Нийслэлд үерийн улмаас 41 байршилд хөрсний бохирдол үүсжээ. Үүний дагуу холбогдох байгууллагынхан гол, горхины болон хөрсний нянгийн бохирдлын шинжилгээ хийсэн юм. Шинжилгээний хариунд үндэслэн бохирдсон газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн гэнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс үүнийг тодрууллаа.
-Үерийн улмаас хөрсний бохирдол ихэссэн газруудад ямар арга хэмжээ авсан бэ?
-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 10 байгууллагатай хамтран нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, зарим орон сууц, Сэлбэ, Дунд голын ай сав орчмыг халдваргүйжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулсан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн нэг, Баянзүрхийн 43, Баянголын долоо, 11, 17, Хан-Уулын 15, 23, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг халдваргүйжүүллээ. Эхний ээлжид ус соруулах, шавар, шороо зөөх, агаар чийгшүүлэх зэрэг ажлыг хийсэн. Нийтийн эзэмшлийн 2.5 сая ам метр талбайг тусгай зориулалтын машинаар халдваргүйжүүлээд байна. Мөн үерт өртсөн сургууль, цэцэрлэг, 157 орон сууц, 342 орц, хонгил, хүүхдийн тоглоомын талбай, Сэлбэ, Дунд голын сав дагуух газар зэрэг нийт хоёр сая ам метр талбайд ариутгал хийсэн. Энэ ажилд нийслэлийн Эрүүл мэндийн газрын эрүүл ахуйн халдвар хамгаалалтын 18 улсын ахлах байцаагч хяналт тавилаа.
-Ариутгалыг нэг удаа хийгээд л дуусах юмуу. Эсвэл дахин зохион байгуулах уу?
-Үерт өртсөн, өвчин үүсэх магадлалтай гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу гурван удаа хийсэн. Цаашид ч ариутгахаар төлөвлөж байна. Ялангуяа төв зам дагуух хэсгүүдэд тоос, шороо ихээр үүссэн байсныг цэвэрлэсэн. Үндэсний, соёл амралтын хүрээлэнгийн талбай бүхэлдээ үерт автаж, бохирдсон байлаа. Тус хүрээлэнгийн нийт 20 000 ам метр талбайд нийслэлээс хоёр удаа ариутгал хийснээр одоо аюулгүй болсон. Мөн тус байгууллагынхан өөрсдөө ч давхар ариутгал хийсэн байгаа.