Австри улсын нийслэл Вена хот дахь Хөгжмийн их сургуулийн магистрант, тус хот дахь “Ямаха” хөгжмийн сургуулийн багш Т.Отгонбулгантай холбогдож ярилцсан юм. Сонгодог хөгжмийн өлгий нутагт сурч, ажиллаж буй монгол залуу хүний амьдрал, аж байдлын талаар түүнээс тодрууллаа.
-Наймдугаар сар шувтрах дөхөж байхад та ажилласаар буй бололтой. Зуны амралтаараа эх орондоо ирэхгүй байсан юм уу?
-Тун удахгүй очно оо. Хоног тоолон хүлээж байгаа. Энэ удаа маш бага хугацаагаар очих нь.
-Ажил ихтэй байв уу?
-Энэ зун амралтаараа өөрөө мастер класс хичээл заалгаж, бас олон улсын зуны сургалтад багшиллаа. Долдугаар сард Польш улсын Катовице хотод очиж, Ф.Шопены зохиолуудыг хэрхэн тоглох тухайд өндөр зэрэглэлийн мэргэжилтэн багш нараар хичээл заалгасан. Буцаж ирээд наймдугаар сард “Ямаха” сургуулиасаа зохион байгуулсан зуны сургалтад багшилсан. Хүүхдүүдэд поп хөгжим хэрхэн тоглох, мөн хамтлагт яаж нэгэн баг болж ажиллах талаар заасан юм. Дараа ньих сургуулиасаа зохион байгуулсан “Интэрнэшнл саммер академи”-д ажиллалаа. Олон орны хүүхэд залууст төгөлдөр хуураар хэрхэн тоглохыг заах энэ сургалт Венийн ойролцоо байдаг нэгэн хотод болсон. Тэнд багахан хэмжээний бие даасан тоглолт ч хийлээ.
-Та хэзээнээс Австрид сурч байгаа вэ?
-2015-2017 онд Вена хотын Консерваторт суралцаад, дараагийн дөрвөн жилд нь Венийн Хөгжмийн их сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн. Одоо магистрт гурав дахь жилдээ суралцах гэж байна.
-Монголдоо Хөгжим бүжгийн коллеж төгссөн үү?
-Тийм ээ. 2004-2005 оны хичээлийн жилд Г.Занаа багшдаа шалгуулснаар тус сургуулийнхаа төгөлдөр хуурын ангийн бэлтгэлд орж байлаа. Дараа жил нь нэгдүгээр ангийн сурагч болоод, 10 жил сурч коллежоо төгссөн.
-Вена хот дахь “Ямаха” хөгжмийн сургуульд ажиллах болсон түүхээс сонирхуулаач.
-Их сургуульд сурахын зэрэгцээ ажиллаж болохоор юм гэж ойлгоод шалгалт өгч орсон. “Ямаха” нь өөрийн хөтөлбөрөөр багш нараа бэлтгэдэг. Бэлтгэх багш нараа шалгаж авдаг. Сургалтын хөтөлбөрөө янз бүрийн хэлээр орчуулан, улс орнуудад хүргэсэн байдаг юм билээ. Тийм болохоор хаанахын хэн ч уншиж, ойлгоод шалгалт өгөх боломжтой. Шийдвэрлэх шатны шалгалтыг Хамбург хот дахь“Ямаха”- гийн Европын төвд очиж өгдөг. Би ч гэсэн тэнд шалгуулсан.
-Хөгжмийн сургалтын ямаха хэв маяг өөр гэх юм билээ. Юугаараа өөр юм бол?
-Төгөлдөр хуурт зориулсан зохиолуудыг миний суралцдаг сонгодог чиглэлээс өөр, япон хэв маягаар тоглуулдаг. Өмнө нь би сонирхож, сурч байсан болохоор шаардлага, шалгалт зэрэг нь таалагдсан. Хүүхдийн дуунуудыг германаар сурсан минь хэрэг болсон. Бүр гурав, дөрвөн настай жаалуудад зориулсан дуу ч байдаг. Жишээ нь, гарын хуруунуудыг нэг, хоёр, гурав, дөрөв, тав гэж нэрлэснийг дуу болгочихсон байдаг юм. Ер нь л бүх зүйл нь таалагдсан болохоор их сургуульдаа сурахын сацуу багшилмаар санагдсан. Манай хөгжмийн сургууль“Ямаха” нэртэй маш гоё концертын танхимтай. Багш учраас тийшээ орж давтах боломжтой нь гоё. Бас хамгийн гоё төгөлдөр хууртай.
