“Тойрог” гэх хаягтай, буйдхан дэлгүүрт амь халуун, хайр дүүрэн уур амьсгал буцална. Ярилцлагын маань баатар болох, онцолж харахгүй байхын аргагүй содон хэв маягтай эмэгтэй бол энэ бүхний “ээж” нь. Хуучин хувцсыг моодонд оруулах замаар хавтгайрсан хандлагыг өөрчилж буй “Шкаф”, “Тойрог”, “ReToirog” төслийн санаачлагч, баримтат гэрэл зурагчин Б.Агнууштай уншигчдаа “уулзуулж” байна.
-“Би ядуу биш, харин минималист хүн”. Та энэ үгтэй хэр санал нийлж байна вэ?
-Саяхан зохион байгуулсан “Монголын эдийн засгийн форум-2023”-т илтгэл хэлэлцүүлсэн юм. Илтгэлдээ дараах жишээг татсан. Бидний уламжлал болох нүүдэлчин ахуй нь минималист амьдралын сонгодог хэв маяг. Хог хаягдалгүй, үлдэгдэлгүй буюу жинхэнэ тойрог эдийн засаг тэнд бий. Ерөөсөө л бид тойрог эдийн засгийн ухагдахуун төгс хэрэгжсэн амьдралын хэв маягтай байсан гэсэн үг. Харин орчин цагт яагаад хэн нэгнээс дутуу худалдан авалт хийснээрээ амжилтгүй гэж харагдаж, хуучин хувцас бол ядуусын хэрэглээ хэмээн үзэгдэх болсон бэ. Том зургаар харвал энэ нь чөлөөт эдийн засгийн шилжилт хөдөлгөөнийг туулсан бидний өмнөх үеийнхэнд ихэвчлэн анзаарагддаг. Тухайн цаг үеийг даван туулсан хүмүүсийг буруутгах аргагүй. Учир нь тэр хүмүүсийн хувьд материаллаг эд зүйлс нь статусын илэрхийлэмж, нийгэмд өөрийгөө нотлох хэрэгсэл болж, оюун санаанд нь суучихсан юм билээ. Өмнө нь энэ талаар тунгааж байсангүй.
Гэтэл Москвад сурахдаа, Европоор аялж байхдаа ч хуучин хувцасны дэлгүүр олон байгааг анзаарсан. Чөлөөт эдийн засагтай, хараат бус нийгмийг анх төлөвшүүлэхдээ өнөөдрийнх шиг эцэс төгсгөлгүй хэрэглээ пуужин шиг харвана гэж таамаглаагүй байх. Яг үнэндээ хүсэж ч эхлүүлээгүй шүү дээ. Одоогийн асуудлын шийдэл, гаргалгааг энэ цагт амьдарч буй залуу үе л гаргана. Тренд тодорхойлж, шинэ үнэт зүйл бий болгох нь залуучууд бидний үүрэг гэж харсан л даа. Аль ч үеийнхэн асуудалд хөндлөнгийн объектыг буруутгах хандлагатай байдаг. Төрийн буруу, хар массын буруу гэдэг. Яг үнэндээ хар масс гэдэг нь хэн ч юм. Энэ бол субъектив ойлголт. Минималист хэв маяг, хуучин хувцасны хэрэглээ гэдэг ерөөсөө л хүлэмжийн хийн ялгаралтай холбоотой ойлголт шүү дээ. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гарц гаргалгааны нэг хэлбэр. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ насыг уртасгая л даа. Магад чиний энэ асуултад бидний өмнөх үеийнхэн “Үгүй” гэж хариулах байх. Шинэ үеийн ойлголтоор минималист нэгэн бол төгс баян, төгс ухамсартай хүн юм уу даа.
-Хувцасныхаа насыг уртасгаж эдлэх соёлд шинэ үеийнхэн чухал нөлөөтэй гэж хэллээ. Үйлчлүүлдгийнхээ хувьд би “Тойрог”-ийг онцолмоор байна. Та бүхэн тойрог бол хайр, тэврэлт гэсэн халуун дотно уур амьсгал бүрдүүлсэн нь залуу үеэ энэ соёлд татах маркетинг болж байна уу гэж харсан.
