж боловсрууллаа. Энэ судалгааны танилцуулгыг орон нутаг болон дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт нь хүлээлгэн өгсөн. Энэхүү ажил нь уснаас хамаарсан төрөл бүрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөөцийг зүй зохистой хэрэглэх, иргэдийг эрүүл, аюулгүй ундны усаар хангах ач холбогдолтой. Одоо бид үйлдвэрийн хаягдал бохир усыг цэвэршүүлэх, дахин ашиглах чиглэлээр судалгаа хийж байна.