-Их сургуулийн оюутны амьдрал тань бас сонирхолтой байх. Ачаалал их үү?
-Шалгалт, тоглолт олонтой. Тэр олон хичээлийн нэг нь оюутнуудын тоглосныг студид бичиж өгөх юм. Энэ хичээлээр би гобой болон виолончель тоглодог оюутан найз нартайгаа хамтарч “Ла Ла лэнд” киноны хөгжмийн хэсэг, нэг итали поп дуу болон миний өөрийн зохиосон “Бөмбөлгүүд” гэдэг дуу, мөн хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын нэг зохиолыг тоглож бичүүлсэн. Найзаасаа сонсох дуртай хөгжмийг нь асуухад нэрлэхээр нь сонгож, өөрөө найруулаад, хамтарч тоглосон. Энэ мэтчилэн хичээл, шалгалт, тоглолт, студийн бичлэг гэсэн амьдралын хэмнэлтэйдээ.
-Монгол хөгжмөө тоглох, таниулах боломж хэр олддог вэ?
-Энд сургуулиас гаргасан төлөвлөгөөний дагуу сурч, тоглодог болохоор монгол хөгжмөө төдийлөн барьж авч чаддаггүй. Орчин үеийн зохиол гэхэд өдгөө амьдарч буй хөгжмийн зохиолчдын сүүлийн 20 жилийн хугацаанд туурвисан бүтээлүүдээс нь тоглох ёстой. Сонгодгуудаас Л.В.Бетховен, Й.Хайдн, Ф.Лист, Ф.Шопен, Р.Шуман, М.Равельнарын зохиолуудаас нэлээд тоглож байгаа. Хамгийн сүүлд сургуулиас Австри-Унгарын хөгжмийн зохиолч Д.Лигетийн мэндэлсний 100 жилийн ойд онцгой анхаарч, зохиол бүтээлүүдээс нь оюутнуудаараа нэлээд тоглуулсан юм. Бидний тоглолтыг Австрийн Улсын радиогоос бичиж, цацсан. Надаас ярилцлагаавсан.
-“Ямаха” нь хувийн сургууль биз?
-Тийм ээ. Янз бүрийн насны суралцагсдад хичээл заадгаараа онцлогтой.
-Багш нар нь ихэвчлэн залуус уу?
-Олонх нь 40-өөс дээш насныхан. Би хамгийн залуу нь. Насаар бага ч намайг гурван жилийн өмнө ажилд авсанд нь баярладаг. Одоо болтол хамгийн залуу багш нь хэвээр. Манай энэ сургуульавстри, герман, хятад, монгол, орос, франц багш нартай.
-Шалгалтыг даваад ажилд орчихвол энэ сургуульд багшлах амархан уу?
-Ер нь Австрид багшаар ажиллах хүмүүсээс олон төрлийн шалгалт авдаг нь амаргүй. “Ямаха”-д богино хугацаанд маш олон зохиол, дууг сурах шаардлага тавьдаг нь хэцүү. Сурсан болгоноо тухай бүрт нь шалгуулж, хүүхдүүдэд заадаг. “Ямаха”-гийн систем ёсоор 3-4 настай хүүхдүүдийг олноор нь суулгаж байгаад зэрэг сургах хичээл заадаг. Энэ нь амар ажил биш. Хамтлагт юм уу, оркестрт тоглоход зэрэг эхэлдгийг тийм бага насанд нь ойлгуулдаг. Үүний тулд маш их ярих болдог. Сонирхолтой, богинохон түүхүүдийг хооронд нь их учиртай холбон, ярьж ойлгуулаад, тоглуулдаг. Багш байнга л хөгжмөө тоглоод байж болохгүй. Ноотны дагуу хамт дуулах зэргээр хөдөлгөөнтэйгөөр хичээл заадаг. Янз бүрийн насныхан хөгжим сурдаг. Би одоогийн байдлаар 90-ээд шавьтай. Хамгийн залуу нь гуравтай, ахмад нь 65 настай эмэгтэй. Тэр хүн тэтгэвэрт гарсан учир дуртай зүйлээ сурахыг зорьж байгаа. Ер нь хүүхдүүд гурваас найм, ес хүртэлх насандаа группийн хичээлд хамрагдаж байгаад 10 нас хүрэхдээ ганцаарчилсан сургалтад явж эхэлдэг. Ганцаарчилж сурдаг ч гэсэн хамтын хичээлд бас хамрагддаг. Төгөлдөр хуураа бүгд зэрэг тоглодог гэсэн үг. Ерөнхийдөө “Ямаха”- гийн хөтөлбөр дэх дуунуудыг тоглодог ч гэсэн заримдаа суралцагчдын саналаар өөр дуу тоглох үе бий. Би “Маамуу нааш ир”-ийг зааж байсан удаатай.
