Байгуулагдсан цагаасаа парламентад тасралтгүй 16 жил төлөөлөлтэй ажилласан цорын ганц гуравдагч хүчин бол ИЗНН. Тус намынхан хоёр сарын өмнө даргаа сольж, Б.Батбаатарыг сонгоод буй бөгөөд ирэх сард их хурлаа хийхээр товлоод байна. Тэрбээр 2004 онд АН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшиж УИХ-д сонгогдсоноор тухайн үедээ хамгийн залуу түшээдийн нэг болж байв. Улмаар 2016 онд ИЗНН-д элссэн юм. Түүнтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-ИЗНН-аас шинэ даргаа сонгож, энэ тухай бүртгэлээ хийлгэхээр Дээд шүүхэд хандсан. Гэвч Дээд шүүхээс “Намын даргын асуудлыг Үндэсний хороогоор бус, их хурлаараа шийддэг дүрэмтэй” гээд буцаасан юм билээ. Та бүхэн намын даргаа бүртгүүлэх хүсэлтээ дахин илгээсэн үү?
-Зургадугаар сарын 5-нд хуралдсан Үндэсний хорооны хуралд өмнөх дарга Ц.Ганхуяг намын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргасан тул орны хүнээ сонгож, улмаар Дээд шүүхэд материалаа явуулсан юм. Тэд уншиж судлахдаа зарим зүйл дээр алдаатай ойлголт гаргасан байна билээ. Тиймээс бид хариу тайлбараа бичээд дахин явуулсан. Ер нь Дээд шүүх улс төрийн намын дотоод хэрэгт дэндүү их оролцож байгааг бүгд мэдэж буй. Намын шийдвэр гараад, дарга нь чөлөөлөгдөх хүсэлт өгч байгаагаа видео бичлэгээр Дээд шүүхэд хүргүүлсэн. Манай бусад удирдлага ч үүн дээр ямар нэг асуудалгүй гэдгээ илэрхийлсэн атал хүсэлтийг буцаасан нь Дээд шүүхийн алдаа.
Бүртгэлийн ажил өрнөж байгаа хэдий ч энэ бол зөв, буруу гэдэг шүүхийн шийдвэр гаргах асуудал биш. Улс төрийн намын тухай хуулиар Үндэсний хороо (ҮХ) намын төлөөллийн төв байгууллага байдаг. 2018 оны нэгдүгээр сарын 27-ны ҮХ-ны хурлаар дүрэмд “Намын дарга нас барсан, өөр ажилд шилжсэн, эсвэл өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нөхцөлд орны хүнийг ҮХ-ноос сонгоно” гэсэн өөрчлөлт оруулж, үүнийг Дээд шүүх ч бүртгэсэн. Тиймээс Дээд шүүх өөрөө өөрийнхөө эсрэг шийдвэр гаргасан л юм болсон. Улс төрийн асуудлаас хэт их болгоомжлох буюу ямар нэг байдлаар үүрэх ёстой хариуцлага, хийх ёстой ажлаа хийхгүй байх айдастай болчихож гэж харагдаж байна. Нам дотооддоо асуудлаа бүрэн шийдчихсэн, бодлого, зорилгоо тодорхойлоод ажлаа хийгээд л явж байна. Бидний шийдвэр дотооддоо бүрэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
Наадмаас өмнө тайлбараа Дээд шүүхэд явуулсан ч хариу ирүүлээгүй байна. Монгол Улсын эрх мэдлийн салаа мөчрийн нэг Дээд шүүхийн бүх шүүгч бүрэлдэхүүнээрээ амарчихсан байгаа юм. Цаашид шүүхийн тухай хуульд шүүгчдийн амрах хуваарийг сөөлжилж тусгах хэрэгтэй. Амьдралыг ингэж гацааж болдог ч юм уу.
-ИЗНН ирэх сарын 9-нд их хурлаа хийхээр болсон. Үүгээр ямар асуудал хэлэлцэх вэ?