-Тэр нь үнэхээр мэдрэгддэг үү. Миний амьдралын философи бол хайр. Бизнес, гэрэл зураг, аялал, нийтлэл, дүрс бичлэг, ер нь юу ч байсан угтаа бүгд миний хайраас ургаж гардаг. Хүн төрөлхтний хамгийн төгс мэдэрч чадах мэдрэмж бол хайр. Харин хүмүүс үүнийг хүндээр төсөөлдөг. Гэвч хайр бол угтаа сонголт. Чамтай ярилцаж байхдаа ч сэтгэл минь хайраар ундарч болно шүү дээ. Хүн хайрлахад суралцахаар ирдэг гэж боддог. Яагаад гэвэл хүмүүс зовлонд дургүй. Түүнийгээ аз жаргалгүй байна гэж боддог. Гэхдээ зовлонгоо ч хайрлаж болно. Зовлонгоо хайрлана гэдэг нь хүн амгалан байна гэсэн үг. Би гурван жилийн хугацаанд өглөөнөөс орой хүртэл өөрөө дэлгүүрээ ажиллуулсан. Чиний харсан өнцөг зөв. “Тойрог”-т ажилладаг хүүхдүүдийг харвал бүгд төстэй байгаа биз. Ярилцлагад оруулахдаа би тэдэнд их хатуу ханддаг. Бид хаашаа гэдэг нь мэдэгдэхгүй, ирээдүй рүү нэг л их яарсан хүмүүс шүү дээ. Яг одоо цагтаа хайрлагдаад, тэврүүлэх мэдрэмж хэн хэнд маань дутагддаг. Би хүүхдүүддээ хэлдэг. Ирсэн хүн бүрийг найз нөхрөө гэж санаж, тэврэлтээр үддэг бай гэж. Бид чинь хүн шүү дээ. Хүн төрлийг олчихсон, юмсыг ойлгох гээд явж байгаа бодгаль. Чи бид хоёр ч ялгаагүй. Аз жаргал, зовлон, шантрал, гунигийг адилхан мэдэрч яваа. Бид бүгд ижил зүйлийг туулж байхад яагаад таних, танихгүйгээр нь нэгнээ ялгаж, өөр хандах ёстой гэж. Үүний наана мэдрэмжтэй комисс гэх ойлголт байгаа бол цаана нь оюуны хувьсгал бий гэж хардаг. Энэ бүхний гүүр бол “Тойрог”.
-Хувцас үйлдвэрлэгч брэндүүд хавар, зун, өвлийн гэх мэт коллекц гаргадаг. Маш их үйлдвэрлэл цаана нь эргэлдэж буй гэсэн үг. Та “Шарк танк” нэвтрүүлэгт оролцохдоо шүүгээн дэх хувцсыг хэрэглээгээр нь ялган харуулж байсан шүү дээ. Хувцас гэдэг аль ч цаг үед өмсөхөд тохиромжтой, “өмсөгдөхүйц” байх ёстой болов уу. Тийм биш учраас л хувцасны илүүдэл үүсдэг биш гэж үү?
-Хувцас юунд ч буруугүй шүү дээ. (инээв) Хүн л түүнийг өмсөж байгаа. Харин яагаад ашиггүй худалдан авалт хийдэг вэ гэдэгт анхаарах ёстой. Би нэгэн байгууллагынханд сургалт явуулж байтал нэг эмэгтэй “Хувцас авах нь тайвшрал өгдөг” гэж хэлсэн. Анх хүн төрөлхтөн З.Фрейдийн психоанализийн ойлголтыг маркетинг, сурталчилгаанд ашиглаж, хүмүүсийг худалдан авалт хийхэд донтуулсан эдийн засгийг бүтээх боломжтойг олж нээсэн байгаа юм. Маркетингийн бөмбөгдөлтөд амьдарч байгаа хүн төрөлхтөн өөрт хэрэггүй зүйлээ худалдаж авах хэрэгтэй гэдэгт итгэж, түүнээсээ өсөн дэвшсэн мэдрэмж авч, дофамин ялгаруулдаг. Энэ бол сурталчилгааны компаниудын баримталж буй дүрэм. Үүнд автахгүйн тулд тархиныхаа түгжээг тайлах ёстой. 1+1, хоёрыг авбал нэг үнэгүй гээд л хүнийг илүү зүйл авхуулах брэндинг хийсээр байна. Машины хувьд ч ялгаагүй. Угтаа машин гэдэг чинь А цэгээс Б-д хүргэх зорилготой л зүйл биз дээ. Эдийн засаг тэр чигтээ өсөлтөд “донтсон”. Санхүүгийнхэн өгөөж харна, компаниуд бол борлуулалтаа өсгөх ёстой гэх мэт. Үүнийг л өөрчлөх нь бидэнд хариуцлага болон ирж байгаа.
