“Монгол бөө, түүний засал, уламжлалт анагаах ухаан” үзэсгэлэн нээснийг бид өмнө нь мэдээлсэн. Бөөгийн эмнэл засал, уламжлалт анагаах ухааныг бүс нутгуудтай харьцуулан, угсаатны соёлын ялгаатай болон нийтлэг талыг судлах зорилгоор Кэмбрижийн их сургуулийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн Монгол судлалын төв, Монголын үндэсний музей хамтран “Ялгаатай бүс нутаг дахь уламжлалт анагаах ухаан” төслийн судалгааг энэ онд хийсэн байна. Монголын үндэсний музей тус судалгааны үр дүнг танилцуулах зорилгоор уг тусгай үзэсгэлэнг дэлгээд буй юм. Тус төсөлд судлаачаар ажилласан Монголын үндэсний музейн эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэгийн ярилцлагыг хүргэе.
-Яагаад монгол бөөгийн уламжлалт анагаах ухааныг тухайлан судлах болсон бэ?
-Би нэг зүйл асууя. Монголчуудын уламжлалт анагаах ухаан гэдгийг чи юу гэж ойлгож байна вэ?
-Бидний ахуйн хүрээнээсээ боловсруулсан эмчлэхүйн арга ухаан юм болов уу.
-Би ч анх ингэж боддог байсан. Гэтэл зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй юм байна. Буддын шашнаар дамжин дэлгэрсэн уламжлалт анагаах ухааны чиглэлийнхэн болон био анагаах ухааныхан эмнэх, домнох засал эмчилгээг ардын, уламжлалт гэж ялгасан байдаг. Ардын гэдэгт гэр бүл, ахуйн хүрээнээс бидэнд өвлөгдсөн эмчилгээний арга зүй багтана. Уламжлалт анагаах ухаанд XVII-XX зууны үед буддын шашнаар дамжин дэлгэрсэн тэжээхүйн ухаанууд хамаардаг. Бөө болон бурхны шашин хөгжлийнхөө явцад дэс дараалан боловсронгуй болж байсан. Нүүдэлчин ард түмэн бичиг үсэг үүссэн цагаас эхлэн бөөгийн засал, эмчилгээг бичиж, тэмдэглэж иржээ. Хүн байгальтай хэрхэн зохицож амьдрахаас үүдэж уламжлалт анагаах ухааны арга барилаа боловсруулж байсан гэсэн үг. Эртний бичиг үсэг үүсэхээс өмнөх болон бичиг үсэг үүссэн төрт улс хүртэлх үйл явцыг холбож буй “гүүр” бол бөө мөргөл. Аль ч шашинд анагаах, эмчлэх арга ухаан бий. Бөө нар аливаа өвчнийг сэтгэл заслын чадмаг аргаар эмчилдэг нь шинжлэх ухааны үүднээс зарим талаар хүлээн зөвшөөрөгдсөн тохиолдлууд ч байдаг. Бөө бүхэн жирийн биш байдаг тул түүний заслын арга зүйдэнгийн хүн суралцахад бэрх. Тиймээс бөөгийн шашинд бидний үгүйсгэж болохгүй олон зүйл оршиж буй юм. Шинжлэх ухаан нотолж чадаагүй зүйлээ худал, байж боломгүй гэж үзэхээс үргэлж татгалздаг. Энэ бүхэнд үндэслэж, үзэсгэлэнгээ “Монгол бөө, түүний засал, уламжлалт анагаах ухаан” гэж нэрлэсэн. Эрт үеэс уламжлагдсан бөөгийн анагаах ухааны мэдлэг бол үнэт өв юм гэдгийг харуулах нь үзэсгэлэнгийн эцсийн үр дүн.
-Энэхүү судалгааны гол ач холбогдлыг та хэрхэн тодорхойлох вэ. Ялангуяа өнөөгийн Монголд ямар үр өгөөжтэй бол?