-ҮХ-ноос намын их хурлыг хэдэн төлөөлөгчтэйгөөр хуралдуулахыг тогтоодог. Энэ удаагийн их хуралд 21 аймаг, есөн дүүргийн 288 төлөөлөгч оролцож, ИЗНН улс төрийн хүчний хувьд цаашид ямар байр суурьтай, бодлоготой байх, дүрэмд ямар өөрчлөлт оруулах тухай хэлэлцэнэ. Ирэх оны сонгууль болон өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг дүгнэж, гол зорилго, чиглэлээ тодорхойлно.
-Ирэх оны сонгуульд та бүхэн бусад намтай эвсэх үү, эсвэл дангаараа оролцох уу?
-Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй. Улс төрийн намын хувьд бид ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулаад эхэлсэн. Тодорхой салбарын мэргэжилтнүүдийн саналыг тусгаад ажиллаж байна. Энэ хөтөлбөрийг хэрхэн гаргахаас хамаараад, яаж хэрэгжүүлэхээ тодорхойлно.
-УИХ-аас Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулж баталлаа. Уг хуульд оруулсан өөрчлөлтүүдийн талаар ямар байр суурьтай байна вэ?
-Арай өөр бодлого баримтлах чиглэл бидэнд байгаа. Намууд үзэл баримтлал, үнэт зүйл, нэрээрээ, эвлэлдэн нэгдэж буй гишүүдээрээ өөр. Гэхдээ байгууллагын дотоод дүрмээрээ ижил байх ёстой юм. Уг хуульд намуудыг гишүүдийнхээ оролцоотой болгож, хэн нэг хүн, намын даргын халаасанд орчихдог байдлаас гаргах оролдлогууд хийсэн. Үүний тулд нам төлөөллийн төв байгууллагын болон их хурлаа 4-5 жилдээ тогтмол хийдэг байхаар тусгасан нь сайн. Мөн төрийн санхүүжилтийн талаар зарим зохицуулалт оруулсан. Гэхдээ миний хувьд улс төрийн намыг төрөөс санхүүжүүлэхийг дэмждэггүй. Төрийн хүчээр хариуцлагажуулж чадахгүй. Үүний оронд гишүүдийнхээ оролцоог л нэмэх хэрэгтэй. Улс төрийн намын тухай хуулиар бүх гишүүний бүртгэлийг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй. Мөн гишүүд нь хувиараа болон компанийнхаа нэр дээр төлдөг татвар бүр дээр нэг хувийг нэмж, үүнийг нь тухайн намд нь хуваарилдаг схем чухал. Бүгд орлогынхоо нэг хувийг илүү төлдөг, гишүүнчлэл нь олон нийтэд нээлттэй болчихвол удирдлага нь тэднийхээ өмнө хариуцлага хүлээдэг болно, өөрчлөгдөнө. МАН, АН, ИЗНН аль ч намын гишүүн байхаас үл хамаараад бүртгэл нь нээлттэй байх ёстой гэж боддог.
-Дээрх хуульд намууд жил бүр гишүүдийнхээ холбогдох нарийн мэдээллийг СЕХ-нд илгээж байхаар тусгасан гэсэн шүү дээ.
-Энэ мэдээллийг СЕХ олон нийтэд ил болгох зохицуулалт байхгүй. Аль нам хэдэн мянган гишүүнтэй тухай тойм тоо байхаас нарийн бүртгэл нь олон нийтэд хаалттай байна. Ер нь намууд гишүүдийнхээ нарийвчилсан мэдээллийг ил болгож чадахгүй байна гэдэг чинь Монгол Улсад ардчилал бүрэн тогтоогүй байгаагийн л илэрхийлэл. Би аль намыг дэмждэг, ямар үнэт зүйл, үзэл баримтлалтай хүн бэ гэдгээ илчлэхээс айж байна гэсэн үг.
-Улс төрийн намын тухай өмнөх хуульд ч дотоодын хяналтын байгууллага нь тайлангаа гаргаж, аудит хийлгээд олон нийтэд танилцуулах үүрэгтэй байсан. Гэвч хуулийн энэ заалтыг намууд хэрэгжүүлж байсангүй. ИЗНН яагаад санхүүгийн тайлангаа олон нийтэд тайлагнаж байгаагүй юм бэ?