-“Тойрог”-ийн хамгийн их борлуулалттай хувцас юу вэ?
-Халаастай өмднүүд. Карго өмд гэж нэрлэдэг. Хуучин хувцасны соёлыг хөдөлгөгч хүч бол ерөөсөө л 22-оос доош насныхан. Орчин үеийн хүүхдүүдийн тренд маш хурдан хувьсдагийг анзаарсан. Ажлын хантааз хүртэл моод болсон. Энгийн компанитай харьцуулбал “Тойрог”-ийг бүтээж байгаа залуучууд бол “битүү” хайр. Би өөрөө ч гайхдаг. Тэд намайг мэдээгүй байхад үүрийн 06.00 цаг хүртэл дэлгүүртээ ажиллацгаасан, үүссэн асуудлаа шийдчихсэн байдаг. “Тойрог”-ийг нэгтгэж буй суурь үзэл санаа, үнэт зүйл энэ баялгийг бүтээж байгаа болов уу гэж хардаг.
-Ойрын хугацаанд гэхэд л та “Нэг дэлхий-хоёр дугуй” цуврал, “Update festival-2023”, “Монголын эдийн засгийн форум-2023” зэрэг үйл ажиллагаанд оролцлоо. Хувцсыг дахин ашиглах соёлыг олон нийт харьцангуй сайн ойлгож эхэлж байна гэж харсан. Одоогийн нөхцөл байдалд суурилан тойрог эдийн засгийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?
-Монголын хуучин хувцасны зах зээл цэвэр импортынх. Импорт гэдэг нь хувцас наашаа зөөгдөж ирэхдээ хүлэмжийн хий ялгаруулна гэсэн үг. Энэ нь байгальд ээлтэй, эсэх нь эргэлзээтэй асуудал. Харин “Шкаф” маань хүлэмжийн хийн ялгаралгүй, эх орондоо цор ганц, анхдагч, хувцас эргэлдүүлж байгаа газар. Тийм учраас цаашид илүү их хувцас эргэлдүүлэхийн төлөө ажиллана гэж боддог. Түүнээс борлогдоогүй хувцсыг “Тойрог”-т дахин загварчилж, цоо шинэ загвар бүтээнэ. Ингэж загварчлахын тулд хүний нөөц чухал. Хоёр жилийн өмнө “Upcycled second hand” тэмцээн зохиоход 10 бүтээл ирүүлж байсан бол энэ жил 205 бүтээл илгээсэн.
Монгол Улс нийт эрчим хүчнийхээ 90 хувийг нүүрснээс гаргаж авдаг. Зөвхөн энэ үзүүлэлтээс харахад л манайх дэлхийн хамгийн байгальд ээлгүй орон байна шүү дээ. Тойрог эдийн засгийг хөгжүүлэхэд төр, төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд, старт-апууд, бизнесүүдийн нэгдсэн хараа алга. Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй ажилладаг. Олон улсын байгууллагууд маш “агаарын” зүйл ярьдаг. Төрийн бус байгууллагууд хоорондоо барьцамтгай. Үйлдвэрлэгчид нь ямар ч тооцоололгүй.
