Хөдөлгөөний хомсдол тахлын хэмжээнд яригдах болсон өнөө үед бид түүнээс үүдэлтэй өвчин эмгэгээс хэрхэн сэргийлэх вэ. Ялангуяа манай өв уламжлалд уг асуудлыг шийдэх гаргалгаа бий юү гэдгийг эрэн хайж бүжиг дэглээч, урлаг судлалын ухааны доктор М.Мөнгөнцэцэгтэй ярилцлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дэргэдэх “Соёмбо” чуулгын бүжиг дэглээч, ахмад, СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш тэрбээр уг салбарт 44 жил ажиллаж буй юм.
-Та бүжгийн урлаг, ялангуяа бий биелгээний чиглэлээр сүүлийн жилүүдэд идэвхтэй судалж байгаа. Энэ чиглэлийн судалгааны хөгжил манайд ямар түвшинд байна вэ?
-Би 44 жилийн өмнө найман настайдаа тухайн үеийн Пионерын ордны бүжгийн дугуйланд орж байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл энэ салбартаа тасралтгүй ажиллаж, өөрөө сурч боловсрохын зэрэгцээ шавь нараа бэлтгэж, судалгаа ч хийж ирсэн. Бакалаврын зэргээ “Торгууд бий биелгээ” сэдвээр 1997 онд хамгаалж, СУИС-ийн бүжгийн багш, дэглэгчийн анхны ангийг төгсөж байв. Дараа нь 2008 онд “Хадны зураг дахь бүжиг дүрсэлгээ” сэдвээр магистрын зэрэг хамгааллаа. Түүнийгээ улам нягтруулж, бий биелгээ хаанаас үүсэлтэй, монгол нүүдэлчдийн амьдрал ахуйтай хэрхэн уялддагийг олж харах үүднээс адууны тамганы судалгаа хийх болсон. Ингээд 2021 онд “Хадны зураг, тамганы дүрсээс монгол бүжгийн хөдөлгөөн, нэршлийн гаргалгаа” сэдвээр докторын зэрэг хамгаалсан юм. Судалгааны зарим үр дүнг үндэслэн бүтээл туурвин, тайзнаа тавьж байна. Нүүдэлчин монголчуудын ахуй амьдрал, уламжлалыг хадгалсан хадны зураг, тамганы дүрсээс сэдэвлэсэн бүтээлүүд урлагийн бүх салбарт нэвтэрч, олон хүн сонирхдог, үздэг, сонсдог боллоо. Дэлхийн хэмжээнд ч танигдаж байгаа. Энэ бол олон судлаачийн хөдөлмөрийн үр дүн.
-Бий биелгээний эрүүл мэндийн ач холбогдлыг судалдаг тань сонирхол татлаа. Үүнийг судлах болсон онцгой шалтгаан бий юү?
