Эрүүл мэндийг дэмжих сан (ЭМДС)-гийн гол үүрэг, зорилго нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх аж. Харин бодит байдалд эл сан иргэдийг бус, Эрүүл мэндийн яамыг л дэмжиж иржээ. Тодруулбал, 2008 оноос эхлэн өдий хүртэлх хугацаанд тус сангаас олгосон санхүүжилтийн жагсаалтыг үзвэл, дэмжлэг авагчдын оройд нь ЭМЯ “заларч” байгаа юм. ЭМДС-гийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журмыг Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг. Уг журмын 3.6 дахь хэсэгт “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр санхүүжилтийг нь захиран зарцуулдаг. Үүний дагуу Эрүүл мэндийн сайдууд эрхээ сурамгай гэгч нь ашиглаж, ЭМДС-гийн хөрөнгийг халаасны мөнгө шигээ л хэрэглэж ирсэн байх юм.
Тус сангаас өнгөрсөн 15 жилийн хугацаанд (дунд нь хоёр жил үйл ажиллагааг нь түр зогсоосон) 771 байгууллагын 1286 төсөл, арга хэмжээ, үйл ажиллагаанд санхүүжилт олгосон байдаг. Санхүүгийн дэмжлэг хүртсэн байгууллагуудын нэг нь ЭМЯ. Дээр дурсан 1286 төсөл, арга хэмжээ, үйл ажиллагааны 218 нь ЭМЯ-тай шууд холбоотой. Өнгөрсөн хугацаанд ЭМДС-гаас гаргасан нийт санхүүжилт 34.3 тэрбум төгрөг. Үүний 18 хувь буюу 6.5 тэрбум гаруй төгрөгийг нь ЭМЯ-ыг дэмжихэд зарцуулжээ.
МӨНГӨ ГОЛДОГГҮЙ ЯАМ
2008 онд буюу ЭМДС-гийн санхүүжилтийн “тоолуур” гүйж эхлэхэд салбарын сайдаар С.Ламбаа ажиллаж байлаа. Тухайн онд ЭМЯ дангаараа болон бусад байгууллагатай хамтран ажиллах нэрийдлээр дээрх сангаас 13 удаа санхүүжилт авсан байх юм. Тэдгээрээс хамгийн өндөр дүнтэй нь 30 сая төгрөгийн дэмжлэг. Сангаас мөнгө авах болсон гол шалтгаан нь Архидан согтуурахаас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэд, олон нийт, төрийн захиргааны байгууллагын удирдлага, сум, өрхийн эмч нарт шаталсан сургалт явуулах гэжээ. Тухайн үедээ нэлээд өндөрт тооцогдох хөрөнгийг ийнхүү сургалт нэрээр салхинд хийсгэсэн байгаа юм. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт эрчимжээгүйг өнөөгийн бодит байдал хангалттай нотлон харуулах тул дээрх мөнгийг дэмий шахам үрсэн гэж тодорхойлох үндэслэлтэй.
Тэгвэл тухайн онд ЭМЯ-ны дээрх сангаас авсан хамгийн бага дүнтэй санхүүжилт нь 500 000 төгрөг. Сонирхолтой нь, эл мөнгийг яамныхан дангаараа хэрэглээгүй. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран зарцуулсан байх жишээтэй. Ийм маягаар ЭМЯ-ныхан ЭМДС-гийн хөрөнгийг их, бага гэж гололгүй авч, төсөл, хөтөлбөр, янз бүрийн үйл ажиллагаа хэрэгжүүлсэн нэр зүүгээд, улмаар “Үйл ажиллагааны хэрэгжилт хангалттай” гэсэн дүгнэлтийг ч өөрсдөдөө өгч ирсэн байна. Тэдний хэрэгжүүлсэн гэх ажлуудын ихэнх нь сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зохион байгуулсан нь аж. Эдгээрээс гадна архинд донтох эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэх, архины асуудалтай хүнийг эрт илрүүлэх, хяналтад авах гэх мэтийн “бүтээлч” үйл ажиллагаа ч явуулсан хэмээн ЭМЯ-ныхан тайлагнажээ. Гол нь тэдний ажил үнэхээр үр дүнд хүрсэн болов уу?