“Нэг дэлхий-хоёр дугуй” цувралын хүрээнд АПУ компанийг зориход тэд шилийг дахин “амьдруулахад” урт хугацаа зарцуулсан нь илт харагдаж байсан. Түүнийг нь олон нийт мэдээгүй. Бизнесүүд хариуцлагатай үйлдвэрлэлийг нэвтрүүлэхэд хэцүү байдаг шалтгаан нь борлуулалтаасаа илүү зардал гаргадагтай холбоотой. Компани хэзээ ч илүү зардал гаргахыг хүсэхгүй шүү дээ. Харин уг жишгийг нутагшуулж байгаа компаниудаа алдаршуулах нь чухал. Энэ бүх талуудыг нэг зорилгод хамтдаа зүтгэхийг уриалж, гүүр болох нь миний алсын хараа.
-Та хамгийн сүүлд хэзээ шинэ хувцас авсан бэ?
-“Тойрог”-ийг эхлүүлснээс хойш шинэ хувцас аваагүй. Би хувцас цөөтэй. Хэрэв чи надтай хоёр жилийн өмнө уулзсан бол би одоогийнхоос өөр хэв маягтай байсан. Хуучин хувцас хүнд өөрийнхөө хэв маягийг олох боломжийг бүтээж өгдөг юм шиг санагддаг.
-Гэрэл зургийн үзэсгэлэн сонирхож үзэх соёл олон нийтийн дунд одооноос л төлөвшиж байна. Ялангуяа баримтат гэрэл зургийн төрөл үзэгч багатай байдаг шалтгаан юу юм бол?
-Гэрэл зураг дотроо маш олон төрөлтэй. Баримтат гэрэл зургийн формат сошиал медиа биш. Баримтат цувралын цор ганц “тэхийн зогсоол” бол үзэсгэлэн. Монголд энэ салбар ялгарахгүй байгаа шалтгаан бол зурагчид нь өөрсдөө хөгжихгүй, бүтээл туурвихгүй байгаад юм. Цуврал хийгээгүй бол олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөх боломжгүй. Зураг авна гэдэг тэр ажлын ердөө 30 хувь нь. Түүнийг эмхэтгэж, утгад зангидна гэдэг бол 70 хувь. Тэр 70 хувь дээрээ л залхуурчихдаг байх.
“Өвс” татаад шоронд орсон залуучуудын “табүү” сэдвийн мөрөөр цуврал хийж байлаа. Энэ нь Монголын хэмжээнд тус сэдвээр хийсэн хүчтэй бүтээлүүдийн нэг болсон. Тухайн цувралаар би Москва, Лондоны сургуулиудаас тэтгэлэг авсан юм. Тэр үед олон галерейд тус сэдвээр үзэсгэлэн дэлгэх хүсэлт гаргахад татгалзсан хариу өгсөн. “За, тэгвэл би өөрөө л үзэсгэлэн гаргачихъя” гээд МУБИС-ийн нүхэн гарцын хананд битүү зураг нааж байлаа. Хөрөг зураг, түүний хажууд гараар бичсэн захидалтай. Тэдгээр хүнд өөрсдийн үнэнийг хүүрнэх талбарыг бүтээж өгсөн нь тэр. Энэ нь мансууруулах бодис хэрэглэхийг дэмжиж байгаа гэсэн үг биш. Буруутгаж байгаа ч хэрэг биш. Тэрхүү бодит түүхийг туулсан хүний дуу хоолой хаана ч байдаггүй. Тэгж үзэсгэлэнгээ гаргаснаас гурав хоногийн дараа бүтээлүүдийг минь улсаас арилгачихаж байгаа юм. Түүний дараа энэ талаар бичсэн нийтлэл маань VICE хэмээх гадаадын сэтгүүл, “Jargal DeFacto”-д нийтлэгдсэн. Дахин үзэсгэлэн гаргая гэхэд зөвшөөрөөгүй тул тавилгуудаа гаргаж байгаад л гэртээ дэлгэсэн дээ.
-Тэр үзэсгэлэнгийн онцлог нь вандализмтай хослуулсан, яг л гэр гудамж шиг санагдаж байсан шүү.