-Үүнд хариулт өгөхийн тулд өөрийнхөө түүхийг ярих хэрэгтэй болдог л доо. Гурван настайдаа би дөрвөн давхраас унасан юм. Нугардаг охин байлаа. Гэтэл дөрвөн давхраас унаад нугарах байтугай хөдөлж ч чадахгүй, эрүүнээс бусад бүх яс хугарсан гэдэг. “Хөдөлгөөн л байнга хийлгэхгүй бол энэ хүүхэд богино насална” гэдэг үгийг аав, ээж хоёр минь эмчээс сонсоод, намайг бүжгийн дугуйланд оруулсан гэдэг юм. Аав Ховдын буюу олон угсаатны нутгаас гаралтай, ээж дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймгийн хүн. Бид гэр бүлийн концерт ч тоглодог байлаа. Аав, ээж хоёр биднийг дагуулаад бүх ард түмний урлагийн үзлэгт одоо удаа оролцож, алт, мөнгөн медаль авч байв. Энэ бүгд бий биелгээг судлахад минь нөлөөлсөн. Залуудаа цэнгээнт, ардын, бусад улс үндэстний болон сонгодог бүжгээр ч хичээллэсэн. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны “Хараацай” чуулгад олон жил ажиллалаа. Ардын жүжигчин Д.Нанжид багш “Чи цэнгээнт бүжгээ орхи. Нас чинь болчихлоо. Бий биелгээ буюу Монголын нүүдэлчдийн уламжлалт бүжгийг судал” гэж хэлдэг байв. Багшийнхаа зөвлөсний дагуу 1994 оноос биелгээг судлах болсон доо. Бий биелгээ бол насны хязгааргүй урлаг. Д.Нанжид багш “Биелгээ хийдэг хүмүүс урт насалдаг” гэдэг байсан. Багш өөрөө ч урт насалсан, ер өвдөөгүй. Ер нь биелж байгаа хүмүүс өвдлөө, хүнд байдалд орлоо гэж сонсогддоггүй. Ийм эрс тэс уур амьсгалтай оронд амьдарч буй монгол хүний биед тохирох хөдөлгөөнүүдийг бий биелгээ агуулдаг, тэр нь бидний эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг онцлогтой.
-Эрүүл мэндийн ач холбогдлынх нь чиглэлээр эрдэм шинжилгээний бүтээл гаргаж байв уу?
-Монголд спорт бүжиг, иог гэх мэт гадаадын янз бүрийн урлаг ч орж ирсэн. Тэдгээрээс монгол хүний биед тохирох нь ч байна, тохирдоггүй нь ч бий. Харин монгол уламжлал, язгуур өв соёл бидэнд их ойр. Тэр тусмаа биелгээ нь биднийг эрүүл байлгах нэг шалтгаан гэдгийг олж хараад, 2011 онд СУИС-ийн багш нарын эрдэм шинжилгээний хуралд “Бий биелгээний эрүүл мэндийн ач холбогдол” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Тэр үед багш нар “Энэ чинь л монгол хүний биед хэрэгтэй судалгаа байна. Үүнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад таниулан сурталчлах шаардлагатай” гэж байлаа.
-10 гаруй жилийн өмнөх бүтээл юм байна. Тухайн үед ямар дүгнэлт гаргасан бол?
-Тэмээ, адуу унаж яваа хүн биеэ сул тавихгүй бол гурван минут ч бололгүй ядарна. Харин биеэ сул тавивал гурван цаг ч давхина. Морь, хүн хоорондын холбоог хурд, масс, хурдатгал зэрэг физик хэмжигдэхүүн талаас нь судалсан юм. Ингэснээр морь унаж яваа хүний хөдөлгөөнийг илэрхийлж биелэхэд хүний биед ямар өөрчлөлт гарахыг тодорхойлохыг зорьсон. Дээрх тохиолдолд хүний цээж, түүний доторх дал, хавирга, мөр гэсэн гурван том араг яс хөдөлдөг. Биелж байгаа хүн биеэ сул тавиад, мөр, дал, хавиргаа хөдөлгөхөөр энэ гурван том араг ясны дундах таван цул эрхтэн зэрэг хөтөлдөг. Үүнээс улбаалан “Бийгээн биелээд, биеэ зайлна” гэдэг үг үүсжээ гэж дүгнэсэн юм. Ойрадууд “Бийгээн биелье, биеэн зайлъя” гэж ярьдаг. Энэ нь бүгдээрээ, хамтдаа биелье гэсэн санаатай. “Ковид”-ын үед, түүний дараа хүмүүс эрүүл мэндийн олон асуудалтай тулгарсан. Зөвхөн цар тахал бус, агаараар дамждаг олон нян, вирус, бактерийн дунд бид амьдарч байна. Мөн баталгаатай, аюулгүй, эсэхийг нь мэдэхгүйгээр янз бүрийн зүйл идэж, ууж байгаа. Тиймээс биелгээ хийж, таван цул эрхтэн, цээжин бие, бүхий л үе мөчөө хөдөлгөснөөр биед орж ирсэн янз бүрийн вирус, бактерийг гаргах боломжтой.