-Би намын дарга болоод хоёр сар л болж байна. Өмнө нь дэд даргаар 2018 оноос хойш ажилласан. Санхүүтэй холбоотой асуудалд дэд дарга оролцдоггүй. Намын дарга, генсекийн эрхийн асуудал байдаг л даа.
-Төрийн санхүүжилтийг хуульд тодорхой хэмжээгээр нэмж, намуудын бүртгэлээс бусад шатны бүх үйл ажиллагаа, хяналтыг СЕХ тавихаар хуульд тусгасан. Хэрэв холбогдох бүх мэдээллээ СЕХ-нд ирүүлэхгүй бол төрөөс олгох санхүүжилтийг хасах, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа тавиагүй намын сонгуульд оролцох эрхийг хасах зохицуулалт оруулсан. Гэвч зарим намынхан үүнийг дэмжихгүй байгаа юм билээ.
-Нэгэнт баталсан хуулийг хэрэгжүүлж байж л намууд ямар байдалтай байх нь харагдана. Улс төрийн нам нээлттэй, ойлгомжтой байх хэрэгтэй. Аль нэг төрийн байгууллагад бүх ажлаа тайлагнаснаар улс төрийн нам хариуцлагатай болохгүй. Эсрэгээр төрийн хүчээр улс төрийн намуудыг хянах тал руугаа явж байна. БНХАУ-д гэхэд улс төрийн найман нам л бий, тэд өөрийн дүрэмтэй ч төрийн эрх барихгүй гэсэн нөхцөлтэй. Өөрөөр хэлбэл, нэг л нам төрийн эрх барихаар тогтолцоогоо хуульчилчихсан. Манайх үүнтэй л адилхан болгох гээд байна. Нэг нам төрийн эрх барьдаг, бусад нь түүнд үйлчилдэг 1990 оны өмнөх хэлбэр лүү шилжих нь. Эрх зүйн хувьд шууд ингэж шилжээгүй ч бодит амьдрал дээр ийм нөхцөл үүсэхээр харагдаж байна. Эрх баригч намын олны хэсэгт бусад нь тоглодог байдлаас гарахын тулд Улс төрийн намын тухай хуульд дахин өөрчлөлт оруулах хэрэгтэй. Сонгуулийн тухай хуульд тогтолцоог холимог болгон өөрчилж, олон намын төлөөлөл бүрдүүлнэ гэж байна. Үнэхээр сонгууль шударга болоод, үр дүн гарвал тэдгээр нам хамтраад дээрх хуульд өөрчлөлт оруулах боломж үүснэ. Өнөөдрийн байдлаар бол эрх баригч улс төрийн хүчин л тоглоомын дүрмийг тогтоож байна шүү дээ. Сөрөг хүчин ажлаа хийж чадахгүй байна.
-Сүүлийн хоёр сонгуулиар МАН үнэмлэхүй олонхын суудал авч, нэг намын тогтолцоо бүрдчихээд байна. Энэ тогтолцоог яаж задлах вэ?
-Одоо мажоритар системээр 5-6 нам л парламентад төлөөлөлтэй болох байх. Эрдэмтэн судлаачид, улс төрд оролцдоггүй хэсгийн санаа бодлыг сайн ойлгож байж, сонгуулийн стратегиа боловсруулах хэрэгтэй. Энэ стратеги буюу бодлого буруу байвал ямар ч гоё тактик, маневр байгаад нам амжилт олохгүй. Тиймээс бодлогоо нэгтгэх нь чухал. Манай улсад гарч буй алдаа, ирж болзошгүй эрсдэлийг ойлгож байж, тусгаар тогтнол, хүний эрх, хэрхэн оршин тогтнохтой холбоотой аюулыг зөв тооцоолох нь чухал.
-Нийт сонгогчийн дөрвөн хувийн саналыг авсан нам жагсаалтаар парламентад төлөөлөлтэй болохоор хуульд заасан. Дөрвөн хувь гэдэг нь оновчтой тоо мөн үү?