-Орост байхдаа улс төрийн гэмт хэрэгтнүүдийн тухай “Silent voices” гээд цуврал хийсэн. Зүгээр л шүтдэг шашнаасаа болоод буруутгагдаж, ял авсан хүмүүсийн тухай. Тэдний түүхүүд надад маш хүнд туссан. Хоёр сар гаруйн хугацаанд дүрүүдээ судлаад, холбогдоод, итгүүлээд л. Тэгж хийсэн цувралаа одоог хүртэл хаана ч дэлгээгүй. Ирээдүйд үзэсгэлэн гаргана гэж боддог. Улс төрийн сэдэвтэй болохоор хязгаарлагдмал байж магадгүй.
-Гэрэл зурагчин хүн гэдэг эгзэгтэй агшныг амжиж буулгаж буй ч гэлээ өөрсдөө тэрхүү амьдралын мөчүүдээс тусгаар оршиж, хөндлөнгөөс л ажигладаг юм шиг санагддаг.
-Тийм. Бүхнийг ажиглана. Давж мэдрэх хэрэгтэй.
-Зарим гэрэл зурагт хүмүүс шүүмжлэлтэй ханддаг. Нэгнээ хороох гэж буй агшныг буулгах нь зөв, эсхүл таслан зогсоох хэрэгтэй гэхчлэн маргах нь бий. Түүнийг юу гэж олон нийтэд ойлгуулах ёстой вэ?
-Яагаад ёстой гэж. Гудамжны гэрэл зураг 100 жилийн дараа баримт болж үлдэнэ шүү дээ. Хүнээс зөвшөөрөл авахгүйгээр зураг авах нь зүй ёсны хэрэг үү гэдгийг хүн бүр өөр талаас харна. Гэхдээ тэр үйлдлийг хийж, үр дагаврыг хүртэх хүн нь би өөрөө. Ажилдаа явж байгаа юм шиг өглөө гудамжид гараад л зургаа авдаг. Харсан л бол шууд авдаг. Би гудамд зураг авч байхдаа хүнд алгадуулж байсан. Түүнд гомдох юм байхгүй.
Чиний асуулт их сонирхолтой санагдлаа. Жишээ нь, өөрийгөө буудах гэж буй хүн байж болно. Эрдэнэтэд байхдаа хутга барьсан хүн бусдыг ална гээд дайрч байгаа агшныг авч байлаа. Тухайн үед “Яаж ийгээд л зураг болгоно” гэж бодож байгаа юм. Тэр дүр зургийг баримт болгож үлдээнэ гэдэг л миний үүрэг шүү дээ.
-Зүүн өмнөд Ази, Европоор аялж, “Бидний цөөхөн монголчууд” төслийн хүрээнд Монгол орноороо нэлээд явж, зураг авлаа. Ингэж явахдаа “Мэдисон нутгийн гүүр” кинонд гардаг шиг онцгой учралууд тохиосон дурсамж бий юү?
-Зөндөө. Би дэндүү жаргалтай амьдарсан байх. Энэ бүхэнд дэндүү талархдаг. Өдөржингөө ажиллаад, орой нь авсан зургаа хуулах нь миний хувьд хамгийн том жаргал байсан. Орой ирэх, өглөө явах дэндүү жаргалтай. Дээрээс нь цалин авна. (инээв)
-Аливаа бүтээл туурвихад дүрийн судалгаа чухал. Хэн нэгэн таныг гаднаас хараад өөрсдийнхөөрөө дүгнэж болох ч би хувьдаа ардын хөгжим шиг гэж тодорхойлмоор санагдсан шүү. Ер нь урлаг миний, бас таны амьдралд хэр чухал юм бол?
-Урлаг бол сэтгэлийн цэнгэл. Мэдрэмжээр дамжуулан бүтээл туурвиад, өөр хэн нэгэнд мэдрэмж өгнө гэдэг хамгийн гайхамшигтай.
-Шүлэг, яруу найраг сонирхдог уу?
-Гэрэл зураг яруу найрагтай төстэй санагддаг. Гэрэл зурагт бол зөвхөн нэг кадрт мэдрэмжийг өгүүлнэ. Тэгэхээр маш хязгаарлагдмал орчноос өгүүлэх хэрэгтэй болж байна гэсэн үг.