-Цар тахлын үед та гэртээ байгаа хүмүүст зориулсан дасгалуудыг цахимаар зааж байсан юм билээ. Олон хүнд хүрсэн үү?
-Биелгээг яаж хүмүүст хүргэх, түгээх талаар маш их боддог. Түүнийхээ дагуу “Ковид”-ын үед 10 гаруй дасгалын бичлэг хийж, фэйсбүүкт тавьсан юм. Хүн болгон гэртээ байсан үе шүү дээ. Тиймээс гарын, мөрний, цээжин биеийн, суудлын, хөлийн гэх мэт дасгалыг энгийн байдлаар заасан. Олон ч хүнд хүрсэн. Гэхдээ одоо тэдгээр нь мартагдаж байна. Тиймээс дахиж гаргах хэрэгтэй гэж бодож байгаа. Цэргийн 16 тоот дасгал гэж байдаг шүү дээ. ЗХУ-д Цэргийн академид шинжлэх ухааны үүднээс хүний биед тустай хэмээн баталсан 16 тоот дөрвөн дасгал байдаг юм билээ. Үүний гурав нь Монголд нэвтэрсэн. Хойд хөршид сурсан, Цэргийн академи төгссөн офицерууд Монголдоо ирээд түгээж л дээ. Тэдгээр дасгалыг монголчууд сайн мэддэг, огт өөрчлөлгүйгээр уламжилж ирсэн. Түүнийг биелгээтэй хослуулж гаргаад байгаа. Эхлээд “Соёмбо” чуулгын бүжигчдэдээ, дараа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхандаа заахад ихэд сонирхсон. Энэ 16 тоот дасгал хүний биеийн бүх эд, эсийг хөдөлгөдөг. Үүнийг улс даяар түгээж, бүгд өглөө бүр хийдэг болоосой гэж боддог.
-Бий биелгээний эрүүл мэндийн ач холбогдлын судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа вэ?
-Биелгээ сонирхдог хүн харьцангуй олширсон. Эмчилгээний маягаар биелгээ хийх хүсэлтэй залуучууд надад хандаж, зөвлөгөө авдаг. Бас сургалт явуулаач гэж хүсэлт тавьсан хүмүүс ч бий. Одоогоор хоёр компани уламжлалт эмчилгээний журмаар, дуугаар, хөгжмөөр, хөдөлгөөнөөр, бий биелгээгээр өвчин эмгэгийг анагаах лаборатори байгуулахаар бэлтгэлээ хангаж буй. Би тэдэнтэй хамтран ажиллаж байна. Ер нь хүнийг антибиотик, эм, тан уулгах аргаар бус, бие, сэтгэл зүй, үйлдэл, хөдөлгөөн, мэдрэхүйгээр нь эмчлэх нэг хэлбэр нь бий биелгээ гэж болно. Жишээ нь, би эм уух их дургүй. Дөрвөн давхраас унаад, нэлээд хүнд хагалгаанд орж байсан болохоор эмнэлгээс их айдаг. Тиймээс өвдөх, ханиад, томуу хүрэх зэрэгт бол хөлөртлөө биелээд л өөрийгөө анагаадаг. Ялангуяа үе мөчний хөдөлгөөнүүдийг биелгээгээр их хийдэг дээ. Ер нь биелэх нь ямар ач холбогдолтойг хүмүүс ойлгох, мөн чанарыг нь мэдрэх чухал. Түүнээс биш зөвхөн аянд тааруулаад л хөдөлбөл ач холбогдолгүй. Миний эрүүл мэндэд тустай гэж бодож биелэх хэрэгтэй.
-Сүүлийн үед сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг их ярьдаг болсон шүү дээ. Бий биелгээнд үүнийг анагаах “шид” байдаг уу?