-Төсөл дээрээ анх гурав, сөрөг хүчний зүгээс таван хувь гэсэн босго тавих санал оруулсан байсан. Бүгд л тус тусын ашиг сонирхлыг тооцож ийм тоо тавьсан. Гэвч сүүлдээ “дундаа хийгээд” л дөрвөн хувь болгосон шүү дээ. Бид ямар төлөөлөлтэй парламенттай байх юм, ард түмний төлөөллийг шийдвэр гаргах түвшинд хэр оролцуулах вэ гэдэг л яриа бий. Бидэнд хууль тогтоох боломж одоогоор алга. Хууль амьдралаас урган гарч, сайжруулаад явдаг болохоор тухай бүрт нь саналаа тусгана.
-Нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсан. Танай нам удирдлагын түвшиндээ энэ нөхцөлийг хангаж чаддаг уу?
-Жендерийн тэгш байдлыг хангах талаар хамгийн их санаачилга гаргасан нам нь ИЗНН. Уг хуулийн дагуу намын жагсаалтаар 24 эмэгтэй ямар ч байсан сонгогдоно. Мөн тойргоос тодорхой тооны эмэгтэй сонгогдох учраас парламентад эзлэх бүсгүйчүүдийн хувь өснө. Гэхдээ гол нь эмэгтэйчүүдэд бусдад харагдах индрийг нь олж өгөх хэрэгтэй. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч эрэгтэй хүн байхад дэд Ерөнхийлөгч нь эмэгтэй байна. Гэтэл МАН-ын УИХ-ын дарга, бүлгийн дарга, дэд дарга нь ч эрэгтэй хүн. Энэ албан тушаалын аль нэг нь эмэгтэй хүн байж болно шүү дээ. Төрийн эрх барих түвшинд эмэгтэй хүмүүст ийм байдлаар боломж гаргавал жендерийн тэгш байдлыг илүү хангана. Түүнээс биш зөвхөн нэр дэвшүүлэх квот гаргаж өгөх нь хангалтгүй. Тэд ялагдаж ч, ялж ч болно. Мөн бие биедээ сул нэр дэвшигч “хаяж өгөх” тоглоомыг 2016 онд МАН, АН-ын дарга нар хангалттай тоглосон. МАН, АН-аас зарим хүнийг нэг тойрог дээр “мөргөлдүүлж” дэвшүүлсэн байдаг. Эндээс улс төрийн нэр дэвшүүлэх үйл явцын үед ямар наймаа өрнөснийг харж болно. Эмэгтэйчүүдэд давуу талаа харуулах боломжийг л бий болгох ёстой.
ИЗНН ирэх сард их хурлаа хийж, бүх зүйлээ шийднэ. Жендерийн тэгш байдлыг хэрхэн хангах тухайгаа ч тэр үед ярилцана. Төлөөлөгчдийнхөө санал бодол дээр тулгуурлаж шийдэхээр хүлээж байна.
-ИЗНН бол эмэгтэй даргатай байсан цөөн намын нэг. С.Оюунгуай энэ намыг төлөөлж олон удаа УИХ-д сонгогдож байлаа. Одоо намтайгаа холбоотой байдаг уу?
-С.Оюун дарга НҮБ-ын харьяа Ази, Номхон далайн цөлжилтийн эсрэг байгууллагад ажиллаж байгаа. БНСУ-д төв оффис нь байдаг. Манай намын даргаар ажиллан, төлөөлж 16 жил парламентад суусан, хүчирхэг улстөрч эмэгтэй өнөөдөр дэлхийн хүн болсонд би баярладаг. Олон улсын байгууллагад ажиллаж буй учраас намын даргын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. С.Оюун дарга олон улсын байгууллагын ажлаа хүлээлгэж өгөөд, улс төрд эргэн ирнэ гэвэл би дуртайяа хүлээн авч, хамтран зүтгэх болно.
-Та АН-аас УИХ-д сонгогдон ажиллаж байсан, Чингэлтэй дүүргийн АН-ын дарга ч явсан хүн. Гэвч 2016 оны сонгуулийн өмнөхөн намаасаа гарсан. Яагаад АН-аас гарав, ямар учраас ИЗНН-ыг сонгосон юм бэ?