-Урлагаар дамжин бидэнд хүрч байгаа мэдрэмжээс гоо сайхныг олж харж, түүнийг шингээж, ойлгох сайхан. Та урлагийн мэдрэмжид хэр автамхай хүн бэ?
-Одоо миний хийж байгаа ажилд тийм мэдрэмжтэй байх нь сул тал. Уран бүтээлч байхад мэдрэх нь маш чухал. Харин одоо миний хийж буй зүйлд практик байдал, бодит логик сэтгэлгээ илүү чухал. Би тогтворгүй сэтгэл хөдлөлтэй байвал намайг дагаад багийнхан маань тийм болно. Анх бизнесээ эхлүүлж байхдаа юм бүхэнд уран бүтээлчийн эмоцилог байдлаар хандах талтай байсан нь багт маань тухгүй байдал үүсгэсэн болохоор тайван байх ёстойг ойлгосон.
-Та гурван жилийн өмнө “Дуу авиа” хөдөлгөөн өрнүүлж, төв талбайд нүцгэлсэн шүү дээ. Яагаад заавал тийм хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлье гэж бодсон бэ?
-Түрүүн хэлсэнчлэн нэг зүйлийг гараасаа гаргахгүй л бол байж яддаг. Монголчууд долдугаар сарын 1-нийг дурсахаас аль болох зайлсхийдэг ч миний хувьд бахархлын өдөр. Иргэд нь хүчээ үзүүлж, босож чадсан. Тийм ч учраас би аливаа жагсаалд идэвхтэй оролцож, ахиу зураг буулгахыг хичээдэг. Тэр үед өөрийн яг одоо мэдэрч байгаа мэдрэмжээ нүцгэн буюу урлагийн хэлэмжээр хамгийн үнэн, ариунаар нь тунхаглаад, Төрийн дууллаа дуулж, сүлдэндээ мөргөөд дуусгаж байлаа. Яг үнэндээ өнөөдрийн асуудлын шалтгаан нь би өөрөө. Манайхан чинь бүгд л төрийнхөө сүлдийг нулимдаг шүү дээ. Гэхдээ төрийн сүлд гэдэг хойморт залрах ёстой бэлгэ тэмдэглэг зүйл. Тэр өдөр зурагчин найзуудаа дуудаж, нэлээд зураг авхуулсан. Энэ нь намайг үхсэний дараа, бидний дараагийн үед мессеж, урам зориг болж үлдэх ёстой.
-Финланд улсын “Тампере” кино наадамд шалгарч, олон улсад нээлтээ хийсэн “Шар автобус” киноны найруулагч П.Золжаргал таны “Ганцаардал” гэх нэртэй сошиалд нийтэлсэн бичлэгийг үзээд тус киноны гол дүрээр сонгосон. Лондоны тэтгэлгээс татгалзаж “Тойрог”-ийг эхлүүлсэн зэрэг өнөөг хүртэл туулсан саад бэрхшээл танд олон бий. Энэ бүхний эцэст харахад ганцаараа байж сурах, ганцаардал хоёр өөр юм шиг санагдаж байна уу?
-Шал өөр. Ганцаараа байна гэдэг өөрийгөө хүлээн зөвшөөрөх процесс шүү дээ. Ганцаардал гэдгийг зовлон гэж ойлгоод байдаг юм шиг. Харин өөртөө төвлөрөх хугацаа гэж харах ёстой. Би хүн төрөлхтөнд хайртай ч гэлээ эргэн тойрноо хүмүүсээр хүрээлүүлэх дуртай биш. Чи намайг үргэлж хар хувцас өмсдөг тухай ярилаа шүү дээ. Түүнээс болоод намайг зодоон хийдэг, металл хөгжим сонсдог гэж харж байгаа нь надад тустай. (инээв). Ингэж хардгаас хүн бүр над руу ойртож, халдаж чадахгүй болчихож байгаа юм. Үнэхээр амар. Би багаасаа л ажигч байсан. Өөрийгөө үргэлж хөндлөнгөөс хардаг.