ХУРАЛ, СЕМИНАРЫГ АЖИЛД ТООЦОХОО БОЛЬЁ
2009 онд ЭМЯ дангаараа болон бусад байгууллагатай түншлэх замаар ЭМДС-гаас бараг 100 сая төгрөгийн санхүүжилтийг 17 төсөл, арга хэмжээнд зориулан авчээ. Мөнгөн дүн нь мөн л янз бүр. 500 000 төгрөгөөс эхлээд сая саяар нь “халаасалсан” байна. Хийсэн гэх ажил нь бас л сургалт, семинар, хурал зохион байгуулах аж. Үндсэндээ нийт хийсэн ажлынх нь 90-ээс илүү хувь нь ийм агуулгатай. Жишээ нь, нийтийн биеийн тамираар хичээллэгсдийн алхалт, гүйлтийн зам барих талаар семинар хийхэд 800 000 төгрөг зарцуулсан байв.
Хурал, семинар зохион байгуулдаг жишиг 2010 онд ч үргэлжилжээ. Тухайлбал, биеийн тамир, спортын бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр орон нутгийн байгууллагуудад цогц сургалт зохион байгуулахад 8.5, “Олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг нэвтрүүлэх” сэдэвт хурлыг Завхан аймаг, Улаанбаатар хотод хийхэд долоон сая төгрөг зарцуулсан байх юм. Тэр бүү хэл, эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны уулзалтыг зохион байгуулахдаа ч зургаан сая төгрөгийг ЭМДС-гаас гаргуулчихсан.
Энэ маягаар ЭМДС-гийн мөнгө “урсаад” л байв. Тэгсэн хэрнээ иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх гол зорилго нь огт биелэхгүй л байлаа. Сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих журамд зааснаар бол санхүүжилтийг нь иргэдийн эрүүл мэндийг дэмжих, ялангуяа халдварт болон халдварт бус өвчнүүдээс урьдчилан сэргийлэхэд зарцуулах учиртай. Гэтэл манайд хүн амын өвчлөл буурах нь битгий хэл харин ч даамжирсаар л байна.
ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ ХАРИУЦДАГ САН
2011 онд ЭМДС-гаас салбарын яамных нь авдаг мөнгөний хэмжээ эрс ихсэж, сангийн хөрөнгөд “гар дүрсэн” давтамж нь ч олширчээ. Тухайн онд ЭМЯ ямар нэгэн байдлаар оролцсон үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр, арга хэмжээнд сангаас 68 удаа дэмжлэг үзүүлсэн аж. Нэг удаагийн дэмжлэгийн дээд дүн нь 150 сая. Хамгийн бага нь нэг сая төгрөг. Гайхаш барагдам нэгэн зүйл байгаа нь дээрх онд сангаас гаргасан хөрөнгийн дийлэнхийг ЭМЯ-ныхан гадаад, дотоодын томилолтын зардалд зарцуулсан явдал юм.
Жишээ нь, эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн менежерүүдийг гадаадын сургалтад хамруулахад 90 сая төгрөг зарцуулсан байна. Мөн эмч нарыг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахад 50, орон нутагт томилолтоор ажилласан эмнэлгийн мэргэжилтнүүдийн урамшуулалд 45 сая төгрөг зориулжээ. Үүнээс гадна сангийн Удирдах зөвлөлийнхөн гадаадын орны туршлагыг судлахдаа 25 сая төгрөгийг гаргуулсан байна. Хэн, хаашаа явж, юу хийсэн нь мэдэгдэхгүй, ямар үр дүн гарсан нь тодорхойгүй, учир битүүлэг томилолт эдгээрээс гадна хэд хэд бий. Товчхондоо, ЭМЯ сургалт, семинараасаа “халиад”, гадаадад зугаалахдаа хүртэл сангийн хөрөнгийг ашиглажээ. Сангийн хөрөнгийг салбарын сайдын тушаалаар захиран зарцуулдгийг өмнө дурдсан. Тэгвэл томилолтууд “цэцэглэсэн” дээрх хугацаанд С.Ламбаа сайдын үүргийг гүйцэтгэж байсан аж.