-Кэмбрижийн их сургуулийн Монгол судлалын төв эдүгээ цагт ч бөө мөргөл хүчтэй оршиж байгаагийн шалтгааныг тогтоохоор тус төслийг эхлүүлсэн. Түүнчлэн бөө мөргөлийн материал, хэрэглэгдэхүүний хамгийн том цуглуулга Монголын үндэсний музейд хадгалагдаж буй учраас бид хамтран судалгаа хийхээр болсон юм. Төслийг санаачилсан шалтгаан нь дэлхий нийтийг хамарсан цар тахлыг био анагаах ухаанаар эмчлэх арга тодорхой биш, эргэлзээтэй үед уламжлалт болон ардын эмчилгээ, заслыг эргэж харах шаардлага үүссэнтэй холбоотой. Цар тахал дэгдсэн үед Монгол, БНХАУ, Өвөр Монголд уламжлалт эмчилгээний аргаа ашиглаж, өвчнийг илаарьшуулсан шүү дээ. XVII-XX зуунд био анагаах ухаан Дорно дахинд тийм ч хүчтэй байсангүй. Нэг ёсондоо цар тахлын нөлөөгөөр уламжлалт эмчилгээний арга ухаан бол үнэт өв юм гэдгийг батлах боломж олдсон. Дэлхий нийтийн хүн төрөлхтний сүсэг бишрэл дунд бөө мөргөл хүчтэй оршиж байгаагийн шалтгаан бол түүнд зайлшгүй эргэж харах үнэ цэнтэй арга ухаан оршсоор буй нь юм.
Америк гаралтай Английн угсаатан судлаач, антропологич Этел Жон Линдгрен Англиас бөө мөргөлийн экспедицийн баг толгойлж, 1929 онд Улаанбаатарт ирсэн байдаг. Ардын хувьсгал ялчихсан үе байсан тул Улаанбаатарт судалгаагаа явуулах нь тохиромжгүй гэж үзээд БНХАУ-ын Манжуур, Хөлөнбуйр, Баргад очиж, гэрэл зурагчин Оскар Маментай хамтран бөөмөргөлтэйхолбоотойбаримтуудыгнэгд нэгэнгүй буулгаж, бүртгэлжүүлсэн нь бий. Тухайлбал, алтай язгуурын хэлэнд багтдаг дагуур, буриад, солон бөөгийн хувцас хэрэглэлийн ялгаатай тал, нэршил зэргийг нарийн судалсан. Судалгааны бүх материал, 5600 орчим гэрэл зураг Кэмбрижийн Археологи, антропологийн музейд “Монгол” гэсэн нэртэйгээр хадгалагдаж байгаа.
Монголын баруун хязгаараас Манжуур хүртэлх газар нутагт бөө мөргөлийн маш том ай сав оршиж байсан. Хэнтий, Хангай, Саяны өндөр сайхан нуруунууд гээд л Д.Нацагдоржийн шүлэгт гардаг биз дээ. Гэтэл энэ Саяны нуруу Монголд байхгүй. Тэгэхээр бидзөвхөн дархад бөөгөөр энэ шашныг төсөөлж боломгүй гэдэг нь харагдаж байгаа юм. Түүнчлэн Байгал нуур, зүүн зүгийн Манжуур, Сибирийн нутагт тэр чигтээ Монголын томоохон соёл оршиж буйг эдүгээ ч харах боломжтой.
Хамтран судалгаа хийсэн Кэмбрижийн их сургуулийн профессор, монгол судлаач Дэвид Снит, Элизабет Турк нарын судалгаа нь бөө мөргөлийн тухай ирээдүй хойчдоо уламжлуулж, дахин шинээр судалж, нарийвчлан тодорхойлох цаг ирснийг харуулж буй. Монголын үндэсний музейд хадгалагдаж байгаа бөө мөргөлийн хувцасны ихэнх нь эрдэмтэн С.Бадамхатан, Ц.Гочоо нарын цуглуулсан судалгааны материалууд.
...Нэг ёсондоо цар тахлын нөлөөгөөр уламжлалт эмчилгээний арга ухаан бол үнэт өв юм гэдгийг батлах боломж олдсон. Дэлхий нийтийн хүн төрөлхтний сүсэг бишрэл дунд бөө мөргөл хүчтэй оршиж байгаагийн шалтгаан бол түүнд зайлшгүй эргэж харах үнэ цэнтэй арга ухаан оршсоор буй нь юм...
Миний хувьдгурван сар орчим төслийн судалгааны материалуудад ажиллаж, англиар галигласан нэршлийг англитай нь тулгах ажлыг хийсэн.
