Соёлын яам, БОАЖЯ-ны урилгаар Монголд ирсэн “Nas Daily”-ийн контентний нэг хэсэгт оролцсон, фитнесийн тамирчин С.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Монголыг олон улсад сурталчилж буй, 60 сая гаруй дагагчтай нөлөөлөгч “Nas Daily”-ийн контентод оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Бид “NO GYM” видео контентын зураг авалтыг өглөөний 06.00-09.00 цаг хүртэл хийсэн. Энэ бүтээл нь заавал спорт зааланд бус цэвэр агаарт бэлтгэл хийхийг уриалсан бөгөөд үүний зэрэгцээ монгол гэр, ахуй, хээр талыг сурталчилсан юм. Миний сэтгэгдэл үнэхээр сайхан байсан. Ийм зүйл хийж байгаадаа итгэж чадаагүй. Монголын гурван сая хүн амаас хэдэн арав дахин олон дагагчтай хүнээр хийлгэж буй улсаа сурталчлах томоохон төслийн нэг хэсэг нь болсондоо маш их баярлаж байна. “Nas Daily” тэргүүтэй олон улсын нөлөөлөгчид үнэхээр энгийн, найрсаг, хөдөлмөрч хүмүүс байдаг юм билээ.
- Та өөрийн цахим хуудсандаа зураг нийтлэхэд иргэд буруугаар ойлгож, доромжилж эхэлсэн шүү дээ. Энэ нь сэтгэл санаанд тань хэр нөлөөлсөн бэ?
- Би хүмүүсийг эергээр хүлээж авах байх гэж бодоод сэтгэлийн хөөрлөөр зургаа шууд цахим хуудсандаа нийтэлсэн. Гэтэл миний буруу байжээ. Зургаа нийтэлсний дараа намайг бүгд харааж, зүхэж эхэлсэн бөгөөд сайтуудаар худлаа мэдээлэл цацагдсан. Үүнээс болж өчигдөр шөнөжин уйлсан. Одоо ч хэцүү санагдаж байна. /Уйлав/
Би өмнө нь сошиал дайралтад өртөж үзээгүй бөгөөд олон хүнд хараалгуулж, доромжлуулах үнэхээр аймшигтай юм байна. Зарим нь бүр цаг гаргаж, миний хувийн чат руу хүртэл хараалын үгтэй зурвас илгээсэн. Энэ үйл явдлаас "Хүн бол сэтгэлийн амьтан" гэдгийг маш сайн ойлголоо.
- Сэтгэл зүйн хямралаа хэрхэн даван туулж байна?
- - Надад үнэндээ уйлахаас өөр ид шид алга. Сэтгэл санаагаа уйлж л тайвшруулж байна. Хүмүүс шууд гүтгэж, доромжлоод л, өөрсдөө зохиож бичдэг. Тэр худал зүйлс нь илүү олон хүнд түгж, нийтээрээ харааж эхэлдэг юм байна. Гэхдээ үүний хажуугаар намайг дэмжиж, урмын үг хэлж буй хүмүүст маш их баярлаж байгаагаа илэрхийлье.
- Та өчигдөр цахим хуудсандаа “Үгээр хүнийг алж ч болно, амьдруулж ч болно” гэж нийтэлсэн нь ямар учиртай вэ?
- Гэнэт маш олон хүн харааж, доромжлох үед амиа хорлох талаар бодсон нь үнэн. Хэсэг хугацаанд уйлж, тайвширсны дараа бүх зүйлийг эргэцүүлсэн юм. Тухайн үед миний хойноос шаналах олон хүн байгааг умартжээ. Түр зуурын хямралаас болоод маш тэнэг зүйл бодсон байна гэдгээ ойлгосон.
- Таны цахим хуудсыг дагаж, үлгэр дуурайлал авдаг хүмүүст хандаж юу гэж хэлэх вэ?
- Цахим флатформ хөгжиж буй энэ үед хүмүүс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, нягтлах хэрэгтэй. Учир нь хэн нэгний хөнгөн хуймгаа хандаж, түгээсэн худал мэдээлэл хүнийг үхэлд ч хүргэх аюултайг ойлгоосой гэж хүсэж байна. Мөн өсвөр насны дүү нар минь битгий нийгмийн хар масс болоорой. Эерэг бай, чадахгүй бол чимээгүй л яв гэж зөвлөе.