Томилолтууд тухайн оноор дуусгавар болоогүй бөгөөд цаашид ч тууштай үргэлжилсэн. Тэгэхдээ мөнгөн дүн нь ч нэмэгдсэн байна. 2013 онд гэхэд ЭМЯ-наас эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтад зориулж 270 сая төгрөгийг дээрх сангаас авчээ. Бас гадаадаас эрүүл мэндийн даатгалын тогтолцооны туршлага судлах танилцах аяллыг 40 сая төгрөгөөр хийсэн гэнэ. Мөн ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн болон Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах танилцах аялалд 30 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Үүний зэрэгцээ сургалт, семинаруудаа зохион байгуулахдаа ч урьдын адил ЭМДС-гийн хөрөнгийг зарцуулсаар л байж. 2013 оны тухайд Эрүүл мэндийн сайдын суудалд Н.Хүрэлбаатар заларсан байлаа. Дараа жил нь ч тус яам эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургалтад хамруулах зорилгоор 299.6 сая төгрөгийг ЭМДС-аас авсан байхюм. Тэр үед салбарын сайд нь Н.Удвал болж өөрчлөгдсөн байв.
ИРГЭН БҮРТЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОСОН УУ
2014 онд ЭМЯ элсангаас хамгийн өндөр дүнтэй дэмжлэгээ авчээ. Тэр нь гурван тэрбум төгрөг. Ийм хэмжээний мөнгөөр тухайн үед лав хоёр цэцэрлэг барьчихдаг байсан. Тэгвэл дээрх яамныхны санхүүжилт авсан шалтгаан нь Монгол Улсын иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт, сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох арга хэмжээг зохион байгуулах байсан аж. Ингэхдээ нэг иргэний 1000 төгрөгөөр тооцож, нийт хүн амын тоог гурван сая гэж төсөөлөн, гурван тэрбумыг авчээ. Сонирхолтой нь, 2014 оны эцсийн дүнгээр манай улсын хүн ам дээр хтоонд хараахан хүрээгүй буюу 2.9 сая байсан юм. Нөгөөтээгүүр, “Амжилттай хэрэгжүүлсэн” хэмээн үнэлсэн дээрх ажлын хүрээнд бид эрүүл мэндийн боловсрол олж авч чадсан юм уу гэдэг нь эргэлзээтэй.
Сангийн үйл ажиллагааг 2014 онд түр зогсоосноо гурван жилийн дараа Засгийн газрын шийдвэрээр буцаан сэргээж байв. Түүнээс хойш ЭМЯ харьцангуй “даруухан” байжээ. Гэсэн ч сангийн хөрөнгөд гар дүрдэг “зуршлаа” хаяагүй. Тухайн онд 438.6 сая төгрөгийг сургалтад зарцуулсан. Гадаадын чуулганд төлөөлөгчөө оролцуулахдаа гурван удаа буюу 3.5, найм, 27 сая төгрөгийг сангаас авч. 2020 онд сургалт зохион байгуулахад зориулж 25 сая төгрөгийн дэмжлэг хүртэж. Энэ жилийн тухайд орчны дуу шуугианы хүн амд үзүүлэх нөлөөллийг холбогдох албаныхантай хамтран судлахын тулд гурван сая төгрөг аваад байна.
Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт болон халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зэрэг ЭМДС-гийн үйл ажиллагааны чиглэл нь манай улсад нэн шаардлагатай арга хэмжээнүүдийн нэг мөн. Гэтэл ийм ажилд зарцуулах ёстой хөрөнгийг салбарын яам нь халаасны мөнгө шигээ цацсаныг “Харамсалтай” хэмээн тодорхойлоод өнгөрч боломгүй. Гэхдээ хариуцлагыг хаанаас нэхэх нь тодорхойгүй. Аль хэдийн халаагаа өгсөн сайд, дарга нараас уу. Эсвэл одоо ажиллаж буй хүмүүсээс нь үү.