-Хувь хүний итгэл үнэмшил минь ардчиллын төлөө байдаг. Тэр утгаараа АН, ИЗНН-ын үзэл баримтлал, итгэл үнэмшил бараг адилхан. Тиймээс үнэт зүйл, үзэл баримтлалынхаа хувьд ИЗНН-ыг сонгосон. Нөгөө талаар АН 2015 оноос “хувьчлагдаж” эхэлсэн. Намын дарга болсон нэг хүн л шийдвэр гаргаж, бусад нь товчлуур дардаг. Тэгэхгүй бол өөрийнхөөрөө шийдээд л, хэвлэлийн бага хурал хийж, түүнийгээ зарлачихдаг байсан. 2016 оны нэр дэвшүүлэх ажиллагаа ингэж л явсан, Улс төрийн намын болон Сонгуулийн тухай хуулийг ч зөрчсөн. Үүнийг нь бүгд мэдэж байсан ч АН-ын хууль, дүрэм зөрчсөнийг ил гаргаад, сонгуульд оролцуулахгүй гэвэл хямрал үүснэ гэж үзсэн. Тиймээс л сонгуульд оролцох зөвшөөрөл олгосон. Ийм хэмжээнд “хувьчлагдсан”-ы сөрөг үр дагавар өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Улс төрийн үндэсний хэмжээний намыг хувьчлаад эхэлбэл ард түмний дэмжлэг авч чадахгүй гэдгийг намын удирдлагууд ойлгоогүй. Тэгээд л 2016 оны сонгуульд ялагдсан. 2020 онд ч энэ алдаагаа давтсан. Одоо ч бодитой сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж чадахгүй явж байна. Ингэж “өмчилдөг” хүмүүсээсээ салаагүй цагт улс төрийн нам урагшлахгүй. “Өмчлөгдсөн” намд өөрийн үнэт зүйлтэй хүн оршин тогтнож, хамт амьдарч чаддаггүй. Тиймээс би АН-аас гарсан. Тэгээд үзэл баримтлалын хувьд нийцэх ИЗНН-ыг сонгосон.
-АН-ын нэг сул тал нь олон фракцтай. “Шонхор” фракцын З.Энхболд тэр үед энэ намын дарга байсан. Тэгэхээр уг фракц 2015 оноос хойш АН-ын эрхийг барьж, “дампууруулжээ” дээ?
-Фракц намыг “хувьчилж” авахгүй. 4-5 хүн л шийдвэр гаргадаг, бусад нь товчлуур дарах үүрэгтэй шүү дээ. Намын шийдвэр гаргах бүтэц байдаг. Улс орноо бодох уу, эсвэл өөрийн хувь эрх ашгаа бодож байна уу гэдэг чухал. Даргын хэлснээр товчлуур дараад явах “сүрэг” нь олшроод ирэхээр л нам “өмчлөгддөг”. Тиймээс улс төрийн зорилго бүхий төлөөлийн төв байгууллага, удирдлагад буй хүмүүсийн зорилго ямар байна вэ гэдэг чухал. Улс төрийн намыг амьдрах, хамгаалах хэрэгслээ болгож буй бол хувьчлагдаж байна гэсэн үг. Бүх намыг татан буулгах санаачилгыг 2018 онд ИЗНН гаргаж, Сүхбаатарын талбайд гарын үсэг цуглуулж байлаа. МАН, АН хоёр “хонины хашаа” үүсгэчихсэн. Гишүүд нь санал өгөх л үүрэгтэй. Тэгэхээр хашааны эзэн хэн байх вэ гэдэг асуудал л бий. Бүх намыг татан буулгачихвал хулгайчтай нэгдэж нам байгуулах хүн олдохгүй. Одоо гэтэл бие биенээ хулгайчаар нь дуудаад л нэг намд суугаад байна. Тиймээс бүх намыг татан буулгаад шинэчлэн зохион байгуулъя гэсэн юм. Тэгэхгүй бол төрийн эрх барихын тулд нэг намын төлөөлөл хоорондоо “байлдаад” байна. Үнэхээр таарахгүй, үзэл бодол, зорилго өөр юм бол тусдаа гараад, өөр нам байгуулчих л даа. Гэвч тэгж чадахгүй байгаа юм.