-Ганцаардаж сурах хэрэгтэй гэсэн үг үү?
-Хүн өөрийгөө ойлгоогүй, өөртэйгөө ярилцаагүй байж яаж нийгмийн эд, эс байх юм бэ. Ганцаараа байж чаддаггүй хүмүүс өөрөөсөө зугтаагаад байгаа юм шиг санагддаг. Үнэнтэй нүүр тулахаас айдаг. Зөвлөлтийн найруулагч Андрей Тарковский нэг ярилцлагадаа “Ганцаардаад байна гэдэг үгийг ерөөсөө ойлгодоггүй. Энэ хорвоо дэлхий дээр байж болох хамгийн гоё мэдрэмж бол ганцаараа байх. Энэ бүхнийг мэдэрч чадахгүй байж яаж хорвоо дэлхийд амьдраад байгаа юм бэ” гэж хэлсэн нь санаанд орлоо.
-Та хүслээрээ амьдарч чадаж байна уу?
-Би чинь хамгийн хүслээрээ амьдарч байгаа хүн. Яг л аяны шувуу шиг. Нийгмийн тогтоосон жишгээс гадуур байсандаа өөрийнхөө амьдралд үнэхээр талархдаг.
-Энэ бүхэн сэтгэл ханамж гэсэн үг. Тэгэхээр бид сэтгэл ханамжийн төлөө амьдардаг болж таарч байна уу?
-Сэтгэл хэзээ ч ханахгүй шүү дээ. Ханавал тэнд хөгжил байхгүй. Өөрийнхөө чадах хэмжээнд тултал хийнэ гэж бодвол үр дүн гарч ирнэ. Амьдралын туйлын зорилго бол амар амгалан. Хүмүүс амьдралын зорилго бол аз жаргал, амжилт гээд үүсээд л устдаг хийсвэр зүйлийг ярьдаг. Тэгэхээр эдгээр зүйл бол туйлын мэдрэмж биш гэсэн үг. Аз жаргалаасаа уйдаж болно. Орчин үеийн хүүхдүүд мундаг болмоор байна гэж их ярьдаг. Гэвч өөрийнхөө үнэт зүйлийг ойлгоогүй бол хүсээд байгаа төгс мэдрэмжээ авч чадахгүй. Би Буддагийн гэгээрэлд хүрсэн гүн бясалгалыг ойлгохын тулд өөрөө хийж үзэж байсан. Түүнээс амар амгалангийн мэдрэмжийг өөртөө тодорхой хэмжээнд суулгаж чадсан байх.
Надад шүтлэг байхгүй. Гэхдээ би шашныг үгүйсгэдэггүй. Бүх шашныг хүндэлдэг. Ямар ч шашин байсан түүгээрээ дамжуулж, өөрийгөө зөв замд залж чадаж байгаа бол сайн. Шашин хүчтэй байдаг шалтгаан бол хүмүүс өөрсдөө гайхамшигтай учраас тэр. Агнууш гэдэг нэрийг минь бөө өгч байсан. Миний түгээсэн хайр өөр нэгнээр дамжаад хайр болж ирж байгаа гэдэгт итгэдэг болохоор хорвоод талархахыг хичээдэг.
-Бичлэг хийж, нийтлэл бичээгүй удсан байна. Үүнийгээ эргээд хийх үү?
-Тэр үедээ хийж байсан зүйл тэр цагтаа үлдэх нь илүү үнэ цэнтэй. Гэхдээ энэ нь хэзээ ч эргэж очихгүй гэсэн амлалт биш. Хэрэв хүсвэл хийж эхэлнэ шүү дээ. Харин би гэрэл зурагтаа заавал эргэж ирнэ.ы хамт өмнөд хөршийн Ханжоу хотод есдүгээр сард хөл тавих аж. “Дэлхийн цом”-ын тэмцээн нь хасагдах системийн журмаар явагддаг. Монголын шатарчид тэмцээний эхний өрөгт дэлхийн шилдэг их мастеруудтай оноолт таарчээ.
Бэлтгэсэн: Д.Хүслэн