-Бөөгийн эмнэл заслыг ташуураар ороолгох, бариа хийх гэх мэт зөвхөн нүдэнд ил харагдах байдлаар төсөөлөх нь элбэг шүү дээ. Үүнээс илүү гүнзгий судалж, арга ухааныг тодруулсан юм байна. Энэхүү судалгаа эцсийн зорилгодоо хүрч чадсан уу?
-Энэ оны гуравдугаар сард Кэмбрижийн их сургуулийн фестивальд анхан шатны үр дүнгээ танилцуулсан л даа. Судалгааны зорилго бол бүс нутгуудын уламжлалт анагаах ухааны туршлагыг цуглуулах. Туршлага хэзээд хэрэг болдог. Мөн айлаас эрэхээр авдраа уудал гэдэг шиг өвлөгдөж ирсэн анагаах арга ухаан, мэдлэг сэлтээ ашиглаж, эргэж харах нь чухал гэдгийг харуулах зорилготой. Санаа, парадигм, үзэл онолуудыг нэгтгэх ажил үлдсэн учраас бүрэн гүйцэд дууссан гэж үзэх нь учир дутагдалтай.
-Европт ч бөө байдаг тухай уншлаа. Тус судалгааг нийгэм соёлын антропологийн хүрээнд хийсэн учраас бүс нутгуудыг хооронд нь харьцуулсан болов уу. Тэгвэл монгол бөө ямар онцлогтой вэ?
-Аль ч үндэстэнд байгалийг амьдчилах үзэл байсан. Түүнчлэн бөө мөргөлөөр дамжин овог аймгийн зохион байгуулалтаасаа төрт улс руу шилжсэн байдаг. Халх ястныг бөөгүй гэж ярьдаг. Учир нь эзэн Чингис хаан Тэв тэнгэр бөөг ялж, язгууртны ёсоор хороосноор өөрийгөө тэнгэрийн хүүд өргөмжилж, өөрийн хүсэл санаагаар газар дээрх үйл хэргийг шийднэ гэсэн санаа юм. Тийм ч учраас Чингис хаанаас хойших хаад бурхны шашныг төрийн шашнаа болгосон нь бий. Бурхны шашин Монголд дэлгэрэхдээ уул усны тахилгын ёсыг бөөгийн шашнаас л авсан шүү дээ. Монголчуудын оюун санаагаар бүтсэн, хангай дэлхийн шүтээн хэллэг, тахилгын үг, хэлбэрүүдийг бурхны шашин өөрчилж чадахгүй.
-Ихэнх хүн шүтэж буй шашныхаа сургаал, номлолыг даган, итгэн сүслэх бус, түүнийг ид шидийн илрэл, хүслийг биелүүлэгч “бирд” гэж үздэг нь нууц биш шүү дээ. Орчин үед дурын нэгэн өөрийгөө удган, зайран гэж тодорхойлох нь хавтгайрч байх шиг.
-Судлаачид үүнийг тайлбарлах боломжгүй. Онгод тэнгэрийн учрыг энгийн хүн тайлбарлахад учир дутагдалтай. Үгүйсгэх ч, батлах ч боломжгүй. Одоогийн монголчуудын дунд байгаа шашны талаарх ойлголт XVII-XX зуунаас тэс ондоо. Эрдэмтэд олон нийтэд буруу, зөв тайлбарлаж буйгаас шалтгаалсан байж магадгүй. Эдүгээ Монголд бөө болон бурхны шашин хүчтэй оршиж буйн шалтгаан нь түүнд агуулагдах үнэт зүйлд бий. Хэрэггүйг дор нь гээж, хэрэгтэйг нь өвлөн тээж ирсэн түүх хүн төрөлхтөнд бий. Хүн өөрийн сав шимийн хүрээнд шашинд чөлөөтэй итгэж, бишрэх эрхтэй. Түүнийг төрөөс, эсхүл эрдэмтний зүгээс буруу, зөв хэмээн дэнслэх ёсгүй. Аль ч шашинд үнэт зүйл, сургаал бий. Хэдэн мянган жилийн түүхтэй орчлон ертөнцөд зөвхөн био анагаах ухааныг ашиглах ямар ч боломжгүй. Хорвоо ертөнцийг таньж мэдэхэд шинжлэх ухаан залуудаж байна шүү дээ.
Бэлтгэсэн: Д.Хүслэн