-Тойрч зогсоод биелгээ хий. Нэгнээ ойлгохгүй, гомдож, үл ойлголцлоо гэж бодъё. Тэгвэл гар гараа бариад, тойрон бүжиг хийж болно. Үүнд гуравхан минут шаардагдана. Хөгжим тавилаа, нарны тойрон бүжиг хийлээ. Нарны бүжиг хийх нь ч учиртай. Тэнгэрт нар байхгүй бол гадаа, гэрт, хүний сэтгэлд ч харанхуй. Тийм учраас хүн харанхуйд унтах ёстой. Тэгвэл нарыг дундаа байна гэж төсөөлж, бэлгэдээд, олуулаа тойроод биел. Өөрийн эрхгүй баясал төрнө, дотроос гэрэл асна, гараас гар луу энерги дамжина. Төрсөн өдрөөр, ургийн найр, даахь үргээх ёслолоор гээд хэдийд ч тойрон бүжиж болно. Ингэснээр хүн бие, сэтгэлийн таашаал авах юм. Нэг талаасаа зан үйлийн, нөгөө талаасаа хүний сэтгэл доторхыг гаргах илэрхийллийн хэм хэмжүүр. Тойрон бүжиг хийх нь ч учиртай. Яагаад гэвэл хүн тойрог руу бүх анхаарлаа хандуулж, бусадтайгаа нэгдэж чаддаг. Үүнийг түгээж чадвал эв нэгдэл, найрамдлын нэгэн том соёл, өв болох юм. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд тойрон бүжиг нь амьдралын нэгэн хэв маяг байсан гэж үздэг. Бүх үндэстэн өөр өөрийн онцлог бүхий тойрон бүжигтэй. Өнөөдөр Монголд уламжлагдаж ирсэн нь буриадуудын дунд л байна. Уг нь ойрадууд, төв халхад ч тойрон бүжиг байсан. Тэдгээрийг судалж, сэргээж буй. Одоогоор таван тойрон бүжиг гаргасан.
-Монгол биелгээний гол онцлогийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Монгол бүжгийн суурь таван зарчим гэж бий. Үүнийг заавал баримтлах хэрэгтэй. Нэгт, монгол ухааныг биелгээнд тусгах ёстой. Хоёрт, монгол хөгжим, зэмсэг, ая дан дуугарч байх шаардлагатай. Гуравт, үндэстэн угсаатны хувцас, эдлэлийг өмсөх хэрэгтэй. Дөрөвт, тухайн угсаатныхаа бүжиг, биелгээний намба донжийг хадгалах нь зүйтэй. Тавд, хөдөлгөөний утга, бэлгэдлийг өөрөө сайн ойлгож, түүнийгээ зөв илэрхийлэх ёстой юм. Эдгээрийг баримталбал монгол бүжиг, монгол биелгээ болно. Монгол соёлд бий биелгээ өөрийн гэсэн орон зайтай, нандин өв. Гэр дотор үсэрч цовхчоод, тулга дээгүүрээ харайх нь холгүй дэвхцэхгүй. Доороо л биелдэг. Эсвэл хоорондоо байраа солих маягтай. Энэ бол орон зайн сэтгэлгээ, уламжлал. Мөн өвгөн үү, эмгэн үү, охин уу, хонио хариулж явна уу, морь унаж байна уу гэх мэтээр дүр бүтээнэ. Бас ая дан, аялгуу нь тухайн угсаатных нь байх ёстой. Түүнээс гадна уламжлалаа заавал хэн нэгэнд дамжуул. Энэ бол монгол хүний үүрэг. Гэхдээ биелгээний сургалт явуулж байгаа хүмүүс сайн анхаарахгүй бол буруу зөрүү хийгээд байна. Дөрвөдийн биелгээг захчингийнхтай холиод, ая дан, татлага, хувцсыг нь андуурдаг тохиолдол бишгүй. Тухайлбал, буриад хувцас өмсчихөөд халх ардын дуу дуулж болохгүй. Казах хувцас өмсчихөөд торгууд биелгээ хийгээд байвал яах вэ. Энэ мэт анхаарах зүйл олон бий. Бид бүгд дуулах дуртай. Түүн шиг өөрийн угсаатны нэг л хөдөлгөөнийг мэддэг байхад болно. Түүнийгээ л байнга хийвэл эрүүл мэндэд тустай гэж бодож байна даа.
-ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах биет бусын өвийн жагсаалтад бий биелгээг 2009 онд бүртгэсэн. Биелгээ болон өв тээгчийн тоо ойролцоогоор хэд байна вэ. Ямар хүнийг өв тээгч гэж үзэх бол?
-Өв тээгчийн тооны хувьд 1000 давсан гэж сонссон. Саяхан л багш нарын минь судлан тодруулсан 50 гаруй биелгээ байлаа. Одоо үүн дээр нэмээд 70 гаруй болгоод судалж байна. Устсаныг нь сэргээгээд, амьдрал ахуйгаас нь зохиомжлоод, сургалтад нэвтрүүлж буй. Бас би судалгаандаа “Монгол тамган биелгээ” гэдэг шинэ урсгал гаргаж ирлээ. Энэ бол унаж яваа адууныхаа тамгыг биелгээгээр харуулах судалгааны үр дүнд бий болсон ажил. Миний бодлоор тухайн биелгээг зөв сурч, намба, донжийг нь гаргаж чаддаг бүх хүн өв тээгч. Найзаасаа, дүүгээсээ, таньдаг хэн нэгнээс гээд хаанаас, хэнээс ч сурсан байж болно. Хараад сурсан ч байж болно шүү дээ. Би биелгээг ээж, ааваасаа бус, багшаасаа сурсан. Бас бүх ард түмний урлагийн үзлэгийн их наадамд 1987, 1989 онд оролцож байсан хүмүүсийг би нүдээр харж, хамт биелдэг байсан учраас биелгээний донж, намба, хувилбар, гаргалгаануудыг сайн мэднэ. Тэр утгаараа би өв тээгч болж байгаа юм. Ер нь хэдхэн ахмад өв тээгч байх ёсгүй. Бид бүгд өв тээгч болох ёстой гэж боддог.
-Биелгээ гэхээр ихэвчлэн настай хүмүүс бүжиглэдэг гэж ойлгодог хүн цөөнгүй. Үүнийг өвлөн уламжилсан хүмүүс нь манайд голдуу өндөр настай байгаа учраас ингэж ойлгодог юм болов уу?
-Хэсэг хугацаанд, ялангуяа сүүлийн 30 жил монголчууд эдийн засгийн хямралд байлаа. Тиймээс биелгээг үр хүүхдэдээ өвлүүлэх нь багассан. Ар гэртээ, үр хүүхдэдээ санаа тавих, анхаарлаа хандуулах нь багассан үе байлаа л даа. Тиймээс өвлөн уламжлуулах үйл хэрэг нэг хэсэгтээ л зогссон. Одоо бол харьцангуй өөрчлөгдлөө. Гэхдээ л өв тээгчид өөрсдөө л биелээд байна. Сая “Нүүдэлчин” наадам дээр дөрөв хонолоо. Угсаатны бүлгүүдийн тоглолт, биелгээ, хөгжим, дуу авиа гээд бүгдийг харлаа, сонслоо. Гэтэл нөгөө л ахмадууд маань биелж, нутгаа төлөөлөн оролцож байна шүү дээ. Залуучууд орчин үеийн урлаг, урсгалуудыг илүү сонирхож, уламжлалаа нэг их тоохгүй байх шиг. Яагаад гэвэл нэг угсаатны нэг биелгээ нь 1-3-хан хөдөлгөөнтэй. Түүнийгээ л давтаад байдаг. Тийм учраас өнөөгийн залуусын сонирхлыг татдаггүй байж мэдэх юм.