-Ирэх сонгуульд та намын жагсаалтаар нэр дэвших үү, тойрогт өрсөлдөх үү. Ер нь 2012 оны жишгээс харахад намын дарга нь жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан.
-Намын дарга, генсек, эсвэл гол менежер нь тойрогт нэр дэвшээд явчихаар сонгуулиа зохион байгуулж чаддаггүй. 2004 онд “Эх орон ардчилал” эвслийн сонгуулийн менежер нь Хөвсгөл аймагт нэр дэвшсэн. Эвсэлд багтсан бас нэг намын дарга нь ч тэнд өрсөлдсөн. Тэд тэр холоос яаж сонгуулиа зохион байгуулах билээ. Өөрөө тойргоосоо сонгогдоход л анхаарлаа хандуулна. Үүнээс үүдэн уг эвсэл илүү олон суудал авах боломжоо алдаж байсан. Тэгэхээр ийм удирдах албан тушаалтай хүмүүс нь тойрогт нэр дэвших бол ядаж Улаанбаатартаа байх хэрэгтэй. Эсвэл сайн менежер сонгоод, сонгууль удирдан зохион байгуулах бүх эрхийг өгөх хэрэгтэй. Сонгуулийг хэн нь сайн удирдаж чадахтай холбоотойгоор намын жагсаалтыг эрэмбэлэх хэрэгтэй гэж би үзэж байна.
-Та АН-д анх хэдэн онд элссэн юм бэ?
-МоАХ байгуулагдахад 1990 онд очиж элсэж байлаа. Сүхбаатарын талбайд болдог жагсаалд нь оролцож, нам байгуулах хурлуудад ч сууж явсан. 1996 оны сонгуулиар “Ардчилсан холбоо” эвслийн, 2000 онд АН-ын нэр дэвшигчдэд ч хандив өгч, заримынх нь сонгуульд ажиллаж байлаа. 2000 онд тухайн үеийн МАХН 72 суудал авсны дараа улс төрийн хүчнүүд бараг төрийн бус байгууллага болж хувирахад хүрсэн. Тэр үед л зүгээр туслаад яваад байх нь буруу юм, өөрөө улс төрд оролцъё, хувь нэмрээ оруулъя гэж шийдсэн. Ингээд 2002 оноос хойш идэвхтэй ажиллаж, 2004 онд нэр дэвшин сонгогдсон.
-АН одоо эвлэх гэж үзэж байна. Ирэх оны сонгуулиар энэ нам сэхэж чадах болов уу?
-Улс төрийн бүх хүчин сэхэж босоод, арай том мөрөөдөл, зорилгын төлөө ажиллаасай гэж би хүсдэг. АН, МАН ялгаагүй нам шиг нам болох хэрэгтэй. Аль нэг компанийн, эсвэл хэн нэгний халаасны нам бүү байгаасай. Дөрвөн жилд нэг гарч ирж тоглоомд оролцдог байх нь буруу. Тиймээс зөв бодлоготой, судлаачдын санал бодлыг тусгаад эмх цэгцтэй байх нь чухал.
-ИЗНН харьцангуй эрүүл, бараг фракцгүй нам гэж боддог. Хэдийгээр16 жилийн турш парламентад төлөөлөлтэй байж ирсэн ч гурваас илүү суудал авч байгаагүй. Ирэх сонгуулиар та бүхэн төлөөллөө илүү олон болгохоор зорьж байна уу?
-ИЗНН байгуулагдаад 23 жил болж буй, парламентад 16 жил тасралтгүй төлөөлөлтэй ажиллаж байсан. Мөн манай намаас Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, Байгаль орчин, Гадаад харилцааны сайдын албыг хашсан. Үндэсний, уламжлалт үзэл санааг дээдэлсэн, ногоон хөгжил, соёлыг эн тэргүүнд тавьсан үзэл баримтлалтай нам. ИЗНН-д гишүүдээ урьдчилан хайрцаглаж, дуртай, дургүй ч гараа өргө гэдэг соёл байхгүй. Тэр утгаараа арай эрүүл намд тооцогдоно. Ирэх сонгуулиар бид ямар ч байсан УИХ-д бүлэг байгуулж чадна гэсэн итгэл үнэмшилтэй байгаа.