-Нас насны хүүхэд, томчуудтай ажиллахад хүлээж авах чадвар нь харьцангуй өөр болохоор зохицуулах гэж зүдэрдэг юм шиг санагдлаа.
-Заах аргатай. Өдөр тутмын хичээлээс гадна ажил их ээ. Манай сургууль багш нарынхаа шавь нарын тоглолтыг шинэ жилийн өмнө зохион байгуулж, бүгдийг хамруулдаг юм. Жишээ нь, “Оги Төмөр багшийн ангийнхны тоглолт” гэж нэрлэн зарладаг. Дараа нь нэгдүгээр сарын сүүлчээр, хагас жилийн ажлын тайлан маягтай тоглолттой. Сайн суралцагсдыг “Ямаха” хөгжмийн сургуулийн нэгдсэн тоглолтод оролцуулдаг. Хавар шалгалтын, зун фестивалийн гэх мэт тоглолттой байдаг. Ер нь хөгжмийн сургууль учраас суралцагсдыг байнга тоглуулдаг юм. Хүүхэд хэдийгээр гурав, дөрөвхөн настай ч тайзан дээр тоглохдоо баярладаг. Эцэг, эхчүүд нь бас сэтгэл хангалуун байдаг нь хөгжмийн сургалт үр дүнтэй болоход нөлөөлдөг.
-Австрид ажиллахын давуу талыг та юу гэж тодорхойлох вэ?
-Эрүүл мэндийн даатгалаар маш сайн үйлчилгээ авах боломжтой. Мөн ажиллаж л байгаа бол тэтгэврийн даатгалд шууд хамруулдаг учраас ирээдүйн амьдралын баталгаа сайтай. Бас их сургуульд сурахын сацуу хүссэн ажлаа хийж, цалин авах боломж олддог нь сайн. Сурагчдын болон зуны амралтаар ажилладаггүй ч цалингаа авдаг нь таалагддаг. Амралт дундуураа их сургуулиас зохион байгуулдаг ажлуудад оролцохын зэрэгцээ хөгжмөө сайтар давтах цаг их гардаг юм.
-Европт хөгжмийн чиглэлээр сурч, ажилладаг монголчууд холбоо харилцаатай юу?
-Польш улсад Хөгжмийн дээд сургуульд багшилдаг Н.Ичин эгчтэй харилцаатай. Монголд болсон Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд түрүүлснээр Польш улсад суралцахаар ирснийг нь би багаасаа мэддэг байсан болохоор их хүндэлдэг. Мэргэжил нэгтэй учраас бид хоёрт ярих юм их. Намайг мастер класс сургалт сонирхооч гэхээр нь бүртгүүлээд, өнгөрсөн долдугаар сард тэдний сургуульд очиж долоо хоног сайн багш нараар хичээл заалгасан юм. Н.Ичин эгчээрээ ч заалгасан. Бид хоёр хамт Э.Амартүвшин ах Венийн дуурийн театрт дуурьт тоглоход нь үзэж, баярлаж, бахархсандаа болоод нүдэндээ нулимс цийлэгнүүлж суулаа.
-Байс хийгээд гадаадын хөгжимчидтэй хамтарч тоглосон байдаг. Урын сан тань арвижиж байна уу?
-Хааяа л тоглодог юм. Монголдоо очихдоо гаргасан цомгоо авч очно. “Цаг агаарын мэдээ”-ний гэдгээр алдартай, хөгжмийн зохиолч С.Баатарсүхийн бүтээл “Цэнхэр залаа” зохиол, “Инээмсэглэл” хамтлагийнхны тоглодог “Алтан хавчаар”, Ардын жүжигчин Б.Зангад гуайн дуулдаг “Тунгалаг Буянт” зэрэг хэд хэдэн поп дуутай. Үгнүүдийг нь герман хэлээр орчуулсан. Ном дагалдуулж гаргасан. Дуу болгон тоглоход амархан болон хэцүү гэсэн хоёр хувилбартай. Сурах явцдаа студид бичүүлсэн дуунуудаа бас нэгэн цомогтнийлүүлж бэлтгэсэн. Ирэх өвөл бас өөр дуунууд бичүүлэх бодолтой байгаа. Тэгвэл бас цомог болгоно.
-Монголдоо нэлээд олон хоногоор ирж, амрах байж дээ.
-Долоо л хонох боловч шинээр нээсэн “Кавай” танхимд тоглох төлөвлөгөөтэй.