-Залуусын сонирхолд нийцүүлэхийн тулд өв уламжлалаа шууд эвдэж болохгүй байх. Уламжлалыг эвдэхгүйгээр шинэчлэн хөгжүүлэх арга бий юү?
-Хамгийн гол нь тухайн өвийг жинхэнэ утгаар нь уламжилж аваад, сонирхлынхоо дагуу хөгжүүлж болно. Энэ бол миний бодол. Жишээ нь, этник талаас нь хөгжүүлэх боломжтой. Гэхдээ уламжлалыг устгаж, гаднын урсгалтай хольж болохгүй. Үндсэн намбыг нь алдагдуулалгүйгээр, хөгжмийн хэм хэмнэлийг жаахан өөрчилж, хөдөлгөөнүүдийн давтамжийг нэмж болно. Уламжлалаа сайн мэддэг хүн л ийм шинэчлэл хийнэ.
-Ер нь бий биелгээ хаанаас, хэзээ үүссэн бэ гэдгийг хүмүүс танаас асуудаг байх. Манай судлаачид үүнд бүрэн дүүрэн хариулт олж чадсан уу?
-Бүжиг гэх нэрийн гарал үүслийг авч үзэхэд 1000 орчим жилийн өмнөх “Диван Лугат ат-Турк” толь бичигт “бүжи”, “будик” гэж тэмдэглэсэн монгол үг байна. Үүнээс үзвэл бид энэ үгийг 1000 гаруй жил хэрэглэж буй ажээ. Бүжиг бол бие, хөдөлгөөн, хөгжим гурвын цогц урлаг гэдгийг олон улсын судлаачид хүлээн зөвшөөрдөг. Бүжиг дан ганц биеийн хөдөлгөөн төдий бус, хөг, хэмнэл, өгүүлэмжийн нийлэг урлаг. Үүнийг нутаг нутгийн хэл аялгуунд өөрөөр хэлдэг. Жишээ нь, ойрадууд бийгээн биелье, ОХУ-ын Халимагт биелнэ, Тувад бийлэх, Якутад үсэргэнэ, буриадууд хатирна, Өвөр Монголын Шинжаан-Уйгурт савардана гэдэг. Эдгээр нь нэгэн уулын оргилд уулзахаараа бүжиглэх гэсэн утга санааг л илэрхийлдэг. Биелгээ төв халхад, зүүн Монголд, Буриадад байхгүй гэх нь буруу. Бүгдэд нь бий. Харин нутаг нутгийн хэллэг, аялгаар өөр өөрөөр хэлнэ, бүжиглэнэ. Гэхдээ биелгээ хэдийнээс үүсэлтэй, хаанаас гаралтай вэ гэдэгт бүрэн дүүрэн хариулт олдоогүй л байгаа. Д.Нанжид багш “Угсаатны бүлэг бий болсноос үүдээд бий биелгээгээ зарлан тунхаглаж эхэлсэн байх магадлалтай” гэдэг байсан. Тэгэхээр баяд, торгууд зэрэг угсаатны бүлгийн үүсэлтэй холбон ойлговол XVII-XVIII зууныг дурдах хэрэгтэй болно.
-Та хадны зургуудад үндэслэн судалгаа хийж, бүжиг дэглэсэн. Хадны зургуудаас бүжигтэй, ялангуяа бий биелгээтэй холбоотой эх сурвалжууд хэр их олддог вэ?
-1995 онд оюутан байхдаа анх удаа хадны зургаас сэдэвлэсэн бүжиг тавьж байлаа. Биелгээ хаанаас үүссэн, хэдийд бидэнд ирэв гэж хүмүүс асуудаг. Гэтэл энэ асуултад хариулах эх сурвалж маш ховор. Сүүлийн 30 орчим жил бид эх сурвалж хайлаа. Үүний үр дүнд бий биелгээний судалгааны эх сурвалж нь хадны зураг дахь бүжиг дүрслэгээ гэдгийг олж тогтоосон. Хүн нүдэндээ харснаа буулгана уу гэхээс биш, зохион зурах нь ховор шүү дээ. Энэ нутагт амьдарч байсан хүмүүс монгол гэж нэрлэгдэхээс өмнө буюу Хүннүгээс хойш XIII зуун хүртэлх хугацаанд маш олон эзэнт гүрэн байв. Тэдгээр нь амьдарч байсан нутгуудынхаа хаданд бэлгэдэл шүтээн, тайлга тахилга, зан үйлээ дүрслэн үлдээсэн. Миний хувьд 1998 оноос хадны зургийг гардан судалж, олон нутаг орноор явлаа. Хадны зургийн сакраль үзэл, мөн чанар, түүх нь юу өгүүлэв, дүрслэлээр нь юуг илэрхийлэв зэргийг таньж мэдэхийг эрэлхийлсэн. Хадны зургаас нь тухайн нутагт амьдарч байсан хүмүүсийн үзэл бодол, амьдрал ахуйг тодруулахыг хүссэн юм. Судалгаа одоо ч үргэлжилж байгаа. Үүнд нэлээд олон жил шаардлагатай.
-Биелгээний анхны зориулалт нь зугаа цэнгээн юм уу, эсвэл зан үйлийн шинжтэй юү. Бидний яриад байгаа шиг хөдөлгөөн, эрүүл мэндийн ач холбогдол нь өндөр байв уу?
-Биелгээ нь зан үйлийн, дуут, хүүхдийн, тайлга, тахилгын гэх мэт олон төрөлтэй. Зан үйлийн биелгээ нь дотроо мөргөлийн, цацал, тайлга тахилгынх гэж бий. Ер нь биелгээ ахуйн шинжтэй, хүний амьдралын нэгэн хэсэг гэж ойлгож болно. Цацлаа өргөөд, мөргөл хийгээд, ноос саваад, үйл урлаад, цай, сүү самраад, өрөм хийгээд, бяслаг дараад гэх мэт өглөө боссоноос авхуулаад юу хийснээ орой хонио хотлуулчихаад, гэртээ орж ирээд нэгэндээ тайлагнах үйл явц. Лааны дөлөнд, сарны гэрэлд, гадаа, эсвэл дотор суугаад ээлжлэн хуурдаж, биелээд, өнөөдөр ийм зүйл хийлээ гэж үзүүлдэг. Энэ бүх үйлдэл нь хүний өдөр тутмын амьдрал ахуйг л харуулдаг. Амьдрал ахуй, дотоод сэтгэлээс урган гарснаа амаараа бус, биеэрээ илэрхийлж байгаа нь бүжиг буюу биелгээ юм.
-Бий биелгээг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр, ялангуяа залууст таниулан сурталчлахын тулд юу хийхийг хүсдэг вэ?
-Аймаг, сумуудад очиж, бий биелгээ заах төсөлдөө санхүүжилт авахаар Соёлын яаманд хандаж байлаа. Харамсалтай нь, дэмжээгүй. Би Говьсүмбэрээс бусад бүх аймгаар явж, хадны зураг, адууны тамга судалж, бүжиглэж, биелж байгаа хүмүүс, тэдний донж, манер, маяг, мөн чанарыг танин мэдэхийг хичээсэн. Сүүлийн 30 орчим жил ийм байдлаар ажиллаж ирлээ. Ойрын хугацааны ажил гэвэл Ардын жүжигчин Д.Нанжид багшийн нэрэмжит олон улсын бүжгийн уралдааныг ирэх ес, аравдугаар сард СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулиас зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн манай сургуулийн 30 жилийн ой болно. Цаашид ч хийх зүйл олон бий.